Tuesday, February 24, 2015

Хүн гэдэг хязгаар үгүй орчлонд хүслээ туурвигч бурхан юм уу?

Амьдралаас хүсэх зүйл олон ч
Хайраас илүү нь үгүй юм
Хорвоод хүмүүс олон ч
Амьдарч байгаа нь цөөхөн юм
        Хорвоо дээр би амьдрахыг хүснэ
        Хүмүүсийг би хайрлахыг хүснэ
Хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй шиг
Хайранд хил хэмжээ бий гэж үү?
Хүн тэгвэл өөрөө цаглашгүй хүч тийм үү?
Хязгаар үгүй орчлонд хүслээ туурвигч бурхан юм уу?
        Хүслээрээ би диваажинг бүтээхийг хүснэ
        Хайраар би хөглөгдөхийг хүснэ
        Хорвоо дээр би цацрахыг хүснэ нар адил
        Хариу нэхдэггүй хайрыг түгээхийг хүснэ
Энэ хүсэл минь амьдрах шалтгаан юм бол
Эгэл энэ ертөнцийг диваажин болтол
Ирэн буцан дахин дахин төрж
Эгнэшгүй хайрыг бусадтай хуваалцахыг хүснэ
2014.11.17

Saturday, February 14, 2015

Үзэгдэл төдийд үл хууртан Үнэнийг эрэлхийлж амьдарцгаая


Амьдралын хатуу үнэн гэж боддог бүхэн, бодитой гэж боддог бүхэн, үнэн бус атлаа амьдрал дээр хэргэжээд байгаа бүхэн жинхэнэ бөгөөд туйлын үнэн байх албагүй. Амьдралд тогтсон эдгээр хэлбэр болоод үзэгдэл болгон, бидний үзэл суртал болгон цор үнэнийг илтгэхгүй. Хязгааргүй орчлон, өргөн уудам хорвоогийн юуг нь ч бид таньж мэдээгүй байна. Тэр өргөн уудам мэдлэг, билиг оюунаас хүртсэн өчүүхээн хэсгийн хүрээнд хөвөрч буй амьдралын хэлбэр, үзэгдлийг үнэн бодитой гэж дүгнэвэл бидний тэмүүлээд хүрэх хязгаар нь тийм өчүүхэн юм гэж үү? Жишээ нь, ямар ч болзол нөхцөлгүй хайр гэж байдаг ч тэр нь амьдрал дээр хэргэждэггүй бол огт байдаггүй гэсэн үг болох уу? Зугаатай санагдах хэдий ч хов ярьж хүн муулах, архидах гэх мэт нь зугаа цэнгэлийн дээд хэлбэр үү? Үг яриа үйл хөдлөлөөр илрэх хүний дотоод сэтгэлийг зөвхөн хэлбэр төдий өнгөц дүгнэж шүүмжлэх нь бодит үнэнийг хэр онох вэ? Тэгэхээр бидний бодит гээд байгаа бүхэн үнэндээ ямар ч бодигүй хуурамч. Зүгээр л бидний оюун санааны хязгаарлагдмал түвшинд төөрөлдсөн үзэгдэл. Энэ өчүүхэн хүрээнд эргэлдэх биш, алс хязгаар нь үл тодрох тэр билгүүн ухаан гэгээрлийн охь шимийг бага багаар ч болов хүртэж хүнийхээ хувьд ч ухамсар төгөлдөр нэгэн бүрэлдэхүүн болвол бидний одоогийн бодитой гэж боддог бүхэн, үйлдэл бүхэн маань ямар өчүүхэн дорой байсныг ойлгоно. Мах идэх болохоороо дээд уураг гэж ярих дуртай хэрнээ, дээд ухамсрын түвшнийг яагаад эрэлхийлэхгүй байна вэ? Хүн гутааж доромжилдог, хов ярьдаг, хөгийн маазрал гэх мэт энэ сэтгэхүйнээсээ гарч ухамсрын илүү дээд түвшнийг эрхэмлэвэл амьдрал илүү сайхан болох юм шиг санагдахгүй байна уу? Аливааг бодитойгоор харах билгийн нүдээ хурцлая! Бидний өмнө ухамсрын илүү өндөр түвшин битгий хэл төгс гэгээрэл ч үүд хаалга нь нээлттэй, цаглашгүй гэрлээр биднийг тосон угтаж байдаг гэдгийг түүнд хүрсэн олон гэгээнтнүүд хэлж сургасаар ирсэн юм шүү дээ.

Дэлхийг сэхээрүүлсэн Чарли Чаплины агуу илтгэл

Та бидний сайн мэдэх алдартай жүжигчин, тэр дундаа алиа хошин инээдмийн жүжигчин ийм чухал царайгаар, хурц дуу хоолойгоор ийм чухал асуудлын тухай илтгэл тавьж байна гэхээр сонин санагдаж байгаа байх. Тийм ээ, тэр бол тухайн цаг үеийнхээ соён гэгээрүүлэгч нь байжээ. Тэр жинхэнэ ардчилагч бас оюунлаг, ухамсарлаг бас гэгээлэг хүн байж.

1940 онд өөрийнх нь зохиож, найруулж бас өөрөө тоглосон "Агуу дарангуйлагч" (The Great Dictator) хэмээх улс төрийн хошигнолт кинон дээр Чарли Чаплин энгийн нэгэн Еврей үсчний дүр болон Гитлерийн дүрийг зэрэг бүтээдэг. Гитлерийн дарангуй, түрэмгий зан авирыг их хошноор элэглэн дуурайх ба киноны төгсгөлд Еврей үсчин Гитлерийн дүрд хувирч цэргүүдэд хандан үг хэлдэг. Киноны хамгийн оргил яг энэ хэсэг дэлхий дахиныг сэхээрүүлнэ. 70 орчим жилийн тэртээ түүний хэлсэн энэхүү үг нь одоо ч бидний ой ухааныг сэхээрүүлэхүйц хүчин төгөлдөр хэвээр байна. Тэгэхээр хөгжил гэдэг зүйлийг бид буруу тодорхойлчихоод бух шиг зүтгээд байгаа юм биш биз?

Намайг уучлаарай, би эзэн хаан байхыг хүсээгүй юм шүү. Тэр бол миний хийх ажил биш. Би хэнийг ч захирч, байлдан дагуулахыг хүсэхгүй байна. Хэрэв боломжтойсон бол би бүгдэд туслахыг хүсэж байна: Еврей ч бай Еврей биш ч бай, хар арьстан, цагаан арьстан бүгдэд нь. Бид бүгд л өөр бусдад туслахыг хүсдэг шүү дээ. Бид бүгд л бие биенийхээ зовлон шаналалаар биш харин аз жаргалаар амьдрахыг хүсдэг. Бид бусад нэгнийгээ үзэн ядаж, гадуурхахыг хүсдэггүй. Энэ дэлхий дээр хүн бүхэнд зориулагдсан орон зай бий. Энэ сайхан дэлхий маань баян бөгөөд хүн бүрийг хангаж тэтгэж чадна. Бидний амьдралын харгуй бол гайхамшигтай бөгөөд эрх чөлөөтэй, даан ч бид энэхүү зам харгуйгаа алджээ.

Шунал хүн төрөлхтний сэтгэлийг хордуулж, үзэн ядалт дэлхий ертөнцөд үймээн дэгдээж, биднийг аймшигт зовлон шаналал, цус урсгалт тийш илгээлээ. Бид хурдацтай хөгжиж буй мөртлөө тэндээ өөрсдийгөө түгжчижээ. Баян тансаг байдлыг авчирсан машин техник бидэнд хүсэл хэрэгцээ гэдэг зүйлд унагасан. Бидний мэдлэг боловсрол өөрсдийг маань ичгүүргүй болгов. Бидний оюун ухаан өөдгүй бас харгис хатуу. Бид маш их бодож, маш бага мэдэрдэг. Машин техникээс илүү бидэнд хүнлэг чанар хэрэгтэй. Оюун ухаанаас илүү бидэнд нинжин сэтгэл, элэгсэг зан хэрэгтэй. Эдгээр чанарууд үгүй бол бид харгис хэрцгий болж улмаар бүх зүйлээ алдах болно.

Нисдэг тэрэг болон радио зэрэг нь биднийг хооронд нь ойртуулж өгсөн. Энэ бүтээлүүдийн жинхэнэ чанар нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө уйлан дуулж байна, дэлхий дахины эв нэгдлийн төлөө, бид бүгдийн нэгдмэл байдлын төлөө цурхиран уйлж байна. Одоо ч гэсэн миний дуу хоолой дэлхий дахин дахь сая сая хүмүүст хүрч байна, цөхөрч буй эрэгтэй эмэгтэй хүмүүс болон хүүхдүүд, харгис тогтолцооны золиос болж тарчлагдсан, шоронд хоригдсон гэм зэмгүй сая сая хүмүүс.

Намайг сонсож байгаа тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд бүү цөхрөөрэй. Зовлон шаналал одоо ард хоцорсон, гэхдээ хүсэл шунал болоод хөгжлийн арга замаас айж буй хүмүүсийн гуниг зовлон үргэлжилсээр байна. Хүн төрөлхтний үзэн ядалт ард үлдэх болно, дарангуйлал мөхөх болно, хүн төрөлхтнөөс булаан авсан хүч чадлыг тэд эргүүлэн өгөх болно. Тэгээд хүн төрөлхтөн бүрмөсөн мөхдөггүй л юм бол эрх чөлөө хэзээ ч үгүй болохгүй.

Цэргүүд ээ! Та бүгдийг доромжилдог, боолчилдог, тушаасан бүхнээ хийлгүүлж бас юу бодож юу мэдрэхийг чинь хүртэл тушаадаг адгууснуудад өөрсдийгөө бүү даатгаач! Та нарыг нухлаж, журамлаж, яг л мал мэтээр харьцаж, зүгээр л нэг бууны нохой болгон ашигладаг адгууснууд. Машинжсан зүрхтэй, машинжсан ухаантай тийм харгис хүмүүст өөрсдийгөө бүү даатгахтун. Та нар бол машин биш! Та нар бол мал биш! Та нар бол хүн! Та нарын зүрх сэтгэлд хүнлэг нинжин хайр бий! Та нар үзэн яддаггүй! Цэргүүд минь! Боолчлолын төлөө бүү тэмцээч! Эрх чөлөөний төлөө тэмцэхтүн!

17-р бүлэгт Гэгээн Люк "Бурханы орон бидний дотор бий" гэж бичсэн байдаг. Нэг хүний дотор биш, хэсэг хүмүүсийн дотор биш, харин хүн бүрийн дотор! Чиний дотор! Машин техник бүтээдэг хүч чадал бүгд чамд бас хүмүүст бий. Амьдралыг эрх чөлөөтэй, амар тайван, сайн сайхан болгох хүч чадал, амьдралыг гайхамшигтай адал явдлаар дүүрэн болгох хүч чадал ч мөн чамд болон бусад хүмүүст бий.

Ардчилал хэмээх нэрийн дор тэрхүү хүчийг ашиглацгаая, бүгд хамтдаа нэгдэцгээе. Шинэ дэлхийг бий болгохын төлөө тэмцэцгээе. Хүн төрөлхтнийг хийж бүтээх бүхий л боломжоор хангасан, залуу үеийнхэнд ирээдүйг бэлэглэсэн, буурайнуудад асран хамгааллыг бүрдүүлсэн тааламжтай дэлхийн төлөө! Адгууснууд энэ амлалтыг өгч дээшээ гарч ирсэн. Гэвч тэд биднийг хуурсан! Тэд амлалтандаа хүрээгүй. Хэзээ ч хүрэхгүй биз!

Дарангуйлагчид тэднийг чөлөөлсөн ч тэд хүмүүсийг боолчилсоор байна. Харин одоо тэр амласан зүйлд нь хүрэхийн төлөө тэмцэцгээе. Эрх чөлөөт дэлхийн төлөө, үндэсний хил хязгаарыг үгүй болгохын төлөө, шунал үзэн ядалт тэвчээргүй байдлыг арчин хаяхын төлөө тэмцэцгээе! Шинжлэх ухаан болоод хөгжил дэвшил нь хүн төрөлхтнийг аз жаргалд хөтлөдөг дэлхийн төлөө тэмцэцгээе. Цэргүүд ээ! Ардчилал гэдэг нэрийн дор бүгд хамтдаа нэгдмэл байцгаая!

Киног бүрэх эрхээр нь үзэх: http://www.youtube.com/watch?v=gz9G2CLCxo8
Чарли Чаплин сайт: http://www.charliechaplin.com

Wednesday, February 11, 2015

Хайр энэрэл амьдралыг өөрчилсөн нь


Зарим хүмүүс жинхэн аз жаргалд хүрэх тал дээр нэлээд андуурч эд материал, тансаг хэрэглээг чухалчилдаг. Гэтэл аз жаргал нь ердөө л эрхэм зорилгод хүрэх зүтгэлийн үр дүнд бий болдог.
~Хелен Келлер~

1983 онд Хью Жонс, Жэксонвилл дэх "Барнетт" банкны захирлаар томилогджээ. Энэ үүрэгт томилогдсоноос 1 жилийн дараа дотны найзынх нь хүү зүрхний мэс засалд орж хагалгаа амжилтгүй болон нас барж гэнэ.

Найзынхаа уй гашууг бага ч атугай нимгэлэх үүднээс нас барсан хүүгийн дурсгалд зориулан зүрхний өвчтэй хүүхдүүдэд туслах зорилгоор нэгэн тусламжийн хөтөлбөр эхлүүлэхийг хүсчээ. Гэвч АНУ-д энэ мэт хөтөлбөр шаардлагагүй гэдгийг мэдээд энэ хөтөлбөрөө Солонгос дахь зүрхний өвчтэй хүүхдүүдэд зориулан хийхээр шийджээ. Хью Солонгос улсад цэргийн алба хаасан бөгөөд тэнд зүрхний мэс засалд орохоос амь нас нь шалтгаалах мянга мянган хүүхэд байгаа гэдгийг мэдэж байв.

Хью энэ талаар ийнхүү дурьдаж байна. " Анхны хүүхдүүд 1985 оны 3 сард Америкт ирлээ. 7 настай нэг хүү, 6 настай Ён Юу Жу нэртэй охин хоёр байсан юм. Тэднийг онгоцноос тосон хоёуланг нь гэртээ авч ирлээ. Эхнэр бид хоёр тэдэнтэй үг хэлээ хэрхэн ололцохоо мэдэхгүй байсан ч зураг, гар хөлийн хөдөлгөөнөөр бага ч болов ойлголцож байлаа. Бямба гаригийн орой охиныг аван мэс засалд орох эмнэлэг рүү явсан юм. Даваа гаригт мэс засалд орох байв. Мэс засалд орохын өмнөх шөнө би огтхон ч унтаж чадсангүй. Өглөөний 4 цагт машинаа асаан эмнэлэг рүү яаран очлоо. Сувилагч нар бяцхан охиныг мэс заслын өрөөнд аваачихаар ирэхэд түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байхыг олж харсан юм. Тэр над руу эргэн хараад гараа өргөв. Би түүнийг тэврэн авлаа. Тэр үед би ч бас нулимсаа барьж чадахгүй байлаа. Түүнийг дугуйтай орон дээр тавихын оронд мэс заслын өрөө хүртэл тэвэрч явсан юм. Бид хоёр нэг нэгнээ чангаар тэврээд тэр мэс заслын өрөө рүү оров.

Тэр гурав дөрөвхөн минут надад маш чухал юм сургасан юм. Бараг л амьдралыг минь өөрчилсөн гэхэд болно. Энэ охин бид хоёр шал өөр хоёр ертөнцийн хүмүүс байв. Ёс заншил, хэл соёл, үндэс угсаа, нас гээд бүх зүйл өөр байлаа. Харин тэр хэдхэн хормын хооронд үнэн хэрэгтээ энэ бүхэн огтхон ч чухал зүйлс биш юм гэдгийг ойлгосон юм. Хайр, энэрэл бидний хоорондох бүх ялгаар арчин одож байв.

Энэ явдлаас хойш 10 жилийн турш Хью болон түүний найзууд 70 хүүхдийг мэс засалд оруулан эдгэхэд нь тусласан байна. Хью дээрх санаачилгаа банкны ажилчдын дунд ч сурталчлан, урьд өмнө энэ газар болж байгаагүй тусламжийн аян эхлүүлсэн юм. Хьюгийн энэ санаачилгын үр дүнд 1000 гаран банкны ажилчид өөрсдийн сонгосон салбар болгонд нийгэмд чиглэсэн буяны үйл ажиллагаанд оролцон нэг жилд 40000 илүү цагийг энэ ажилд зарцуулсан байжээ.

Хью 2 жилийн өмнө банкнаас тэтгэвэрт гарсан бөгөөд сайн дурын тусламжийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа аж. Тэрбээр ахмадуудад зориулсан асрамжийн газар байгуулж, эдгэшгүй өвчтэй хүүхдүүдийг цагаа хөгжилтэй өнгөрүүлэн өвчин зовлонгоо мартахад нь зориулж Диснэйландаар аялуулж, тоглуулах гэх зэрэг ажлуудыг хийж байгаа бөгөөд өнгөрсөн жил Жаксонвилл дэх гэр оронгүй хүмүүст зориулан хоргодох газар байгуулах ажил эхлүүлсэн байна.

Хью "Тэр бяцхан охин надад амьдралын минь хамгийн үнэт сургамжийг өгсөн юм. Энэ сургамжийг өмнө ухаараагүйдээ би харамсаж байлаа. Учир нь би тэр үед 50 настай, ажлаас өөр юм боддоггүй, банкнаас илүү их ашиг олж, үйлчлүүлэгчиддээ илүү сайн үйлчилгээ хүргэн, илүү хангалуун амьдрахын тулд л ажиллаж байсан. Миний хувьд ололт амжилт бол миний хөрөнгө оруулалт, орлогын хэмжээ маань нэмэгдэх явдал байв. Харин одоо хөрөнгө оруулалт бол миний хувьд шал өөр утга агуулгатай үг болсон. Одоо би бусдын амьдралд ямар нэгэн өөрчлөлт оруулж байж аз жаргалтай болдог."

Бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихно гэх мэт шалтгаар өөрийн хүнд туслах хүсэлгүй байгаа сэтгэлээ хаацайлдаг хүмүүс олон. Мөн өөрийн хийх ёстой зүйлээ хийгээд л явж байвал тэр чинь л хүмүүст туслаж байгаа хэрэг гэсэн бодолтой хүмүүс ч бусдад үнэхээр туслая гэсэн сэтгэл дутагдсаны илрэл. Туслая гэсэн сэтгэл байвал тухайн хүн нүдээ олсон олон тусыг хүргэж чадна. Арчаагүй байдлаас үл шалтгаалах олон мянган хүмүүст тус болон хайр дутагдан өдөр хоногийг өнгөрөөж байна. Бидний хэнд нь ч тийм нөхцөл байдал тохиож болно. Тиймээс бусдыг өөр шигээ, үр хүүхдүүд шигээ, эцэг эх шигээ санан асарч энэрэх сэтгэлийг өвөртлөж, тусыг бүтээж амьдрах нь амьдралын утга учир биш бол өөр юу амьдралын утга учир байх билээ...


Эх сурвалж: "Амьдралаас ургасан амжилтууд - Амжилтанд хүрсэн бодит түүх" номоос


Saturday, February 7, 2015

Итгэл үнэмшлийн хүч


Итгэл үнэмшил, шашин шүтлэг нь түүхийн урт удаан хугацааны турш хүмүүсийн хийж чадахгүй хэмээн бодож байсан олон зүйлээ хийхэд нь туслажээ. Итгэл үнэмшил бидний дотоод нөөц бололцоондоо хүрч, түүнийгээ зөв зарцуулахад туслана. Үнэхээр хүний хүчин чадлаас итгэл үнэмшил бол хамгийн хүчтэй нь юм. Хүний түүх гэдэг бол нэг талаас тэдний итгэл үнэмшлийн түүх юм.
~Энтонни Робинс~

Колорадод амьдардаг В.Митчелл хэмээх нэгэн залуу мотоциклын осолд орж шатахууных нь сав дэлбэрснээс түлэгджээ. Тэрээр эмнэлэгт ухаан ороход хамаг бие нь түлэнхийн шархнаас болж аймшигтай ихээр өвдөж, амьсгал авахад ч хэцүү байв. Биеийнх нь дөрөвний гурав нь гуравдугаар зэрэглэлийн түлэгдэлттэй байсан ч тэр шантралгүй өмнөх амьдрал, ажил зэргээ эргүүлж авахын тулд ер бусын тэсвэл тэвчээр гаргажээ.

Митчелийн амьдралд тулгарах даваа үүгээр дууссангүй. Онгоцны осолд орж бүсэлхийнээс доош мэдээгүй болжээ. Тэр тахир дутуу гэдэгтээ гутарч гуньсангүй, америкийн олны танил хүмүүстэй танилцаж, улмаар өөрийн бизнесийг эхлүүлэн баян бизнес эрхэлэгч болсон аж. Түүгээр ч баралгүй тэрээр америкийн конгресст нэрээ дэвшүүлэн, Колорадо мужийн захирагчийн туслахын албан тушаалд өрсөлдөж, өөрт тохиолдсон азгүй тохиолдлуудыг үл тоомсорлон аз жаргал, амжилтаар дүүрэн амьдарч чадсан байна. Үүний учир нь тэр өөрт тохиолдсон бүх зүйлийг утга учиртай гэж үздэг байжээ.

Энэ бодол түүнийг уй гашуу, гутрал гунигаас холдуулдаг холдуулдаг бөгөөд хамгийн гол нь тэр эдгээр үйл явдлуудыг өөрийн итргэл үнэмшлээ дахин дахин эргэцүүлэн дүгнэж сайжруулах боломж хэмээн үздэг гэнэ.

Эх сурвалж: "Амьдралаас ургасан амжилтууд - Амжилтанд хүрсэн бодит түүх" номоос     

Friday, February 6, 2015

Тооройн хэлсэн үг




















"Тухайн улс орны сүр жавхлан, ёс суртахууны хөгжил нь амьтдад хэрхэн хандаж байгаагаар шүүгддэг" гэж Энэтхэгийн агуу удирдагч Махатма Гандигийн хэлсэн алдартай үг байдаг. Эд хөрөнгө, техник технологиороо хүчирхэгжлээ гээд амьтдыг энэрч чадахгүй бол тухайн орныг агуу улс орон гэж хэлэхэд хэцүү. Биднийхээр хамгийн хөгжил сайтай гэж үздэг Япон орны хувьд гэхэд далайн амьтдыг үй олноор нь агнаж хоол хүнсэндээ хэрэглэж байна. Юу тарина, түүнийгээ хураана гэх байгалийн хатуу хуулийн дагуу магадгүй Япон орон цунамигийн аюулд үе үе өртөн олон хүмүүс амиа алдацгаадаг юм болов уу. Аливаа бүхнийг учир шалтгаан, үндэс сууриас нь бодож үзээгүй бидний сохор ухаан, сохор үйлдэл хэдий байх ёстой, зөв зүйл мэт санагдаж байгаа ч бусдад хичнээн их зовлон шаналал авчирдаг болохыг харалган бид хэрхэн ухаарах... Уг нь бусдын зовлон шаналалыг мэдэрч чаддаг бол жинхэнэ хүн байдаг гэж нэг үг бий сэн. Мэдэрч чадахгүй байгаа тэр зүйлийг тань үг болгон хөрвүүлээд ухаан болон сэтгэлд тань нэгийг бодуулах "Тооройн хэлсэн үг" шүлгийг хүргэж байна.

    Анх Тантай уулзсан тэр үе
    Миний төрсөн өдөр байсан юм
    Би ягаан, бөөрөнхий, махлаг байлаа
    Ээж бид хоёр баяр хөөртэйгөөр тоглон наадаад л
           Та хайрын харцаар над руу харан
           "Хөөх, ямар бондгор, эгдүүтэй амьтан бэ" гэж өхөөрдөж билээ
            Өдөр болгон та айлчлан ирээд
            Хүйтэн ус, амат зуушнууд авчирдаг байлаа
    Ээж бид хоёрын сэтгэл маш их уярсан
    Таны сайхан сэтгэл алтнаас ч илүү үнэтэй
    Таны хайр халамж, нөмөр нөөлгөн дор
    Би тайван амьдралаар өсөж торнисон
            Өдөр өнгөрөх тусам улам махлаг болж
            Зөвхөн идэж, амарч, тоглоод л...
            Өнөө өглөө их зугаатай байсан
            Үүлс тэнгэрээр хөврөхөд
    Ээж бид хоёр тэврэлдэн хэвтэнэ
    Болох гэж буй эмгэнэлт явдлыг мэдэхгүй
    Барс, заан мэт хүчирхэг
    Хүдэр хоёр залуу

            Жаахан биеийг минь хүчлэн шахаж
            Айдсын торон дотор тэрийлгэн хаяв!
            Зугтаах арга байсангүй
            Ээ бурхан минь, ямар шийтгэл гэж энэ вэ?
  Ээж ээ, ээж минь намайг авраач
  Эзэн минь
  Хурдан ирж намайг авраач
  Насан балчир амийг минь авраач гэж
            Би айдас жихүүдэстэйгээр чарлав
            Ээж минь гаслан зовлондоо цурхиран уйлна
            Гуниг цөхрөлийн нулимс нүдэнд нь хурна
            Энэхүү дотор сэрдхийм сэтгэлийн уй гашууг
  Ивээлт их Диваажин ч багтааж чадахгүй!
  Эзэн минь цааш эргэн
  Сарвайсан мөнгө тоолоод гар нь завгүй
  Машины бүхээгэнд итгэл найдлагагүй болсон би эргэлдэн өнхөрнө
            Шархалсан зүрх бие тарчлаахаас ч илүү зовуурьтай
            Хоёр залуу ёжтой нь аргагүй:
            "Шинэхэн төрсөн хүүхдийн баярыг тэмдэглэхэд
            Энэхүү гахайн тоорой их амттай байх болно!
  Түүнийг бид маргааш нядалнаа" гэж ярилцана
  Ээ халаг, энэ амьдрал яасан ч тоглоомтой юм бэ
  Сүнс минь эцэж туйлдав
  Зүрхэнд минь нулимс хурж
            Цус минь горхи мэт урсана
            Өсч бойжин өдийг хүртэл тэжээсэнд
            Таныг надад хайртай гэж бодсон
            Гэвч энэ бүхэн хуурамж бөгөөд
  Таны хувьд ердөө л олз ашиг төдий зүйл  байжээ!
  Маргааш хүмүүсийг баяр цэнгэл дээрээ
  Хөгжилдөн баясгалантайгаар инээлгэхийн төлөө
  Биеийг минь тамлаж
             Ясыг минь мөчлөн хувааж
             Махыг минь таслан хаяна
             Таны болон бусдын хүүхдүүдэд
             Бүгдэд нь урт наслахыг хүсэн ерөөе!
  Минийх шиг хувь тавиланг туулахгүйгээр
  Гэр бүлээрээ хамтдаа байцгааг
  Энэ гэр бүлийг шударга амьдраасай гэж
  Олон төрөлдөө хүн төрөлтөн болоосой гэж
              Мөнхийн үйлийн үрийн хүрдэнд
              Хэзээ ч битгий гахай болон төрөөсэй хэмээн залбиръя
              Ай хөөрхий, амьдрал минь баяртай....
              Ижийгээ би удаанаар тарчлан зовно гэдэгт шаналж байна
   Би ч яахав уйлаад л давчихна....
   Ээж ээ! Ээж..... Ээж.....

Шүлгийг: Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай