Tuesday, April 12, 2016

Хязгааргүй би-гийнхээ төгсгөлгүй аялалд тавтай морил!

Бага байхаасаа л "Би ер нь хэн юм бол? Энд би яах гэж амьдраад байна? Би зүгээр л чулуу, шил, шаазан байж болоогүй юм уу?" гээд л их сонин сонин юм боддог байж. Гэхдээ л 10 жилийн өмнө гэгээрсэн багшид шавь орж бясалгагч болох хүртлээ амьдралын зорилго, өөрийгөө таних гэдэг ойлголтыг огт мэдэхгүй явж байв. Харин бясалгагч болоод амьдралынхаа туйлын зорилгыг ухаарсан, ер нь би хэн болохоо мэдсэн хэдий ч өөрийгөө бүрэн таньсан гэж хэлэхэд арай эрт байна. Зорилгоо тодорхойлсон даруйдаа зорилгодоо тэр даруй хүрчихдэггүй, цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулдгийн адил өөрийгөө бүрэн таних дотоодын аялал минь дуусаагүй байна. Ер нь дуусашгүй мөнхөд ч үргэлжилж магад, учир нь дотоодын жинхэнэ би гэдэг зүйл хязгааргүй юм шиг ээ. Физик биеийнхээ эс, эд эрхтэн, тогтолцоогоо судалчихвал эрүүл байж биеэ анагааж чадна. Гэвч цаг нь болохоор физик биеэ орхиход дотоод бие буюу сүнс минь л надад үлдэнэ. Тиймээс өөрийгөө хайрлана гэдэг нь зөвхөн махан биеэ гоёх, арчлах бус дотоод би-гээ ч мөн өнгөлж, тордож, хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг.


Билгийн нүд гэж ярьдаг. Хоёр махан нүдээ бид хардаг ч билгийн нүдээ харж чаддаггүй, гэвч мэдэрдэг, түүгээрээ тархиар сэтгэшгүй бүхнийг тольддог, бясалгадаг. Үүн шигээ бид дотоод би-гээ мэдрэх ёстой, сонсох ёстой. Бүдүүн бие гэгдэх махан бие тань идэхийг хүснэ, унтахыг хүснэ... түүнийг нь та тэр даруй сонсож биелүүлнэ. Заримдаа бүр хүсээгүй байсан ч хиймээр санагддаг нь таны бодол санаа гэгч дэггүй нэг эрхтэн. Харин таны дотоод би/бие юу хүсэж байгаа бол, юу хэлж байгаа бол? Буруу бодоод байгааг тань, буруу үйлдээд байгааг тань хэлж сонсгох гэж орилж уйлж цөхөрч байдаг болов уу?

Хүн төрөлхтны хамгийн том доройтол бол дотоодын би-гээ сонсохоо больсон явдал гэж боддог. Түүнийг сонсох техник нь бясалгал ба энэ нь бидэнд угаас байж байдаг зүйл. Зүгээр л бид түүнийг хаа нэг газраа хийгээд мартчихсан хэрэг. Тиймээс л гэгээрсэн багш нар хэлэхдээ "Би та нарт ямар нэгэн шинэ юм заагаагүй, юу ч өгөөгүй. Зүгээр л мартсан зүйлээ олоход чинь туслаж байгаа төдий юм. Би өөрөө олчихсон юм чинь бусдадаа хэлж өгөх нь зүй ёсны л хэрэг шүү дээ. Тиймээс та нар намайг шүтэх хэрэггүй, надад байгаа бүхэн та нарт байгаа, өөрсдийнхөө гайхамшгийг л олоод авчих." гэж хэлдэг.

Зүгээр л идэхийн тулд, унтахын тулд, өмсөж зүүхийн тулд, эд баялаг хураахын тулд, алдар нэрд хүрэхийн тулд хүн ажиллаж амьдардаг бол хэтэрхий утга учиргүй, хэтэрхий өчүүхэн юм шиг санагддаггүй гэж үү? Яахав, эд баялгийг хураахдаа зүгээр нэг баяжихын тулд биш, нийгэмдээ үйлчилж, бусдын сайн сайханд зориулахын тулд гэвэл харин хамаагүй утга учиртай.

Дээрх бүгдийг эзэмшлээ гээд жинхэнэ би-гээ умартсан л бол хагас дутуу хэвээр байна. Хэдхэн зүйлийг тойрон эргэлдсэн өчүүхэн сэдэл, зорилгын төлөөх үйлдлүүд мөн л өчүүхэн. Би чадаж байна, би амжилтанд хүрч байна гэж өөрөөрөө бахархах хүмүүсийн хажуугаар тэднийг бахдаж бишрэх, шагшрах хүмүүсийн хувьд амжилт гэдэг зүйл ийм л ахархан ойлголт бололтой. Ийм зүйлийн төлөө хамаг хөлс хүчээ бардаг гэхээр харамсалтай.

Өөрөө өөрийгөө эзэмдэх, таних нь энгийн боловч юу юунаас ч илүү бэрх, бас юу юунаас ч илүү амжилт гэж боддог. Хүн цохьвол эргүүлээд цохих биш хүлцэж сэтгэлээ анзаарах, өөрт нь муу зүйл хийвэл хариугаа авах биш харин ч сайн сайхныг ерөөх, өөрийг чинь үзэн ядаж, заналхийлж, доромжилж байвал хариуд нь хайрлах. Алдаа бүхэндээ харамсан бачуурах биш түүнээсээ суралцаж, өөрийгөө уучлах. Энэ бүхэн хүч хөдөлмөрөөр хийгддэг зүйл биш харин өөрөө өөрийгөө таних ухаанд суралцаж байгаа хүний оюун сэтгэлээс ундарч байдаг зүйл. Тэр хэмжээгээрээ хөгжиж дэвшиж, хязгааргүй би-гийнхээ сан хөмрөгөөс гайхамшгийг хүртэж байдаг. Жинхэнэ эрх чөлөө, аз жаргал энэ л байх. Дуусашгүй арвин гайхамшиг, төгсөшгүй урт аялал байдаг байх.


Дусал ус далайд шингэхэд хязгааргүй уудамтэй нэгддэг шиг өөрийгөө өчүүхэн би-гээс чөлөөлж орчлонгийн хязгааргүйтэй нэгтгэ. Хэн нэгэн шиг байх гэж, болох гэж хичээх биш яг өөрөө өөр шигээ л бай. Тэртээ тэргүй агуу, гайхамшиг бүхэн чиний дотор байгаа. Өөрийнхөөрөө л гэрэлт!

Хязгааргүй би-гийнхээ төгсгөлгүй аялалд тавтай морил!