Friday, October 30, 2015

НҮБ-ын Энх Тайвны элч Леонардо ДиКаприогийн илтгэл

2014 онд Нью Иорк хотод Нэгдсэн Үндэсний Байгууллага Цаг уурын талаарх чуулга уулзалт дээр НҮБ-ын Энх Тайваны элч Леонардо ДиКаприо хүрэлцэн ирсэн төлөөлөгч, тэргүүнүүдэд хандаж нээлтийн үг хэлжээ. Түүнийг байгаль орчин болоод ан амьтдыг хамгаалагч, идэвхтэй тэмцэгч төдийгүй тэднийг хамгаалах үйлсэд их хэмжээний мөнгөн хандивыг байнга зориулдаг ариун үйлстэн гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Нээлтийн энэ үгээрээ ч тэрээр үзэл бодлоо хурцаар илэрхийлсэн юм.



Ноён ерөнхий нарийн бичиг болон энд хуран цугларсан зочид, ноёд хатагтай нарт баярлалаа. Энд байгаа минь миний нэр төрийн хэрэг билээ, би та бүхний өмнө мэргэжилтний хувиар биш сэтгэл зовнидог иргэн хүний хувиар зогсож байна. Ням гаригт Нью Иоркийн гудамжинд жагссан 400.000 хүний нэг, цаг уурын гамшгийг шийдвэрлэхийг хүсдэг дэлхийн хэдэн тэрбум хүмүүсийн нэг билээ. Жүжигчин хүний хувьд би амьдрахыг эрмэлздэг. Би голдуу уран зөгнөлийн асуудлуудын шийдлийг олдог кинон дээр уран зөгнөлт дүрийг бүтээдэг. Хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлтийг "Хэрэв энэ худал зүйл бол, хэрэв цаг уурын өөрчлөлт мэтээр харагдаж байгаа энэ бүхэн үнэн биш бол ямар нэгэн байдлаар байхгүй болчих байх" гэсэн маягаар бодож байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ бид үүнээс илүү зүйл мэдэж байгаа гэж боддог. 7 хоног тутам бид бүхэн гарцаагүй цаг уурын үзэгдэл гэхээр олон янзын зүйлүүдийг харж байгаа нь цаг уурын өөрчлөлт энд яг одоо эрчимтэйгээр явагдаж байгаагийн нотлогоо юм. Хуурайшил нэмэгдэж, далай тэнгис бүлээсч, хүчиллэгжиж, гүнээс нь метаны хий оргилон гарч байна. Агаарын хэм нэмэгдэж, Зүүн Антарктидын болон Гренландын мөсөн давхарга урьд хожид үзэгдээгүй түвшинд хүртлээ хайлж, шинжлэх ухааны төсөөллөөс ч хэдэн арван жилээр түрүүлж явагдаад байгаа цаг уурын үзэгдлүүдийг бид харж байна. Эдгээрийн аль нь ч зүгээр нэг гоёмсог үг бус, мөн нэг нь ч хоосон хэнээрхэл биш ээ. Энэ бол баримт. Шинжлэх ухааны нийгэмлэг ч үүнийг мэднэ, бүр АНУ-н цэргийн хүчнийхэн хүртэл мэдэж байгаа.

Америкийн усан цэргийн Номхон Далайн багийн ахлагч, цэргийн жанжин Самуэл Локлийр (Samuel Locklear) саяхан хэлэхдээ цаг уурын өөрчлөлт бол бидэнд учрах хамгийн том аюул гамшиг юм гэсэн байдаг. Хүн төрөлхтний түүхэнд магадгүй хамгийн олноороо цуглан амьдарч буй нөхөд минь ээ, одоо бидэнд хэцүүхэн боловч биелүүлэх боломжтой үүрэг даалгавар тулгарлаа. Та бүхэн түүхээ үргэлжлүүлж болно, эсвэл золиос болоод хоцорсон ч болно. Тодруулж хэлэхэд энэ нь ердөө гэрлийнхээ шилийг солих юм уу гибрид машин худалдаж авах тухай яриа биш юм шүү. Энэхүү гамшиг нь хувь хүн бүрийн хийсэн сонголтуудаас урган гарч ирсэн. Тэдгээр нь бидний үйлдвэрлэл, дэлхий дахины төр засгийн эрс шийдэмгий байдал, нүсэр хэмжээний үйлдлүүд болно. Харин одоо бол бидний үйлдэл хийх мөч.

Бид засгийн газраас нүүрс, хий, болон тосны компаниудад олгодог тэтгэмжийг болиулах хэрэгтэй. Эдийн засгийн чөлөөт зах зээл нэрээр бохирдуулагч үйлвэрүүдэд олгогдсон үнэгүй эрхийг нь эцэслэх хэрэгтэй. Тэдэнд бидний татварын мөнгийг хүртэх гавьяа байхгүй, харин бидэнд тэднийг нэгжиж судлах эрх бий. Хэрэв экосистем маань доройтчихвол эдийн засаг нь өөрөө сүйрнэ шүү дээ.

Сайн мэдээ гэвэл сэргээгдэх эрчим хүч нь боломжтой төдийгүй сайн эдийн засгийн бодлого юм. Энэ бол намчирхагч нэгний мэтгэлцээн бус, харин хувь хүмүүний хандлага юм шүү. Цэвэр агаар, ус, тааламжтай уур амьсгал зэрэг нь хүний эрхийн салшгүй хэсэг нь билээ. Энэхүү хямралыг шийдвэрлэх нь улс төрийн асуулт биш, энэ бол амьдрахын төлөө хийх бидний асуулт юм.

Энэ бол хамгийн тулгамдсан цаг үе, хамгийн яаралтай мэдээллүүд юм. Хүндэт төлөөлөгчид өө, дэлхийн удирдагч нар аа, би амьдрахыг эрмэлзэж байна. Харин та нар эрмэлзэхгүй байна. Ням гаригт хүмүүс дэлхий даяар дуу хоолойгоо өргөсөн бөгөөд энэ хөдөлгөөн зогсолтгүй үргэлжлэнэ. Одоо харин та бүхний ээлж, хүн төрөлхтний оршин амьдрах хамгийн том сорилтонд нь хариулт өгөх цаг. Та бүхнээс үүнд зоригтойгоор нүүр тулаарай, шударга хандаарай гэж гуйж байна. Баярлалаа.

No comments :

Post a Comment