Thursday, May 7, 2015

Матери ба ухамсрын хөгжлийн тэнцвэр

Юуны өмнө хөгжил гэж юуг хэлэх вэ гэдэг асуултанд хариулахыг хүсэж байна. Өнөөгийн хүмүүс бид шинжлэх ухааны нээлт, техник технологийн дэвшил, өндөр барилга, өргөн дэд бүтцийг хөгжил гэж тодорхойлоод байгаа. Мэдээж хэрэг амьдралын илүү тав тух, таатай орчныг бүрдүүлж байгаа болохоор хөгжил гэж нэрлэхээс яах вэ. Асуудлын гол нь бид зөвхөн материаллаг зүйлс буюу гадаад юмст л төвлөрөөд дотогшоогоо огт анхаарал хандуулахаа больчихсонд байгаа юм. Хүний өөрийн мөн чанар, дотоодын дэвшил ч бас хөгжил биш гэж үү? Дорнын ухаанд арга билгийн тэнцвэрийг амьдралын оршин тогтнох тулгуур хэмээн чухалчилдаг. Хүний бие махбодод ч бас арга билгийн тэнцвэр гэж байдаг. Хэрэв арга билгийн тэнцвэр алдагдвал биеийн хэмнэл алдагдаж элдэв өвчин зовуурь бий болно. Матери ба ухамсар ч мөн тэнцвэртэйгээр хөгжиж байж арга билгийн тэнцвэрийг хадгалж хүн төрөлхтөн болоод гариг дэлхийн урт удаан оршин тогтнох үндэс суурь болно гэж үздэг. Гэтэл бид ухамсар буюу мөн чанар, дотоодын хөгжил дэвшлээ ор тас орхигдуулан матери буюу гадаад хөгжилдөө хэт их анхаарал хандуулаад зөвхөн түүгээрээ хөгжил гэдэг зүйлийг тодорхойлоод байна.





















Харин орхигдуулж боломгүй дотоодын хөгжлийн тухай ярьж, гадаад хөгжлийн бий болгож буй хор нөлөөг ярьж байгаа хүмүүсийг худлаа хайр майр ярьж хөгжлийг эсэргүүцэгчид гэж шүүмжлэх хүмүүс олон. Гэтэл тэдгээр шүүмжлэгчид өөрсдөө харин дотоодын хөгжлийг эсэргүүцэгчид болж байгаагаа анзаарсангүй. Байгаль дэлхий болон хүн төрөлхтөндөө эргээд хор хөнөөл учруулж байгаа нь технологийн хөгжил биш харин технологийн хоцрогдол юм, түүнээс биш би хэзээд хөгжлийн талд зогсоно гэж нэгэн эрхэмийн олон нийтийн сүлжээнд бичсэн нийтлэлийг нь олж уншлаа. Үүнтэй бол яах аргагүй санал нийлнэ. Гэхдээ хөгжлийн талд зогсоно гэж байгаа нь зөвхөн технологийн хөгжлийг л хэлж байгаа бол явцуу санагдаж байна. Шидэт дохиур хичнээн гайхамшгийг бүтээх шидтэй ч түүнийг ямар хүн ашиглаж байна гэдгээс хамаарч нэг бол гайхамшиг бий болно үгүй бол сүйрэл ирнэ. Тэгэхээр техник технологийн мянга дахин үсрэнгүй хөгжил байлаа гээд хүн нь өөрөө ухамсрын түвшинд хөгжихгүй бол технологийнхоо боол нь, золиос нь байсаар л байх болно.

Шинжлэх ухааны дэвшил, технологийн хөгжлийг бий болгох гэж хичнээн амьтны амийг золиослож, эх газраа бохирдуулж, байгалийн тэнцвэрийг алдагдуулж байгаагаа ч мэдээгүй нөгөө мундаг эрдэмтэд үнэхээр хөгжиж дэвшсэн хүмүүс үү? Эцэст нь дэлхийн дулаарал бий болчихоод байхад хэзээ хойно нь мэдээд сандралдаж, хэзээ хойно нь байгальд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх тал дээр анхаарч эхлэж байна. Үүнээс харвал хөгжил гэдэг зүйлийг илүү бодитойгоор бас илүү цогцоор нь тодорхойлж болохоор байна.

Бас нэгэн олон нийтийн сүлжээ хэрэглэгчийн бичсэн постыг уншиж байлаа. Тэр нь эрүүл мэнд болоод байгаль орчныхоо төлөө ургамлан буюу веган хоолыг сонгосон хүмүүст зориулсан нийтлэл байв. "Хүн төрөлхтөн мах идсэнийхээ хүчинд л өдий зэрэгтээ хөгжиж ирсэн. Надтай биш дэлхийн түүхтэй марга" гэж. Гэвч хөгжсөн үү, уруудсан уу гэдгийг хэн батлах юм бэ? Хөгжил гэж яг алийгаа хэлээд байна? Технологи нь ухаажаад хүмүүс нь тэнэгжээд байгааг хөгжил гэх үү? Амьдрал нь илүү тав тухтай, өргөн сонголттой, амар хялбар болсон ч эрүүл мэндээрээ улам доройтоод байгааг хэлэх үү? Ялгаварлал, үзэн ядалт, дайн байлдаан болон бусдыг хохироож байж өөрийн эрх ашиг хүсэл сонирхолдоо хүрдэг эдгээр нийгмийн тогтолцоог хөгжил гэх үү? Эндээс бас нэг асуулт гарч ирж байна. Үнэхээр л мах идсэнээр хүн төрөлхтөн хөгжил цэцэглэлтийг авчирсан юм бол махчинаараа алдартай монголчууд бид улс орондоо нөгөө хэлээд байгаа хөгжил дэвшлээ яагаад бий болгоогүй юм бэ?

Түүхийн явцад амьд үлдэхийн тулд аргагүйн эрхэнд амьтны арьс нөмөрч, махыг нь хүртэж ирсэн нөхцөл байдлыг бол үнэхээр буруутгах аргагүй юм. Гэтэл цаг хугацаа өөрчлөгдөж, юмс өөрчлөгдөж байхад хүртэл нөгөө л махаа идсээр. Мах идэх ёстой гэсэн олон шалтгаануудыг гаргаж ирэн мах иддэг дадал зуршлаа зөвтгөдөг ч салж чадахааргүй болтлоо донтсон ганц дур хүсэл нь л захирч байдаг шүү дээ яг үнэндээ. Жинхэнэ иргэншсэн нийгэмтэй, орчин үеийн хүн байхын тулд цаг хугацаанаасаа хоцорч биш, цаг хугацаандаа нийцэж, нөхцөл байдлыг шийдэж амьдрах хэрэгтэй болов уу. Зүгээр л бидний тансаг гэгдэх хэрэгцээг хангах гэж, зүгээр л амтны төлөө үй олон амьтан тарчилж үхдэг болсон цаг үе. Үүнээс үүдэж хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж дэлхийн дулааралд хамгийн ихээр нөлөөлж байгаа цаг үе. Энэ цаг үе, нөхцөл байдлаа бодитоор дүгнэж, тохиромжтой шийдлүүдийг цаг тухайд нь гаргаж өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийх нь иргэншсэн нийгмийн орчин үеийн хүний хийвэл зохих ухамсарт үйлдэл болов уу. Үмх махнаас болж байгаль дэлхийн ирээдүй шийдэгдэх дээсэн дөрөөн дээр тулж ирлээ гэхэд бид эрт дээр үеэсээ идэж ирсээн гээд салж хагацахгүй зуураад байх уу? Тэгвэл бүгдээрээ эрт дээр үеэс амьдарсан нүүдэлчин ахуй руугаа буцаад шилжицгээе лдээ. 21-р зуун, энэ бол уураг нь зөвхөн маханд агуулагддаггүй юм аа гэдэг нь ил болсон зуун.

Ирээдүйд хүн төрөлхтөн бид өөрсдийн бүтээсэн технологийнхоо золиос, утсан хүүхэлдэй нь болохгүйн тулд өөрсдийн мөн чанар, ухамсраа ч бас хөгжүүлье. Тэгвэл технологи ч бас устгаж сүйрүүлсэн хоцрогдол байхаа больж бидэнтэй хамт хөгжин дэвших болно.