Tuesday, March 3, 2015

СитиБанкны дэд ерөнхийлөгчийн тайзыг эзэгнэсэн агуу илтгэл

Леэр Хаан нэгэн орой хадан цохион дээр зогсож байхдаа сохор Гүнтэн Глосэстэрээс ийн асуужээ "Чи хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ?" гэхэд Гүнтэн хариуд нь "Би мэдрэмжээрээ хардаг" гэжээ. Бид ч гэсэн тэгэх хэрэгтэй биш гэж үү?

Амьтад хоолны цэснээс хасагдах ёстой, учир нь тэд нядалгааны газарт, өргөст торонд, хайрцган дотор хэрцгийлэл дунд шаналан орилолдож байна. Сэтгэл өвтгөм өөдгүй жигшүүртэй харгислал.

Эцгийг минь үхэлд хүргэсэн хорт хавдар биеийг нь мөхөөж, үхэж буй аавынхаа орилох дууг би сонссон юм. Энэ орилох чимээг урьд өмнө сонсож байснаа би санав. Нядалгааны газар тасарсан шөрмөс, шаналсан нүднүүд, Дундад Тэнгисээр хөвөх мал тээвэрлэж буй усан онгоцнууд, гинжит жадаар тархиндаа цөм цохиулсан үрээ гэсээр хашгирах үхэж буй эх халим. Тэдний орилох дуу яг л аавын минь орилох дуу байсан. Бид яг адилхан зовж шаналдаг гэдгийг би ухаарч мэдсэн юм.

Мах бол шинэ төрлийн шөрмөсөн чулуу юм - тамхинаас ч хор хөнөөлтэй. Мал аж ахуйн үйлдвэрлэлээс гарч байгаа нүүрстөрөгч, метаны хий, азотын исэл нь далайг маань хүчлээр сөнөөж, хүчил төрөгчөөр дутагдсан үхмэл орчныг бий болгож байна. Жижиг загаснуудын 90% нь малын тэжээлийн бордоо болж байна. Өвсөн тэжээлтэн үхрүүд одоо бол дэлхийн хамгийн том далайн махчин болчихлоо. Бидний энэ цаг үед далай тэнгис сөнөж байна. 2048 он гэхэд бүх загаснууд үхэж үгүйрэх болно. Дэлхийн артери болон уушги шүү дээ тэд чинь. Дэгдэн үсрэх түм бум дэгдээхийнүүд зүгээр л эр хүйстэйгээсээ болоод амьдаараа нухашлагдаж байна.

Дэлхий дээр 100 тэрбум хүн амьдарч байжээ. 7 тэрбум нь одоо амьдарч байна. Долоо хоног тутам 2 тэрбум амьтдыг тарчлаан хөнөөж байна. Нэг л төрөл зүйлтний үйлдлүүдээс болж жил тутам 10,000 төрөл зүйлээр тэр чигээрээ устаж байна. Бид одоо гариг эрхсийн түүхэнд зургаа дахь томоохон сүйрэлтэй нүүд тулаад байна. Ийм зүйлийг хийдэг аливаа организмыг биологич хүн бол вирус гэж нэрлэх байх. Энэ бол хүн төрөлхтний эсрэг төсөөлшгүй том ноцтой хэрэг юм.

Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. 10 жилийн өмнө твиттер нь шувууны жив жив хийх чимээ байсан, www нь компьютерийн наалдсан товчлуур байсан, Cloud (үүл) нь тэнгэрт л байсан, 4G нь машины зогсоол л байсан, гүүгл нь нялх хүүхдийн хэрхрэлт, Ал Кайда нь манай слесарь л байсан юм даа (инээлдэв). Виктор Хюго "Цаг нь ирсэн хэн нэгний үзэл санаанаас илүү хүчтэй зүйл гэж байдаггүй" гэж хэлсэн байдаг.

Боолчлолыг халснаас хойш Амьтны Эрх нь нийгмийн шударга ёсны хамгийн том асуудал болоод байна. Дэлхий дээр 600 сая орчим ургамлан хоолтнууд байдаг. Энэ нь АНУ, Англи, Франц, Герман, Испани, Итали, Канад, Автрали, Шинэ Зеланд орнуудын хүн амыг нийлүүлснээс ч илүү. Хэрэв бид нэг үндэстэн байсан бол Европын холбооны 27 улсаас ч том байхаар байна.

Гэсэн ч бид одоо болтол хэрцгийгээр ан хийж, буудаж мөн асуулт биш байсан ч хэрцгийллийг энэ бүхний хариулт гэдэгт итгэдэг хүмүүсийг хөнөөсөөр байна. Мах нь амьтдыг хөнөөдөг, биднийг хөнөөдөг мөн эдийн засгийг ч хөнөөж байна. Эмнэлгийн үйлчилгээ нь Америкийг аль хэдийнээ дампууруулсан. Тэд хуримтлагдсан богино хугацааны зээлийнхээ ердөө хүүг нь төлөхийн тулд 8 их наяд доллар төлөх хэрэгтэй болно. Тэгэхээр тэдэнд яг 0 мөнгө үлдэж байгаа юм. Тэд бүх сургууль, арми, тэнгисийн цэргийн хүч, агаарын хүчин, усан флот, Холбооны мөрдөх товчоо болон Тагнуулын ерөнхий газраа хаасан ч түүнийгээ төлж чадахгүй. Корнелл болон Харвардын их сургуулиуд эрүүл мэндэд тустай махны тохиромжтой хэмжээ нь тэг '0' гэж үзэж байна.

Ус бол шинэ үеийн тос. Удахгүй үндэстнүүд үүний төлөө дайтах болно. Усаар дүүрэх гэж олон сар жил болсон газар доорх давхарга одоо хуурай болж байна. Нэг килограмм үхрийн мах бий болгохын тулд чандмань эрдэнийн уснаас маань 50,000 литрийг зарцуулдаг. Өнөөдөр 1 тэрбум хүн өлсгөлөнд автаж байна. 20 сая хүн өлгөлөнгөөс болж үхэхэд хүрч байна. Махныхаа хэрэглээг ердөө 10%-иар багасгахад л 100 сая хүнийг хооллож чадна. Махны хэрэглээг багасгавал өлсгөлөн хэзээ ч бий болохгүй.

Хэрэв хүн бүр Өрнөдийн дэглэмээр хооллодог болчихвол бүгдийг нь тэжээхийн тулд бидэнд хоёр дэлхий хэрэгтэй болно. Бидэнд нэг л дэлхий байгаа ба тэр маань одоо үхэж байна. Мал аж ахуйгаас гарч байгаа хүлэмжийн хий нь онгоц, галт тэрэг, усан онгоц, завь зэрэг тээврийн хэрэгслүүдийнхээс 50%-иар илүү. Буурай орны хүмүүсийн гаран дээр нь хүүхдүүд өлсөж байхад тариа буудайгаа Өрнөдийнхөнд худалдаж байна. Харин тэд түүгээр нь малаа бордож байна. Тэгээд бид стейк идэж чадаж байна гэж үү? Үүнийг ноцтой хэрэг гэж үзэж байгаа хүн нь ганцхан би гэж үү? Надад итгээрэй, бидний идэж буй махны хэлтэрхий бүр нь өлссөн хүүхдийн нулимсандаа халтартсан нүүр рүү нь алгадаж байгаа. Тэдний нүд рүү харсан би дуугай байх гэж үү? Байгаль дэлхий маань биднийг хэрэгтэй бүхнээр хангаж чадна. Харин хүн бүрийн шуналыг л хангаж чадахгүй.

Бид маш хүчтэй шуургатай нүүр тулаад байна. Хэрэв аливаа үндэстэн гариг дэлхий дээр сүйрэл авчрах зэвсгүүд хөгжүүлж байвал бид тэдэнд давуу эрхтэй цэргийн хүчний цохилт өгөх юм уу Хүрэл зэвсгийн үе рүү бөмбөгдөх болно. Энэ бол башир арга биш ээ. Энэ бол үйлдвэрлэл. Сайн мэдээ гэвэл бид тэднийг бөмбөгдөх шаардлагагүй. Харин бид зүгээр худалдаж авахаа л болих хэрэгтэй.

Жорж Бушийн буруу байсан. Чөтгөрийн эзэн Ирак, Иран, Хойд Солонгосоор эргэлдэж гүйгээд байгаа юм биш. Тэр бидний хоолны ширээн дээр эргэлдэж байна. Олноор нь сүйтгэдэг зэвсэг бол бидний хутга сэрээ юм. Бидний санал бол ирээдүйн Шведийн Армийн Хутга - энэ нь бидний байгаль орчин, ус, эрүүл мэндийн асуудлуудыг шийдэж харгислалыг эцэслэх болно.

Чулуун зэвсгийн үе дуусаагүй, учир нь бид чулуугаа барж дуусгаагүй байна. Харгислалт үйлдвэрүүд зогсох болно, учир нь бидний тэднийг уучлах өршөөл барагдчихаад байна. Мах бол яг л 1 эсвэл 2 центийн зоостай адил. Харин түүнийг бий болгоход өөрийнх нь өртгөөс илүү их үнэ шаардагддаг. Тариаланчид бол хамгийн ихийг хүртдэг хүмүүс. Тариалан хэзээ ч зогсохгүй, харин хөгжих болно. Зөвхөн бүтээгдэхүүний нэр төрөл нь л өөрчлөгдөнө. Тариаланчид бүр тоолж ч барахгүй тийм их хэмжээний мөнгийг олох болно. Засаг төр биднийг хайрлах болно. Шинэ аж үйлдвэрүүд гарч ирж хөгжин дэлгэрэх болно. Эрүүл мэндийн даатгалын хураамж огцом буурах болно. Эмнэлэгт дугаарлан зогсдог байдал үгүй болно. Бид үнэхээр эрүүл болно, оршуулах ёслол хийе гэвэл хэн нэгнийг буудах л хэрэг гарна даа. (Ёжлол: эрүүл мэндийн шалтгаанаас хүн үхэхгүй гэсэн утгатай) (инээлдэв)

Тэгэхээр надад хоёр уриалга байна: 1. Мах нь өргөн тархсан зүрхний өвчин болон хорт хавдруудын шалтгаан. Тэдний ядаж нэг нь ургамлан хоол идсэнээс болсон тохиолдол байна уу? 2. Би "Хүн дэлхий" хэмээх гурван цуврал бүтээлийг санхүүжүүлж байгаа. Хэрэв тэд өөрсдийн эсэргүү үйлдэлдээ үнэхээр баттай зогсож байгаа бол би тэднийг "Хүн дэлхий" DVD үзэхийг хүсэж тэдэн рүү болон тэдний бүх хамтрагчид, үйлчлүүлэгчид рүү нь илгээх болно. Та бүхнийг уриалж байна, ургашаа!

Амьтад бол зүгээр нэг өөр төрөл зүйл биш. Тэд бол өөр үндэстэн юм. Харин бид түүнийг өөрсдөдөө хор хөнөөл авчрахын төлөө хөнөөж байна. Энх тайвны зураглал үнэндээ бол хоолны цэсэн дээр зурагддаг. Энх тайван гэдэг нь зөвхөн дайныг зогсоохын нэр биш. Энэ бол шударга ёс тогтоохын нэр. Гарал угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, төрөл зүйл дээр шударга ёс үнэхээр сохор байх юм. Хэрэв сохор биш байсан бол тэр л өөрөө аймшигт зэвсэг байх байлаа. Төсөөлөхийн аргагүй аймшигт терроризм тэдгээр нядалгааны газруудад болж байна. Хэрэв нядалгааны газар шилэн цонхтой байсан бол бид энэ орой ийм зүйлийн талаар яриад сууж байхгүй байлаа.

Өөр нэгэн ертөнц байдаг гэдэгт би итгэдэг. Анир чимээгүй шөнө би түүний амьсгалж байгааг сонсдог. Амьтдыг хоолны цэснээсээ хасцгаая, тэднийг хэрцгийлдэг аймшигт өрөөнүүдээс гаргацгаая. Дуу хоолойгоо илэрхийлж чаддаггүй тэдгээрийн төлөө саналаа өгцгөөе. Баярлалаа.


No comments :

Post a Comment