Saturday, February 14, 2015

Дэлхийг сэхээрүүлсэн Чарли Чаплины агуу илтгэл

Та бидний сайн мэдэх алдартай жүжигчин, тэр дундаа алиа хошин инээдмийн жүжигчин ийм чухал царайгаар, хурц дуу хоолойгоор ийм чухал асуудлын тухай илтгэл тавьж байна гэхээр сонин санагдаж байгаа байх. Тийм ээ, тэр бол тухайн цаг үеийнхээ соён гэгээрүүлэгч нь байжээ. Тэр жинхэнэ ардчилагч бас оюунлаг, ухамсарлаг бас гэгээлэг хүн байж.

1940 онд өөрийнх нь зохиож, найруулж бас өөрөө тоглосон "Агуу дарангуйлагч" (The Great Dictator) хэмээх улс төрийн хошигнолт кинон дээр Чарли Чаплин энгийн нэгэн Еврей үсчний дүр болон Гитлерийн дүрийг зэрэг бүтээдэг. Гитлерийн дарангуй, түрэмгий зан авирыг их хошноор элэглэн дуурайх ба киноны төгсгөлд Еврей үсчин Гитлерийн дүрд хувирч цэргүүдэд хандан үг хэлдэг. Киноны хамгийн оргил яг энэ хэсэг дэлхий дахиныг сэхээрүүлнэ. 70 орчим жилийн тэртээ түүний хэлсэн энэхүү үг нь одоо ч бидний ой ухааныг сэхээрүүлэхүйц хүчин төгөлдөр хэвээр байна. Тэгэхээр хөгжил гэдэг зүйлийг бид буруу тодорхойлчихоод бух шиг зүтгээд байгаа юм биш биз?

Намайг уучлаарай, би эзэн хаан байхыг хүсээгүй юм шүү. Тэр бол миний хийх ажил биш. Би хэнийг ч захирч, байлдан дагуулахыг хүсэхгүй байна. Хэрэв боломжтойсон бол би бүгдэд туслахыг хүсэж байна: Еврей ч бай Еврей биш ч бай, хар арьстан, цагаан арьстан бүгдэд нь. Бид бүгд л өөр бусдад туслахыг хүсдэг шүү дээ. Бид бүгд л бие биенийхээ зовлон шаналалаар биш харин аз жаргалаар амьдрахыг хүсдэг. Бид бусад нэгнийгээ үзэн ядаж, гадуурхахыг хүсдэггүй. Энэ дэлхий дээр хүн бүхэнд зориулагдсан орон зай бий. Энэ сайхан дэлхий маань баян бөгөөд хүн бүрийг хангаж тэтгэж чадна. Бидний амьдралын харгуй бол гайхамшигтай бөгөөд эрх чөлөөтэй, даан ч бид энэхүү зам харгуйгаа алджээ.

Шунал хүн төрөлхтний сэтгэлийг хордуулж, үзэн ядалт дэлхий ертөнцөд үймээн дэгдээж, биднийг аймшигт зовлон шаналал, цус урсгалт тийш илгээлээ. Бид хурдацтай хөгжиж буй мөртлөө тэндээ өөрсдийгөө түгжчижээ. Баян тансаг байдлыг авчирсан машин техник бидэнд хүсэл хэрэгцээ гэдэг зүйлд унагасан. Бидний мэдлэг боловсрол өөрсдийг маань ичгүүргүй болгов. Бидний оюун ухаан өөдгүй бас харгис хатуу. Бид маш их бодож, маш бага мэдэрдэг. Машин техникээс илүү бидэнд хүнлэг чанар хэрэгтэй. Оюун ухаанаас илүү бидэнд нинжин сэтгэл, элэгсэг зан хэрэгтэй. Эдгээр чанарууд үгүй бол бид харгис хэрцгий болж улмаар бүх зүйлээ алдах болно.

Нисдэг тэрэг болон радио зэрэг нь биднийг хооронд нь ойртуулж өгсөн. Энэ бүтээлүүдийн жинхэнэ чанар нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө уйлан дуулж байна, дэлхий дахины эв нэгдлийн төлөө, бид бүгдийн нэгдмэл байдлын төлөө цурхиран уйлж байна. Одоо ч гэсэн миний дуу хоолой дэлхий дахин дахь сая сая хүмүүст хүрч байна, цөхөрч буй эрэгтэй эмэгтэй хүмүүс болон хүүхдүүд, харгис тогтолцооны золиос болж тарчлагдсан, шоронд хоригдсон гэм зэмгүй сая сая хүмүүс.

Намайг сонсож байгаа тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд бүү цөхрөөрэй. Зовлон шаналал одоо ард хоцорсон, гэхдээ хүсэл шунал болоод хөгжлийн арга замаас айж буй хүмүүсийн гуниг зовлон үргэлжилсээр байна. Хүн төрөлхтний үзэн ядалт ард үлдэх болно, дарангуйлал мөхөх болно, хүн төрөлхтнөөс булаан авсан хүч чадлыг тэд эргүүлэн өгөх болно. Тэгээд хүн төрөлхтөн бүрмөсөн мөхдөггүй л юм бол эрх чөлөө хэзээ ч үгүй болохгүй.

Цэргүүд ээ! Та бүгдийг доромжилдог, боолчилдог, тушаасан бүхнээ хийлгүүлж бас юу бодож юу мэдрэхийг чинь хүртэл тушаадаг адгууснуудад өөрсдийгөө бүү даатгаач! Та нарыг нухлаж, журамлаж, яг л мал мэтээр харьцаж, зүгээр л нэг бууны нохой болгон ашигладаг адгууснууд. Машинжсан зүрхтэй, машинжсан ухаантай тийм харгис хүмүүст өөрсдийгөө бүү даатгахтун. Та нар бол машин биш! Та нар бол мал биш! Та нар бол хүн! Та нарын зүрх сэтгэлд хүнлэг нинжин хайр бий! Та нар үзэн яддаггүй! Цэргүүд минь! Боолчлолын төлөө бүү тэмцээч! Эрх чөлөөний төлөө тэмцэхтүн!

17-р бүлэгт Гэгээн Люк "Бурханы орон бидний дотор бий" гэж бичсэн байдаг. Нэг хүний дотор биш, хэсэг хүмүүсийн дотор биш, харин хүн бүрийн дотор! Чиний дотор! Машин техник бүтээдэг хүч чадал бүгд чамд бас хүмүүст бий. Амьдралыг эрх чөлөөтэй, амар тайван, сайн сайхан болгох хүч чадал, амьдралыг гайхамшигтай адал явдлаар дүүрэн болгох хүч чадал ч мөн чамд болон бусад хүмүүст бий.

Ардчилал хэмээх нэрийн дор тэрхүү хүчийг ашиглацгаая, бүгд хамтдаа нэгдэцгээе. Шинэ дэлхийг бий болгохын төлөө тэмцэцгээе. Хүн төрөлхтнийг хийж бүтээх бүхий л боломжоор хангасан, залуу үеийнхэнд ирээдүйг бэлэглэсэн, буурайнуудад асран хамгааллыг бүрдүүлсэн тааламжтай дэлхийн төлөө! Адгууснууд энэ амлалтыг өгч дээшээ гарч ирсэн. Гэвч тэд биднийг хуурсан! Тэд амлалтандаа хүрээгүй. Хэзээ ч хүрэхгүй биз!

Дарангуйлагчид тэднийг чөлөөлсөн ч тэд хүмүүсийг боолчилсоор байна. Харин одоо тэр амласан зүйлд нь хүрэхийн төлөө тэмцэцгээе. Эрх чөлөөт дэлхийн төлөө, үндэсний хил хязгаарыг үгүй болгохын төлөө, шунал үзэн ядалт тэвчээргүй байдлыг арчин хаяхын төлөө тэмцэцгээе! Шинжлэх ухаан болоод хөгжил дэвшил нь хүн төрөлхтнийг аз жаргалд хөтлөдөг дэлхийн төлөө тэмцэцгээе. Цэргүүд ээ! Ардчилал гэдэг нэрийн дор бүгд хамтдаа нэгдмэл байцгаая!

Киног бүрэх эрхээр нь үзэх: http://www.youtube.com/watch?v=gz9G2CLCxo8
Чарли Чаплин сайт: http://www.charliechaplin.com

No comments :

Post a Comment