Saturday, March 7, 2015

Таны амьдралыг үнэлэх үнэлэмж сохор, дүлий бас хэлгүй хүнийхээс хэр илүү вэ?


Амьдралаас ургасан амжилт ба гайхалтай түүхүүдээс цуврал болгон хүргэж байгаа билээ. Хараатай, сонсголтой ч харалган, дүлий бас дотоод мэдрэмж нь унтаа... энэ бол хүний хэвийн л шинж байдал болчихож. Харин сохор, дүлий бас хэлгүй нэгэн хүний амьдралыг хэрхэн үнэлж хэрхэн мэдэрдэг байсан тухай нэгэн түүхийг сонордуулж байна.

Сохор, дүлий хүмүүсийн боловсоролд маш чухал нэгэн жишээ болсон хүн бол Америкийн зохиолч болон бол овсолын салбарын зүтгэлтэн Хелен Келлер байсан юм. Тэрээр дөнгөж 19 сартай байхдаа сохор бас дүлий болжээ. Дараагаар нь ярих чадвараа ч мөн алдсан байна. Келлер бага наснаасаа эхлэн итгэмээргүй өөрчлөгдөн тэсэхийн аргагүй дүрсгүй охин болон өсч байв. Ойд амьдардаг зэрлэг араатан шиг л авирладаг байлаа. Өөрт таалагдаагүй зүйлийг шууд л шидэлж хагалан, бүх юмыг л эвдэлж хэмхлэн, хоол идэхдээ хүртэл ам руугаа баруун солгойгүй чихэж үнэхээр ой гутмаар авирладаг байв. Энэ байдлыг нь болиулж засах гэж оролдсон тохиолдолд яг л галзуурсан мэт уурлаж хашгичин ойр тойрныхоо хүмүүсийг хараан зүхдэг байсан ажээ.

Сохор охиныг зургаан нас хүрэхэд эцэг эх нь Александр Грахам Белл дээр очин охиныхоо ирээдүйн боловсрол төлөвшлийн талаар зөвлөгөө авчээ. Тэгээд өмнө нь сохор байж байгаад эмчилгээ хийлгэн бага зэрэг сайжирсан Перкинсийн хараагүйчүүдийн сургуулийн төгсөгч Энн Мэнсфилд Салливаныг охиныхоо багшаар авахаар болсон байна.

Энэ бяцхан зэрлэгийг хүн болгох хэцүү даалгаврыг авсан 20-хон настай залуухан бүсгүй охиныг хөлөөс нь толгой хүртэл өөрчилж чаджээ.

Хелен хэсэг хугацааны дараа хурууныхаа өндгөөр тэмтэрч уншихыг суран дараа нь Салливаны хоолойд гараа хүргэн мөгөөрсөн хоолойн хөдөлгөөнийг мэдрэн ярьж сурсан байна. Тодорхой хугацаа өнгөрсний дараа жирийн сургалтын хөтөлбөрөөр боловсрол олж чадах хэмжээнд иржээ.

Үүний дараа Кэмбрижийн Редклиф коллежед элсэн оров. Багшийн зааж байгаа хичээлийг Салливан сонсоод Хелены гар дээр шууд хуруугаараа дүрслэн бичсээр Хелен 1904 онд үнэмлэхгүй амжилттайгаар сургуулиа төгссөн байна.

Тэр сургуулиа төгссөнийхөө дараа бүхий л цаг зав, хүчин чармайлтаа хараагүй болон сонсголгүй хүмүүст зориулан ажилласан байна. Энэ талаар ном бичин хэвлүүлж, семинар зөвлөгөөн зохион байгуулж дэлхийн олон орнуудаар аялан явж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслаж тэднийг сургууль соёлтой болгохын тулд бүхнээ зориулсан байна.

Түүний хүрэлцэх мэдрэхгүй нь үнэхээр хүчтэй байв. Хуруугаараа хэн нэгний уруулд нь хүрээд л түүний юу хэлж байгааг ойлгодог, гараа төгөлдөр хуурын товчлуур, хийлийн утсанд хүргээд тухайн хөгжмийг мэдэрч чаддаг байв. Нэг удаа түүнтэй гар барин мэндэлсэн бол 5 жилийн дараа атгахад хэн болохыг нь таньдаг. Тэр ч бүү хэл уйтгар гунигтай байна уу, аз жаргалтай байна уу гэдгийг шууд хэлж чаддаг байжээ.

Завь сэлүүрдэн, усанд сэлж, ой модонд морь унан зугаалдаг байв. Тэр хараагүй, дүлий байгаадаа хэзээ ч гуньж гутарч байсангүй. Харин хүний дууг л сонсохыг маш их хүсдэг байсан ажээ.

Сохор дүлий хэмээн тэр гуйлга гуйж бусдын гар харж амьдарсангүй, харин маш сайн боловсролын зүтгэлтэн, багш, зохиолч болон түүхийн хуудсанд нэрээ үлдээсэн юм. Зарим хүмүүс түүнийг дэлхийн 8 дахь гайхамшиг хэмээн тодорхойлсон байдаг.

Марк Твений XIX зууны хамгийн сонирхол татам хүн гэж хэлсэн энэ дайчин эмэгтэй "Эрүүл хүмүүс жилд ганц, хоёрхон өдөр хараагүй сонсголгүй болдогсон бол харанхуйд, харахын үнэ цэнийг, анир чимээгүйд сонсохын баяр баясгалан гэж юу болохыг илүү сайн ойлгоно доо гэж би хааяа боддог юм" гэсэн байдаг.

Хэрэв хэдхэн өдөр ч болов харж чадах байсан бол тэр юуг харахыг хүсэх байсан бол гэсэн асуултад тэр ийнхүү хариулж байна "Эхний өдөр нь надад сайн үйл хийж, намайг дэмжиж туслан амьдралыг минь улам утга учиртай болгосон хүмүүсийг харахыг хүсч байна. Хэн нэгнийг харах нь ямар мэдрэмж төрүүлдэг болохыг би мэдэхгүй. Зөвхөн тэдэнд хүрч нүүрний хэлбэр маяг зэргээр нь уйтгартай байна уу, хөгжилтэй байна уу гэдгийг нь хэлж мэднэ. Харж чаддаг хүмүүс үнэхээр "харж" чадаж байна уу, нүдээ үнэхээр ашиглаж чадаж байна уу. Хайртай хүмүүсийнхээ нүүрний хэлбэр, нүдний өнгө зэргийг сайн мэддэг болов уу. Тиймээс би хамгийн хайртай хүмүүсээ бүгдийг нь дуудаад тэдний нүүрийг харах байсан. Дараа нь дөнгөж төрсөн хүүхдийг харахыг хүсэж байна. Түүний тэр цэвэр ариунаас нь бага ч болов өөртөө шингээхийн тулд. Дараа нь номнуудыг харахыг хүсч байна. Тэр орой нар бусад өдрүүдийнхээс илүү гайхамшигтай үзэсгэлэнтэйгээр жаргаасай гэж Бурханд залбирах байсан. Тэгээд нүдээ хэзээ ч цавчилгүйгээр энэ бүхнийг харах байсан. Маргааш өглөө нь нар мандахыг ширтэж, дараа нь хүн төрөлхтний бүтээсэн урлагийн гайхамшигт бүтээлүүдийг харах байсан" гэжээ.


Амь бүхэн үнэ цэнэтэй. Хүн бол хүч. Хүн ямар ч байж болно, харин эцэстээ тэр хэн ч болж болно... гэх мэт олон утга санаануудыг энэхүү түүх агуулж чаджээ. Хүнийг үнэлэх үнэлэмж болон амьдралыг үнэлэх үнэлэмжээ бид дахин нэг тунгаах хэрэгтэй болов уу...

Эх сурвалж: "Амьдралаас ургасан амжилтууд" номоос

No comments :

Post a Comment