Wednesday, April 15, 2015

Сайн хань бай

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн лекцээс
АНУ-ын Флорида муж, 1998.10.24
Эх нь Англи хэл дээр 638-р DVD





Бид хамтрагчаа (ханиа) ийм ч байна, тийм ч байна, тийм ч зүйл хийнэ, ийм ч зүйл хийнэ гэж боддог. Хийхгүй болохоор урам хугардаг. Бидэнд таалагдахгүй үед сэтгэл гонсойн гомдох зэргээр харилцаагаа тасладаг. Гэвч харилцаа гэдэг нь та нөгөө хүнээрээ хүссэн зүйлээ хийлгэхийн хүсэн хүлээн суух зүйл биш юм. Энэ нь та хүсээд байгаа зүйлээ өөрөө хийхийг хэлдэг, өөрөөрөө байхыг, хэн гэдгээ, хэр сайн гэдгээ, ямар болохыг хүсэж байгаагаа, тэрхүү харицаа эсвэл гэрлэлтдээ та ямар хүн байхыг хүсэж байгаагаа харуулахыг хэлдэг. Магадгүй та сайн эхнэр, "супер эхнэр", тэвчээртэй юм уу үнэнч эхнэр байхыг хүсэж байж болох юм. Харилцаанд та өөрийн дүрдээ хэн болохыг хүсэж байгаа нь чухал болохоос цаг үргэлж нөхрийгөө хэн байхыг харж, өөрт тань хэрхэн хандахыг, өөртэй чинь хэрхэн ярихыг харж суух биш юм.
Гэвч гэрлэлтийн асуудал үүнд байдаг; та нар бүгдийг нь буруугаар ойлгочихсон. Та нар ингэж боддог "За одоо би энэ эмэгтэй/эрэгтэйтэй учирсан болохоор миний амьдрал өөрчлөгдчихсөн. Гайхалтай. Энэ эмэгтэй/эрэгтэй намайг аз жаргалтай болгох болно." Гэтэл тийм биш! Та л өөрийгөө энэ харилцаанд сэтгэл хангалуун юм уу сэтгэл дундуур болгоно. Гэвч ихэнх тохиолдолд хамтрагч маань намайг сэтгэл хангалуун болгоно гэж боддог, төсөөлөлд байгаа тэр нэгэн юм байх болно гэж боддог. Энэ л асуудал юм. Бид өөрсдөө хэн байхыг хүсэж байна, түүн шигээ байхыг мартдаг. Өөрсдөдөө зориулан нэгэн төрлийн идеалист хөтөлбөр гаргахаа мартдаг. Үүний оронд хамтрагчдаа зориулан нэгэн төрлийн хөтөлбөр зохиодог, хамтрагчаа үүндээ нийцүүлэх гэсэн нэгэн төрлийн томилгоо, төсөөллийг бий болгодог. Тэгээд аль аль нь ингэж хүсэн хүлээдэг болохоор юмс нуран унадаг.
Бид бүгдийг нь буруугаар ойлгочихсон хэрэг. Ямар ч нөхцөл байдалд бид зөвхөн өөрсдийгөө л шалгах ёстой. Ийм тохиолдолд юу хийх вэ? Хэн байх вэ? Юу харуулахыг хүсэж байна вэ? Хамтрагч маань бидэнд юу ч харуулах албагүй. Тэр эмэгтэй/эрэгтэй юугаа харуулахыг хүснэ, тэр тэдний л асуудал. Бидний асуудал бол бид өөрсдөө, үргэлж бид байдаг. Гэвч ихэнх хүмүүс гэрлэсэн үедээ ч юм уу хамтрагчтай болсон үедээ хамаг анхаарлаа нөгөө талдаа хандуулдаг, нөгөө хагасдаа. Тэгээд л шалгаж гарна, "Өө тэр буруу хийчихлээ. Тун муу хийжээ." Эсвэл "Тэр сайнгүй юм. Тэр эелдэг бус юм." Үүнийг март! Бид өөрсдийгөө шалгах учиртай. Чухал хүн нь бид өөрсдөө юм шүү дээ. Ямар ч харилцаа, ямар ч нөхцөлд байдал нь бидэн сургалт болдог болохоос нөгөө хүнд биш. Нөгөө хүн тань зүгээр л өөрчлөгч бөгөөд бидэнд хүч чадлаа турших, өөрсдийнхөө талаарх төсөөллөө шалгах шалтгаан болж өгдөг.
Энэ л асуудал юм. Ийм учраас гэрлэлтүүд олон тохиолдолд бүтдэггүй. Тиймээс гэрлэлтээ магадлаж үзээд засаж залруул. Гэрлэлт гэдэг нь нөхөр юм уу эхнэрийн тань тухай бус харин өөрийн тань л тухай юм. Энэхүү харилцаандаа та ямар хүн байхыг хүсэж байна, хамтрагчдаа юу харуулахыг хүсэж буйг хэлж байна. Хэрэв тэр үүнд сайн хариу баривал сайн л хэрэг. Хэрэв сайнгүй хандвал та шальтай зүйл хийж чадахгүй. Гэхдээ өөрийгөө шалгаад үз, тэнцвэртэй байгаа эсэхээ, зөв зам мөртөө хэвээр байгаа эсэхээ, өөрийгөө АСУУДАЛГҮЙ эсэхээ шалга. Тэгээд тэр таньтай үлдвэл үлдэнэ, явбал явна. Та яалтай ч билээ. Түүнд бүх анхаарлаа хандуулж, өөрийгөө алдаж, мартаж болохгүй. Та тэр эрэгтэйдээ/эмэгтэйдээ анхаарлаа хандуулах тусмаа та улам бүр буруудна. Тэгээд л тэр эрэгтэй/эмэгтэй таныг улам шүүмжилж, харилцаа бүр ч дорддог!

Эх сурвалж: The Supreme Master Ching Hai News No.131

No comments :

Post a Comment