Saturday, February 14, 2015

Үзэгдэл төдийд үл хууртан Үнэнийг эрэлхийлж амьдарцгаая


Амьдралын хатуу үнэн гэж боддог бүхэн, бодитой гэж боддог бүхэн, үнэн бус атлаа амьдрал дээр хэргэжээд байгаа бүхэн жинхэнэ бөгөөд туйлын үнэн байх албагүй. Амьдралд тогтсон эдгээр хэлбэр болоод үзэгдэл болгон, бидний үзэл суртал болгон цор үнэнийг илтгэхгүй. Хязгааргүй орчлон, өргөн уудам хорвоогийн юуг нь ч бид таньж мэдээгүй байна. Тэр өргөн уудам мэдлэг, билиг оюунаас хүртсэн өчүүхээн хэсгийн хүрээнд хөвөрч буй амьдралын хэлбэр, үзэгдлийг үнэн бодитой гэж дүгнэвэл бидний тэмүүлээд хүрэх хязгаар нь тийм өчүүхэн юм гэж үү? Жишээ нь, ямар ч болзол нөхцөлгүй хайр гэж байдаг ч тэр нь амьдрал дээр хэргэждэггүй бол огт байдаггүй гэсэн үг болох уу? Зугаатай санагдах хэдий ч хов ярьж хүн муулах, архидах гэх мэт нь зугаа цэнгэлийн дээд хэлбэр үү? Үг яриа үйл хөдлөлөөр илрэх хүний дотоод сэтгэлийг зөвхөн хэлбэр төдий өнгөц дүгнэж шүүмжлэх нь бодит үнэнийг хэр онох вэ? Тэгэхээр бидний бодит гээд байгаа бүхэн үнэндээ ямар ч бодигүй хуурамч. Зүгээр л бидний оюун санааны хязгаарлагдмал түвшинд төөрөлдсөн үзэгдэл. Энэ өчүүхэн хүрээнд эргэлдэх биш, алс хязгаар нь үл тодрох тэр билгүүн ухаан гэгээрлийн охь шимийг бага багаар ч болов хүртэж хүнийхээ хувьд ч ухамсар төгөлдөр нэгэн бүрэлдэхүүн болвол бидний одоогийн бодитой гэж боддог бүхэн, үйлдэл бүхэн маань ямар өчүүхэн дорой байсныг ойлгоно. Мах идэх болохоороо дээд уураг гэж ярих дуртай хэрнээ, дээд ухамсрын түвшнийг яагаад эрэлхийлэхгүй байна вэ? Хүн гутааж доромжилдог, хов ярьдаг, хөгийн маазрал гэх мэт энэ сэтгэхүйнээсээ гарч ухамсрын илүү дээд түвшнийг эрхэмлэвэл амьдрал илүү сайхан болох юм шиг санагдахгүй байна уу? Аливааг бодитойгоор харах билгийн нүдээ хурцлая! Бидний өмнө ухамсрын илүү өндөр түвшин битгий хэл төгс гэгээрэл ч үүд хаалга нь нээлттэй, цаглашгүй гэрлээр биднийг тосон угтаж байдаг гэдгийг түүнд хүрсэн олон гэгээнтнүүд хэлж сургасаар ирсэн юм шүү дээ.