Wednesday, February 3, 2016
Дотоодын ургал - Сүнслэг мөртүүд
Нүдээ аниад ажигла
Наран адил гэрэл дотоодод тань эгшиглэнэ
Чихээ таглаад сонс
Чанад ертөнцийн аялгуу дотоодоос тань эгшиглэнэ
2013.11.01
*****************
Ертөнцийг гэрэлтүүлэх наран адил гэрэл
Хүний дотоодод ч гэрэлтдэг байх
Хорвоог уяраах хөг аялгуу
Хүний дотоодод ч эгшиглэдэг байх
2013.07.24
*****************
Өгөх авахын хууль лугаа
Өс санан хариугаа авах нь
Үл тасрах үйлийн хэлхээ
Үргэлж мөнхийн гай зовлон
Энэрэн өршөөх нь л
Эцэслэн зогсоох ганц шийдэл
Амьдрал өөрөө буруутныг шийтгэх тул
Өрсөж түүнийг залхаан цээрлэж
Өөртөө бүү үр тарьж үйлээ хэлх
Амжиж харин хайрлан энэр
Амьдрал богинохон шүү!
2015.01.11
*****************
Хүсэл тачаалаа гүйцээх нь баяр бус
Хүсэхгүй тачаахгүй нь өөрөө баяр
Хэний ч шунаагүй тэр л амгаланд
Хэний ч санаагүй баясгалан байдаг
2012.07.09
*****************
Сэхээрэл ухамсар хийгээд
Сэтгэлийн амар амгаланг
Хүн төрхтэй бурхад бид
Хүртэн соёрхоно уу!
2012.11.24
*****************
Үхэл хагацал бидэнд хорвоо мөнх бус шүү гэдгийг сануулдаг
Үзэн ядалт, атаа хорсол, уур гомдол хэрэггүй
Алт эрдэнэс, эд хөрөнгө, шунал тачаал ч хэрэггүй
Амжиж л бусдад хайраа түгээхийг сануулдаг
2014.02.23
*****************
Үзэгдэл төдий худал хуурмаг зүйлээр мэлмий болон ухаанаа балартуулж төөрөлдөхийг үл хүснэ
Үл үзэгдэх ч сэтгэл зүрхээрээ мэдэрч, билгүүн ухаанаараа тольдож болох ҮНЭНийг эрэлхийлнэ
2014.01.14
*****************
Гэрээс гарахгүйгээр
Гэгээрэх боломж бий
Төгс туулсан багш, номын цогц, чин сэтгэл гурав байхад л
Тэнсэлгүй дээд орчилд хүрэх боломжтой
2013.04.27
Бүх л хайр эхийн хайран дээр үндэслэдэг
Болзол нөхцөлгүй бас хувиршгүй
Эх хүн үр хүүхдүүдээ ялгадаггүй шиг
Эгээ л адил хүн хүнээ ялгалгүй хайрлаасай
2013.04.14
*****************
Би угаас нүцгэнд дуртай
Үзэл суртал, дүрэм журамд баригдаагүй ҮНЭН
Хир тоосонд бохирдоогүй СЭТГЭЛ
Гоёл чимэг, ганган хувцсанд халхлагдаагүй БИЕ
2013.03.10
*****************
Бүгдийг чөлөөлмөөр байна
Юу ч битгий хоригдог, юу ч битгий хоргодог сэтгэлд минь
Хоосормоор байна, зөвхөн чамаар л дүүрэг гэрэл гэгээ минь
2013.12.26
*****************
Бурхан гэж байдаг бол
Бүхий л амьд оршихуйг энэрэн ивээгч ээж нь байж таарна
Төрүүлсэн эцэг эх маань аргагүй бидний шүтээн
Түмэн амьтныг асран хайрлагч Бурхан бас шүтээн биш гэж үү?
2015.08.27
*****************
Балчиг намаг дунд лянхуа цэцэг шиг байж
Бүүдгэр харанхуй дундаас гэрэл гэгээг харж
Бүдүүлэг мунхаг дундаас үнэнийг л олж сонсохсон
2016.01.17
*****************
Багш минь та
Билиг дээд оюун ухааны ундарга
Барагдашгүй их хайрын далай
Амьсгал бүрт минь та над руу шингэнэ
Алхам бүрт минь та надад замчилна
2013.03.16
*****************
Өөрийгөө хэн ч биш гэдгийг мэдрэх сайхан
Хязгааргүй оршихуйн
Өчүүхэн нэгэн хэсэг хэмээн мэдэрч энгийн байх сайхан
Өөрийгөө хязгааргүй бүхэлтэй нэгдмэл гэдгийг мэдрэх сайхан
Хүн болоод бүхий л төрөлтнийг
Өөрийнхөө нэгэн хэсэг нь хэмээн хайрлах сайхан