Friday, March 25, 2016

Яагаад дандаа веган хоолны тухай пост оруулдаг вэ?

Фэйсбүүк найзууд маань анзаарсан бол миний ихэнх пост веган хоолтой холбоотой байгаа биз? Бидний амьдрал бол тэр чигээрээ сонголт. Хүн бүхэн өөртөө хайртай бас эрх чөлөөгөө эрхэмлэдэг, гэсэн хэдий ч сонголт хийсэн бүхэн маань тэр болгон өөрийгөө хайрлаж, өөртөө эрх чөлөө олгосон сонголт байдаггүй. Хоол хүнсэн дээр гэхэд л эрүүл мэндээ бодож сонголт хийхээсээ илүү дур хүсэл, шуналынхаа төлөө сонголт хийдэг. Мөн архи тамхи гээд л... аливаа зүйлээс хэт хамаарлтай болчихоороо тэр нь эрхээ эдлэж байгаа мэт боловч өөрийгөө тухайн зүйлийнхээ боол нь болгож байгаа хэрэг. Жишээлбэл мах идэхгүй л бол хоол идсэн болдоггүй, уур хүрдэг, амьдарч чадахгүй гэх мэт... эдгээр нь тухайн зүйлдээ донтсоны шинж. Маханд ч бас архи тамхинаас дутахгүй донтуулах бодис байдаг ба түүнд агуулагдах альбумин, гемоглобин, гамма глюболин зэрэг бодисууд нь хүний бие дэх мансууруулах бодисны хүртэхүйнүүдийг идэвхжүүлж өгдөг байна.

Монголчууд эрт цагаасаа бараг л цагаан хоолтон байсан гэхэд хилсдэхгүй. Зөвхөн өвлийн хатуу ширүүнийг давах гэж л маш бага хэмжээгээр хэрэглэдэг байсан төдийгүй хоногийн ганц л хоолтой байсан. Хүчирхэг ард түмэн байсан Монголчуудын гол нууц болох хооллох ухааныг нь өгүүлсэн нийтлэлийг доор хавсаргах болно.

Гэтэл энэ сайхан уламжлалаа бид нэгмөсөн алдсан. Тэгсэн мөртлөө Монгол хүн юм чинь мах идэхгүй бол өөр юу идэхэв, уламжлалаа л дагаж байна гэж ярьцгаадаг. 21-р зуунд амьдарч байгаа иргэний хувьд би өвлийн хатуу ширүүнийг давахын тулд зөвхөн мах биш өөр олон хүнсэнд илч дулаан агуулагддагыг олж мэдсэн учир махнаас бүрэн татгалзаж цэвэр ургамал хоолтон болсон. Мөн өөр олон шалтгаанууд ч бий. Миний таамгаар янз бүрийн шалтгаанаар цагаан, ногоон хоолтон болсон нийт 10,000 орчим хүн Монголд байдаг болов уу.

Монголчуудын дундаж наслалт болон өвчлөлүүдийн шалтгааныг харахад дийлэнх нь хоол боловсруулалтын болон зүрх судасны өвчин давамгайлсан байдаг. Энэ бүх мэдээлэл ил тод байхад уг нь хүн бүр л идэж уухаа зохицуулж, өөх махаа багасгах тал дээр анхаармаар л юм даа гэж их гайхдаг юм, Монгол хүн юм чинь махаа л иднэ гэхийнхээ оронд.

Би хувьдаа өөрийн сонголтоо хийгээд нэгэнтээ ургамал хоолтон болсон. Мэдээж энэ сонголтыг хийхэд хүн бүрт амаргүй гэдгийг маш сайн ойлгож байгаа. Харин байнга л веган хоолны талаар постлоод байдгийн учир нь махан хоолоо багасгах нь зүйтэй юм байна, жинхэнэ Монгол уламжлалаа дагаж өвөлдөө л багахан идэж бусад үедээ ногоо цагаагаа идэж байя, ядаж л 7 хоногтоо ганц өдөр гэдсээ цайлгая гэсэн санааг өгөх гэж л тэр шүү дээ. Түүнээс бусдыг веган бол, над шиг бол гэж хэзээ ч тулгаж байгаагүйгээс гадна мах иддэг хүмүүсийг муулж доромжилж байсан удаа нэг ч байхгүй. Надтай адил бусан веганчууд маань ч хэн нэгнийг ятгаж тулгаж эсвэл мах иддэгээс нь болж муухай ханддаггүй гэж бодож байна. Харин нэгийг бодуулах үүднээс логик зүй талаас нь тайлбарлах, мэдээлэл өгөх талын зүйл олон байдаг. Учир нь энэ бүхний ард гараад бид юуг өдий болтол ойлгоогүй ирж вэ гэдгийг аль хэдийн мэдчихсэн байдаг учраас энэ бүх мэдээллээр хангахыг зорьдог хүмүүс олон бий. Энэ бүх сэтгэл зүрхийг нь хүмүүс магадгүй буруугаар ойлгодог байх. Хүнд үзэл бодлоо тулгалаа, биднийг доромжиллоо зарим нь бүр шашин сурталчаад байгаа мэтээр ч хүлээж авна.

Фэйсбүүк дээрээ энэ төрлийн пост илүү ихийг оруулж байсан ч дээр дурьдсан дайралтуудыг маш цөөхөн ирдэг байсан. Харин твиттер дээрээ жиргэхэд маш их дайралтууд ирдэг. Махан хоолоо багасгая, веган хоол нь ийм ийм ач тустай, махан хоол нь ийм ийм хор хөнөөлтэй, бидэнд ийм ийм сонголт байдаг гэх зэргээр л жиргэж постлодог болохоос та нар веган бол, махчид бол муухай гэх мэт тулгалт доромжлол огт бичиж байгаагүй. Гэтэл өөдөөс басамжилна, доромжилно, хэрүүл нэхнэ гэх мэт зүйл их тохиолддог. Тэр болгоных нь хариуд нэг ч удаа доромжилсон зүйл бичиж байгаагүй, харин логикийн алдаатай, буруу ойлголтыг нь залруулж тайлбарлаж бичдэг. Энэ нь тэдний нүдээр бол би л үзэл бодлоо хүнд тулгаад, бусдыг доромжлоод, хэрүүл хийгээд байгаа юм шиг харагдаад харин өөрсдийнх нь хэрүүл нэхэж бичсэн, доромжилсон бүхэн нь хамгийн үнэн зөв юм шиг санагдаад байгаад нь маш их гайхдаг юм. Хэрэв твиттер хуудаснаас мах, махчин гэх зэргээр хайгаад үзвэл тэндээс ямар ч доромжлол гарч ирэхгүй. Харин цагаан хоолтон, веган хоолтон зэргээр хайлт хийгээд үзвэл есөн бусын доромжлол, басамжлал гарч ирнэ. Өөрөө хэнийг ч үзэн яддаггүй мөртлөө жиргээгээр дүүрэн үзэн ядагчид араасаа дагуулсан нүгэлтэй хүн би :(

Хүмүүсийн хамгийн сонирхолтой логик бол хүн хэрвээ мах идэхгүй бол хэтэрхий их амьтадтай болоод байгалийн тэнцвэр алдагдана гэж ихэнх нь ярьцгаадаг. Гэтэл үнэндээ хүмүүс махыг нь идэх гэж л тэр их амьтдыг зохиомлоор өсгөж үржүүлээд байгаа шүү дээ. Тахиа гэхэд л дэлхийн нийт хүн амын тооноос ч олон байдаг. Бид л зохиомлоор өсгөөд байхгүй бол тэд чинь байгалийнхаа шалгарлаар л амьдарна. Ийм энгийн логикийг яагаад ойлгохгүй байна вэ? Бас нэг инээдтэй зүйл, веганчууд амьтанд хайртай гэх мөртлөө яагаад тэдний иддэг хоолыг нь булааж идээд байна? Энэ юу гэсэн үг вэ, веган хоолтнууд хонь мал шиг 4 хөллөөд өвс зулгаагаад идэж байхыг харсан уу? Эсвэл ногоо цагаагаа өөрсдөө тарьчихаад тэднийгээ өөрсдөө идэхийн оронд мал амьтандаа идүүлэх ёстой байсан уу? Таримал ногоо ургамал идсэнээрээ амьтдын хоолыг булаасан болдог гэсэн энэ логикийг хэзээ ч ойлгодоггүй. Харин төлөөс нь салгаж сүүг нь уугаад амийг нь таслаж махыг нь иддэгээ тэд юман чинээ боддоггүй нь гайхмаар. За бас нэг сонин яриа байна, манай энэ ч хамаатны хүн, тэр ч найз веган болчлоо гэж гайхуулж яваад чадарцы шдээ хөөрхий гэж ярих хүн маш олон. Ясыг нь өндөлзүүлэн байж үнэнээснээ ярьснуу, санаанаасаа зохиож ярьснуу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ үнэн байж болохыг бас үгүйсгэхгүй. Аливаа зүйлд дүгнэлт хийхдээ олон талаас нь бодож үзэх хэрэгтэй.

Дэлхийн хүн амаас өдөрт хэдэн мянгаараа хорт хавдар зэрэг өвчлөлүүдээс болж цэл залуугаараа ч өөд болцгоож байна. Мөн дээр хэлсэнчлэн монголчууд хоолноосоо болж дундаж наслалт нь маш бага байна. Мах иддэг хэдэн мянган хүн нас барж байгаа нь хэвийн үзэгдэл хэрнээ веган хүн нас барахаар бөөн юм болж ёстой нэг мах идээгүйгээс л болдог гэнэ. Гэвч тэр хүн веган хоолтон болохоосоо өмнө тухайн өвчнөө олсон байсан уу гэдгийг огт бодож үздэггүй. Веган болоод харин ч хэдэн өдрөөр илүү амьдарсан юм билүү хэлж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ махнаас гарч байна гээд учраа олохгүй явснаас болоод асуудал үүсэх тохиолдол гардаг нь үнэн. Мах гурилнаас өөр юм мэдэхгүй Монголчуудын хувьд асуудалтай байдаг байх. Энэ бол тухайн хүний хариуцлагын асуудал болохоос цагаан хоолонд учир байгаа хэрэг биш юм. Насаараа мах идээгүй хожим өнөөгийн олон олон алдартан, эрдэмтэн, суутан байдгийг бүгд мэддэг болсон байх. Тиймээс махнаас гарахаар шийдсэн бол махыг орлуулж өөр юу юу идэхээ сайн мэдсэн байх хэрэгтэй. Эсвэл шийдээд л шууд нэг өдөр махнаас гарах биш аажим аажмаар биеэ дасга. Харин бусад хүмүүстээ зөвлөхөд махныхаа хэрэглээг багасга. Эрүүл мэндийнхээ төлөө хэрэгжүүлэх эсэх нь таны сонголт. Хэн ч танд тулгахгүй.

Хүмүүсийн хамгийн их буруугаар боддог нэг зүйлийг бас дурьдахгүй бол болохгүй нь. Газар тариалан шимт хөрсийг уурхайгаас илүү бусниулаад байна гэж бас их ярьцгаадаг шүү. Юуны төлөө шимт хөрс байгаа хэрэг вэ? Жинхэнэ байгалиас заяасан шим гэдэг чинь тэр бус уу? Тийм шимтэй сайхан хөрсөн дээр ногоогоо тариад идвэл шим тэжээлээр баян, эм болох зүйл чинь тэр биш үү? Харин байгалийг сүйтгэж байгаа хамгийн аюултай зүйл бол мал аж ахуй. Бэлчээрийн даац хэтэрсний улмаас цөлжилт үүсэх аюултай. Монголын хувьд энэ хамаагүй гэж ярьцгаадаг байсан ч тэр зүйл нь одоо харин ч бүр ноцтой нүүрлээд байгаа. Бас тариа ногоо тарихаас хэд дахин илүү усны нөөц шавхдаг. Харин тариа ногоо тарихад хөрсний үржил шим буцаад л сэргэдэг. Цаг уурын өөрчлөлтөнд нөлөөлөөд байгаа хамгийн том хүчин зүйл бол мал аж ахуйгаас ялгарч буй хүлэмжийн хий бөгөөд энэ нь машин техникийн хортой утаанаас хэд дахин илүү болохыг дэлхийн эрдэмтэд, НАСА агентлагийн зүгээс батласан.

Эрүүл мэндээ бодож, амьтны амийг хайрлах, байгаль дэлхийгээ хайрлах зэрэг шалтгаанаар ухамсартайгаар сонголтоо хийчихсэн мах идэхгүй ч эрүүл амьдарч чадаад байгаа хүмүүсийг шоолж доромжилж басамжилж хэдэн биенээ хөгжөөж суухынхаа оронд бидний өвөг дээдэс яаж хооллодог байсан билээ, бид хэрхэн уламжлалаа дагах вэ, эрүүл мэндээ бодож махаа учиртай хэрэглэе гэдэгтээ санаа тавьбал илүү дээрсэн. Интернэт хөгжсөн мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэх хэрнээ мэдээллээр маш дутуу байна. Энэ тал дээрээ ч бас анхаарвал илүү хэрэгтэй.

Бичээгүй дутуу орхисон өөр маш олон зүйл байгаа ч энэ удаа ингээд дуусгая даа. Бидэнд бодож үзээгүй маш олон зүйл бий.


Холбоотой нийтлэлүүд:

ТҮРҮҮ ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ШИНЖЛЭХ УХААНЧ МЭДЛЭГ http://lkhagvaa.mn/post/6
МАТЕРИ БА УХАМСРЫН ХӨГЖЛИЙН ТЭНЦВЭР http://gegeenanir.blogspot.com/2015/05/blog-post.html 
МАХ ИДДЭГГҮЙ ЦАГААН ХООЛТОН АЛДАРТНУУД http://news.xopom.com/121913/

3 comments :

  1. Сайн байна уу? хүмүүс веган л гэх юм. Амьтай бүхэн сүнстэй гэдэг биш билүү. тэгвэл ургамал ч гэсэн амьтай биз дээ. тэгээд ургамлыг тасдаж авахаар ургамлыг үхүүлж байна л гэсэн үг биз дээ. Биднийг тэд ойлгохгүй ч гэсэн тэд бас орилж шаналдаг л байлгүй дээ. тийм биш гэж үү. монголчууд цагаан идээг их хэрэглэдэг байсан. цагаан идээ нь харин илүү зөв сонголт биш гэж үү? цагаан идээ ямар нэгэн амьтай зүйлийн амийг тасалдаггүй харин цагаан сайхан сүүнээс л тэд цагаан идээг хийдэг. Бид бүх сүүг нь тугалаас булаагаагүй тийм биз дээ. цагаан идээг түлхүү идээд бусдаас нь тодорхой бага хэмжээгээр идэж болдоггүй юм уу? ургамал ногоог тэд тасдан авч үхүүлж хоолондоо хэрэглэнэ. тэгэхээр амьтай зүйлийн амийг тасалж байгаа биз дээ. энэ талаар юу гэж боддог вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Нэр зүс нь нууц хэдий ч ийм эелдэгээр асууж сэтгэгдлээ хэлж байгаад баярлалаа. Таны хэлж байгаа санаа нэг талаар маш зөв зүйтэй асуудал шүү. Гүнзгийрүүлж яривал веган хоол буюу ургамал хоол нь бас төгс шийдэл биш ээ. Зөвхөн усаар хооллодог, нараар хооллодог гэх мэт байгалийнхаа эрчмээр тэтгэгдээд шим тэжээлийн дутагдалд ч орохгүй эв эрүүл амьдрах арга зам бас бий. Магадгүй хүн төрөлхтөн оюун санааны өндөр дэвшлийнхээ эрин үед ийм төлөвт шилжиж болох юм. Харин одоогийн байдлаар веган хоол нь хангалттай сайн шийдэл байж чадаж байна. Биологи талаас нь дүгнэвэл бүтцийг нь амьтантай харьцуулаад үзэхэд л ногоо үнэхээр тэгэж их зовж тарчилж, амь тэмцдэг үү гэдгийг нь хялбархан тодорхойлж болно. Ургамал ногоонд мэдрэлийн тогтолцоо байдаггүй, янгинадаг яс, урсдаг цус гэж байхгүй, амьтантай харьцуулахад өчүүхэн бага мэдрэхүйтэй төрөл зүйл. Байгалийн өгөгдөл талаас нь дүгнэвэл ургамал жимсийг тайрч тасдаж байж илүү олон болж сайхан ургадаг. Харин нэг амьтныг хөнөөлөө гэхэд дахин олон болж үржих үү? Ургамал ч гэсэн амьтай шдээ гэж маргах хүн олон байдаг лдаа. Үнээн, ургамал бол нарны прана эрчмийг шингээсэн жинхэнэ амьд организм. Харин мах бол тарчилж үхсэн амьтны үхмэл энерги. Хэхэ, одоо бүр эсрэгээрээ яригдчихаж байгаа биз? Бүх хүн зөвхөн сүү сүүн бүтээгдэхүүнээр хооллоно гэдэг аль ч талаасаа үнэхээр боломжгүй. Ургамал жимсэнд байдаг уураг шим тэжээлийг дан сүүнээс авах боломжгүй. Дээрээс нь бас л сүүг нь хэрэглэх гэж амьтныг үй олноор нь тэжээж үржүүлэх шаардлагатай болно, байгалийн тэнцвэр алдагдана гэх мэт яриад байвал маш олон асуудал хөндөгдөнө.

      Delete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete