Tuesday, August 18, 2015
Дурлалын бичээс
Утсанд хэлхсэн хос шүр шиг
Цохилох зүрх минь чинийхтэй хамт
Урсах мөрөн далайд цутгах шиг
Цус минь чинийхтэй хамт
****************
Чам руу хүрч ядсан зүрх
Цогцосоо гээгээд биед чинь шингэмээр
Бие сэтгэлд чинь уусан шингэмээр
Борхон зүрхэнд чинь давхар цохилмоор
****************
Анх хараад мэдсээн би таньсан
Аль нэг төрөлдөө учирч байсныг
Харин чи намайг таних болов уу?
Халуун дулаан, танил дотно санагдах болов уу?
****************
Зүүдэндээ учрах болов уу
Зөрөг зам дээр таарах болов уу
Зүйрлэмгүй тохиол бүрдэх юм болов уу
Зөнгөөрөө биенээ таних юм болов уу...??
****************
Хамаг бүхнээ чамд даатгаад
Хайранд чинь эрхлэн жаргахсан
Алдрай биеэ чамд л даатгаад
Алган дээр чинь бөмбөрөн эрхлэхсэн
****************
Хясаа сувдаа хамгаалдаг шиг
Хайрандаа намайг өлгийдөөч
Ховор эрдэнийн чулуу шиг
Хорвоод би л ганцхан чинийх
****************
Дурсан санах бодолд чинь
Дуугүй өнгөрөх сэтгэлд чинь
Сэмхэн ажиглах харцанд чинь
Сэрүүн унтаа зүүдэнд чинь...
Би байдаг болов уу?
****************
Тасарсан сувдан хэлхээ шиг
Тэнгэрийн оддыг асгартал
Түрлэгэндээ ширүүсэн давалгаалах мэт
Тэнгисийн усыг цалгитал...
Намайг эзэмдээч!
Дулимагхан сараачсан бичээсүүдээ харахаар
Дурлал гээч зүйл тэр чигээрээ л уянгын халил юм даа
Дэрвүүн сэтгэлийг минь хөдөлгөж чадсан хүн амьдралд цөөхөн ч
Дурлал мэдрүүлсэн зүрх бүхэнд баярлалаа :)
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
No comments :
Post a Comment