Showing posts with label Шүтэлцэхүй - Амьтан - Байгаль. Show all posts
Showing posts with label Шүтэлцэхүй - Амьтан - Байгаль. Show all posts

Friday, March 25, 2016

Яагаад дандаа веган хоолны тухай пост оруулдаг вэ?

Фэйсбүүк найзууд маань анзаарсан бол миний ихэнх пост веган хоолтой холбоотой байгаа биз? Бидний амьдрал бол тэр чигээрээ сонголт. Хүн бүхэн өөртөө хайртай бас эрх чөлөөгөө эрхэмлэдэг, гэсэн хэдий ч сонголт хийсэн бүхэн маань тэр болгон өөрийгөө хайрлаж, өөртөө эрх чөлөө олгосон сонголт байдаггүй. Хоол хүнсэн дээр гэхэд л эрүүл мэндээ бодож сонголт хийхээсээ илүү дур хүсэл, шуналынхаа төлөө сонголт хийдэг. Мөн архи тамхи гээд л... аливаа зүйлээс хэт хамаарлтай болчихоороо тэр нь эрхээ эдлэж байгаа мэт боловч өөрийгөө тухайн зүйлийнхээ боол нь болгож байгаа хэрэг. Жишээлбэл мах идэхгүй л бол хоол идсэн болдоггүй, уур хүрдэг, амьдарч чадахгүй гэх мэт... эдгээр нь тухайн зүйлдээ донтсоны шинж. Маханд ч бас архи тамхинаас дутахгүй донтуулах бодис байдаг ба түүнд агуулагдах альбумин, гемоглобин, гамма глюболин зэрэг бодисууд нь хүний бие дэх мансууруулах бодисны хүртэхүйнүүдийг идэвхжүүлж өгдөг байна.

Монголчууд эрт цагаасаа бараг л цагаан хоолтон байсан гэхэд хилсдэхгүй. Зөвхөн өвлийн хатуу ширүүнийг давах гэж л маш бага хэмжээгээр хэрэглэдэг байсан төдийгүй хоногийн ганц л хоолтой байсан. Хүчирхэг ард түмэн байсан Монголчуудын гол нууц болох хооллох ухааныг нь өгүүлсэн нийтлэлийг доор хавсаргах болно.

Гэтэл энэ сайхан уламжлалаа бид нэгмөсөн алдсан. Тэгсэн мөртлөө Монгол хүн юм чинь мах идэхгүй бол өөр юу идэхэв, уламжлалаа л дагаж байна гэж ярьцгаадаг. 21-р зуунд амьдарч байгаа иргэний хувьд би өвлийн хатуу ширүүнийг давахын тулд зөвхөн мах биш өөр олон хүнсэнд илч дулаан агуулагддагыг олж мэдсэн учир махнаас бүрэн татгалзаж цэвэр ургамал хоолтон болсон. Мөн өөр олон шалтгаанууд ч бий. Миний таамгаар янз бүрийн шалтгаанаар цагаан, ногоон хоолтон болсон нийт 10,000 орчим хүн Монголд байдаг болов уу.

Монголчуудын дундаж наслалт болон өвчлөлүүдийн шалтгааныг харахад дийлэнх нь хоол боловсруулалтын болон зүрх судасны өвчин давамгайлсан байдаг. Энэ бүх мэдээлэл ил тод байхад уг нь хүн бүр л идэж уухаа зохицуулж, өөх махаа багасгах тал дээр анхаармаар л юм даа гэж их гайхдаг юм, Монгол хүн юм чинь махаа л иднэ гэхийнхээ оронд.

Би хувьдаа өөрийн сонголтоо хийгээд нэгэнтээ ургамал хоолтон болсон. Мэдээж энэ сонголтыг хийхэд хүн бүрт амаргүй гэдгийг маш сайн ойлгож байгаа. Харин байнга л веган хоолны талаар постлоод байдгийн учир нь махан хоолоо багасгах нь зүйтэй юм байна, жинхэнэ Монгол уламжлалаа дагаж өвөлдөө л багахан идэж бусад үедээ ногоо цагаагаа идэж байя, ядаж л 7 хоногтоо ганц өдөр гэдсээ цайлгая гэсэн санааг өгөх гэж л тэр шүү дээ. Түүнээс бусдыг веган бол, над шиг бол гэж хэзээ ч тулгаж байгаагүйгээс гадна мах иддэг хүмүүсийг муулж доромжилж байсан удаа нэг ч байхгүй. Надтай адил бусан веганчууд маань ч хэн нэгнийг ятгаж тулгаж эсвэл мах иддэгээс нь болж муухай ханддаггүй гэж бодож байна. Харин нэгийг бодуулах үүднээс логик зүй талаас нь тайлбарлах, мэдээлэл өгөх талын зүйл олон байдаг. Учир нь энэ бүхний ард гараад бид юуг өдий болтол ойлгоогүй ирж вэ гэдгийг аль хэдийн мэдчихсэн байдаг учраас энэ бүх мэдээллээр хангахыг зорьдог хүмүүс олон бий. Энэ бүх сэтгэл зүрхийг нь хүмүүс магадгүй буруугаар ойлгодог байх. Хүнд үзэл бодлоо тулгалаа, биднийг доромжиллоо зарим нь бүр шашин сурталчаад байгаа мэтээр ч хүлээж авна.

Фэйсбүүк дээрээ энэ төрлийн пост илүү ихийг оруулж байсан ч дээр дурьдсан дайралтуудыг маш цөөхөн ирдэг байсан. Харин твиттер дээрээ жиргэхэд маш их дайралтууд ирдэг. Махан хоолоо багасгая, веган хоол нь ийм ийм ач тустай, махан хоол нь ийм ийм хор хөнөөлтэй, бидэнд ийм ийм сонголт байдаг гэх зэргээр л жиргэж постлодог болохоос та нар веган бол, махчид бол муухай гэх мэт тулгалт доромжлол огт бичиж байгаагүй. Гэтэл өөдөөс басамжилна, доромжилно, хэрүүл нэхнэ гэх мэт зүйл их тохиолддог. Тэр болгоных нь хариуд нэг ч удаа доромжилсон зүйл бичиж байгаагүй, харин логикийн алдаатай, буруу ойлголтыг нь залруулж тайлбарлаж бичдэг. Энэ нь тэдний нүдээр бол би л үзэл бодлоо хүнд тулгаад, бусдыг доромжлоод, хэрүүл хийгээд байгаа юм шиг харагдаад харин өөрсдийнх нь хэрүүл нэхэж бичсэн, доромжилсон бүхэн нь хамгийн үнэн зөв юм шиг санагдаад байгаад нь маш их гайхдаг юм. Хэрэв твиттер хуудаснаас мах, махчин гэх зэргээр хайгаад үзвэл тэндээс ямар ч доромжлол гарч ирэхгүй. Харин цагаан хоолтон, веган хоолтон зэргээр хайлт хийгээд үзвэл есөн бусын доромжлол, басамжлал гарч ирнэ. Өөрөө хэнийг ч үзэн яддаггүй мөртлөө жиргээгээр дүүрэн үзэн ядагчид араасаа дагуулсан нүгэлтэй хүн би :(

Хүмүүсийн хамгийн сонирхолтой логик бол хүн хэрвээ мах идэхгүй бол хэтэрхий их амьтадтай болоод байгалийн тэнцвэр алдагдана гэж ихэнх нь ярьцгаадаг. Гэтэл үнэндээ хүмүүс махыг нь идэх гэж л тэр их амьтдыг зохиомлоор өсгөж үржүүлээд байгаа шүү дээ. Тахиа гэхэд л дэлхийн нийт хүн амын тооноос ч олон байдаг. Бид л зохиомлоор өсгөөд байхгүй бол тэд чинь байгалийнхаа шалгарлаар л амьдарна. Ийм энгийн логикийг яагаад ойлгохгүй байна вэ? Бас нэг инээдтэй зүйл, веганчууд амьтанд хайртай гэх мөртлөө яагаад тэдний иддэг хоолыг нь булааж идээд байна? Энэ юу гэсэн үг вэ, веган хоолтнууд хонь мал шиг 4 хөллөөд өвс зулгаагаад идэж байхыг харсан уу? Эсвэл ногоо цагаагаа өөрсдөө тарьчихаад тэднийгээ өөрсдөө идэхийн оронд мал амьтандаа идүүлэх ёстой байсан уу? Таримал ногоо ургамал идсэнээрээ амьтдын хоолыг булаасан болдог гэсэн энэ логикийг хэзээ ч ойлгодоггүй. Харин төлөөс нь салгаж сүүг нь уугаад амийг нь таслаж махыг нь иддэгээ тэд юман чинээ боддоггүй нь гайхмаар. За бас нэг сонин яриа байна, манай энэ ч хамаатны хүн, тэр ч найз веган болчлоо гэж гайхуулж яваад чадарцы шдээ хөөрхий гэж ярих хүн маш олон. Ясыг нь өндөлзүүлэн байж үнэнээснээ ярьснуу, санаанаасаа зохиож ярьснуу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ үнэн байж болохыг бас үгүйсгэхгүй. Аливаа зүйлд дүгнэлт хийхдээ олон талаас нь бодож үзэх хэрэгтэй.

Дэлхийн хүн амаас өдөрт хэдэн мянгаараа хорт хавдар зэрэг өвчлөлүүдээс болж цэл залуугаараа ч өөд болцгоож байна. Мөн дээр хэлсэнчлэн монголчууд хоолноосоо болж дундаж наслалт нь маш бага байна. Мах иддэг хэдэн мянган хүн нас барж байгаа нь хэвийн үзэгдэл хэрнээ веган хүн нас барахаар бөөн юм болж ёстой нэг мах идээгүйгээс л болдог гэнэ. Гэвч тэр хүн веган хоолтон болохоосоо өмнө тухайн өвчнөө олсон байсан уу гэдгийг огт бодож үздэггүй. Веган болоод харин ч хэдэн өдрөөр илүү амьдарсан юм билүү хэлж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ махнаас гарч байна гээд учраа олохгүй явснаас болоод асуудал үүсэх тохиолдол гардаг нь үнэн. Мах гурилнаас өөр юм мэдэхгүй Монголчуудын хувьд асуудалтай байдаг байх. Энэ бол тухайн хүний хариуцлагын асуудал болохоос цагаан хоолонд учир байгаа хэрэг биш юм. Насаараа мах идээгүй хожим өнөөгийн олон олон алдартан, эрдэмтэн, суутан байдгийг бүгд мэддэг болсон байх. Тиймээс махнаас гарахаар шийдсэн бол махыг орлуулж өөр юу юу идэхээ сайн мэдсэн байх хэрэгтэй. Эсвэл шийдээд л шууд нэг өдөр махнаас гарах биш аажим аажмаар биеэ дасга. Харин бусад хүмүүстээ зөвлөхөд махныхаа хэрэглээг багасга. Эрүүл мэндийнхээ төлөө хэрэгжүүлэх эсэх нь таны сонголт. Хэн ч танд тулгахгүй.

Хүмүүсийн хамгийн их буруугаар боддог нэг зүйлийг бас дурьдахгүй бол болохгүй нь. Газар тариалан шимт хөрсийг уурхайгаас илүү бусниулаад байна гэж бас их ярьцгаадаг шүү. Юуны төлөө шимт хөрс байгаа хэрэг вэ? Жинхэнэ байгалиас заяасан шим гэдэг чинь тэр бус уу? Тийм шимтэй сайхан хөрсөн дээр ногоогоо тариад идвэл шим тэжээлээр баян, эм болох зүйл чинь тэр биш үү? Харин байгалийг сүйтгэж байгаа хамгийн аюултай зүйл бол мал аж ахуй. Бэлчээрийн даац хэтэрсний улмаас цөлжилт үүсэх аюултай. Монголын хувьд энэ хамаагүй гэж ярьцгаадаг байсан ч тэр зүйл нь одоо харин ч бүр ноцтой нүүрлээд байгаа. Бас тариа ногоо тарихаас хэд дахин илүү усны нөөц шавхдаг. Харин тариа ногоо тарихад хөрсний үржил шим буцаад л сэргэдэг. Цаг уурын өөрчлөлтөнд нөлөөлөөд байгаа хамгийн том хүчин зүйл бол мал аж ахуйгаас ялгарч буй хүлэмжийн хий бөгөөд энэ нь машин техникийн хортой утаанаас хэд дахин илүү болохыг дэлхийн эрдэмтэд, НАСА агентлагийн зүгээс батласан.

Эрүүл мэндээ бодож, амьтны амийг хайрлах, байгаль дэлхийгээ хайрлах зэрэг шалтгаанаар ухамсартайгаар сонголтоо хийчихсэн мах идэхгүй ч эрүүл амьдарч чадаад байгаа хүмүүсийг шоолж доромжилж басамжилж хэдэн биенээ хөгжөөж суухынхаа оронд бидний өвөг дээдэс яаж хооллодог байсан билээ, бид хэрхэн уламжлалаа дагах вэ, эрүүл мэндээ бодож махаа учиртай хэрэглэе гэдэгтээ санаа тавьбал илүү дээрсэн. Интернэт хөгжсөн мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэх хэрнээ мэдээллээр маш дутуу байна. Энэ тал дээрээ ч бас анхаарвал илүү хэрэгтэй.

Бичээгүй дутуу орхисон өөр маш олон зүйл байгаа ч энэ удаа ингээд дуусгая даа. Бидэнд бодож үзээгүй маш олон зүйл бий.


Холбоотой нийтлэлүүд:

ТҮРҮҮ ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ШИНЖЛЭХ УХААНЧ МЭДЛЭГ http://lkhagvaa.mn/post/6
МАТЕРИ БА УХАМСРЫН ХӨГЖЛИЙН ТЭНЦВЭР http://gegeenanir.blogspot.com/2015/05/blog-post.html 
МАХ ИДДЭГГҮЙ ЦАГААН ХООЛТОН АЛДАРТНУУД http://news.xopom.com/121913/

Wednesday, December 16, 2015

Цөгөрцөг сам хорхой 3 хэмжээсийг хардаг

Бидний нүд улаан, ногоон, хөх гэсэн гурван өнгийн долгионы ердөө маш нарийн хэсгийг нь л олж харж чаддаг. Учир нь хүний нүдний торлогон бүрхэвч дэх өнгө мэдэрдэг лонхонцор эс нь улаан, ногоон, хөх гэсэн 3 төрөл байдаг ба бид эдгээр 3 өнгөний нэгдлүүдээс үүсэх ямар ч өнгийг ялган хардаг. Мөн бидний нарны шил зүүхэд гялбах төдийд үзэгддэг гэрлийн туйлшралыг зөгий нисэж байхдаа ашигладаг ба мөн хэт ягаан туяаг ч харж чаддаг байна. Гэвч түүнээс ч илүүг харж чаддаг нэгэн амьтан манай гариг дээр бий, тэр бол цөгөрцөг сам хорхой. Цөгөрцөг сам хорхой нь хэт ягаан туяан дахь долгионы гэрэл болон хэт улаан туяаны солонгон өнгө төдийгүй гэрлийн туйлшралын хоёр хэлбэрийг харж чаддаг амьтан юм. Тэгэхээр хүн төрөлхтөн бидний нүдэнд дэлхий ертөнц бараг л бүхэлдээ харагддаггүй мэт.


Байгалийн энэхүү өвөрмөц, үзэсгэлэнтэй бүтээл нь Стоматопод гэгдэх хавчны төрлийн эртний төрөл зүйл амьтан юм. Тэдний нүд өөрөө хөдлөх ба тус бүр нь аливааг 3 хэмжээсээр хардаг. Хүн төрөлхтөн 3 төрлийн өнгө ялгах харааны эстэй бол бол цөгөрцөг сам хорхой 12 төрлийн өнгө ялгах харааны эстэй ба хэт улаан туяанаас хэт ягаан туяа руу чиглэх долгионыг ч харж чаддаг байна. 

Пф.Жастин Маршал хэлэхдээ: "25 жилийн өмнө би энэ амьтны харааны тогтолцоо нь хиймэл дагуултай илүү адилхан болохыг олж мэдсэн юм. Манай гариг дээр тэдэн шиг харах чадвартай амьтан өөр байхгүй" гэв.

Гэрлийн туйлшрал нь бидний хувьд ойлгоход төвөгтэй, учир нь бид түүнийг харж чаддаггүй. Харин цөгөрцөг сам хорхой нь гэрлийн туйлшралын хоёр хэлбэр болох шулуун ба тойрог гэрлийг харж чадна. Тэдний өнгөний ертөнц бяцхан тархинд нь их л гайхшрал төрүүлдэг байх даа.


Нарны гэрэл нь туйлшраагүй ба цацраг нь бүхий л чиглэлд тархдаг, Харин усанд тусвал усны гадаргуу дээр шугаман чиглэлд тархаж хэвтээ гэрлийн туйлшрал бий болно. Туйлшрамтгай нарны шил нь босоо хэлбэрийн туйлшрамтгай шүүлтүүртэй байдаг. Энэ нь шүүлтүүрээрээ хэвтээ гэрлийг тасласнаар гэрлийн хурц гялбаа сарнин арилна. Шугаман гэрлийн туйлшрал усны гадаргуу дээр сарниад буцаад доош туссанаар тойрог гэрлийн туйлшрал бий болдог. Цөгөрцөг сам хорхой бол гэрлийн туйлшралын шугаман ба тойрог хэлбэрийн хоёуланг нь харж чаддаг цорын ганц амьтан юм.

DVD болон хөх туяатай диск нь 1/4 долгионт хавтан (энэ нь түүгээр дамжин өнгөрсөн гэрлийг өөрчилдөг хавтан юм) хэмээх шүүлтүүр ашигладаг. Гэвч энэ нь зөвхөн ганц л долгионы урт дээр нөлөөлнө. Цөгөрцөг сам хорхойн нүдэн дэх 1/4 долгионт хавтан нь бүхий л долгионы урт дээр нөлөөлдөг. Гэрлийн туйлшралын өөр өөр төрлүүдийг ялгаж харж чаддаг цөгөрцөг сам хорхой нь 3 хэмжээсийг харж чаддаг гайхалтай амьтан юм.

Нүдэнд харагдаж гарт баригддаг зүйлдээ л итгэе гэхээр хүн төрөлхтөн бидний харж чаддаг зүйл гэж дэндүү өчүүхэн юм даа. Зэрэгцээ ертөнц хүртэл нүдэнд харагдахгүйгээр бидэнтэй зэрэгцээд л оршиж байдаг. Махан биеийг л харж, нарийн биеүдийг ч харж чадахгүй байхад зөвхөн нүдэнд харагдах зүйлдээ л итгэнэ гэдэг дэндүү муйхарлал юм даа..

Эх сурвалж: http://www.abc.net.au

Friday, October 30, 2015

НҮБ-ын Энх Тайвны элч Леонардо ДиКаприогийн илтгэл

2014 онд Нью Иорк хотод Нэгдсэн Үндэсний Байгууллага Цаг уурын талаарх чуулга уулзалт дээр НҮБ-ын Энх Тайваны элч Леонардо ДиКаприо хүрэлцэн ирсэн төлөөлөгч, тэргүүнүүдэд хандаж нээлтийн үг хэлжээ. Түүнийг байгаль орчин болоод ан амьтдыг хамгаалагч, идэвхтэй тэмцэгч төдийгүй тэднийг хамгаалах үйлсэд их хэмжээний мөнгөн хандивыг байнга зориулдаг ариун үйлстэн гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Нээлтийн энэ үгээрээ ч тэрээр үзэл бодлоо хурцаар илэрхийлсэн юм.



Ноён ерөнхий нарийн бичиг болон энд хуран цугларсан зочид, ноёд хатагтай нарт баярлалаа. Энд байгаа минь миний нэр төрийн хэрэг билээ, би та бүхний өмнө мэргэжилтний хувиар биш сэтгэл зовнидог иргэн хүний хувиар зогсож байна. Ням гаригт Нью Иоркийн гудамжинд жагссан 400.000 хүний нэг, цаг уурын гамшгийг шийдвэрлэхийг хүсдэг дэлхийн хэдэн тэрбум хүмүүсийн нэг билээ. Жүжигчин хүний хувьд би амьдрахыг эрмэлздэг. Би голдуу уран зөгнөлийн асуудлуудын шийдлийг олдог кинон дээр уран зөгнөлт дүрийг бүтээдэг. Хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлтийг "Хэрэв энэ худал зүйл бол, хэрэв цаг уурын өөрчлөлт мэтээр харагдаж байгаа энэ бүхэн үнэн биш бол ямар нэгэн байдлаар байхгүй болчих байх" гэсэн маягаар бодож байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ бид үүнээс илүү зүйл мэдэж байгаа гэж боддог. 7 хоног тутам бид бүхэн гарцаагүй цаг уурын үзэгдэл гэхээр олон янзын зүйлүүдийг харж байгаа нь цаг уурын өөрчлөлт энд яг одоо эрчимтэйгээр явагдаж байгаагийн нотлогоо юм. Хуурайшил нэмэгдэж, далай тэнгис бүлээсч, хүчиллэгжиж, гүнээс нь метаны хий оргилон гарч байна. Агаарын хэм нэмэгдэж, Зүүн Антарктидын болон Гренландын мөсөн давхарга урьд хожид үзэгдээгүй түвшинд хүртлээ хайлж, шинжлэх ухааны төсөөллөөс ч хэдэн арван жилээр түрүүлж явагдаад байгаа цаг уурын үзэгдлүүдийг бид харж байна. Эдгээрийн аль нь ч зүгээр нэг гоёмсог үг бус, мөн нэг нь ч хоосон хэнээрхэл биш ээ. Энэ бол баримт. Шинжлэх ухааны нийгэмлэг ч үүнийг мэднэ, бүр АНУ-н цэргийн хүчнийхэн хүртэл мэдэж байгаа.

Америкийн усан цэргийн Номхон Далайн багийн ахлагч, цэргийн жанжин Самуэл Локлийр (Samuel Locklear) саяхан хэлэхдээ цаг уурын өөрчлөлт бол бидэнд учрах хамгийн том аюул гамшиг юм гэсэн байдаг. Хүн төрөлхтний түүхэнд магадгүй хамгийн олноороо цуглан амьдарч буй нөхөд минь ээ, одоо бидэнд хэцүүхэн боловч биелүүлэх боломжтой үүрэг даалгавар тулгарлаа. Та бүхэн түүхээ үргэлжлүүлж болно, эсвэл золиос болоод хоцорсон ч болно. Тодруулж хэлэхэд энэ нь ердөө гэрлийнхээ шилийг солих юм уу гибрид машин худалдаж авах тухай яриа биш юм шүү. Энэхүү гамшиг нь хувь хүн бүрийн хийсэн сонголтуудаас урган гарч ирсэн. Тэдгээр нь бидний үйлдвэрлэл, дэлхий дахины төр засгийн эрс шийдэмгий байдал, нүсэр хэмжээний үйлдлүүд болно. Харин одоо бол бидний үйлдэл хийх мөч.

Бид засгийн газраас нүүрс, хий, болон тосны компаниудад олгодог тэтгэмжийг болиулах хэрэгтэй. Эдийн засгийн чөлөөт зах зээл нэрээр бохирдуулагч үйлвэрүүдэд олгогдсон үнэгүй эрхийг нь эцэслэх хэрэгтэй. Тэдэнд бидний татварын мөнгийг хүртэх гавьяа байхгүй, харин бидэнд тэднийг нэгжиж судлах эрх бий. Хэрэв экосистем маань доройтчихвол эдийн засаг нь өөрөө сүйрнэ шүү дээ.

Сайн мэдээ гэвэл сэргээгдэх эрчим хүч нь боломжтой төдийгүй сайн эдийн засгийн бодлого юм. Энэ бол намчирхагч нэгний мэтгэлцээн бус, харин хувь хүмүүний хандлага юм шүү. Цэвэр агаар, ус, тааламжтай уур амьсгал зэрэг нь хүний эрхийн салшгүй хэсэг нь билээ. Энэхүү хямралыг шийдвэрлэх нь улс төрийн асуулт биш, энэ бол амьдрахын төлөө хийх бидний асуулт юм.

Энэ бол хамгийн тулгамдсан цаг үе, хамгийн яаралтай мэдээллүүд юм. Хүндэт төлөөлөгчид өө, дэлхийн удирдагч нар аа, би амьдрахыг эрмэлзэж байна. Харин та нар эрмэлзэхгүй байна. Ням гаригт хүмүүс дэлхий даяар дуу хоолойгоо өргөсөн бөгөөд энэ хөдөлгөөн зогсолтгүй үргэлжлэнэ. Одоо харин та бүхний ээлж, хүн төрөлхтний оршин амьдрах хамгийн том сорилтонд нь хариулт өгөх цаг. Та бүхнээс үүнд зоригтойгоор нүүр тулаарай, шударга хандаарай гэж гуйж байна. Баярлалаа.

Friday, February 6, 2015

Тооройн хэлсэн үг




















"Тухайн улс орны сүр жавхлан, ёс суртахууны хөгжил нь амьтдад хэрхэн хандаж байгаагаар шүүгддэг" гэж Энэтхэгийн агуу удирдагч Махатма Гандигийн хэлсэн алдартай үг байдаг. Эд хөрөнгө, техник технологиороо хүчирхэгжлээ гээд амьтдыг энэрч чадахгүй бол тухайн орныг агуу улс орон гэж хэлэхэд хэцүү. Биднийхээр хамгийн хөгжил сайтай гэж үздэг Япон орны хувьд гэхэд далайн амьтдыг үй олноор нь агнаж хоол хүнсэндээ хэрэглэж байна. Юу тарина, түүнийгээ хураана гэх байгалийн хатуу хуулийн дагуу магадгүй Япон орон цунамигийн аюулд үе үе өртөн олон хүмүүс амиа алдацгаадаг юм болов уу. Аливаа бүхнийг учир шалтгаан, үндэс сууриас нь бодож үзээгүй бидний сохор ухаан, сохор үйлдэл хэдий байх ёстой, зөв зүйл мэт санагдаж байгаа ч бусдад хичнээн их зовлон шаналал авчирдаг болохыг харалган бид хэрхэн ухаарах... Уг нь бусдын зовлон шаналалыг мэдэрч чаддаг бол жинхэнэ хүн байдаг гэж нэг үг бий сэн. Мэдэрч чадахгүй байгаа тэр зүйлийг тань үг болгон хөрвүүлээд ухаан болон сэтгэлд тань нэгийг бодуулах "Тооройн хэлсэн үг" шүлгийг хүргэж байна.

    Анх Тантай уулзсан тэр үе
    Миний төрсөн өдөр байсан юм
    Би ягаан, бөөрөнхий, махлаг байлаа
    Ээж бид хоёр баяр хөөртэйгөөр тоглон наадаад л
           Та хайрын харцаар над руу харан
           "Хөөх, ямар бондгор, эгдүүтэй амьтан бэ" гэж өхөөрдөж билээ
            Өдөр болгон та айлчлан ирээд
            Хүйтэн ус, амат зуушнууд авчирдаг байлаа
    Ээж бид хоёрын сэтгэл маш их уярсан
    Таны сайхан сэтгэл алтнаас ч илүү үнэтэй
    Таны хайр халамж, нөмөр нөөлгөн дор
    Би тайван амьдралаар өсөж торнисон
            Өдөр өнгөрөх тусам улам махлаг болж
            Зөвхөн идэж, амарч, тоглоод л...
            Өнөө өглөө их зугаатай байсан
            Үүлс тэнгэрээр хөврөхөд
    Ээж бид хоёр тэврэлдэн хэвтэнэ
    Болох гэж буй эмгэнэлт явдлыг мэдэхгүй
    Барс, заан мэт хүчирхэг
    Хүдэр хоёр залуу

            Жаахан биеийг минь хүчлэн шахаж
            Айдсын торон дотор тэрийлгэн хаяв!
            Зугтаах арга байсангүй
            Ээ бурхан минь, ямар шийтгэл гэж энэ вэ?
  Ээж ээ, ээж минь намайг авраач
  Эзэн минь
  Хурдан ирж намайг авраач
  Насан балчир амийг минь авраач гэж
            Би айдас жихүүдэстэйгээр чарлав
            Ээж минь гаслан зовлондоо цурхиран уйлна
            Гуниг цөхрөлийн нулимс нүдэнд нь хурна
            Энэхүү дотор сэрдхийм сэтгэлийн уй гашууг
  Ивээлт их Диваажин ч багтааж чадахгүй!
  Эзэн минь цааш эргэн
  Сарвайсан мөнгө тоолоод гар нь завгүй
  Машины бүхээгэнд итгэл найдлагагүй болсон би эргэлдэн өнхөрнө
            Шархалсан зүрх бие тарчлаахаас ч илүү зовуурьтай
            Хоёр залуу ёжтой нь аргагүй:
            "Шинэхэн төрсөн хүүхдийн баярыг тэмдэглэхэд
            Энэхүү гахайн тоорой их амттай байх болно!
  Түүнийг бид маргааш нядалнаа" гэж ярилцана
  Ээ халаг, энэ амьдрал яасан ч тоглоомтой юм бэ
  Сүнс минь эцэж туйлдав
  Зүрхэнд минь нулимс хурж
            Цус минь горхи мэт урсана
            Өсч бойжин өдийг хүртэл тэжээсэнд
            Таныг надад хайртай гэж бодсон
            Гэвч энэ бүхэн хуурамж бөгөөд
  Таны хувьд ердөө л олз ашиг төдий зүйл  байжээ!
  Маргааш хүмүүсийг баяр цэнгэл дээрээ
  Хөгжилдөн баясгалантайгаар инээлгэхийн төлөө
  Биеийг минь тамлаж
             Ясыг минь мөчлөн хувааж
             Махыг минь таслан хаяна
             Таны болон бусдын хүүхдүүдэд
             Бүгдэд нь урт наслахыг хүсэн ерөөе!
  Минийх шиг хувь тавиланг туулахгүйгээр
  Гэр бүлээрээ хамтдаа байцгааг
  Энэ гэр бүлийг шударга амьдраасай гэж
  Олон төрөлдөө хүн төрөлтөн болоосой гэж
              Мөнхийн үйлийн үрийн хүрдэнд
              Хэзээ ч битгий гахай болон төрөөсэй хэмээн залбиръя
              Ай хөөрхий, амьдрал минь баяртай....
              Ижийгээ би удаанаар тарчлан зовно гэдэгт шаналж байна
   Би ч яахав уйлаад л давчихна....
   Ээж ээ! Ээж..... Ээж.....

Шүлгийг: Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай

Friday, January 23, 2015

Делфин хүн шиг ухаантай амьтан мөн тэд өөрсдийн гэсэн хэлээр ярьдаг


Дельфин бол манай гаригийн хамгийн ухаалаг мөн хамгийн гайхамшигтай төрөл амьтны нэг. Тэдний баяр баясгалантай байдал, нөхөрсөг зан болон гайхалтай ухаалаг байдал нь дэлхийн бүх хүмүүсийн хайрыг татдаг билээ. Түүгээр ч зогсохгүй дельфин өөрийн мэдлэг ур чадвараа зөвхөн хүмүүст л харуулдаг нь гайхалтай.

ХҮНИЙХ ШИГ ОЮУН УХААН

АНУ-ын Emory Их сургуулийн эрдэмтэд соронзон резонанс дүрслэлийн (MRI) сканнер төхөөрөмжийг ашиглаж дельфиний тархины зургийг буулгаад түүнийг бусад ухаалаг хөхтөн амьтан ялангуяа мичнийхтэй харьцуулж үзжээ. Дельфинтэй адил хэмжээтэй бусад амьтнуудтай харьцуулсан зураг дүрслэлээс харахад дельфиний тархи биеийнх нь хэмжээнээс тав дахин том байв. Ялангуяа тэдний дээд сэтгэлгээ болон сэтгэл хөдлөл боловсруулах үүрэгтэй их тархи нь их том байжээ.

"Хэрэв тархины хэмжээ нь оюун ухааны хэмжээг илтгэдэг бол дельфин нь оюун ухаанаараа орчин үеийн хүн төрөлхтний дараагаар орно гэж дүгнэж болохоор байна" гэж Emory Их Сургуулийн мэдрэл судлаач болон дэлхийн тэргүүлэх дельфин судлаач Лори Марино хэлсэн байна.

Мөн дельфин нь тэмдэгт дээр тулгуурласан харилцааг ойлгодог, толинд өөрийгөө таньдаг мөн хийсвэр ойлголтуудыг ойлгох зэрэг хүнийх шиг хэд хэдэн чадвартай болохыг судлаж мэджээ.

Дельфин бол туршлагатай, ухамсартай, оюуны өндөр чадамжтай, хувийн зан чанартай, биеэ даасан мөн дотоодын амьдралтай. Тэд аймшигтай зовлон шаналал болон сэтгэлзүйн гэмтэлд маш эмзэг амьтад" хэмээн Марино хэлсэн юм.

Энэхүү судлагаа нь тэднийг зугаа цэнгэлд ашиглах, эрх чөлөөнөөс нь хагацуулж усан паркад байлгах мөн амийг нь хөнөөж хоол хүнсэнд хэрэглэж байгаа нь үнэхээр ёс суртахуунгүй хэрэг болохыг сануулсан ба эдгээр харгислал нь Япон, Перу, Соломоны арлууд болон Фароугийн арлууд гэх мэт хэд хэдэн улс орнуудад тохиолддог үзэгдэл бөгөөд жил бүр мянга мянгаараа хөнөөгдөж байна. Loyola Marymount Их Сургуулийн философич Томас Уайт (Thomas White) болон Дельфинийг хамгаалахуй номын зохиолч нар энэ талаар хэлэхдээ "Дельфинүүд хамгаалагдаж, өөрийн эрхээ эдлэхэд нь жинхэнэ хүмүүс туслах хэрэгтэй" гэсэн байна.

ДЕЛЬФИНИЙ ХЭЛИЙГ ТАЙЛЖ УНШИХ

Дельфин орон зайн чиг баримжааны (цуурайны) авиа гаргадаг. Үүгээр зогсохгүй тэд өөрсдийн гэсэн харилцааны аргатай юм байна. Дельфин дуу, чимээ ашиглахаас гадна биеийн хөдөлгөөнөөр сэтгэл санаа болон биеийн байдлаа илэрхийлдэг байна.

Эрдэмтэд дельфиний гаргадаг авиаг тайлж унших төхөөрөмж гаргаж ирэхийг хичээж байна. Судлаач Жэк Кассевиц тэрхүү авиаг харагдахуйц болгох Cymascope төхөөрөмжийг ашиглахаар шийдсэн байв. Делфиний ямар нэгэн биет рүү харах үедээ гаргаж байгаа авиаг нь хураан аваад дараагаар нь тэрхүү биетийг зурган хэлбэртэй болгоод дахин нөгөө дельфинд харуулахад харин ямар ч чимээ гаргахгүй байв.

Үр дүн нь дельфин адил биетүүдийн зургийг 86%-ийн нарийвчлалтайгаар таних чадвартай болохыг харуулсан байна. Мөн яг ижилхэн зургийг өөр нэг дельфинд үзүүлэхэд үр дүн нь адилхан байв. Одоо Кассевиц дельфиний хэлийг тайлан уншиж мөн тэдгээр гайхалтай амьтадтай чухал харилцаа тогтоох "Дельфинтэй ярих" нэртэй төслийг идэвхийлэн гүйцэтгэж эхлээд байгаа юм.


ДОКТОР ДЕНИЗ ХЕРЗИН БОЛ ДЕЛЬФИНИЙ ХЭЛ ОРЧУУЛАГЧ

Дельфиний хэл орчуулагч hydrophone буюу усны микрофоноор дельфиний гаргаж байгаа авиаг чагнаж үздэг. Доктор Херзин тэрхүү авиаг шууд хүний хэл рүү орчуулах гэхээсээ илүү хүн төрөлхтний тодорхойлсон хязгаарлагдмал үгсээс зааж өгдөг байна. Дельфин 200 кГц хүртэл давтамжтай авиа гаргадаг нь хүний сонсож чадах хэмжээнээс 10 дахин их бөгөөд дээрх арга нь энэхүү нүсэр дуу авиаг сонсохоос илүү хялбар болж байгаа юм.

Доктор Херзин дельфинийх шиг авиа ашиглан найман үгийг боловсруулан гаргасан ба далайн ургамал болон давалгаа хөлөглөх гэх мэт тэдний орчин тойронд тохиолддог зүйлийг илэрхийлсэн үгс юм. Түүний дельфинүүдийг судлаж байгаа сүүлийн 25 жилийн нэгэн нээлт бол 'sargassum' хэмээх нэгэн далайн ургамлын нэрийг хэлж байгаа мэт өвөрмөц авиаг дельфин гаргасан байна. Гэвч хэн ч түүнийг үнэхээр тэр ургамлын нэрийг хэлсэн эсэхийг батлаж чадахгүй мөн тэрхүү үг нь ганц л удаа сонсогдсон юм.

Доктор Херзин Атлантын Жиоржиа Технологийн Их Сургуулийн гоц мэргэжилтэн Тад Старнертай хамтран ажиллах болсон ба тэд дельфиний авиаг судлах ба толь бичиг бий болгохоор ажиллаж эхлэцгээх гэнэ.

Доктор Херзиний ажил болон дельфиний гайхалтай авианы талаар илүү ихийг сонирхож байгаа бол доор бичлэгийг үзэж сонирхоорой.


Нийтлэлч миний хувьд дельфин бол миний хамгийн хайртай амьтан. Гэвч хүн төрөлхтний шунал харгислалын балгаар тэд минь зовж тарчилж, амиа хүртэл алдаж байгаад сэтгэл эмзэглэдэг. Хүн төрөлхтөн бид тэднээс хүчтэй учраас л тэднийг хайрлаж хамгаалах ёстой шүү дээ. Хүн төрөлхтөн бидэнд заяагдсан хүч бол хүчирхийлэлд зориулагдаагүй.

Эх сурвалж: http://www.wakingtimes.com