Tuesday, May 26, 2015

Ер бусын удирдлага - Бизнесийн удирдлагын шинэ эргэлт

Рикардо Семлер "хачин жигтэй" гэж тодорхойлж болохоор лидер юм. 38 настай Рикардо Бразилд амьдардаг бөгөөд компанийх нь нэр нь Семко.


Семко компанийг Рикардогийн эцэг нээсэн бөгөөд эцгийнх нь үед байдаг л нэг компани байв. Бүх зүйл Рикардо компанийг удирдаж эхэлснээс хойш өрнөж эхэлсэн ажээ. Өр зээлийн барагдуулах, үйлдвэрлэл, ашиг, ажиллагсад гээд л компаний санхүүгийн байдалтай холбоотой амжилтууд шил шилээ даган ирж байв. Гэхдээ түүний дэлхий нийтэд танигдсан шалтгаан нь эдгээр амжилтууд биш харин компанидаа нэвтрүүлсэн хачин жигтэй удирдлагын систем юм. Түүнийг даган компанийг нь ч мөн "жигтэй" хэмээн тодорхойлох болсон ажээ. Тэр өөрийн үзэл бодлоо компанидаа нэвтрүүлэхээр зорьсон байв. Түүний удирдлагын философи уламжлалт хэлбэртэй биш юм. Тэрээр компаний эзэн гэдэг нэрийн дор хүмүүст тушаал буулгаж, хийх зүйлийг нь заадаггүй. Ажилчид нь зарим тохиолдолд түүнтэй санал нэгддэггүй бөгөөд хэний санал илүү их дэмжигдэнэ түүний санал хэрэгждэг байна. Рикардо ч энэ байдалд сэтгэл хангалуун байж өөрийн саналаа дэмжүүлэхийн тулд компани дотроо хуйвалдаан явуулдаг гэнэ. Энэ өрсөлдөөний ачаар тэр илүү эрч хүчтэй байж чаддаг ажээ.

Энэ сонирхолтой эзнээс "Нэг удаа таныг нэг компанийг худалдаж авах санал гаргахад ажилчид дэмжээгүй болохоор та аваагүй гэсэн. Яг энэ байдлын эсрэгээр та хүсэхгүй байсан ч ажилчид хүссэн тохиолдолд мөнгө үрэн ямар нэгэн компани худалдаж авах байсан уу?" гэж асуухад: Олон зүйл дээр би ажилчидтайгаа санал зөрөлддөг. Гэхдээ 18 жилийн турш ажилчдаас ирсэн бүх саналыг би авч хэлэлцсэн. Нэгийг нь ч буцаагаагүй. Гаргасан саналаа дэмжүүлэхийн төлөө идэвхтэйгээр пи-арыг хийдэг. Энэ хугацаанд авч үлдэх хэрэгтэй гэж бодож байсан олон компаниа зарсан, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодож байсан үйлдвэрээ ч мөн адил ажилчдын саналын дагуу хаасан. Энэ явдлуудын заримд нь миний зөв байсан гэхдээ заримд нь маш буруу бодож байсныгаа ойлгосон. Эдгээр шийдвэрүүдийн хоорондох тэнцвэрийн ачаар бид өдий зэрэгтээ явна." гэсэн байна.

Энэ сонирхолтой компанид хамгийн дээд удирдагчаас эхлэн хамгийн доод хэргэмийн ажилчид хүртэл бүгд санал шүүмжлэл гаргах тэгш эрхтэй. Ажилчид ажлын дүрэм, шаардлагаа өөрсдөө боловсруулан, өөрсдийн удирдах албан тушаалтнаа мөн өөрсдөө сонгох эрхтэй. Цалин хөлснийхөө хэмжээг өөрсдөө тодорхойлж үйлдвэрчний эвлэг зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Семкод нарийн бичгийн дарга, туслагчид, тусгай машины зогсоол гэх зэрэг зүйлс байхгүй. Хүн бүхэн өөрийн ажлаа өөрөө хийнэ.

Семлер, зарим хүмүүсийн гаж хэмээн үздэг дээрх удирдлагын хэлбэрээ хэрэгжүүлэхдээ үнэн хэрэгтээ өөрийгөө аварсан байна. Учир нь дээрх санаагаа хэрэгжүүлэхээс нь өмнө эмч түүнийг үзээд "Энэ хэмнэлээрээ ажиллах юм бол биеийн эрүүл мэндэд нь муу. Одоогийн биеийн байдал нь энэ ачааллыг дийлэхгүй." гэсэн байна. Дараа нь цоо шинэ бодлоо компанидаа нэвтрүүлсэн аж. Ингэснээр тэр байнга цаг зүүх шаардлагагүй болж, тогтмол ээлжийн амралттай золгож, стресс гэдгийг мартсан байна. Түүнээс гадна шинэ удирдлагын хэлбэрийнхээ ачаар дэлхий нийтэд танигдсан бизнесмен болжээ.

Тэрээр өдгөө дэлхийд алдартай удирдахуйн ухааны номын зохиогч, уран илтгэгч болжээ. "Харвард Бизнес Ревью"-д нийтлэгдсэн "Удирдагчгүй удирдлага", "Хуучин ажилчид минь яагаад надтай одоо ч хамтран ажилласаар байна вэ?" нэртэй хоёр нийтлэлээрээ нэрд гарсан юм. Эдгээрээс эхнийх нь 1994 оны хамгийн их хэвлэгдсэн нийтлэлээр шалгаран хоёр дахь нь бизнесийн удирдагчдын сонирхлыг маш их татсан нийтлэл болсон байна. Гэвч түүнийг дэлхийг хамгийн их таниулсан бүтээл бол "Маверик" (өөр үзэлтэн, өөрөөр сэтгэгч) нэртэй ном нь байв. Уг ном 16 хэлээр орчуулагдан хэвлэгдсэн бөгөөд 1.5 сая хувь борлогджээ.

Семлер өөрийн амжилтуудынхаа талаар энэ номдоо өгүүлсэн юм. Өөрийнх нь бодож байгаагаар түүний амжилтын нууц нь орчин үеийн удирдлагын онолын дотор байдаг боловч хэрэгжүүлэхэд хэцүүд тооцогддог үзлүүдийг зоригтойгоор хэрэгжүүлсэн, мөн үүнийгээ Бразилын нэлээд ороо бусгаа бизнесийн орчинд хэрэгжүүлж чадсан явдал ажээ.

Семлер хэрэгжүүлсэн удирдлагын бодлогынхоо ачаар өндөр инфляцтай орчинд 900 хувийн өсөлттэй ажиллаж чадсан байна. Түүнээс гадна компаний олон улсын салбар дахь нэр хүнд нь маш их өсч үйлдвэрүүдэд нь долоо хоног тутмын хөтөчтэй аялал арга хэмжээ зохион байгуулагдах болсон байна. Эдгээр аялуудад дэлхийн шилдэг компаниудын удирдлагууд мөн оролцдог байна.

Ажиллах орчны тохижилтуудаас эхлэн ажлын байран дахь ардчилсан уур амьсгал, зохион байгуулалтын бүтцээс эхлэн компаний санхүүгийн мэдээллүүд бүх ажилчдад нээлттэй байх зэрэг маш олон төрлийн санаанд багтамгүй зүйлсийг хэрэгжүүлэн удирдлагын энэ загвараараа амжилтаас амжилтад хүрч буй Семко компанид дээрх шинэчлэлтүүд гайхмаар туршлага болон хуримтлагдсаар байна.

Семкод ажилд анхлан орж буй ажилтан бүрт "Тус компанид амьдрах гарын авлага" нэртэй зураг хөрөг ихтэй, текст бичиг багатай ном тарааж өгөх бөгөөд уг гарын авлагад компаний бүтэц зохион байгуулалт, ажилд авах шаардлагууд, ажлын хувцаслалт, ажилчдын эрх мэдэл зэрэг гол сэдвүүд энгийн, ярианы хэлээр бичигдсэн байна. Гарын авлагын бүтэц зохион байгуулалтын бүлэгт "Семко компанид удирдлагын албан ёсны бүтэц зохион байгуулалтын схем байхгүй." гэсэн байхад, ажилд авах шаардлагууд хэсэгт "Хэн нэгэн ажилд ороход эсвэл тушаал дэвшихэд доод албан тушаалын ажилчин, ажиллагсад тухайн хүнээс ярилцлага авах, үнэлгээ өгөх эрхтэй." гэсэн байдаг ажээ. Гарын авлагын ажлын байр, ажиллах орчин бүлэгт "Хана, машин тоног төхөөрөмжүүдийг хүссэн өнгөөрөө будаж, цэцэг тавин, хүссэн хэлбэрээрээ ажиллах орчноо тохижуулан чимж болно." гэжээ.

Рикардо Семлер компанидаа хэрэгжүүлэн бизнесийн ертөнцийн анхаарлыг татсан энэхүү эргэлтийнхээ талаар ийнхүү өгүүлж байна:

"Бид шинэ соргог санааг голчлон үзэж ургамал мэт өсч боловсохыг түрүүнд тавьдаг. Уг санааг ургуулах үржил шимтэй хөрс байвал сайн л юм. Харин үржил шимтэй хөрс олдохгүй бол тэртэй тэргүй бүтэшгүй санаа байсан гэдэг нь ойлгомжтой. Энэ удаа болоогүй бол дараа дахин туршиж үзэж болох юм. Бид ч үүнийг хийж байна. Өмнө нь бүтээгүй санааг дахин туршиж үзэж байна.

Бидний одоо хэрэгжүүлж буй удирдлагын санаанууд удирдахуйн ухаантай нэг их холбоотой гэж би боддоггүй юм. Хүмүүсийн хоорондын харилцаанд илүү тулгуурласан, удирдахуйн ухаан, бизнесийн дүрмээс илүү нийгмийн ухааны салбартай холбоотой. Тиймээс бидний энд хэрэгжүүлдэг санаачлагуудыг Австралид эмнэлэг, Финлянд, Англид сургуулиудад, Голландад цагдаагийн газруудад хэрэгжүүлж байна.

Би цаг хэрэглэдэггүй. Хэнд ч хаана ч байгаагаа мэдэгдэггүй. Жил бүр 45 хоног амралт авдаг. Амралтаа ихэнхдээ арав арван өдрөөр нь хэрэглэдэг. Надад мөн орлогч, нарийн бичиг гэж байдаггүй. Утсандаа өөрөө хариу өгч, факс болон э-шуудангаа өөрөө бичиж явуулахаас гадна ажлын хөтөлбөрөө ч өөрөө хянадаг. Надад стресс гэж байдаггүй. Ийшээ тийшээ баруун зүүнгүй сандарч гүйдэггүй. Өдөрт 2-3 чухал ажил өөртөө төлөвлөөд түүнийгээ амжуулсныхаа дараа хүсвэл кино театр явдаг. Товчхондоо өөрөө өөртөө ер ажил уддаггүй." гэжээ.

Уламжлалыг хэт дагаж баримталдаг манай нийгмийн үзэл сурталд дээрх хэлбэр үнэхээр хачин жигтэй санагдах нь ойлгомжтой. Гэвч бүх юм өөрчлөгдөж шинэчлэгдэж, хөгжиж дэвшиж байдаг болохоор бид хэзээ нэгэн цагт уламжлалт, хоцрогдсон сэтгэхүйнээсээ салж шинэ өнгө төрх, илүү сайн арга хэлбэрүүд бүрэлдэн тогтоно гэдэгт би итгэдэг.

Эх сурвалж: "Амьдралаас ургасан амжилтууд - Амжилтад хүрсэн бодит түүх" номоос

Thursday, May 7, 2015

Матери ба ухамсрын хөгжлийн тэнцвэр

Юуны өмнө хөгжил гэж юуг хэлэх вэ гэдэг асуултанд хариулахыг хүсэж байна. Өнөөгийн хүмүүс бид шинжлэх ухааны нээлт, техник технологийн дэвшил, өндөр барилга, өргөн дэд бүтцийг хөгжил гэж тодорхойлоод байгаа. Мэдээж хэрэг амьдралын илүү тав тух, таатай орчныг бүрдүүлж байгаа болохоор хөгжил гэж нэрлэхээс яах вэ. Асуудлын гол нь бид зөвхөн материаллаг зүйлс буюу гадаад юмст л төвлөрөөд дотогшоогоо огт анхаарал хандуулахаа больчихсонд байгаа юм. Хүний өөрийн мөн чанар, дотоодын дэвшил ч бас хөгжил биш гэж үү? Дорнын ухаанд арга билгийн тэнцвэрийг амьдралын оршин тогтнох тулгуур хэмээн чухалчилдаг. Хүний бие махбодод ч бас арга билгийн тэнцвэр гэж байдаг. Хэрэв арга билгийн тэнцвэр алдагдвал биеийн хэмнэл алдагдаж элдэв өвчин зовуурь бий болно. Матери ба ухамсар ч мөн тэнцвэртэйгээр хөгжиж байж арга билгийн тэнцвэрийг хадгалж хүн төрөлхтөн болоод гариг дэлхийн урт удаан оршин тогтнох үндэс суурь болно гэж үздэг. Гэтэл бид ухамсар буюу мөн чанар, дотоодын хөгжил дэвшлээ ор тас орхигдуулан матери буюу гадаад хөгжилдөө хэт их анхаарал хандуулаад зөвхөн түүгээрээ хөгжил гэдэг зүйлийг тодорхойлоод байна.





















Харин орхигдуулж боломгүй дотоодын хөгжлийн тухай ярьж, гадаад хөгжлийн бий болгож буй хор нөлөөг ярьж байгаа хүмүүсийг худлаа хайр майр ярьж хөгжлийг эсэргүүцэгчид гэж шүүмжлэх хүмүүс олон. Гэтэл тэдгээр шүүмжлэгчид өөрсдөө харин дотоодын хөгжлийг эсэргүүцэгчид болж байгаагаа анзаарсангүй. Байгаль дэлхий болон хүн төрөлхтөндөө эргээд хор хөнөөл учруулж байгаа нь технологийн хөгжил биш харин технологийн хоцрогдол юм, түүнээс биш би хэзээд хөгжлийн талд зогсоно гэж нэгэн эрхэмийн олон нийтийн сүлжээнд бичсэн нийтлэлийг нь олж уншлаа. Үүнтэй бол яах аргагүй санал нийлнэ. Гэхдээ хөгжлийн талд зогсоно гэж байгаа нь зөвхөн технологийн хөгжлийг л хэлж байгаа бол явцуу санагдаж байна. Шидэт дохиур хичнээн гайхамшгийг бүтээх шидтэй ч түүнийг ямар хүн ашиглаж байна гэдгээс хамаарч нэг бол гайхамшиг бий болно үгүй бол сүйрэл ирнэ. Тэгэхээр техник технологийн мянга дахин үсрэнгүй хөгжил байлаа гээд хүн нь өөрөө ухамсрын түвшинд хөгжихгүй бол технологийнхоо боол нь, золиос нь байсаар л байх болно.

Шинжлэх ухааны дэвшил, технологийн хөгжлийг бий болгох гэж хичнээн амьтны амийг золиослож, эх газраа бохирдуулж, байгалийн тэнцвэрийг алдагдуулж байгаагаа ч мэдээгүй нөгөө мундаг эрдэмтэд үнэхээр хөгжиж дэвшсэн хүмүүс үү? Эцэст нь дэлхийн дулаарал бий болчихоод байхад хэзээ хойно нь мэдээд сандралдаж, хэзээ хойно нь байгальд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх тал дээр анхаарч эхлэж байна. Үүнээс харвал хөгжил гэдэг зүйлийг илүү бодитойгоор бас илүү цогцоор нь тодорхойлж болохоор байна.

Бас нэгэн олон нийтийн сүлжээ хэрэглэгчийн бичсэн постыг уншиж байлаа. Тэр нь эрүүл мэнд болоод байгаль орчныхоо төлөө ургамлан буюу веган хоолыг сонгосон хүмүүст зориулсан нийтлэл байв. "Хүн төрөлхтөн мах идсэнийхээ хүчинд л өдий зэрэгтээ хөгжиж ирсэн. Надтай биш дэлхийн түүхтэй марга" гэж. Гэвч хөгжсөн үү, уруудсан уу гэдгийг хэн батлах юм бэ? Хөгжил гэж яг алийгаа хэлээд байна? Технологи нь ухаажаад хүмүүс нь тэнэгжээд байгааг хөгжил гэх үү? Амьдрал нь илүү тав тухтай, өргөн сонголттой, амар хялбар болсон ч эрүүл мэндээрээ улам доройтоод байгааг хэлэх үү? Ялгаварлал, үзэн ядалт, дайн байлдаан болон бусдыг хохироож байж өөрийн эрх ашиг хүсэл сонирхолдоо хүрдэг эдгээр нийгмийн тогтолцоог хөгжил гэх үү? Эндээс бас нэг асуулт гарч ирж байна. Үнэхээр л мах идсэнээр хүн төрөлхтөн хөгжил цэцэглэлтийг авчирсан юм бол махчинаараа алдартай монголчууд бид улс орондоо нөгөө хэлээд байгаа хөгжил дэвшлээ яагаад бий болгоогүй юм бэ?

Түүхийн явцад амьд үлдэхийн тулд аргагүйн эрхэнд амьтны арьс нөмөрч, махыг нь хүртэж ирсэн нөхцөл байдлыг бол үнэхээр буруутгах аргагүй юм. Гэтэл цаг хугацаа өөрчлөгдөж, юмс өөрчлөгдөж байхад хүртэл нөгөө л махаа идсээр. Мах идэх ёстой гэсэн олон шалтгаануудыг гаргаж ирэн мах иддэг дадал зуршлаа зөвтгөдөг ч салж чадахааргүй болтлоо донтсон ганц дур хүсэл нь л захирч байдаг шүү дээ яг үнэндээ. Жинхэнэ иргэншсэн нийгэмтэй, орчин үеийн хүн байхын тулд цаг хугацаанаасаа хоцорч биш, цаг хугацаандаа нийцэж, нөхцөл байдлыг шийдэж амьдрах хэрэгтэй болов уу. Зүгээр л бидний тансаг гэгдэх хэрэгцээг хангах гэж, зүгээр л амтны төлөө үй олон амьтан тарчилж үхдэг болсон цаг үе. Үүнээс үүдэж хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж дэлхийн дулааралд хамгийн ихээр нөлөөлж байгаа цаг үе. Энэ цаг үе, нөхцөл байдлаа бодитоор дүгнэж, тохиромжтой шийдлүүдийг цаг тухайд нь гаргаж өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийх нь иргэншсэн нийгмийн орчин үеийн хүний хийвэл зохих ухамсарт үйлдэл болов уу. Үмх махнаас болж байгаль дэлхийн ирээдүй шийдэгдэх дээсэн дөрөөн дээр тулж ирлээ гэхэд бид эрт дээр үеэсээ идэж ирсээн гээд салж хагацахгүй зуураад байх уу? Тэгвэл бүгдээрээ эрт дээр үеэс амьдарсан нүүдэлчин ахуй руугаа буцаад шилжицгээе лдээ. 21-р зуун, энэ бол уураг нь зөвхөн маханд агуулагддаггүй юм аа гэдэг нь ил болсон зуун.

Ирээдүйд хүн төрөлхтөн бид өөрсдийн бүтээсэн технологийнхоо золиос, утсан хүүхэлдэй нь болохгүйн тулд өөрсдийн мөн чанар, ухамсраа ч бас хөгжүүлье. Тэгвэл технологи ч бас устгаж сүйрүүлсэн хоцрогдол байхаа больж бидэнтэй хамт хөгжин дэвших болно.