Monday, October 12, 2015

Хөгжин цэцэглэлт - Матрицаас ангижрахуй

Хүмүүс заримдаа үнэнийг сонсох дургүй байдаг. Учир нь тэд өөрсдийн хуурмаг үзлээ сүйрүүлэхийг хүсдэггүй.
~Фриедерик Ниецще



Өөрийнхөөрөө сэтгэж, өөрийнхөөрөө байж эрх чөлөөгөө эдэльюү гэтэл бусад хүмүүс юу гээд бодчих бол гэсэн айдсыг тээсээр нийгэмд хэвшсэн нэг хэв загвар, ягшмал үзэл баримтлалыг хүн төрөлхтөн бид дагасаар иржээ. Хэрэв тэрхүү хэв загвар, үзэл баримтлал улам бүр уйтан, гүехэн болсоор байвал бид ердөө цөөхөн үйлдлийн тохиргоотой робот л болно гэсэн үг. Гэсэн ч амьтай голтой л юм хойно эрх чөлөөгөө эдлэхийн хүсэл зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө зүтгэсээр л явах нь дамжиггүй. Харин хэвшмэл хэв загвар, ягшмал үзэл маримтлал нь өөрөө улам бүр жижгэрч тархийг маань улам бүр агшаах тусам бидний хүсэл тэмүүлэл, эрх чөлөөний эрэлхийлэл юун дээр очиж тогтох бол гэдгийг та нэг төсөөлөөд үз дээ! Адгуус амьтдаас ч ялгагдахгүй, магадгүй тэднээс ч дор хүн сүрэг болчихвол... харамсаж гэмшье гээд ч сэтгэл үгүй, аврал эрэн залбиръя гээд ч итгэл үгүй болчихсон байх вий...

Маш их мөнгөтэй, маш хүчтэй, нөлөө бүхий маш цөөхөн хүмүүс биднийг зориудаар хясан боомилж, байж болох бүх сувгуудыг ашиглан дарамтлаж, үнэмшилтэй, итгэлтэй санагдахуйц тогтолцооны гажуудлыг бий болгоод түүнийгээ чангалдаг бүс шиг улам бүр чангалж хавчиг формд оруулаад байхаар бид ийм өрөвдөлтэй байдалд оролгүй л яах вэ дээ. Хяналттай мэдээлэл, маркетинг зар сурталчилгаагаар бидний тархийг шувтан угаачихаар бид үнэнээс хоцрогдож, хуурмагт итгэж, үнэн худлыг шүүх чадвараа алдаж мөн биднийг шунал нь үл барагдах хязгааргүй хэрэглэгч болгон хувиргаж байна.

Үнэн гэж итгэж байсан бүхэн худал болж, итгэхгүй эсэргүүцэж байсан бүхэн үнэн бөгөөд шийдэл нь болж хувирдаг эрт урьдын жишээнүүд энэ удаад ч үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт давтагдах нь яриангүй. Үнэнийг хүлээн зөвшөөрөхөөсөө ч айж, матрицын тоглоомд хууртагдаж байх хооронд маш ноцтой баримтуудыг зоригтойгоор дэлгэж олон нийтийн хүртээл болгож байгаа "Хөгжин Цэцэглэлт" хэмээх баримтат киног үзэхийг та бүхнээс хүсэж байна. Бид юунд хууртагдаад явна вэ, бид юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэх мэтчилэн магадгүй бидний бодож байгаагүй олон асуултуудын хариултуудыг өгөхөөс гадна энэ утсан хүүхэлдэйний амьдралаас гарах арга зам, шийдэл нь юу вэ гэдгийг ч мэдэж авах юм. Энэ баримтат киног бүтээсэн хүн эрдэмтэн судлаач хүний хувьд өөрийн олж илрүүлсэн бүхий л үнэнийг дэлгэх учир таны хувьд анхан шатны сэхээрлийг олгох байх. Магадгүй та амьдралын утга учрын талаар илүү гүнзгийрүүлэн бодоход хүрвэл дотоодоос тань гэгээрүүлэх арга зам ч мөн таны өмнө нээлттэй бий шүү гэдгийг дашрамд хэлмээр байна.

Амьтай, сэтгэлтэй бүхэн эрх чөлөө, амар амгалангаа олох болтугай!
Алтан дэлхий минь дайнгүй, зөрчилгүй, энх тайван оршин тогтнох болтугай!


Жич: Баримтат киног монгол дээр дуу оруулж 10 хэсэгчилж тавьсан байгаа. Танд таалагдвал илүү олон хүнд дамжуулж хүртээл болгоорой гэж хүсье!
Энэ киног бүтээсэн хүмүүс болон монгол хэл дээр дуу оруулсан Соён Гэгээрүүлэгч сувагт гүн талархаж байна.

Дэлгэрэнгүйг: http://www.youtube.com/watch?v
http://www.thrivemovement.com/

Saturday, September 5, 2015

Нарны нууц

Өндөр боловсрол эзэмшиж, дээгүүр албан тушаал ажил эрхлэж, амжилт олж зорилгодоо хүрнэ гэсэн хүсэл мөрөөдөл өнөө үеийн хамгийн түгээмэл хүсэл мөрөөдөл болжээ. Алдар нэр, эд хөрөнгийг эзэмшсэн хүн дэлхий дээр чамгүй олон, тэдэн шиг болохыг хүссэн хүмүүс ч төдий олон. Хүсэл мөрөөдөл гэхээс илүүтэй нийгмийн өгөгдөл гэлтэй. Харин өөрөө өөрийгөө танихаас эхлээд орчлонгийн түмэн нууцуудаас тайлж, дэлхий дээр ховорхон учрах гэгээн багш нарын цаглашгүй хайр энэрэл, билиг оюуны ундаргаас хүртэхийг хүсэгчид харин хичнээн олон бол? Эхний мөрөөдөгчидтэй харьцууламгүй цөөхөн гэдгийг статистик судлагаа гаргах шаардлагүйгээр хүн бүр хүлээн зөвшөөрнө. Цөөхөн байдгийн нэгэн шалтгаан нь магадгүй нийгмийн тогтсон үзэл санаанаас гажиж галзуу мэт харагдахыг хэн хүн хүсдэггүйтэй холбоотой болов уу. Өөрийн дотоод мөн чанараа таньж, дэлхий сансар огторгуйтай шүтэлцэн барилдаж, оршнон амьдрах төгс шийдлээр замнах нь харин сүнсний өгөгдөл гэлтэй...

Дотоодын мөн чанараараа бүхий л ертөнцтэй холбогдож шинжлэх ухаанаар батлаж чадаагүй зүйлийг ч дотоод туршлагаараа батлан оноож чаддаг тэдгээр гэгээн багш нарын нэг болох нарны их бясалгагч Ума Шанкарын ертөнцийн нууцаас тайлсан ярилцлагыг та бүхэндээ хүргэе.
Бид яагаад тархиныхаа ердөө 2-хон хувийг ашигладаг, үлдсэн 98 хувийг нь ашиглах боломжоо хэрхэн олж авах, физик хоол ундгүйгээр хүн үнэхээр амьд явах боломжтой юу, хүний бие махбодыг бүрдүүлэгч 5 махбод болоод түүний тэнцвэр, цаг хугацаа яаж эхлэсэн болоод минутанд яагаад 60 секунд байдаг, сансрын хар нүх гэж юу болох, эртний төрөлтнүүд болох динозаврууд яагаад устаж үгүй болсон, дэлхий дээр юуны учраас аюул гамшиг тохиож байгалийн тэнцвэр алдагдаад байна вэ, түүнийг зохицуулах шийдэл нь юу вэ? зэрэг сонирхолтой болоод чухал мэдээллүүдийг Ума Шанкар гэгээнтэн энэхүү ярилцлагадаа хамруулсан байна.

Бидэнд бурханы хүч олгогдсон байлаа ч ухамсар дорой бол тэр хүчийг буруу чигт ашиглаж аливааг сөнөөж ч мэднэ гэж "Матери ба ухамсрын хөгжлийн тэнцвэр" гэсэн нийтлэл дээр дурьдсан байсныг энэ ярилцлага дээр ч мөн дурьдсан байна. Мөн Никола Теслагийн 3, 6, 9 тоонуудын гайхамшгийн учгийг ч бас тайлсан юм шигээ.. 30 орчим орны хэл дээр орчуулгатай ба үүнд монгол хэл ч орсон байгаа.


Tuesday, August 18, 2015

Дурлалын бичээс


Утсанд хэлхсэн хос шүр шиг
Цохилох зүрх минь чинийхтэй хамт
Урсах мөрөн далайд цутгах шиг
Цус минь чинийхтэй хамт

                                                 ****************

Чам руу хүрч ядсан зүрх
Цогцосоо гээгээд биед чинь шингэмээр
Бие сэтгэлд чинь уусан шингэмээр
Борхон зүрхэнд чинь давхар цохилмоор

                                                 ****************

Анх хараад мэдсээн би таньсан
Аль нэг төрөлдөө учирч байсныг
Харин чи намайг таних болов уу?
Халуун дулаан, танил дотно санагдах болов уу?

                                                  ****************

Зүүдэндээ учрах болов уу
Зөрөг зам дээр таарах болов уу
Зүйрлэмгүй тохиол бүрдэх юм болов уу
Зөнгөөрөө биенээ таних юм болов уу...??

                                                   ****************

Хамаг бүхнээ чамд даатгаад
Хайранд чинь эрхлэн жаргахсан
Алдрай биеэ чамд л даатгаад
Алган дээр чинь бөмбөрөн эрхлэхсэн

                                                    ****************

Хясаа сувдаа хамгаалдаг шиг
Хайрандаа намайг өлгийдөөч
Ховор эрдэнийн чулуу шиг
Хорвоод би л ганцхан чинийх

                                                    ****************

Дурсан санах бодолд чинь
Дуугүй өнгөрөх сэтгэлд чинь
Сэмхэн ажиглах харцанд чинь
Сэрүүн унтаа зүүдэнд чинь...
Би байдаг болов уу?

                                                     ****************

Тасарсан сувдан хэлхээ шиг
Тэнгэрийн оддыг асгартал
Түрлэгэндээ ширүүсэн давалгаалах мэт
Тэнгисийн усыг цалгитал...
Намайг эзэмдээч!

Дулимагхан сараачсан бичээсүүдээ харахаар
Дурлал гээч зүйл тэр чигээрээ л уянгын халил юм даа
Дэрвүүн сэтгэлийг минь хөдөлгөж чадсан хүн амьдралд цөөхөн ч
Дурлал мэдрүүлсэн зүрх бүхэнд баярлалаа :)

Saturday, August 15, 2015

Сүүдэрт алдахгүй


Сөрөг бараанд
Санаа бодол чинь татагдаж
Хар сүүдрийн араас
Хөл алдан гүйх юм чи
       Атгаг хоронд алдахгүй гэсэндээ
       Харанхуй нүхэнд унагахгүй гэсэндээ
       Араас чинь би сэмээрхэн гэрэлтүүлнэ
       Хөл бүдэрвэл түшээд босгоно
Хар, саарыг дагаж
Хаа хүртэл явахыг чинь мэдэхгүй юм
Хэзээ нэгэн цагт сэтгэл зүрхээ чагнавал
Эргээд нэг хараарай
Энгүй гэрлээр өөдөөс чинь би
Инээмсэглэн чамайг угтах болно
2015.08.13 шөнийн 11цаг 50минут




Tuesday, August 4, 2015

Биднийг Матрицад хүлж байлгадаг хамгийн том 6 хуурмаг үзэгдэл


"Шоронд байвал хуурмаг зүйл тав тухыг мөрөөсүүлнэ." -Нелсон Мандела

Илбэчин хүн үзэгчдийг мунхруулахын тулд хэрэглэж буй арга мэх нь анзаарагдахгүй ба бодит зүйлээс анхаарлыг нь сарниулахын тулд хуурмаг зүйл ашигладаг. Үзэгчид мэл гайхаж байх хооронд арга мэх явагдаж байх ба тэднийг мунхруулахын тулд үнэнийг хуурмаг зүйлээр өнгөлөн далдалдаг. Бодит амьдрал дээр хүн сэрж сэхээрч үнэнийг таних хүртлээ хуурагдаж мэхлэгдсээр байдаг.

Бид хуурмаг ертөнцөд амьдарч байна. Бидний оюун санааг эзэмдсэн маш олон сэтгэл зовоосон зүйлүүд болон хийж гүйцэтгэх ёстой үүрэг даалгаврууд зэрэг нь биднийг өдөөж явсаар сүүлдээ өөрсдөөс минь тэс өөр хэн нэгнийг бий болгодог. Энэ бол тохиолдлын зүйл биш. Хүн төрөлхтнийг ноёлсон энэхүү авторитар-аж ахуйн нэгжийн хэрэглээний соёлд биднийг итгүүлж, үнэнээс холдсон нийгэмд сургаж, тэдгээр оршин байх арга зам, зан төлөвүүд эрхэмлэгдэх болжээ.

Үүнд сэтгэл зүйн дарангуйлагч нар хамаатай. Тэд бидний ирээдүйд итгэх итгэл болон өөртөө итгэх итгэлийг маань дарахын тулд үнэмлэхүй зүйлүүд болон бусад саналуудаар зогсолтгүй хаалт босгож бидний нүдийг тагладаг.

Үл баригдах хувьгалт гудамжны уран бүтээлч, хүндэтгэлт эрхэм Бански ийнхүү дурьдсан байдаг:
"Хүмүүс өдөр бүр тохуурхагдаж байна. Тэд таны амьдралд ичгүүргүйгээр орж ирээд өлхөөн буудчихаад л арилаад өгнө. Тэд өндөр барилга дээрээс жуумалзан харж та нарыг өөрсдөдөө өчүүхэн мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тэд "Та нар бол тийм ч дур булаам хүмүүс биш" гэсэн далд утга бүхий бичвэрийг автобусууд дээр наах гэх мэтээр өөр хаа нэгтээ ч бас биднийг шоглосоор л байгаа. Тэд зурагтаар дамжуулж найз бүсгүйд чинь өөртөө хангалтгүй мэт мэдрэмж төрүүлдэг. Тэд хамгийн төгөлдөржсөн технологийг эзэмжиш түүгээрээ та нарыг дарладаг. Тэд бол Зар Сурталчлагчид ба та нар луу шоолон инээцгээж байна."


Зар сурталчилгаа бол мөсөн уулын зүгээр л нэг үзүүр нь. Дахиад цааш нь харвал бүхий л байгууллагууд нь хуурмаг, дүрэм журам үзэл сурталтай болгох автомат номхруулгын ажиллагаанууд дээр төвлөрсөн байдаг. Үнэн хэрэг дээрээ бид боолчлогдчихоод байна. Хичнээн харгис байсан ч хамаагүй бодит үнэний хувилбар болгож уламжлалыг дагах хандлагыг хүлээн зөвшөөрөх байдлыг хүмүүсээр өөрсдөөр нь бий болгох программчлал бүхий матрицын дарангуйлал буюу оюун санаанд халдан орж хянах тогтолцоо явагдаж байна.


Биднийг матрицад хүлж байдаг, дийлэнх маань одоо ч түүнээсээ гарч чадахгүй байгаа хамгийн том хуурмаг зүйлүүдийг анхааралдаа авна уу хэмээн доор дурьдлаа.

1. Хууль, тушаал, эрх мэдлийн хуурмаг

Бидний ихэнх нь хууль бол ёс суртахууны үүрэг хариуцлага гэж үздэг мөн бидний ихэнх нь авилгал, дуулиан, гэмт хэргүүдийг удаа дараа үйлдэж байдаг ба хуулийг нугалах хүчтэй тэдгээр хүмүүсийн хувьд хууль бол маш уян хатан байгаа юм. Цагдаагийн бүдүүлэг харгис авир, цагдаагийн гэмт хэрэг нь АНУ-д түгээмэл байдаг, шүүх нь эд хөрөнгөнд дуртай, харин бид хяналтын албаны ачаар л гайгүйхэн шиг амьдраад болоод байна.

Айдас, хүчирхийллээр дарангуйлагдан дуулгавартай хүлцэнгүйгээр бүгдэд нь зохицон амьдарч байгаа нь нийгмийн эмх журам биш юм. Хууль бол дарангуйлал, мөлжлөг, нийгмийн хяналт болон шударга бус, хоёр нүүртэй, шамшигдуулагч эрх мэдэлд ашиглагддаггүй болохыг түүх бидэнд дахин дахин сургасаар байгаа.

Хэрэв хууль нь өөрөө хуулиа дагахгүй байгаа бол хууль гэж байхгүй, эмх журам гэж байхгүй, шударга ёс гэж байхгүй.

2. Хөгжин дэвжил, аз жаргалын хуурмаг

Үнэтэй хувцас чимэглэл зүүж, бүр 19-р зууны хаадын эдлэл хэрэглэлийн атаархам цуглуулгуудтай байх нь жинхэнэ хөгжил дэвжлийг орлож байна. Хуурмаг хөгжин цэцэглэлтийг бий болгох нь манай эдийн засагт аюултай, учир нь эдийн засгийн байгууллага нь луйвар, өр зээлэнд байригдчихсан байгаа. Банкны тогтолцоо нь өөрөө хязгааргүй баялгийг бий болгохын тулд бусад хүмүүсээс тасралтгүй татвар төлүүлдэг байхаар зохиогдсон.

Жинхэнэ хөгжил цэцэглэл нь амьд орчин мөн эрүүл энх, аз жаргал, хайр, халуун дулаан харилцаагаар халгиж цалгисан байхыг хэлнэ. Өнөөгийн соёлд өөрийгөө тодотгох хэлбэрээр хичнээн олон хүн эд материалд татагдана, тэр хэмжээгээрээ жинхэнэ хөгжил дэвжлээс холын холуур тойрох болно.

3. Сонголт, Эрх чөлөөний хуурмаг

Голыг нь олж хараад дүгнэх юм бол ямар ч ухаалаг хэм хэмжээгээр олгогдсон эрх чөлөө бидэнд байхгүй. Эрх чөлөө гэдэг нь сонголт хийхийн нэр, харин өнөөгийн ертөнцөд авилгал, татварын тогтолцоо болон соёл хэмээн хүлээн зөвшөөрүүлж албадан мөрдүүлсэн хэм хэмжээнүүд дундаас л сонголт хийлгэхийн нэр болоод байна.

Жинхэнэ юм шиг харагдаж байгаа буруу сонголтын тодхон жишээг олж харахын тулд орчин үеийн хуурамч ардчиллаас холуур хайх шаардлагагүй. Авилгалд идэгдсэн хуучирсан намууд нь иргэдийнхээ бахархал, итгэл найдвар дээр дулдуйдаж гурав дахь хүчний нам болон бие даагчдыг санаатайгаар шахан хавчиж, элэг барин арчиж хаядаг.

Сонголт, эрх чөлөөний хуурмаг бол хүчирхэг дарлагч юм, учир нь энэ биднийг богинохон гинж болгон сийлж худал хуурмагт нь итгэдэг хэлхээ болгон хувиргажээ.

Олон сонголттой байх гэдэг нь эрх чөлөөнөөс өөр зүйл бөгөөд энэ нь боолчлоход илүү амархан болгодог.

4. Үнэний хуурмаг

Үнэн гэдэг нь бидний соёл иргэншилд эмзэг сэдэв болоод байна. Бид хэвлэл мэдээлэл, алдартай хүмүүс болон төр засгийнхны хэлээд байгаа үнэн гэгчид нь итгэдэг байхаар програмчлагдчихсан.

Хэв журмыг хадгалахын тулд бидний хүлцэнгүй байдлаас шалтгаалж үнэний хувилбаруудыг гаргаж ирдэг. Сэтгүүлчид болон бие даасан үзэл бодолтой хүмүүс үнэний хувилбарууд дахь цоорхойнуудыг дахин дахин цохиж эхлэмэгц хуурамч үнэн нь нийгэм дэх худал зүйлийг хөөн зайлуулах үүргийг гүйцэтгэдэг сэтгэхүйн зөрчлөөс зугтаж овсгоотойгоор шилжих чадалтай байдаг.

5. Цаг хугацааны хуурмаг

Тэд цаг бол мөнгө гэж хэлдэг, гэвч энэ бол худал. Цаг бол таны амьдрал юм. Таны амьдрал бол одоо цагийн тасралтгүй өрнөл юм. Цаг цаглавар, он тоололт амьдралд шилжиж түүнд зохицож суралцсан таван мэдрэхүйн ертөнцөөс цааш харвал сүнс бол мөнх, сүнс бүхэн тэрхүү мөнхжингийн нэгэн хэсэг болохыг олж мэднэ.

Үүн дээр хамгийн их хууран мэхлэж байгаа зүйл бол одоо цагийн мөч нь үнэ цэнэгүй өчүүхэн, өнгөрсөн цаг бол буцааж чадахгүй ч хэзээ ч мартагддаггүй зүйл, харин ирээдүй цаг нь өнгөрсөн болоод одоо цагаас хоёулангаас нь үнэхээр чухал гэсэн үзэл санааг улам бүр баталгаажуулж байдаг. Ингэснээр бидний анхаарлыг яг одоо болж буй зүйлээс холдуулж шууд ирээдүй цаг руу аваачдаг. Яг одоо юу байна вэ гэдгээс илүү юу болох гээд байна вэ гэдэг дээр нэгэнт бүрэн төвлөрснөөр бид зар сурталчигчдын хялбархан олз идэш нь болж мөн төсөөлж болох бүхий л хар бараан зүйлсээр ирээдүйдээ санаа зовж айдас дуудаж байдаг.

Амьдрал биднийг өөрийнхөө дотор хайрцаглачихаагүй, бидэнд өөрөө өөрсдийнхөө тухай илүү их мэдэх боломжийг аяндаа л олгож байхад бид аз жаргалтай байж чадахгүй гэж үү? Одоо цаг мөчөө золиослож ирээдүйн талаар ургуулан бодож байгаа нь үнэндээ урхи юм.

Цаг хугацаа бол хүн төрөлхтний бодол санаанаасаа бий болгосон зүйл ба хүний амьдралд зайлшгүй тулгагдсан зүйл биш болохыг нам гүм бясалгалаар хүртдэг сүнслэг баяр жаргалын энгүй их гайхамшигт агшин батладаг.

Хэрэв цаг хугацаа мөнгө байсан бол амьдрал доллараар хэмжигдэх гэж үү? Хэрэв доллар үнэгүйдвэл амьдрал ч мөн үнэгүйдэнэ гэсэн үг. Энэ бол тэр чигээрээ хууран мэхлэлт, яагаад гэвэл амьдрал бол үнэлж баршгүй зүйл юм.

6. Тусгаар байдлын хуурмаг

Стратегийн түвшинд, салган хувааж байлдан эзлэх тактик нь авторитариуд болон цэрэг армиудын хувьд байх ёстой энгийн л нэг үйл ажиллагаа болжээ. Гэхдээ тусгаар байдлын хуурмаг үзэгдэлд үүнээс ч гүн гүнзгий зүйлүүд явагддаг.

Хүн төрөлхтөн бид өөрсдийн хөршүүд төдийгүй байгаль эх гээд л эргэн тойрон дахь бүхий л юмстай тэмцэлдэн амьдардаг гэдэг итгэлээр програмчлагдчихсан. Бид ба тэд гэсэн эсрэг тэсрэгцэл. Энэ нь гариг дэлхий дээрх юмс бүхэн хоорондоо эцэс төгсгөлгүйгээр холбогдсон байдаг гэх үнэнийг эрс үгүйсгэж байгаа юм. Цэвэр агаар, цэнгэг ус, шимт хөрс болоод нэгдмэл чанарын амьд мэдрэмжгүйгээр бид энд оршин тогтнож чадахгүй.

Тусгаар байдлын хуурмаг нь бидний "би" үзлийг хангаж бүх юм хяналтанд байгаа мэт мэдрэмж төрүүлэх замаар бидний ая тухыг хангаж байвч үнэн хэрэг дээрээ биднийг салан тусгаарлаж боолчлох ажиллагаа явуулж байдаг.

Эдгээр томоохон хуурмаг үзэгдлүүд нь матрицийн заль мэхийг хүлцэнгүй сохроор дэмжүүлэхийн тулд бидний өмнө сүндэрлээд байгаа бодлогот үйл ажиллагаа юм. Биднийг хүчин мөхөсдүүлэхийн тулд тэдэнд бидний хүлцэнгүй дуулгавартай байдал хэрэгтэй, харин бид энэ нь зөвхөн нарийн боловсруулсан худалдан авалтын зар сурталчилгаа байдаг гэдгийг мартаж болохгүй. Бид л худалдан авъя гэж бодохгүй бол тэд зарж чадахгүй шүү дээ.

Өмнө нийтлэсэн "Сүнс тань оршиж буй нэгэн эрхтэн таны тархин дотор байдаг уу?" гэсэн боргоцой булчирхайн тухай нийтлэл дээрээ бидний билгийн нүд буюу боргоцой булчирхайг бохирдуулж хүч чадлыг нь зориудаар саармагжуулах далд ажиллагаанууд явагдаж байдаг талаар дурьдсан билээ. Хэрэглээний зүйлс болоод хоол хүнсээр дамжуулж бидний эрүүл мэнд, ухамсрыг доройтуулснаар тэдгээр зохиомол худал хуурмаг тогтолцоонуудаасаа хараат болгож орхиж. Улс төрийн тогтолцоо, эрүүл мэндийн тогтолцоо, боловсролын тогтолцоо гээд л нийгэм дэх бүхий л тогтолцоонууд гаж хэлбэрээр явагдаж байгаа нь бидний хувьд ёс юм шиг л болчихож. Учир нь үнэнийг худлаас ялгах бидний билгийн нүд сохорсон. Дотроосоо ухамсраа доройтуулаад, гаднаасаа тархиа угаалгачихсан болохоор аливааг үзэх үзэл, хандах хандлага маань хүртэл адгууслаг гэмээр болжээ. Гэхдээ гарц байхгүй биш байгаа гэдэгт итгээрэй, би ч бас итгэдэг. Унтаа нойрноосоо сэрээд ухамсар оюунаа хурцлаад, зүрх сэтгэлээ гэрэлтүүлээд амьдралын үнэн мөнийг оноож одоо цагтаа орших аз жаргалтай амьдралыг эхлүүлцгээе.

Эх сурвалж: http://www.wakingtimes.com


Tuesday, May 26, 2015

Ер бусын удирдлага - Бизнесийн удирдлагын шинэ эргэлт

Рикардо Семлер "хачин жигтэй" гэж тодорхойлж болохоор лидер юм. 38 настай Рикардо Бразилд амьдардаг бөгөөд компанийх нь нэр нь Семко.


Семко компанийг Рикардогийн эцэг нээсэн бөгөөд эцгийнх нь үед байдаг л нэг компани байв. Бүх зүйл Рикардо компанийг удирдаж эхэлснээс хойш өрнөж эхэлсэн ажээ. Өр зээлийн барагдуулах, үйлдвэрлэл, ашиг, ажиллагсад гээд л компаний санхүүгийн байдалтай холбоотой амжилтууд шил шилээ даган ирж байв. Гэхдээ түүний дэлхий нийтэд танигдсан шалтгаан нь эдгээр амжилтууд биш харин компанидаа нэвтрүүлсэн хачин жигтэй удирдлагын систем юм. Түүнийг даган компанийг нь ч мөн "жигтэй" хэмээн тодорхойлох болсон ажээ. Тэр өөрийн үзэл бодлоо компанидаа нэвтрүүлэхээр зорьсон байв. Түүний удирдлагын философи уламжлалт хэлбэртэй биш юм. Тэрээр компаний эзэн гэдэг нэрийн дор хүмүүст тушаал буулгаж, хийх зүйлийг нь заадаггүй. Ажилчид нь зарим тохиолдолд түүнтэй санал нэгддэггүй бөгөөд хэний санал илүү их дэмжигдэнэ түүний санал хэрэгждэг байна. Рикардо ч энэ байдалд сэтгэл хангалуун байж өөрийн саналаа дэмжүүлэхийн тулд компани дотроо хуйвалдаан явуулдаг гэнэ. Энэ өрсөлдөөний ачаар тэр илүү эрч хүчтэй байж чаддаг ажээ.

Энэ сонирхолтой эзнээс "Нэг удаа таныг нэг компанийг худалдаж авах санал гаргахад ажилчид дэмжээгүй болохоор та аваагүй гэсэн. Яг энэ байдлын эсрэгээр та хүсэхгүй байсан ч ажилчид хүссэн тохиолдолд мөнгө үрэн ямар нэгэн компани худалдаж авах байсан уу?" гэж асуухад: Олон зүйл дээр би ажилчидтайгаа санал зөрөлддөг. Гэхдээ 18 жилийн турш ажилчдаас ирсэн бүх саналыг би авч хэлэлцсэн. Нэгийг нь ч буцаагаагүй. Гаргасан саналаа дэмжүүлэхийн төлөө идэвхтэйгээр пи-арыг хийдэг. Энэ хугацаанд авч үлдэх хэрэгтэй гэж бодож байсан олон компаниа зарсан, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодож байсан үйлдвэрээ ч мөн адил ажилчдын саналын дагуу хаасан. Энэ явдлуудын заримд нь миний зөв байсан гэхдээ заримд нь маш буруу бодож байсныгаа ойлгосон. Эдгээр шийдвэрүүдийн хоорондох тэнцвэрийн ачаар бид өдий зэрэгтээ явна." гэсэн байна.

Энэ сонирхолтой компанид хамгийн дээд удирдагчаас эхлэн хамгийн доод хэргэмийн ажилчид хүртэл бүгд санал шүүмжлэл гаргах тэгш эрхтэй. Ажилчид ажлын дүрэм, шаардлагаа өөрсдөө боловсруулан, өөрсдийн удирдах албан тушаалтнаа мөн өөрсдөө сонгох эрхтэй. Цалин хөлснийхөө хэмжээг өөрсдөө тодорхойлж үйлдвэрчний эвлэг зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Семкод нарийн бичгийн дарга, туслагчид, тусгай машины зогсоол гэх зэрэг зүйлс байхгүй. Хүн бүхэн өөрийн ажлаа өөрөө хийнэ.

Семлер, зарим хүмүүсийн гаж хэмээн үздэг дээрх удирдлагын хэлбэрээ хэрэгжүүлэхдээ үнэн хэрэгтээ өөрийгөө аварсан байна. Учир нь дээрх санаагаа хэрэгжүүлэхээс нь өмнө эмч түүнийг үзээд "Энэ хэмнэлээрээ ажиллах юм бол биеийн эрүүл мэндэд нь муу. Одоогийн биеийн байдал нь энэ ачааллыг дийлэхгүй." гэсэн байна. Дараа нь цоо шинэ бодлоо компанидаа нэвтрүүлсэн аж. Ингэснээр тэр байнга цаг зүүх шаардлагагүй болж, тогтмол ээлжийн амралттай золгож, стресс гэдгийг мартсан байна. Түүнээс гадна шинэ удирдлагын хэлбэрийнхээ ачаар дэлхий нийтэд танигдсан бизнесмен болжээ.

Тэрээр өдгөө дэлхийд алдартай удирдахуйн ухааны номын зохиогч, уран илтгэгч болжээ. "Харвард Бизнес Ревью"-д нийтлэгдсэн "Удирдагчгүй удирдлага", "Хуучин ажилчид минь яагаад надтай одоо ч хамтран ажилласаар байна вэ?" нэртэй хоёр нийтлэлээрээ нэрд гарсан юм. Эдгээрээс эхнийх нь 1994 оны хамгийн их хэвлэгдсэн нийтлэлээр шалгаран хоёр дахь нь бизнесийн удирдагчдын сонирхлыг маш их татсан нийтлэл болсон байна. Гэвч түүнийг дэлхийг хамгийн их таниулсан бүтээл бол "Маверик" (өөр үзэлтэн, өөрөөр сэтгэгч) нэртэй ном нь байв. Уг ном 16 хэлээр орчуулагдан хэвлэгдсэн бөгөөд 1.5 сая хувь борлогджээ.

Семлер өөрийн амжилтуудынхаа талаар энэ номдоо өгүүлсэн юм. Өөрийнх нь бодож байгаагаар түүний амжилтын нууц нь орчин үеийн удирдлагын онолын дотор байдаг боловч хэрэгжүүлэхэд хэцүүд тооцогддог үзлүүдийг зоригтойгоор хэрэгжүүлсэн, мөн үүнийгээ Бразилын нэлээд ороо бусгаа бизнесийн орчинд хэрэгжүүлж чадсан явдал ажээ.

Семлер хэрэгжүүлсэн удирдлагын бодлогынхоо ачаар өндөр инфляцтай орчинд 900 хувийн өсөлттэй ажиллаж чадсан байна. Түүнээс гадна компаний олон улсын салбар дахь нэр хүнд нь маш их өсч үйлдвэрүүдэд нь долоо хоног тутмын хөтөчтэй аялал арга хэмжээ зохион байгуулагдах болсон байна. Эдгээр аялуудад дэлхийн шилдэг компаниудын удирдлагууд мөн оролцдог байна.

Ажиллах орчны тохижилтуудаас эхлэн ажлын байран дахь ардчилсан уур амьсгал, зохион байгуулалтын бүтцээс эхлэн компаний санхүүгийн мэдээллүүд бүх ажилчдад нээлттэй байх зэрэг маш олон төрлийн санаанд багтамгүй зүйлсийг хэрэгжүүлэн удирдлагын энэ загвараараа амжилтаас амжилтад хүрч буй Семко компанид дээрх шинэчлэлтүүд гайхмаар туршлага болон хуримтлагдсаар байна.

Семкод ажилд анхлан орж буй ажилтан бүрт "Тус компанид амьдрах гарын авлага" нэртэй зураг хөрөг ихтэй, текст бичиг багатай ном тарааж өгөх бөгөөд уг гарын авлагад компаний бүтэц зохион байгуулалт, ажилд авах шаардлагууд, ажлын хувцаслалт, ажилчдын эрх мэдэл зэрэг гол сэдвүүд энгийн, ярианы хэлээр бичигдсэн байна. Гарын авлагын бүтэц зохион байгуулалтын бүлэгт "Семко компанид удирдлагын албан ёсны бүтэц зохион байгуулалтын схем байхгүй." гэсэн байхад, ажилд авах шаардлагууд хэсэгт "Хэн нэгэн ажилд ороход эсвэл тушаал дэвшихэд доод албан тушаалын ажилчин, ажиллагсад тухайн хүнээс ярилцлага авах, үнэлгээ өгөх эрхтэй." гэсэн байдаг ажээ. Гарын авлагын ажлын байр, ажиллах орчин бүлэгт "Хана, машин тоног төхөөрөмжүүдийг хүссэн өнгөөрөө будаж, цэцэг тавин, хүссэн хэлбэрээрээ ажиллах орчноо тохижуулан чимж болно." гэжээ.

Рикардо Семлер компанидаа хэрэгжүүлэн бизнесийн ертөнцийн анхаарлыг татсан энэхүү эргэлтийнхээ талаар ийнхүү өгүүлж байна:

"Бид шинэ соргог санааг голчлон үзэж ургамал мэт өсч боловсохыг түрүүнд тавьдаг. Уг санааг ургуулах үржил шимтэй хөрс байвал сайн л юм. Харин үржил шимтэй хөрс олдохгүй бол тэртэй тэргүй бүтэшгүй санаа байсан гэдэг нь ойлгомжтой. Энэ удаа болоогүй бол дараа дахин туршиж үзэж болох юм. Бид ч үүнийг хийж байна. Өмнө нь бүтээгүй санааг дахин туршиж үзэж байна.

Бидний одоо хэрэгжүүлж буй удирдлагын санаанууд удирдахуйн ухаантай нэг их холбоотой гэж би боддоггүй юм. Хүмүүсийн хоорондын харилцаанд илүү тулгуурласан, удирдахуйн ухаан, бизнесийн дүрмээс илүү нийгмийн ухааны салбартай холбоотой. Тиймээс бидний энд хэрэгжүүлдэг санаачлагуудыг Австралид эмнэлэг, Финлянд, Англид сургуулиудад, Голландад цагдаагийн газруудад хэрэгжүүлж байна.

Би цаг хэрэглэдэггүй. Хэнд ч хаана ч байгаагаа мэдэгдэггүй. Жил бүр 45 хоног амралт авдаг. Амралтаа ихэнхдээ арав арван өдрөөр нь хэрэглэдэг. Надад мөн орлогч, нарийн бичиг гэж байдаггүй. Утсандаа өөрөө хариу өгч, факс болон э-шуудангаа өөрөө бичиж явуулахаас гадна ажлын хөтөлбөрөө ч өөрөө хянадаг. Надад стресс гэж байдаггүй. Ийшээ тийшээ баруун зүүнгүй сандарч гүйдэггүй. Өдөрт 2-3 чухал ажил өөртөө төлөвлөөд түүнийгээ амжуулсныхаа дараа хүсвэл кино театр явдаг. Товчхондоо өөрөө өөртөө ер ажил уддаггүй." гэжээ.

Уламжлалыг хэт дагаж баримталдаг манай нийгмийн үзэл сурталд дээрх хэлбэр үнэхээр хачин жигтэй санагдах нь ойлгомжтой. Гэвч бүх юм өөрчлөгдөж шинэчлэгдэж, хөгжиж дэвшиж байдаг болохоор бид хэзээ нэгэн цагт уламжлалт, хоцрогдсон сэтгэхүйнээсээ салж шинэ өнгө төрх, илүү сайн арга хэлбэрүүд бүрэлдэн тогтоно гэдэгт би итгэдэг.

Эх сурвалж: "Амьдралаас ургасан амжилтууд - Амжилтад хүрсэн бодит түүх" номоос

Thursday, May 7, 2015

Матери ба ухамсрын хөгжлийн тэнцвэр

Юуны өмнө хөгжил гэж юуг хэлэх вэ гэдэг асуултанд хариулахыг хүсэж байна. Өнөөгийн хүмүүс бид шинжлэх ухааны нээлт, техник технологийн дэвшил, өндөр барилга, өргөн дэд бүтцийг хөгжил гэж тодорхойлоод байгаа. Мэдээж хэрэг амьдралын илүү тав тух, таатай орчныг бүрдүүлж байгаа болохоор хөгжил гэж нэрлэхээс яах вэ. Асуудлын гол нь бид зөвхөн материаллаг зүйлс буюу гадаад юмст л төвлөрөөд дотогшоогоо огт анхаарал хандуулахаа больчихсонд байгаа юм. Хүний өөрийн мөн чанар, дотоодын дэвшил ч бас хөгжил биш гэж үү? Дорнын ухаанд арга билгийн тэнцвэрийг амьдралын оршин тогтнох тулгуур хэмээн чухалчилдаг. Хүний бие махбодод ч бас арга билгийн тэнцвэр гэж байдаг. Хэрэв арга билгийн тэнцвэр алдагдвал биеийн хэмнэл алдагдаж элдэв өвчин зовуурь бий болно. Матери ба ухамсар ч мөн тэнцвэртэйгээр хөгжиж байж арга билгийн тэнцвэрийг хадгалж хүн төрөлхтөн болоод гариг дэлхийн урт удаан оршин тогтнох үндэс суурь болно гэж үздэг. Гэтэл бид ухамсар буюу мөн чанар, дотоодын хөгжил дэвшлээ ор тас орхигдуулан матери буюу гадаад хөгжилдөө хэт их анхаарал хандуулаад зөвхөн түүгээрээ хөгжил гэдэг зүйлийг тодорхойлоод байна.





















Харин орхигдуулж боломгүй дотоодын хөгжлийн тухай ярьж, гадаад хөгжлийн бий болгож буй хор нөлөөг ярьж байгаа хүмүүсийг худлаа хайр майр ярьж хөгжлийг эсэргүүцэгчид гэж шүүмжлэх хүмүүс олон. Гэтэл тэдгээр шүүмжлэгчид өөрсдөө харин дотоодын хөгжлийг эсэргүүцэгчид болж байгаагаа анзаарсангүй. Байгаль дэлхий болон хүн төрөлхтөндөө эргээд хор хөнөөл учруулж байгаа нь технологийн хөгжил биш харин технологийн хоцрогдол юм, түүнээс биш би хэзээд хөгжлийн талд зогсоно гэж нэгэн эрхэмийн олон нийтийн сүлжээнд бичсэн нийтлэлийг нь олж уншлаа. Үүнтэй бол яах аргагүй санал нийлнэ. Гэхдээ хөгжлийн талд зогсоно гэж байгаа нь зөвхөн технологийн хөгжлийг л хэлж байгаа бол явцуу санагдаж байна. Шидэт дохиур хичнээн гайхамшгийг бүтээх шидтэй ч түүнийг ямар хүн ашиглаж байна гэдгээс хамаарч нэг бол гайхамшиг бий болно үгүй бол сүйрэл ирнэ. Тэгэхээр техник технологийн мянга дахин үсрэнгүй хөгжил байлаа гээд хүн нь өөрөө ухамсрын түвшинд хөгжихгүй бол технологийнхоо боол нь, золиос нь байсаар л байх болно.

Шинжлэх ухааны дэвшил, технологийн хөгжлийг бий болгох гэж хичнээн амьтны амийг золиослож, эх газраа бохирдуулж, байгалийн тэнцвэрийг алдагдуулж байгаагаа ч мэдээгүй нөгөө мундаг эрдэмтэд үнэхээр хөгжиж дэвшсэн хүмүүс үү? Эцэст нь дэлхийн дулаарал бий болчихоод байхад хэзээ хойно нь мэдээд сандралдаж, хэзээ хойно нь байгальд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх тал дээр анхаарч эхлэж байна. Үүнээс харвал хөгжил гэдэг зүйлийг илүү бодитойгоор бас илүү цогцоор нь тодорхойлж болохоор байна.

Бас нэгэн олон нийтийн сүлжээ хэрэглэгчийн бичсэн постыг уншиж байлаа. Тэр нь эрүүл мэнд болоод байгаль орчныхоо төлөө ургамлан буюу веган хоолыг сонгосон хүмүүст зориулсан нийтлэл байв. "Хүн төрөлхтөн мах идсэнийхээ хүчинд л өдий зэрэгтээ хөгжиж ирсэн. Надтай биш дэлхийн түүхтэй марга" гэж. Гэвч хөгжсөн үү, уруудсан уу гэдгийг хэн батлах юм бэ? Хөгжил гэж яг алийгаа хэлээд байна? Технологи нь ухаажаад хүмүүс нь тэнэгжээд байгааг хөгжил гэх үү? Амьдрал нь илүү тав тухтай, өргөн сонголттой, амар хялбар болсон ч эрүүл мэндээрээ улам доройтоод байгааг хэлэх үү? Ялгаварлал, үзэн ядалт, дайн байлдаан болон бусдыг хохироож байж өөрийн эрх ашиг хүсэл сонирхолдоо хүрдэг эдгээр нийгмийн тогтолцоог хөгжил гэх үү? Эндээс бас нэг асуулт гарч ирж байна. Үнэхээр л мах идсэнээр хүн төрөлхтөн хөгжил цэцэглэлтийг авчирсан юм бол махчинаараа алдартай монголчууд бид улс орондоо нөгөө хэлээд байгаа хөгжил дэвшлээ яагаад бий болгоогүй юм бэ?

Түүхийн явцад амьд үлдэхийн тулд аргагүйн эрхэнд амьтны арьс нөмөрч, махыг нь хүртэж ирсэн нөхцөл байдлыг бол үнэхээр буруутгах аргагүй юм. Гэтэл цаг хугацаа өөрчлөгдөж, юмс өөрчлөгдөж байхад хүртэл нөгөө л махаа идсээр. Мах идэх ёстой гэсэн олон шалтгаануудыг гаргаж ирэн мах иддэг дадал зуршлаа зөвтгөдөг ч салж чадахааргүй болтлоо донтсон ганц дур хүсэл нь л захирч байдаг шүү дээ яг үнэндээ. Жинхэнэ иргэншсэн нийгэмтэй, орчин үеийн хүн байхын тулд цаг хугацаанаасаа хоцорч биш, цаг хугацаандаа нийцэж, нөхцөл байдлыг шийдэж амьдрах хэрэгтэй болов уу. Зүгээр л бидний тансаг гэгдэх хэрэгцээг хангах гэж, зүгээр л амтны төлөө үй олон амьтан тарчилж үхдэг болсон цаг үе. Үүнээс үүдэж хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж дэлхийн дулааралд хамгийн ихээр нөлөөлж байгаа цаг үе. Энэ цаг үе, нөхцөл байдлаа бодитоор дүгнэж, тохиромжтой шийдлүүдийг цаг тухайд нь гаргаж өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийх нь иргэншсэн нийгмийн орчин үеийн хүний хийвэл зохих ухамсарт үйлдэл болов уу. Үмх махнаас болж байгаль дэлхийн ирээдүй шийдэгдэх дээсэн дөрөөн дээр тулж ирлээ гэхэд бид эрт дээр үеэсээ идэж ирсээн гээд салж хагацахгүй зуураад байх уу? Тэгвэл бүгдээрээ эрт дээр үеэс амьдарсан нүүдэлчин ахуй руугаа буцаад шилжицгээе лдээ. 21-р зуун, энэ бол уураг нь зөвхөн маханд агуулагддаггүй юм аа гэдэг нь ил болсон зуун.

Ирээдүйд хүн төрөлхтөн бид өөрсдийн бүтээсэн технологийнхоо золиос, утсан хүүхэлдэй нь болохгүйн тулд өөрсдийн мөн чанар, ухамсраа ч бас хөгжүүлье. Тэгвэл технологи ч бас устгаж сүйрүүлсэн хоцрогдол байхаа больж бидэнтэй хамт хөгжин дэвших болно.