Sunday, April 5, 2015

ҮНЭНээс төөрөлдөгчид

Хэлбэрээс хэлбэрт шилжих мөчидхөн тойрогтоо эргэлдэн
Хэтийдсэн ҮНЭНий өмнүүр өөрсдийгөө хана хэрэмээр халхална
Хувьсал нь ердөө нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжих хувирал төдий болж
Харалган сохрын өмнө ҮНЭН гэгч нь хэлбэрийн цаана халхлагдан хоцорно
             ҮНЭНийг таних эхлэл нь өөрийгөө таних
             Үзэмж, гоо сайхан нь ердөө л чиний хувцас
             Үгээгүй гуйлгачин хийгээд үлэмж баяны
             Үндэс язгуур нь угтаа яг ижил
Шороонд хучигдсан алмаз эрдэнийн чулууг танихгүй хаях уу?
Шорооноос цэвэрлэгдсэн гялалзах эрдэний чулууг нь хадгалах уу?
Асуудлын учир нь эрдэнийн чулууг хучсан шороонд байна уу
Аль эвсэл бидний харалган ухаанд байна уу?
























Бодит амьдралын туршлага болоод сошиал ертөнцийн туршлагаас хүмүүсийн олон янзын үзэл суртлыг ажиглаж болно. Тэдгээрийн дотроос хамгийн эмзэглэмээр, харамсмаар зүйл нь бид хэзээ ч Үнэнийг эрэлхийлдэггүй, харин түүнийг хувцасласан хэлбэр загваруудыг л ээлж ээлжээр "брэнд" болгож моодонд оруулдаг үзэгдэл. Гэтэл ҮНЭН нь өөрөө "нүцгэн". Нүцгэн бүхнээс айж эмээж, нүүрээ буруулан жигшдэг нь өнөөгийн бидний нийгмийн гаж араншин. Учир нь бидний сурч мэдсэн бүхэн, үзэл бодол бүхэн, амьдралын хэв маяг бүхэн нь ҮНЭНий өмнө юу ч биш, хув хуурамч болчих учраас бид ҮНЭНээс айдаг, түүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Харин өөрийнхөө үзэл бодлоор ҮНЭНийг хэлбэрчилж загварчлаад түүгээрээ аливаад цензур тавьж, түүгээрээ бусдыг шүүдэг. Хэрэв хэн нэгэн ямар ч хэлбэр загварчлалгүй нүцгэн ҮНЭНий тухай ярьж эхлэвэл түүнийг амьдрал дээр хэрэгждэггүй, ямар ч үндэслэлгүй зүйл ярилаа хэмээн үгүйсгэнэ.

Амьдрал дээр хэрэгждэг бүхэн хэлбэрчилж загварчлагдсан зүйлс, түүнийгээ бид бодит амьдрал гэдэг. Тэр бодит гэх амьдралын тухай голыг нь олсон үг хэлчихвэл тэр нь л чухам үнэн юм байх. Аа бас тэр үгс нь заавал хатуу ширүүн, хурц үгсээр илэрхийлэгдэх ёстой гэнэ. Хэрэв хэн нэгэн үргэлж эерэг зүйлс ярьж, үргэлж эелдэг найрсаг ааль гаргаж байвал тэр хүн хиймэл дүр эсгэгч, худлаа царайлагч байдаг гэнэ.

Хэдэн жилийн өмнөөс хүмүүс эерэг энерги, эерэг хандлагын тухай ярьж сонирхож эхлэцгээсэн. Тэгээд гэв гэнэт гэгээрч эерэг байхыг хичээдэг моод дэлгэрэв ээ... Ингэвэл сайн тэгвэл муу гээд л сайн гэсэн зүйлээ хүчлэн хүчлэн хэрэгжүүлнэ, муу гэсэн зүйлээ жигшин зэвүүцнэ. Гэтэл тэр жигшил зэвүүцэл нь үнэхээр эерэг хандлага мөн үү? Ингээд ариусал, гэгээрэл, эерэг энерги хандлага гэдэг зүйлийг бас л нэг чамин хувцсаар загварчилна. Гэтэл тэр гоё хувцасных нь цаана нөгөө л би үзэл, хар санаа, өөдгүй сэтгэл нь жуумалзаад сууж байдаг. Иймэрхүү байдлыг нь анзаарсан хүмүүс одоо тэр эерэг зүйл ярьсан ариухан гэгээхэн мэт аашилсан хүмүүсээс харшилдаг боллоо. Одоо харин хэн өөрийн хамгийн сөрөг нүүр царайгаа харуулж чадсан нь бусдын итгэлийг илүүхэн олдог болов. Хүний итгэлийг олж, илүү үнэн царайлахын тулд мань нөхөд ч хурц ширүүн бүдүүлэг үгс, суртахуунгүй зан авир, задгай назгай чалчаа үгсээ хамгийн сайнаараа илэрхийлэхийг хичээнэ. Энэ мэтчилэн хэлбэрээс хэлбэрийн хооронд эргэлдэж өнгө бүрийн загвар дизайнаар ҮНЭНийг байцаа болтол нь өлгийднө.

Байцаа шиг олон давхар өлгийг нэг нэгээр нь тайлах тусам нүцгэрч байгаа тэр ҮНЭНийг хамгийн сайн илэрхийлэх зүйл бол ХАЙР юм шиг. Хэнийг ч юуг ч ялгаварлаж алагчлахгүй бас ямар ч болзол нөхцөл тавьж хариуд нь юуг ч хүсэн хүлээхгүй тийм л ХАЙР  энэ хорвоогийн хамгийн ҮНЭН байх. Гэвч тэр ХАЙР нь мөн л амьдрал дээр хэрэгждэггүй. Тиймээс бидний хувьд бас л худал зүйл болж хувирна. Хэрэгжихгүй байгаа тэр хайранд асуудал байна уу аль эсвэл хэрэгжүүлэхгүй байгаа бас итгэхгүй байгаа бидэнд асуудал байна уу?

ХАЙР гэдгийг загварчлахдаа бас дотор нь хэд хэд ангилна. Эхийн хайр, амрагийн хайр, амьтан хайрлах хайр, ах дүүсийн хайр, найз нөхдийн хайр гэх мэт. Амрагийн хайр нь болохоор цаана нь хардалт гэж байдаг, найз нөхдийн хайр гэвэл эргээд хариу бариутай байдаг гээд л бас өөр өөр юм байх. За яахав мэдээж хэн гэдгээс нь шалтгаалж хайрын илэрхийлэл нь өөр байх нь мэдээж лдээ. Харин бүх хайр нь нэг зүйлээрээ яг ижил мөн чанартай гэдгийг бид тэр бүр ойлгодоггүй. ХАЙР гэдэг зүйлийн өөрийнх нь мөн чанар бол дээр хэлсэнчлэн хариу хүсэн хүлээдэггүй, болзол нөхцөлгүй байдал. Дээрх олон төрлийн хайрын хэлбэрүүдээс эхийн хайр л үүнтэй хамгийн ойр байдаг учраас бид эхийн хайрыг хамгийн агуу нь гэдэг. Эх хүн үр хүүхдээ ямар хүн байсан ч хамаагүй хайрлана, хайрлаж халамжилсныхаа хариуд юуг ч шаардаж хүсэхгүй. Тэгвэл бусад хайр ч ялгаагүй яг л ийм байх ёстой. Үгүй бол түүнийг хайр гэж хэлээд яах юм бэ? Хайртай залуу юм уу бүсгүйгээ хариуд нь хайрлахыг шаардаж, үгүй бол өс санаж эцэстээ үзэн ядахад ч хүрдэг тохиолдлууд олон байдаг. Үүнийг ямар хайр гэх вэ дээ.

Алтан нар бидэнд ав адилхан илч гэрлээ хүртээдэг болохоор амьд явахыг бусдадаа хайр түгээхийн нэр гэж бодном гэж агуу найрагчийн алдартай үг бий.

Шашны тухайд мөн л шашин гэдэг хувцас өмсгөл хэлбэрт нь төөрөлдчихөөд цаана нь нуугдах ҮНЭНийг нь олж харж чадахгүй л байна. Нэг шашин гэхэд л дотроо хэд хэдэн урсгал болоод салаалчихсан. Тэгэхээр энэ ердөө л хүн төрөлхтний үзэл бодлын зөрүүнээс бий болсон зүйл гэдэг нь тодорхой байна шүү дээ. Бүх л шашны цаана нь Бурхан гэдэг ойлголт байдаг. Харин тухайн шашны үндэслэгчид буюу гэгээрсэн хүмүүс Бурхантай холбогдсон учраас Бурханы сургааль номлолыг тухайн цаг үе, нөхцөл байдал, хүмүүсийнх ухамсрын түвшинд нь тохируулж өөр өөр хэлбэрээр айлдаж байсан байж таарна. Бурхан гэж нэг л байдаг юм бол, Үнэн гэж нэг л байдаг юм бол бүх л шашны мөн чанар нь нэг л гэсэн үг. Харин түүнийг нь ухаж ойлгож чадахгүй, мөн чанараар нь биш хэлбэрээр нь үнэлж дүгнэдэг нь хүн төрөлхтөн бидний мөхөс ухааных. Иддэг хоолныхоо цаана нуугдаж буй үнэнийг ч мэддэггүй шүү дээ бид. Ядмаг үзэл бодол, дур хүслээ хадгалж үлдэх нь Үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс илүү амархан байдаг биз.

Зэрлэг сарнай цэцэг хамгийн муухай бохир газар ургадаг. Лянхуа цэцэг балчиг намгаас дэлбээлдэг. ҮНЭНийг тэдгээр үзэсгэлэн төгөлдөр цэцэгстэй зүйрлэвэл бидний нүдэнд үзэшгүй муухай харагддаг бүхний цаана ҮНЭН нуугдаж байна. Нүдээ нээхтүн!

Хэнийг ч алагчлалгүй ав адилхан илч гэрлээ хүртээх алтан нар, хамгийн бохир газраас ч дэлбээлдэг үзэсгэлэнт цэцэгс гээд бидний хүрээлэн буй орчин, муу муухайгаас авахуулаад гоё сайхан бүхэн хүн төрөлхтний хамгийн сайн багш юм. Гудамжинд хэвтэж буй ноорхой халтар хувцастай гуйлгачин, архичин ч бидний багш гэсэн үг. Тиймээс бидэнд үнэндээ жигшиж зэвүүцээд байх юу ч байхгүй. Өөрийг чинь үзэн яддаг, чамайг доромжилж бусдад муу хэлж бас хор хүргэдэг хүмүүс ч гэсэн чиний багш. Учир нь тэд чиний хайр энэрлийн сэтгэлийг хурцлаж байгаа юм. Үзэн ядсаных нь хариуд үзэн ядах биш харин хайрлан энэрэх тийм л бодь сэтгэлийг тань хөгжүүлэхэд туслаж байгаа юм. Сайн бодоод үзвэл үүнээс хохирч байгаа хүн нь чи биш тэр хүн шүү дээ. Учир нь бусдыг үзэн ядаж муулж доромжилж байгаа хүн нь өөрөө л сэтгэл санааны сөрөг уур амьсгалыг өөртөө бүрдүүлж, өөрөө өөрийгөө л хорлож байгаа хэрэг. Мөн хийж байгаа үйлдэл, сөрөг бодол санааныхаа хариуг тэр өөрөө хожим нь хүртэх болно. Тиймээс тэр хүнийг өрөвдөж хайрлан энэрэхээс өөр яах билээ дээ.

Хүн бүр өөрчлөгдөхийн хэрээр дэлхий ертөнц ч өөрчлөгдөж байна. Дэлхий ертөнц сайн сайхан болно гэдэгт итгдэг л бол хүн төрөлхтний өөрчлөлтөнд итгэх хэрэгтэй. Хүн өөрчлөгдөх болно, ухаарах болно, гэмших болно. Тиймээс өөрт чинь муу зүйл хийж байгаа хүнийг яг одооноос л уучил.

Хүсэл шунал өдөөж үргэлж хуурч төөрөлдүүлдэг тархиа биш зүрх сэтгэлээ сонс, дага! Худал хуурмагаар дүүрэн энэ хорвоо дээр өөрөө өөрсдөө ҮНЭНий биелэл нь байцгаая!