Friday, March 4, 2016

Бүхэл ертөнцийг салангид болгосон бидний төөрөгдөл

Бүхнийг үгээр илэрхийлнэ гэдэг бүтэшгүй юм. Асар олон хуудас зуу зуун өгүүлбэрийн эцэст нэг л ойлголтыг арай ядан харуулж ойлгуулах гэж оролдоно. Үнэхээр бүх зүйлс харьцангуйгаар утгачлагдсан ертөнцөд бид амьдарч байна. Цаашдын бидний ертөнц илүү чимээгүйгээр ойлголцдог болох болов уу. Хүмүүс бид боддог олон зүйлийн тухай. Гэвч туйлын үнэний тухай хэзээ ч бодож чаддаггүй. Үсрээд л өнгөцхөн төсөөлж чадна. Гэвч төсөөлөгдөж байгаа бүхэн ердөө л төсөөлөл. Хэн нэгэн нөгөөгөөс хамааралтай, гэвч хамааралтай бүхэн өөрийн эрх чөлөөтэй. Бид бүгд л өөрийн биеийг ашиглаад тус тусдаа амьдралаа босгож буй мэт харагдаж, бодож төсөөлдөг. Бас хэн нэгний боол болж өмчлөгдөн дарлагдах мэт төсөөлөн амьдрагсад ч байна. Тэгээд аль нь юм бэ? Үнэндээ аль нь ч биш. Энэ бүхэн ердөө л ингэж харагдаж мэдрэгдэж байгаа зүйлс. Тэгээд юу гэсэн үг вэ? Амьдрал хэмээх бидний төсөөлдөг энэ үгийн агуулгыг илэрхийлэгч тэр төсөөллийн мөн чанар нь өөрөө харьцангуй. Түүнд туйлийн чанар үгүй. Туйлийн чанар бол амьдралаас хэтийдсэн амьдрал. Бид хүн алж болохгүй гэдэг. Гэхдээ амьтдыг бол алж болоод байдаг. Яагаад? Хүн хэмээгч өөрөө амьтан шүүдээ. Арслан, чоно, үхэр, хонь гэж нэрлэхтэй адил хүн хэмээн нэрлэгдсэн энэ төрөлхтөн бусадтай ижил. Гэхдээ бас ялгаатай. Хүн зүгээр л эд нараас илүү дэндүү их ШУНАЛТАЙ. Ердөө л үүгээрээ, энэ л чанараараа эргэн тойрноо сөнөөж эзлэн түрэмгийлж, алж хядаж байна. Ганц л үл мэдэгдэх сэтгэл буюу шунал. Ганц хүний шунал ямар их хар бараан үйл түйтгэрийг тарьж сөнөөж болдгийг Дэлхийн 2-р дайны түүх бидэнд харуулдаг. Гитлерийн аугаа их шуналын мөрөөр сая сая хүн бас амьтад, дэлхийн газар шороо сүйтэж байсныг түүхэнд тэмдэглэсэн.

Нохойноос, үхэрнээс, сармагчнаас бидэнд сурах зүйл их. Хурга хооллож буй нохойг, нэгнээ өмөөрөн тэмцэх үхэр сүргийг, ухаан алдсан нэгнээ амь оруулахын төлөө зүтгэж буй сармагчинг бид харсан. Тэгээд тэдэнд яаж ухаан байхгүй, мэдрэхүй байхгүй гэж хэлж чадах вэ? Энэ бол дэндүү харанхуй хэрэг. Бид нэгнээ хайрласан, нэгэндээ тусалсан хэн нэгнийг, ямар нэгэн амьтныг аварсныхаа дараа асар ихээр аз жаргалаар бялхдаггүй гэж үү? Өөрийгөө сонс. Хэн нэгэнтэй маргалдсан, хэн нэгнийг гомдоосны дараа бидний зүрх ямар их өвддөгийг бид мэднэ. Дахиад өөрийгөө сонс. Бид амьдралыг ойлгоход бусдыг ойлгоход тийм ч их хүч чармайлт, ид шид хэрэггүй. Ердөө л өөрийн дотоод зүрх сэтгэлээ сонсоход хангалттай. Магадгүй танд энэ нийгэм олон жил чихэвч зүүлгэж, нүдийг тань боосон байх. Одоо энэ чихэвчээ, 3D шилээ авах цаг болсон. Өөрийн нүдээр хар эргэн тойрноо. Энд энэ биений эгэл нүдийг хэлээгүй байна. Зүрх сэтгэлийнхээ тунгалаг нүдээ нээгээч хэмээн хүсч байна.

Амьдрах агшин маш богино. Учир нь яг одоо гэж хэлэх тэр агшинд л таны амьдралын агшин өнгөрч байдаг. Ийм учраас амьдралын хугацааг хэмжих нэгж нь долиос ч бага байх.

Миний амьдралын жор бол жоргүй байх. 60 нас хүрсэн хашир туршлагатай өвөө гэгддэг ч одоог болтол тэр ч мөн бүрэн дүүрэн амьдарч чадаагүй, сураагүй байгааг бид харж болдог. Түүний туршлага ердөө л гал бол халуун, ус бол хүйтэн байдаг.

Амьдралд жор үгүй. Амьдрал өөрөө хайрлахуйн агшин юм. Хайр өөрөө бүх юм. Бүх юм гэдэгт та нар, танай хөршөөс эхлээд дэлхий ертөнц бүгд багтана. Амьдралыг туулж таньж мэдэх цорын ганц жамтай. Та нарын амьдралын зорилго, төрсөн зорилго бол ямар ч зорилгогүй байх. Зорилго, амжилт энэ бүхэн ердөө л үг лоозон. Иймэрхүү үлгэрт ухамсраа бүү сульдаа. Магадгүй та нар маань зорилгогүй тэгээд яаж амьдрах вэ? хэмээн гутарч гуньж болох юм. Хэрэггүй, эдгээр үгс та нарт өөр рүүгээ өнгийх өөрийн чинь дотоодод ганцаардан буй тэр гунигийг задлахад чиглэх болно. Хайрла, бас дахин хайрла бүгдийг, өөрийгөө. Тэгээд өөртөө зөвхөн хайрыг л үлдээ, аавынхаа өгсөн нэрийг ч бүү үлдээ, зөвхөн хайрлахийг л үлдээ.

Амьдрахад мөнгө хэрэгтэй үнэн. Амьдрахад хоол хэрэгтэй үнэн. Гэхдээ тэд ердөө л хэрэгцээ төдий. Гутал шиг л. Хичнээн гоё гутал байлаа гээд өвлийн гутлыг зун нь өмсөөд байж болохгүй шүүдээ. Ердөө л хэрэглэ. Дахин сана.  Чамайг бага байхад аав, ээжийн чинь авч өгч байсан тэр гутал хувцас, хоол хүнс ямар цаг хугацаатай ямар чанартай байсныг дахин сана. Тэгээд та нар ойлгоно. Тэд ердөө л дараагийн агшинд шилжих хэрэгцээ байсан. Чамд хэрэгтэй байгаа шиг эд бүгд бусдад ч мөн хэрэгтэй. Монголын нэгэн мундаг соён гэгээрүүлэгч “Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур. Үүрд оршихгүйн учир тус болох үйлийг бүтээ” хэмээн шүлэглэсэн байдаг. Эхэлсэн бүхэн эхэлсэн тэр л агшнаасаа төгсөж дуусч байдаг. Учир нь энэ бол ийм л зүүдний ертөнц юм.

Тус болохын тулд бүү тусла. Зүгээр л туслаад өнгөр. Авахын тулд бүү шуна. Хэрэв өгвөл зүгээр л авч сур. Дахин авахын тулд бүү шуна.

Та нарт минь олон л асуулт байгаа байх. Хэрэв асуулт нь чиний дотроос бий болсон бол хариулт нь ч мөн чиний дотор байж байдаг. Харин яаж хариултаа нээх вэ? гэж үү. Өөр лүүгээ ор. Өөрийн дотоод гүнд орших дуу хоолойг сонс, мэдэр. Мэдэрнэ гэдэг үгээр илэрхийлэгдэхэд хэцүү тэр дуу хоолойг сонс. Тэр дэндүү чимээгүй бас их намуухан. Тиймээс түүнийг сонсохын тулд та нар илүү намуухан байх хэрэгтэй болно. Илүү намуухан.



Дэлхийг аврагч супер баатрууд аа! Хүн төрөлхтөн мянга мянган жил энэ л дэлхий дээр төрж, үхэж бас амьдарч ирсэн. Бид энэ он жилүүдэд чухам юуг хийж бүтээв. Бодъё. Бид атомын бөмбөг, аврага том пуужин, асар их хог, аугаа их хийрхэл амбицийг бүтээжээ. Та магадгүй үүнтэй санал нийлэхгүй байж болно. Хамаагүй. Хэн ч санал нийлэхгүй, үүнд анхаарахгүй байлаа гээд мод ургаж, ус ундраад, агаар цэвэршихгүй. Дэлхий дулаарсаар л байна. Магадгүй та аугаа их өөдрөг үзэлтэн байж болно. Зөв. Гэхдээ болно, бүтнэ биз гэсэн хий хоосон өөдрөг сэтгэгдлээс илүү болгоё бүтээе гэсэн бодит харааг дэлхий биднээс гуйж байна. Дэлхий гуйж ядахдаа газар хөдөлгөж, шуурга дэгдээж, хүн төрөлхтөн биднийг ухаараад өгөөч гэж нулимс дуслуулан аврал эрж байна. Дэлхийн нулимс барагдаж гол горхи ширгэж байна. Гэхдээ энэ миний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа зүйл биш юм. Хамгийн ихээр сэтгэл өвтгөж байгаа зүйл бол энэ их гамшиг үнэхээр нүүрлээд байхад харж сэхээрэхгүй, илүү ихийг ухаж, илүү ихийг тасдаж, илүү ихийг үрсээр байгаа хүмүүсийг хараад зүрх минь зовуурилж цээж хөндүүрлэж байна. Энэ ердөө л мэдрэмж. Гэтэл газраа ухуулж, амьтадаа хядуулж, моддоо тайруулсаар хатаж гандан буй дэлхий минь яаж байгаа бол?

Олон зуун жилийн туршид хүн төрөлхтөн өөрийгөө дэлхийн бүтээгч мэт аашилсаар ирсэн. Өнөөдөр ч тийм л байна. Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн л ийм хамгийн тэнэг системээр амьдарч, ёстой харь гаригийн амьтан мэт аашилж, суусан сандлынхаа хөлийг өөрөө хөрөөдөж байна. Найзууд минь нэг удаа тайван суугаад эргэн тойрноо бодитоор харцгаая. Дотоод зүрх сэтгэлийн мэдрэмжээрээ харая. Бид бас олон сайхан зүйлийг бүтээсэн. Дуу хөгжим, бүжиг наадам, уран зураг, үзэсгэлэнт баримал. Бид дандаа л сайн сайхан гэгээлэг зүйлд дуртай байсан. Үргэлж. Мод тайрч, хогоор дүүргэхийг бид хэзээ ч хүсч байгаагүй ээ. Гэхдээ л өнөөдөр ийм зүйл болчихсон байна. Одоо яах вэ? Үе үеийн аугаа гэгээнтэн мэргэд нэг л зүйл дэлхий ертөнцөд амар амгалан, энхтайван байдлыг авч ирнэ гэж. Тэр бол ХАЙР. Магадгүй энэ үгийг сонсохоор танд аль хэдийн мэддэг мэт, аль хэдийн энэ зүйл танд байгаа мэт мэдрэмж төрж болно. Тэгээд та энэ хийсвэр зүйл ертөнцийг аварна гэж үү? Гэж эргэлзэж ч болох юм. Хайр бол дотоод гоо сайхан. Дэлхийг гагцхүү дотоод гоо сайхан аварна гэдэг. Энэ үнэн. Энэ тухай хаанаас ч уншаад мэдэж болно. Харин өөрийн дотоод гоо сайхнаа нээх цаг болсон гэдгийг л та бүхэнд сануулахыг хүсэж байна.

Дэлхийг аврах супермэн, элфийн шидтэн энэ дэлхий дээр 8 тэрбум бий. Тэрний нэг нь та. Харин та яаж тэр ид шид, хүчийг эзэмших вэ? гэвэл зөвхөн өөрийн дотоод гоо сайхнаа нээ. Тэгээд бүх зүйл үнэхээр сайхан болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид өнөөдөр улс төр, хүүхдийн 20 мянган төгрөг, татварын тухай бодож маргаж байх зуур, бидний ирээдүйн баталгаа нимгэрсээр л байна. Тэгээд одоо тэр бизнесийг, улс төрчдийг устгах уу? Тэмцэх үү? Үгүй. Ердөө ч тийм биш.

Амьдрал бол урсгал гэдэг үг байдаг. Урсаад л өнгөрнө. Гэхдээ энэ урсгалаар та бидний ирээдүй үр хойч маань ч урсах болно гэдгийг саная. Хэрвээ хүн бүр нэг нэгнээ ялгаварлахаа больж, нэг нэгэнтэйгээ тэгш байдлаар хуваалцдаг бол ямар вэ? Дэлхий дээр оршин буй бүхэн тэгш эрхтэйгээр оршиж, жамын дагуу урсвал магадгүй тэр л диваажин байх. Та бодоод үздээ. Хичнээн харанхуй байсан ч гудамжаар ганцаараа алхахад айх шаардлагаггүй бол, хүүхэд тань хичнээн оройтсон ч санаа зовох шаардлагагүй бол ямар сайхан бэ. Энэ бүхэн боломжгүй гэж та бодож байна уу? Би тэгвэл боломжтой гэж санаж байна. Яаж? Ердөө л та өөрийн дотоод гоо сайхан болсон хайр энэрэл, нинжэн сэтгэлээ нээхэд л хангалттай. Нар шиг, мод шиг, дэлхий шиг, байгаль шиг тийм сайхан нээлттэй байвал. Мод хэзээ ч уул болох гэж тэмүүлдэггүй, чулуу хэзээ ч алт болох гэж зүтгэдэггүй шиг бид ч мөн байгаагаараа байж, буй бүхнийг адил хайрлан хүндэлдэг бол тэр диваажин байх.Энэ дэлхий дээр ганц хүн төрөлхтөн л ийм их төвөгтэй амьдарч байдаг. Хий хоосон хэтэрхий их үгийн сантай. Тэр үг бүр нь дэндүү олон утгатай. Эвгүй хэлбэл буруугаар ойлгож бусдын сэтгэлийг сэвтээх. Өнөөөдөр хүн төрөлхтний сэтгэл дэндүү эмзэг, хийрхэл нь тэнгэрт тулж хамар нь огторгуйд нисэх мэт аугаа их эгог бүтээгч. Найзууд минь дээ. Амьдрал дэндүү богино. Амьтад тийм ч их ярихгүй хэрнээ дэндүү их тайван жаргаж байгаа нь юуных юм бэ? Бид ийм их үг яриатай хэрнээ яагаад ийм өчүүхэн амьдралтай, аз жаргалгүй байдаг юм бэ? Та жаргах эрхтэй үнэн. Гэхдээ өөрийн жаргалыг бусдын зовлонгоор бүтээх шаардлагагүй тийм үү? Харин бусдын жаргалаар өөрийн жаргалыг бүтээвэл ямар вэ?


Таны дотоод гоо сайхан хязгааргүй их хийсвэр орон зайн дундах туйлын бодит үнэн юм шүү. Бүгдийг хайрлаарай.

Нийтлэлийг бичсэн С.Болдбаатар

No comments :

Post a Comment