Wednesday, February 11, 2015

Хайр энэрэл амьдралыг өөрчилсөн нь


Зарим хүмүүс жинхэн аз жаргалд хүрэх тал дээр нэлээд андуурч эд материал, тансаг хэрэглээг чухалчилдаг. Гэтэл аз жаргал нь ердөө л эрхэм зорилгод хүрэх зүтгэлийн үр дүнд бий болдог.
~Хелен Келлер~

1983 онд Хью Жонс, Жэксонвилл дэх "Барнетт" банкны захирлаар томилогджээ. Энэ үүрэгт томилогдсоноос 1 жилийн дараа дотны найзынх нь хүү зүрхний мэс засалд орж хагалгаа амжилтгүй болон нас барж гэнэ.

Найзынхаа уй гашууг бага ч атугай нимгэлэх үүднээс нас барсан хүүгийн дурсгалд зориулан зүрхний өвчтэй хүүхдүүдэд туслах зорилгоор нэгэн тусламжийн хөтөлбөр эхлүүлэхийг хүсчээ. Гэвч АНУ-д энэ мэт хөтөлбөр шаардлагагүй гэдгийг мэдээд энэ хөтөлбөрөө Солонгос дахь зүрхний өвчтэй хүүхдүүдэд зориулан хийхээр шийджээ. Хью Солонгос улсад цэргийн алба хаасан бөгөөд тэнд зүрхний мэс засалд орохоос амь нас нь шалтгаалах мянга мянган хүүхэд байгаа гэдгийг мэдэж байв.

Хью энэ талаар ийнхүү дурьдаж байна. " Анхны хүүхдүүд 1985 оны 3 сард Америкт ирлээ. 7 настай нэг хүү, 6 настай Ён Юу Жу нэртэй охин хоёр байсан юм. Тэднийг онгоцноос тосон хоёуланг нь гэртээ авч ирлээ. Эхнэр бид хоёр тэдэнтэй үг хэлээ хэрхэн ололцохоо мэдэхгүй байсан ч зураг, гар хөлийн хөдөлгөөнөөр бага ч болов ойлголцож байлаа. Бямба гаригийн орой охиныг аван мэс засалд орох эмнэлэг рүү явсан юм. Даваа гаригт мэс засалд орох байв. Мэс засалд орохын өмнөх шөнө би огтхон ч унтаж чадсангүй. Өглөөний 4 цагт машинаа асаан эмнэлэг рүү яаран очлоо. Сувилагч нар бяцхан охиныг мэс заслын өрөөнд аваачихаар ирэхэд түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байхыг олж харсан юм. Тэр над руу эргэн хараад гараа өргөв. Би түүнийг тэврэн авлаа. Тэр үед би ч бас нулимсаа барьж чадахгүй байлаа. Түүнийг дугуйтай орон дээр тавихын оронд мэс заслын өрөө хүртэл тэвэрч явсан юм. Бид хоёр нэг нэгнээ чангаар тэврээд тэр мэс заслын өрөө рүү оров.

Тэр гурав дөрөвхөн минут надад маш чухал юм сургасан юм. Бараг л амьдралыг минь өөрчилсөн гэхэд болно. Энэ охин бид хоёр шал өөр хоёр ертөнцийн хүмүүс байв. Ёс заншил, хэл соёл, үндэс угсаа, нас гээд бүх зүйл өөр байлаа. Харин тэр хэдхэн хормын хооронд үнэн хэрэгтээ энэ бүхэн огтхон ч чухал зүйлс биш юм гэдгийг ойлгосон юм. Хайр, энэрэл бидний хоорондох бүх ялгаар арчин одож байв.

Энэ явдлаас хойш 10 жилийн турш Хью болон түүний найзууд 70 хүүхдийг мэс засалд оруулан эдгэхэд нь тусласан байна. Хью дээрх санаачилгаа банкны ажилчдын дунд ч сурталчлан, урьд өмнө энэ газар болж байгаагүй тусламжийн аян эхлүүлсэн юм. Хьюгийн энэ санаачилгын үр дүнд 1000 гаран банкны ажилчид өөрсдийн сонгосон салбар болгонд нийгэмд чиглэсэн буяны үйл ажиллагаанд оролцон нэг жилд 40000 илүү цагийг энэ ажилд зарцуулсан байжээ.

Хью 2 жилийн өмнө банкнаас тэтгэвэрт гарсан бөгөөд сайн дурын тусламжийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа аж. Тэрбээр ахмадуудад зориулсан асрамжийн газар байгуулж, эдгэшгүй өвчтэй хүүхдүүдийг цагаа хөгжилтэй өнгөрүүлэн өвчин зовлонгоо мартахад нь зориулж Диснэйландаар аялуулж, тоглуулах гэх зэрэг ажлуудыг хийж байгаа бөгөөд өнгөрсөн жил Жаксонвилл дэх гэр оронгүй хүмүүст зориулан хоргодох газар байгуулах ажил эхлүүлсэн байна.

Хью "Тэр бяцхан охин надад амьдралын минь хамгийн үнэт сургамжийг өгсөн юм. Энэ сургамжийг өмнө ухаараагүйдээ би харамсаж байлаа. Учир нь би тэр үед 50 настай, ажлаас өөр юм боддоггүй, банкнаас илүү их ашиг олж, үйлчлүүлэгчиддээ илүү сайн үйлчилгээ хүргэн, илүү хангалуун амьдрахын тулд л ажиллаж байсан. Миний хувьд ололт амжилт бол миний хөрөнгө оруулалт, орлогын хэмжээ маань нэмэгдэх явдал байв. Харин одоо хөрөнгө оруулалт бол миний хувьд шал өөр утга агуулгатай үг болсон. Одоо би бусдын амьдралд ямар нэгэн өөрчлөлт оруулж байж аз жаргалтай болдог."

Бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихно гэх мэт шалтгаар өөрийн хүнд туслах хүсэлгүй байгаа сэтгэлээ хаацайлдаг хүмүүс олон. Мөн өөрийн хийх ёстой зүйлээ хийгээд л явж байвал тэр чинь л хүмүүст туслаж байгаа хэрэг гэсэн бодолтой хүмүүс ч бусдад үнэхээр туслая гэсэн сэтгэл дутагдсаны илрэл. Туслая гэсэн сэтгэл байвал тухайн хүн нүдээ олсон олон тусыг хүргэж чадна. Арчаагүй байдлаас үл шалтгаалах олон мянган хүмүүст тус болон хайр дутагдан өдөр хоногийг өнгөрөөж байна. Бидний хэнд нь ч тийм нөхцөл байдал тохиож болно. Тиймээс бусдыг өөр шигээ, үр хүүхдүүд шигээ, эцэг эх шигээ санан асарч энэрэх сэтгэлийг өвөртлөж, тусыг бүтээж амьдрах нь амьдралын утга учир биш бол өөр юу амьдралын утга учир байх билээ...


Эх сурвалж: "Амьдралаас ургасан амжилтууд - Амжилтанд хүрсэн бодит түүх" номоос


No comments :

Post a Comment