Friday, October 30, 2015

НҮБ-ын Энх Тайвны элч Леонардо ДиКаприогийн илтгэл

2014 онд Нью Иорк хотод Нэгдсэн Үндэсний Байгууллага Цаг уурын талаарх чуулга уулзалт дээр НҮБ-ын Энх Тайваны элч Леонардо ДиКаприо хүрэлцэн ирсэн төлөөлөгч, тэргүүнүүдэд хандаж нээлтийн үг хэлжээ. Түүнийг байгаль орчин болоод ан амьтдыг хамгаалагч, идэвхтэй тэмцэгч төдийгүй тэднийг хамгаалах үйлсэд их хэмжээний мөнгөн хандивыг байнга зориулдаг ариун үйлстэн гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Нээлтийн энэ үгээрээ ч тэрээр үзэл бодлоо хурцаар илэрхийлсэн юм.



Ноён ерөнхий нарийн бичиг болон энд хуран цугларсан зочид, ноёд хатагтай нарт баярлалаа. Энд байгаа минь миний нэр төрийн хэрэг билээ, би та бүхний өмнө мэргэжилтний хувиар биш сэтгэл зовнидог иргэн хүний хувиар зогсож байна. Ням гаригт Нью Иоркийн гудамжинд жагссан 400.000 хүний нэг, цаг уурын гамшгийг шийдвэрлэхийг хүсдэг дэлхийн хэдэн тэрбум хүмүүсийн нэг билээ. Жүжигчин хүний хувьд би амьдрахыг эрмэлздэг. Би голдуу уран зөгнөлийн асуудлуудын шийдлийг олдог кинон дээр уран зөгнөлт дүрийг бүтээдэг. Хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлтийг "Хэрэв энэ худал зүйл бол, хэрэв цаг уурын өөрчлөлт мэтээр харагдаж байгаа энэ бүхэн үнэн биш бол ямар нэгэн байдлаар байхгүй болчих байх" гэсэн маягаар бодож байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ бид үүнээс илүү зүйл мэдэж байгаа гэж боддог. 7 хоног тутам бид бүхэн гарцаагүй цаг уурын үзэгдэл гэхээр олон янзын зүйлүүдийг харж байгаа нь цаг уурын өөрчлөлт энд яг одоо эрчимтэйгээр явагдаж байгаагийн нотлогоо юм. Хуурайшил нэмэгдэж, далай тэнгис бүлээсч, хүчиллэгжиж, гүнээс нь метаны хий оргилон гарч байна. Агаарын хэм нэмэгдэж, Зүүн Антарктидын болон Гренландын мөсөн давхарга урьд хожид үзэгдээгүй түвшинд хүртлээ хайлж, шинжлэх ухааны төсөөллөөс ч хэдэн арван жилээр түрүүлж явагдаад байгаа цаг уурын үзэгдлүүдийг бид харж байна. Эдгээрийн аль нь ч зүгээр нэг гоёмсог үг бус, мөн нэг нь ч хоосон хэнээрхэл биш ээ. Энэ бол баримт. Шинжлэх ухааны нийгэмлэг ч үүнийг мэднэ, бүр АНУ-н цэргийн хүчнийхэн хүртэл мэдэж байгаа.

Америкийн усан цэргийн Номхон Далайн багийн ахлагч, цэргийн жанжин Самуэл Локлийр (Samuel Locklear) саяхан хэлэхдээ цаг уурын өөрчлөлт бол бидэнд учрах хамгийн том аюул гамшиг юм гэсэн байдаг. Хүн төрөлхтний түүхэнд магадгүй хамгийн олноороо цуглан амьдарч буй нөхөд минь ээ, одоо бидэнд хэцүүхэн боловч биелүүлэх боломжтой үүрэг даалгавар тулгарлаа. Та бүхэн түүхээ үргэлжлүүлж болно, эсвэл золиос болоод хоцорсон ч болно. Тодруулж хэлэхэд энэ нь ердөө гэрлийнхээ шилийг солих юм уу гибрид машин худалдаж авах тухай яриа биш юм шүү. Энэхүү гамшиг нь хувь хүн бүрийн хийсэн сонголтуудаас урган гарч ирсэн. Тэдгээр нь бидний үйлдвэрлэл, дэлхий дахины төр засгийн эрс шийдэмгий байдал, нүсэр хэмжээний үйлдлүүд болно. Харин одоо бол бидний үйлдэл хийх мөч.

Бид засгийн газраас нүүрс, хий, болон тосны компаниудад олгодог тэтгэмжийг болиулах хэрэгтэй. Эдийн засгийн чөлөөт зах зээл нэрээр бохирдуулагч үйлвэрүүдэд олгогдсон үнэгүй эрхийг нь эцэслэх хэрэгтэй. Тэдэнд бидний татварын мөнгийг хүртэх гавьяа байхгүй, харин бидэнд тэднийг нэгжиж судлах эрх бий. Хэрэв экосистем маань доройтчихвол эдийн засаг нь өөрөө сүйрнэ шүү дээ.

Сайн мэдээ гэвэл сэргээгдэх эрчим хүч нь боломжтой төдийгүй сайн эдийн засгийн бодлого юм. Энэ бол намчирхагч нэгний мэтгэлцээн бус, харин хувь хүмүүний хандлага юм шүү. Цэвэр агаар, ус, тааламжтай уур амьсгал зэрэг нь хүний эрхийн салшгүй хэсэг нь билээ. Энэхүү хямралыг шийдвэрлэх нь улс төрийн асуулт биш, энэ бол амьдрахын төлөө хийх бидний асуулт юм.

Энэ бол хамгийн тулгамдсан цаг үе, хамгийн яаралтай мэдээллүүд юм. Хүндэт төлөөлөгчид өө, дэлхийн удирдагч нар аа, би амьдрахыг эрмэлзэж байна. Харин та нар эрмэлзэхгүй байна. Ням гаригт хүмүүс дэлхий даяар дуу хоолойгоо өргөсөн бөгөөд энэ хөдөлгөөн зогсолтгүй үргэлжлэнэ. Одоо харин та бүхний ээлж, хүн төрөлхтний оршин амьдрах хамгийн том сорилтонд нь хариулт өгөх цаг. Та бүхнээс үүнд зоригтойгоор нүүр тулаарай, шударга хандаарай гэж гуйж байна. Баярлалаа.

Monday, October 12, 2015

Хөгжин цэцэглэлт - Матрицаас ангижрахуй

Хүмүүс заримдаа үнэнийг сонсох дургүй байдаг. Учир нь тэд өөрсдийн хуурмаг үзлээ сүйрүүлэхийг хүсдэггүй.
~Фриедерик Ниецще



Өөрийнхөөрөө сэтгэж, өөрийнхөөрөө байж эрх чөлөөгөө эдэльюү гэтэл бусад хүмүүс юу гээд бодчих бол гэсэн айдсыг тээсээр нийгэмд хэвшсэн нэг хэв загвар, ягшмал үзэл баримтлалыг хүн төрөлхтөн бид дагасаар иржээ. Хэрэв тэрхүү хэв загвар, үзэл баримтлал улам бүр уйтан, гүехэн болсоор байвал бид ердөө цөөхөн үйлдлийн тохиргоотой робот л болно гэсэн үг. Гэсэн ч амьтай голтой л юм хойно эрх чөлөөгөө эдлэхийн хүсэл зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө зүтгэсээр л явах нь дамжиггүй. Харин хэвшмэл хэв загвар, ягшмал үзэл маримтлал нь өөрөө улам бүр жижгэрч тархийг маань улам бүр агшаах тусам бидний хүсэл тэмүүлэл, эрх чөлөөний эрэлхийлэл юун дээр очиж тогтох бол гэдгийг та нэг төсөөлөөд үз дээ! Адгуус амьтдаас ч ялгагдахгүй, магадгүй тэднээс ч дор хүн сүрэг болчихвол... харамсаж гэмшье гээд ч сэтгэл үгүй, аврал эрэн залбиръя гээд ч итгэл үгүй болчихсон байх вий...

Маш их мөнгөтэй, маш хүчтэй, нөлөө бүхий маш цөөхөн хүмүүс биднийг зориудаар хясан боомилж, байж болох бүх сувгуудыг ашиглан дарамтлаж, үнэмшилтэй, итгэлтэй санагдахуйц тогтолцооны гажуудлыг бий болгоод түүнийгээ чангалдаг бүс шиг улам бүр чангалж хавчиг формд оруулаад байхаар бид ийм өрөвдөлтэй байдалд оролгүй л яах вэ дээ. Хяналттай мэдээлэл, маркетинг зар сурталчилгаагаар бидний тархийг шувтан угаачихаар бид үнэнээс хоцрогдож, хуурмагт итгэж, үнэн худлыг шүүх чадвараа алдаж мөн биднийг шунал нь үл барагдах хязгааргүй хэрэглэгч болгон хувиргаж байна.

Үнэн гэж итгэж байсан бүхэн худал болж, итгэхгүй эсэргүүцэж байсан бүхэн үнэн бөгөөд шийдэл нь болж хувирдаг эрт урьдын жишээнүүд энэ удаад ч үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт давтагдах нь яриангүй. Үнэнийг хүлээн зөвшөөрөхөөсөө ч айж, матрицын тоглоомд хууртагдаж байх хооронд маш ноцтой баримтуудыг зоригтойгоор дэлгэж олон нийтийн хүртээл болгож байгаа "Хөгжин Цэцэглэлт" хэмээх баримтат киног үзэхийг та бүхнээс хүсэж байна. Бид юунд хууртагдаад явна вэ, бид юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэх мэтчилэн магадгүй бидний бодож байгаагүй олон асуултуудын хариултуудыг өгөхөөс гадна энэ утсан хүүхэлдэйний амьдралаас гарах арга зам, шийдэл нь юу вэ гэдгийг ч мэдэж авах юм. Энэ баримтат киног бүтээсэн хүн эрдэмтэн судлаач хүний хувьд өөрийн олж илрүүлсэн бүхий л үнэнийг дэлгэх учир таны хувьд анхан шатны сэхээрлийг олгох байх. Магадгүй та амьдралын утга учрын талаар илүү гүнзгийрүүлэн бодоход хүрвэл дотоодоос тань гэгээрүүлэх арга зам ч мөн таны өмнө нээлттэй бий шүү гэдгийг дашрамд хэлмээр байна.

Амьтай, сэтгэлтэй бүхэн эрх чөлөө, амар амгалангаа олох болтугай!
Алтан дэлхий минь дайнгүй, зөрчилгүй, энх тайван оршин тогтнох болтугай!


Жич: Баримтат киног монгол дээр дуу оруулж 10 хэсэгчилж тавьсан байгаа. Танд таалагдвал илүү олон хүнд дамжуулж хүртээл болгоорой гэж хүсье!
Энэ киног бүтээсэн хүмүүс болон монгол хэл дээр дуу оруулсан Соён Гэгээрүүлэгч сувагт гүн талархаж байна.

Дэлгэрэнгүйг: http://www.youtube.com/watch?v
http://www.thrivemovement.com/