Friday, February 6, 2015

Тооройн хэлсэн үг




















"Тухайн улс орны сүр жавхлан, ёс суртахууны хөгжил нь амьтдад хэрхэн хандаж байгаагаар шүүгддэг" гэж Энэтхэгийн агуу удирдагч Махатма Гандигийн хэлсэн алдартай үг байдаг. Эд хөрөнгө, техник технологиороо хүчирхэгжлээ гээд амьтдыг энэрч чадахгүй бол тухайн орныг агуу улс орон гэж хэлэхэд хэцүү. Биднийхээр хамгийн хөгжил сайтай гэж үздэг Япон орны хувьд гэхэд далайн амьтдыг үй олноор нь агнаж хоол хүнсэндээ хэрэглэж байна. Юу тарина, түүнийгээ хураана гэх байгалийн хатуу хуулийн дагуу магадгүй Япон орон цунамигийн аюулд үе үе өртөн олон хүмүүс амиа алдацгаадаг юм болов уу. Аливаа бүхнийг учир шалтгаан, үндэс сууриас нь бодож үзээгүй бидний сохор ухаан, сохор үйлдэл хэдий байх ёстой, зөв зүйл мэт санагдаж байгаа ч бусдад хичнээн их зовлон шаналал авчирдаг болохыг харалган бид хэрхэн ухаарах... Уг нь бусдын зовлон шаналалыг мэдэрч чаддаг бол жинхэнэ хүн байдаг гэж нэг үг бий сэн. Мэдэрч чадахгүй байгаа тэр зүйлийг тань үг болгон хөрвүүлээд ухаан болон сэтгэлд тань нэгийг бодуулах "Тооройн хэлсэн үг" шүлгийг хүргэж байна.

    Анх Тантай уулзсан тэр үе
    Миний төрсөн өдөр байсан юм
    Би ягаан, бөөрөнхий, махлаг байлаа
    Ээж бид хоёр баяр хөөртэйгөөр тоглон наадаад л
           Та хайрын харцаар над руу харан
           "Хөөх, ямар бондгор, эгдүүтэй амьтан бэ" гэж өхөөрдөж билээ
            Өдөр болгон та айлчлан ирээд
            Хүйтэн ус, амат зуушнууд авчирдаг байлаа
    Ээж бид хоёрын сэтгэл маш их уярсан
    Таны сайхан сэтгэл алтнаас ч илүү үнэтэй
    Таны хайр халамж, нөмөр нөөлгөн дор
    Би тайван амьдралаар өсөж торнисон
            Өдөр өнгөрөх тусам улам махлаг болж
            Зөвхөн идэж, амарч, тоглоод л...
            Өнөө өглөө их зугаатай байсан
            Үүлс тэнгэрээр хөврөхөд
    Ээж бид хоёр тэврэлдэн хэвтэнэ
    Болох гэж буй эмгэнэлт явдлыг мэдэхгүй
    Барс, заан мэт хүчирхэг
    Хүдэр хоёр залуу

            Жаахан биеийг минь хүчлэн шахаж
            Айдсын торон дотор тэрийлгэн хаяв!
            Зугтаах арга байсангүй
            Ээ бурхан минь, ямар шийтгэл гэж энэ вэ?
  Ээж ээ, ээж минь намайг авраач
  Эзэн минь
  Хурдан ирж намайг авраач
  Насан балчир амийг минь авраач гэж
            Би айдас жихүүдэстэйгээр чарлав
            Ээж минь гаслан зовлондоо цурхиран уйлна
            Гуниг цөхрөлийн нулимс нүдэнд нь хурна
            Энэхүү дотор сэрдхийм сэтгэлийн уй гашууг
  Ивээлт их Диваажин ч багтааж чадахгүй!
  Эзэн минь цааш эргэн
  Сарвайсан мөнгө тоолоод гар нь завгүй
  Машины бүхээгэнд итгэл найдлагагүй болсон би эргэлдэн өнхөрнө
            Шархалсан зүрх бие тарчлаахаас ч илүү зовуурьтай
            Хоёр залуу ёжтой нь аргагүй:
            "Шинэхэн төрсөн хүүхдийн баярыг тэмдэглэхэд
            Энэхүү гахайн тоорой их амттай байх болно!
  Түүнийг бид маргааш нядалнаа" гэж ярилцана
  Ээ халаг, энэ амьдрал яасан ч тоглоомтой юм бэ
  Сүнс минь эцэж туйлдав
  Зүрхэнд минь нулимс хурж
            Цус минь горхи мэт урсана
            Өсч бойжин өдийг хүртэл тэжээсэнд
            Таныг надад хайртай гэж бодсон
            Гэвч энэ бүхэн хуурамж бөгөөд
  Таны хувьд ердөө л олз ашиг төдий зүйл  байжээ!
  Маргааш хүмүүсийг баяр цэнгэл дээрээ
  Хөгжилдөн баясгалантайгаар инээлгэхийн төлөө
  Биеийг минь тамлаж
             Ясыг минь мөчлөн хувааж
             Махыг минь таслан хаяна
             Таны болон бусдын хүүхдүүдэд
             Бүгдэд нь урт наслахыг хүсэн ерөөе!
  Минийх шиг хувь тавиланг туулахгүйгээр
  Гэр бүлээрээ хамтдаа байцгааг
  Энэ гэр бүлийг шударга амьдраасай гэж
  Олон төрөлдөө хүн төрөлтөн болоосой гэж
              Мөнхийн үйлийн үрийн хүрдэнд
              Хэзээ ч битгий гахай болон төрөөсэй хэмээн залбиръя
              Ай хөөрхий, амьдрал минь баяртай....
              Ижийгээ би удаанаар тарчлан зовно гэдэгт шаналж байна
   Би ч яахав уйлаад л давчихна....
   Ээж ээ! Ээж..... Ээж.....

Шүлгийг: Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

1 comment :