Sunday, June 30, 2019

Майдар ба Мессиагийн хүлээлт

Бурхан Багшийн үнэн сургаал мартагдах тэр цаг үед Майдар Бурхан ирж Буддын жинхэнэ сургаалыг дэлгэрүүлнэ гэж Бурхан Багш өөрөө зөгнөн хэлсэн байдаг. Буддын шашинтан, сүсэгтэн гэгдэх хүмүүс олон ч гэлээ Үнэний сургаалийг нь дагадаггүй нь дийлэнх. Баталгаа нь, 10 хар нүглийн эн тэргүүнд бичигддэг амьтны амь хөнөөхгүй байх сургаалыг нь дагагсад маш цөөхөн, хоол хүнс, хувцас хэрэглэлдээ ашиглах гэж үй түмэн гэмгүй амьтныг хөнөөх захиалагчид нь болж байна. Энэ цаг үе бол Майдар Бурханы залрах үе буюу биднийг Алтан эринд хөтөлж аваачих, сүнслэг дэвшилд хүргэх эрин үе. Тэр хүчирхэг нэгэн бууж ирэхийг олон хүн хүлээсээр л байгаа.



Христийн шашинтнууд Мессиа буюу эзэн Есүсийн дахин ирэлтийг хүлээсээр байгаа. Дайн дажин, үймээн самуун, байгалийн гай гамшиг ихэсч, хүн төрөлхтний мунхаглал ертөнцийг там мэт болгож байгаа цаг үе бол Мессиа ирэх үе. Гэвч тэд хүн бүрт харагдахаар тэнгэрээс гэрэл цацруулан бууж ирнэ гэж итгэдэг. Харин миний хувьд тэр бол оюун санааны гэрэл болов уу. Хүн төрөлхтнийг айж цочоохоор, эсвэл мунхаг нэгэн нь ямар нэг тэнэг үйлдэл хийж мэдэхээр тийм сонин содон үйлдлийг Эзэн Бурхан гаргахгүй л болов уу. Ажлаа чимээгүйхэн хийж хүн төрөлхтний сүнсийг дэвшүүлж, гэгээрүүлснээр бид тэрхүү гэрлийг олж харж чадна.


Майдар Бурхан, Мессиа хоёрын айлчлах цаг үе бол яг нэг цаг үе буюу тэд бол нэг гэдэг нь илэрхий. Британийн нэгэн теологичийн судалгаагаар ирээдүйд айлчлах Майдар Бурхан урьд өмнө Есүсийн дүрээр ирсэн гэсэн байдаг.

Цаг үеэ сайн ажиглавал хүн төрөлхтний мунхаглал дээд цэгтээ хүрч биесээ хөнөөх, дайсагнан дайтах, амьтныг үй олноор нь тарчлаан нядлах, байгаль дэлхийгээ цаашид оршин тогтнох уу үгүй юу гэдэг цаг дор ирээд удаж байна. Майдар Бурхан буюу Мессиа ирээд ажлаа хийгээд эхэлчихсэн ба дэлхий дээр одоо ямар ямар өөрчлөлтүүд бий болж байгаагаас харж болно. Дэлхийн олон улс орнууд дайсагналаа зогсоож эв найрамдлын хэлэлцээр хийсэн, бүр хамгийн санаанд оромгүй явдал нь Солонгос улс нэгдсэн. Шашны төлөөлөгчид гар гараа барилцаж нэгдмэл байдлыг уриалж байна. Амьтны эрхийг хамгаалж хайрлан энэрэх тренд дэлхий дахинд хүчээ авч байна. Амьтны ферм, махны үйлдвэрүүд зах зээлээ алдаж ургамалд суурилсан бизнес рүү хөрвөж байна. Йога, бясалгал хийхийг хүсэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж бие хэл сэтгэлээ ариусгах үйлд суралцаж байна. Зеро вэйст, минималист үзэл хүчээ авч байгаль дэлхийдээ илүү ээлтэй, ухамсартай амьдрах хэв маяг түгэн дэлгэрч байна. Техник технологийн хөгжил хүн ба байгальд илүү ээлтэй байдлаар ухаажин хөгжиж байна. Энэ мэтчилэн эерэг өөрчлөлт дэвшилтүүдийг дурьдаад барахгүй.


Настродамус зэрэг эртний олон зөнч, мэргэд тэрхүү аврагч нэгэн Ази тивд мэндлэхийг, мөн эмэгтэй дүрээр ирэхийг зөгнөсөн байдаг.

Хэрэв үнэхээр Эзэн Бурхан өөрөө хүний төрлийг аван бууж ирсэн байвал та түүнийг яаж таних вэ?
Бурхан Багшийн залгамж ирчихээд Буддын сургаалыг анхны байдлаар нь, үнэнээр нь заах гэвэл та хүлээж авах уу?
Алтан Эринд хөл тавихад та бэлэн үү? 





Wednesday, August 10, 2016

Харь гаригийнхан биднээс айдаг уу, бид харь гаригийнхнаас айдаг уу?


Зуугаад тэрбум орчим од гаригс бүхий манай Галактикийн ердөө л нэг нь бидний амьдарч буй Дэлхий гариг билээ. 4-5 тэрбум жилийн настай Дэлхий маань Галактикийн нэгэн түүхийг бичсээр байна. Бусад гариг эрхэс хэдий насны ямар түүхийг бичсэн, бичиж байгааг бид баримттайгаар мэдэхгүй байгаа ч ганцхан Дэлхий гаригт л аливаа төрөлтөн оршдог хэмээвэл туйлын тэнэглэл болох биз ээ.

Харь гаригийн хөлөг онгоц, харь гаригийн биетийн олдвор, тэдэнтэй уулзаж учирсан хүмүүс гээд л үлгэр домог, үнэн бодит нь мэдэгдэхгүй яриаг бишгүй л сонссон байх. Зарим нь цуурхал байж болох ч тийм зүйл байдаг гэдгийг ор тас үгүйсгэх юм уу эргэлзэх ямар ч аргагүй юм. Дэлхийн эрдэмтэдийн судалсан судлаагүй төчнөөн тэрбум од гаригс дээр амьдрал байх магадлал нь хавьгүй өндөр шүү дээ, зүгээр л хар ухаанаар бодоход :)

Гэтэл яагаад ч юм Дэлхийн хүн төрөлхтний дийлэнх нь харь гариг мэтийн зүйлд яагаад итгэдэггүй, эргэлздэг юм бол? Хэрэв тэд үнэхээр бидний өмнө гараад ирвэл бидний ихэнх нь газар доороо муужраад уначих байх. Зүй нь бол, харь орны хар, шар арьстнуудыг харахаараа бид айж, мэл гайхдаггүйтэй адил харь, харь гаригийн төрөлтнүүд манайд айлчилвал бид мөн л айж гайхахгүй байх ёстой биш үү?

Дэлхий дээр тохиолдож байгаа аюул гамшиг, дайн дажин бүхэн аль нэг харь гаригийн нөлөөгөөр бус бүгд л өөрсдөөс маань шалтгаалж бий болдог. Хэрэв тэд үнэхээр л аюул заналтай байсан бол манай гариг дээр удаа дараа ирэхдээ аль хэдийн биднийг сүйрүүлчих байсан биш гэж үү? Эрдэмтэд болоод тэднийг хянаж байдаг эрх мэдэл бүхий хүмүүс харь гаригийнхны талаарх мэдээллийг биднээс нуудаг төдийгүй бүр байхгүй мэтээр бидэнд ойлгуулдаг. Кино үйлдвэрлэгчид болохоор харь гаригийнхныг аюул заналтай мэтээр дүрсэлдэг. Тиймээс хэзээ нэг цагт тэд бидэнд туслахаар ч юм уу ирлээ гэхэд бид өөдөөс нь буу шийдмээ гаргаж ирээд галлаж мэдэх юм шүү.


Хөлөг онгоцоороо манай гаригт чөлөөтэй зорчдог тэдний гаригийн технологи, мэдээлэл нь мэдээж өндөр хөгжсөн байж таарна. Магадгүй манай гаригтай туршлага солилцох, тусалж дэмжихээр холбоо тогтоох, оюун санааны мэдлэг мэдээлэл дамжуулах гэж ирдэг байж болох юм. Гэвч харанхуй бүдүүлэг хүн төрөлхтний өмнө тэд зориглон гарч ирж чаддаггүй байж мэдэх юм.

2013 онд Оросын эзэнт гүрэн Америкийн ерөнхийлөгч Обамад нэгэн сануулгыг өгсөн байдаг. "Харь гаригийнхны тухай ард иргэд үнэнийг мэдэх цаг нь болсон. Хэрэв та энэ талаар ард түмэнд хэлэхгүй бол бид хэлнэ" гэжээ. Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд "маш нууц" хэмээх хавтаст материал өвлөгдөж очдог ба энэнд манай гариг дээр зочилж байсан харь гаригийнхны талаар тэмдэглэгсдсэн байдаг байна. Энэхүү мэдэгдлийг Оросын ерөнхий сайд Медведев өгсөн ба илүү дэлгэрэнгүй мэдээллийг "Люди в черном" баримтат киноноос авч болно гэжээ.

             Санкт Петербург хотод харь гаригийн хөлөг үзэгдсэн байна.

НАСА хэмээх сансар судлалын маш том агентлагтай хэрнээ өнөөг хүртэл хүн төрөлхтөнд гойд сонин мэдээлэл өгч байгаагүй нь нууц биш. Дэлхий дахин, сансар огторгуй, эрдэм шинжилгээ эдгээр бүх мэдээлэл хоорондоо холбоо бүхий Иллюминати нууц бүлэг, АНУ-ын засгийн газар, Пентагон, Ватиканы католик сүм гэх нөлөө бүхий цөөн хэдэн хүний гарт байдаг ба энгийн ард иргэд харин үнэнийг биш тэдний бий болгосон зохиомол мэдлэг мэдээллүүдэд тархиа угаалгаж байдаг нь өнөө цагт нууц биш болсон байна.

Манай хөрш гариг болох Ангараг дээр урьд өмнө амьдрал байсан ба технологийг хэт шүтэж ухамсраа золиослосныхоо үр дүнд сүйрэлд хүрсэн тухай эрдэмтэн, шинжлэх ухаантан биш харин оюун санааны багш нар өгүүлсэн байдаг. Хэрэв гариг дэлхийд маань ээлтэй, хүн төрөлхтөнд хэрэгтэй, оюун санааны болоод үнэний тухай шинжлэх ухаанаар батлан гаргаж ирвэл тухайн эрдэмтний нэр хүндийг нь унагаах, амийг нь егүүтгэх, эрдэм шинжилгээний ажлыг нь үндэс хөрсөөр нь устгасан түүх олон байдаг. Тесла бол үүний нэг жишээ. Тесла үнэгүй эрчим хүчийг гаргаж авсан хэдий ч түүний лабораторийг нураан сүйтгэж бичиг цаасыг нь хураан авсан байдаг. Мөн 1920 онд Рояал Райф гэдэг зохион бүтээгч хорт хавдар болон бүх төрлийн өвчнийг цахилгаан соронзон энергийн долгионоор эмчлэх аппарат зохион бүтээсэн ч эмийн томоохон компани тэр эрдэмтнийг хордуулан хөнөөж, лабораторийг нь шатаасан байдаг. Дэлхийн томоохон корпорациудын цаана цөөн хэдхэн гэр бүл байдаг гэдгийг одоо хэн хүнгүй л мэддэг болж. Одоо бид зөвхөн байгалийн шавхагдах нөөцөөс эрчим хүчийг хэрэглэж байгалиа дордуулж байна. Эрүүл мэндийн хувьд эм тарианаас хараат болтлоо доройтжээ.

Шинжлэх ухаанд итгэхээр шашны сургаальд үнэмш гээд хэлчихвэл нэг их буруудахааргүй болж. Шашныг хүртэл дундаас нь бутаргаж, сургааль номлолыг нь гуйвуулж байдаг болохоос аль ч шашин нэг л Үнэн дээр үндэслэгддэг, бидний мэдэх ёстой Үнэн тэнд л байдаг.

Гайхалтай мундаг эрдэмтэд хавчигдаж дарамт шахалтад өртдөггүйсэн бол өдийд шашны сургаальд өгүүлдэг үйлийн үр, байгалийн хууль, энерги, ухамсрын хөгжил дэвшил зэрэг нь шинжлэх ухаанаар батлагдаж дэлхий нийтээрээ үүнийг ойлгодог, мэддэг, хүлээн зөвшөөрдөг, амьдралын хэв маяг нь тэс өөр байх байсан даа. Гэхдээ мэдээллийг атгагчид 100 хувь биднийг хянаж чадахгүй. Хөгжил дэвшлийг дагуулсан, хүн төрөлхтнийг сэхээрүүлсэн ололт нээлтүүд ар араасаа гарч ирж байна. Өмнөх нийтлэлүүд дээрээ ч зах зухаас нь оруулж байсан билээ.

Дэлхийн иргэдтэй харилцаа тогтоохыг хүссэн харийн хүмүүс өөрсдийг нь дэлхий дахинд таниулж чадах нэр нөлөө бүхий хүмүүстэй уулзсан хэд хэдэн баримтууд байдаг байна. Тэдний нэг бол Японы тэргүүн хатагтай асан Миюүки Хатояама юм. Түүний SM телевизэд өгсөн ярилцлагыг үзэж сонирхоорой.

Тун удахгүй биднээс нууж байсан үнэн бодит бүхэн бидний гар дээр ирэх болно. Тэр бүгдийг хүлээж авах бидний ухамсар, оюун ухаан ч дээшлэн дэвших болтугай!





Tuesday, April 12, 2016

Хязгааргүй би-гийнхээ төгсгөлгүй аялалд тавтай морил!

Бага байхаасаа л "Би ер нь хэн юм бол? Энд би яах гэж амьдраад байна? Би зүгээр л чулуу, шил, шаазан байж болоогүй юм уу?" гээд л их сонин сонин юм боддог байж. Гэхдээ л 10 жилийн өмнө гэгээрсэн багшид шавь орж бясалгагч болох хүртлээ амьдралын зорилго, өөрийгөө таних гэдэг ойлголтыг огт мэдэхгүй явж байв. Харин бясалгагч болоод амьдралынхаа туйлын зорилгыг ухаарсан, ер нь би хэн болохоо мэдсэн хэдий ч өөрийгөө бүрэн таньсан гэж хэлэхэд арай эрт байна. Зорилгоо тодорхойлсон даруйдаа зорилгодоо тэр даруй хүрчихдэггүй, цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулдгийн адил өөрийгөө бүрэн таних дотоодын аялал минь дуусаагүй байна. Ер нь дуусашгүй мөнхөд ч үргэлжилж магад, учир нь дотоодын жинхэнэ би гэдэг зүйл хязгааргүй юм шиг ээ. Физик биеийнхээ эс, эд эрхтэн, тогтолцоогоо судалчихвал эрүүл байж биеэ анагааж чадна. Гэвч цаг нь болохоор физик биеэ орхиход дотоод бие буюу сүнс минь л надад үлдэнэ. Тиймээс өөрийгөө хайрлана гэдэг нь зөвхөн махан биеэ гоёх, арчлах бус дотоод би-гээ ч мөн өнгөлж, тордож, хөгжүүлэх хэрэгтэй гэсэн үг.


Билгийн нүд гэж ярьдаг. Хоёр махан нүдээ бид хардаг ч билгийн нүдээ харж чаддаггүй, гэвч мэдэрдэг, түүгээрээ тархиар сэтгэшгүй бүхнийг тольддог, бясалгадаг. Үүн шигээ бид дотоод би-гээ мэдрэх ёстой, сонсох ёстой. Бүдүүн бие гэгдэх махан бие тань идэхийг хүснэ, унтахыг хүснэ... түүнийг нь та тэр даруй сонсож биелүүлнэ. Заримдаа бүр хүсээгүй байсан ч хиймээр санагддаг нь таны бодол санаа гэгч дэггүй нэг эрхтэн. Харин таны дотоод би/бие юу хүсэж байгаа бол, юу хэлж байгаа бол? Буруу бодоод байгааг тань, буруу үйлдээд байгааг тань хэлж сонсгох гэж орилж уйлж цөхөрч байдаг болов уу?

Хүн төрөлхтны хамгийн том доройтол бол дотоодын би-гээ сонсохоо больсон явдал гэж боддог. Түүнийг сонсох техник нь бясалгал ба энэ нь бидэнд угаас байж байдаг зүйл. Зүгээр л бид түүнийг хаа нэг газраа хийгээд мартчихсан хэрэг. Тиймээс л гэгээрсэн багш нар хэлэхдээ "Би та нарт ямар нэгэн шинэ юм заагаагүй, юу ч өгөөгүй. Зүгээр л мартсан зүйлээ олоход чинь туслаж байгаа төдий юм. Би өөрөө олчихсон юм чинь бусдадаа хэлж өгөх нь зүй ёсны л хэрэг шүү дээ. Тиймээс та нар намайг шүтэх хэрэггүй, надад байгаа бүхэн та нарт байгаа, өөрсдийнхөө гайхамшгийг л олоод авчих." гэж хэлдэг.

Зүгээр л идэхийн тулд, унтахын тулд, өмсөж зүүхийн тулд, эд баялаг хураахын тулд, алдар нэрд хүрэхийн тулд хүн ажиллаж амьдардаг бол хэтэрхий утга учиргүй, хэтэрхий өчүүхэн юм шиг санагддаггүй гэж үү? Яахав, эд баялгийг хураахдаа зүгээр нэг баяжихын тулд биш, нийгэмдээ үйлчилж, бусдын сайн сайханд зориулахын тулд гэвэл харин хамаагүй утга учиртай.

Дээрх бүгдийг эзэмшлээ гээд жинхэнэ би-гээ умартсан л бол хагас дутуу хэвээр байна. Хэдхэн зүйлийг тойрон эргэлдсэн өчүүхэн сэдэл, зорилгын төлөөх үйлдлүүд мөн л өчүүхэн. Би чадаж байна, би амжилтанд хүрч байна гэж өөрөөрөө бахархах хүмүүсийн хажуугаар тэднийг бахдаж бишрэх, шагшрах хүмүүсийн хувьд амжилт гэдэг зүйл ийм л ахархан ойлголт бололтой. Ийм зүйлийн төлөө хамаг хөлс хүчээ бардаг гэхээр харамсалтай.

Өөрөө өөрийгөө эзэмдэх, таних нь энгийн боловч юу юунаас ч илүү бэрх, бас юу юунаас ч илүү амжилт гэж боддог. Хүн цохьвол эргүүлээд цохих биш хүлцэж сэтгэлээ анзаарах, өөрт нь муу зүйл хийвэл хариугаа авах биш харин ч сайн сайхныг ерөөх, өөрийг чинь үзэн ядаж, заналхийлж, доромжилж байвал хариуд нь хайрлах. Алдаа бүхэндээ харамсан бачуурах биш түүнээсээ суралцаж, өөрийгөө уучлах. Энэ бүхэн хүч хөдөлмөрөөр хийгддэг зүйл биш харин өөрөө өөрийгөө таних ухаанд суралцаж байгаа хүний оюун сэтгэлээс ундарч байдаг зүйл. Тэр хэмжээгээрээ хөгжиж дэвшиж, хязгааргүй би-гийнхээ сан хөмрөгөөс гайхамшгийг хүртэж байдаг. Жинхэнэ эрх чөлөө, аз жаргал энэ л байх. Дуусашгүй арвин гайхамшиг, төгсөшгүй урт аялал байдаг байх.


Дусал ус далайд шингэхэд хязгааргүй уудамтэй нэгддэг шиг өөрийгөө өчүүхэн би-гээс чөлөөлж орчлонгийн хязгааргүйтэй нэгтгэ. Хэн нэгэн шиг байх гэж, болох гэж хичээх биш яг өөрөө өөр шигээ л бай. Тэртээ тэргүй агуу, гайхамшиг бүхэн чиний дотор байгаа. Өөрийнхөөрөө л гэрэлт!

Хязгааргүй би-гийнхээ төгсгөлгүй аялалд тавтай морил!   

Friday, March 25, 2016

Яагаад дандаа веган хоолны тухай пост оруулдаг вэ?

Фэйсбүүк найзууд маань анзаарсан бол миний ихэнх пост веган хоолтой холбоотой байгаа биз? Бидний амьдрал бол тэр чигээрээ сонголт. Хүн бүхэн өөртөө хайртай бас эрх чөлөөгөө эрхэмлэдэг, гэсэн хэдий ч сонголт хийсэн бүхэн маань тэр болгон өөрийгөө хайрлаж, өөртөө эрх чөлөө олгосон сонголт байдаггүй. Хоол хүнсэн дээр гэхэд л эрүүл мэндээ бодож сонголт хийхээсээ илүү дур хүсэл, шуналынхаа төлөө сонголт хийдэг. Мөн архи тамхи гээд л... аливаа зүйлээс хэт хамаарлтай болчихоороо тэр нь эрхээ эдлэж байгаа мэт боловч өөрийгөө тухайн зүйлийнхээ боол нь болгож байгаа хэрэг. Жишээлбэл мах идэхгүй л бол хоол идсэн болдоггүй, уур хүрдэг, амьдарч чадахгүй гэх мэт... эдгээр нь тухайн зүйлдээ донтсоны шинж. Маханд ч бас архи тамхинаас дутахгүй донтуулах бодис байдаг ба түүнд агуулагдах альбумин, гемоглобин, гамма глюболин зэрэг бодисууд нь хүний бие дэх мансууруулах бодисны хүртэхүйнүүдийг идэвхжүүлж өгдөг байна.

Монголчууд эрт цагаасаа бараг л цагаан хоолтон байсан гэхэд хилсдэхгүй. Зөвхөн өвлийн хатуу ширүүнийг давах гэж л маш бага хэмжээгээр хэрэглэдэг байсан төдийгүй хоногийн ганц л хоолтой байсан. Хүчирхэг ард түмэн байсан Монголчуудын гол нууц болох хооллох ухааныг нь өгүүлсэн нийтлэлийг доор хавсаргах болно.

Гэтэл энэ сайхан уламжлалаа бид нэгмөсөн алдсан. Тэгсэн мөртлөө Монгол хүн юм чинь мах идэхгүй бол өөр юу идэхэв, уламжлалаа л дагаж байна гэж ярьцгаадаг. 21-р зуунд амьдарч байгаа иргэний хувьд би өвлийн хатуу ширүүнийг давахын тулд зөвхөн мах биш өөр олон хүнсэнд илч дулаан агуулагддагыг олж мэдсэн учир махнаас бүрэн татгалзаж цэвэр ургамал хоолтон болсон. Мөн өөр олон шалтгаанууд ч бий. Миний таамгаар янз бүрийн шалтгаанаар цагаан, ногоон хоолтон болсон нийт 10,000 орчим хүн Монголд байдаг болов уу.

Монголчуудын дундаж наслалт болон өвчлөлүүдийн шалтгааныг харахад дийлэнх нь хоол боловсруулалтын болон зүрх судасны өвчин давамгайлсан байдаг. Энэ бүх мэдээлэл ил тод байхад уг нь хүн бүр л идэж уухаа зохицуулж, өөх махаа багасгах тал дээр анхаармаар л юм даа гэж их гайхдаг юм, Монгол хүн юм чинь махаа л иднэ гэхийнхээ оронд.

Би хувьдаа өөрийн сонголтоо хийгээд нэгэнтээ ургамал хоолтон болсон. Мэдээж энэ сонголтыг хийхэд хүн бүрт амаргүй гэдгийг маш сайн ойлгож байгаа. Харин байнга л веган хоолны талаар постлоод байдгийн учир нь махан хоолоо багасгах нь зүйтэй юм байна, жинхэнэ Монгол уламжлалаа дагаж өвөлдөө л багахан идэж бусад үедээ ногоо цагаагаа идэж байя, ядаж л 7 хоногтоо ганц өдөр гэдсээ цайлгая гэсэн санааг өгөх гэж л тэр шүү дээ. Түүнээс бусдыг веган бол, над шиг бол гэж хэзээ ч тулгаж байгаагүйгээс гадна мах иддэг хүмүүсийг муулж доромжилж байсан удаа нэг ч байхгүй. Надтай адил бусан веганчууд маань ч хэн нэгнийг ятгаж тулгаж эсвэл мах иддэгээс нь болж муухай ханддаггүй гэж бодож байна. Харин нэгийг бодуулах үүднээс логик зүй талаас нь тайлбарлах, мэдээлэл өгөх талын зүйл олон байдаг. Учир нь энэ бүхний ард гараад бид юуг өдий болтол ойлгоогүй ирж вэ гэдгийг аль хэдийн мэдчихсэн байдаг учраас энэ бүх мэдээллээр хангахыг зорьдог хүмүүс олон бий. Энэ бүх сэтгэл зүрхийг нь хүмүүс магадгүй буруугаар ойлгодог байх. Хүнд үзэл бодлоо тулгалаа, биднийг доромжиллоо зарим нь бүр шашин сурталчаад байгаа мэтээр ч хүлээж авна.

Фэйсбүүк дээрээ энэ төрлийн пост илүү ихийг оруулж байсан ч дээр дурьдсан дайралтуудыг маш цөөхөн ирдэг байсан. Харин твиттер дээрээ жиргэхэд маш их дайралтууд ирдэг. Махан хоолоо багасгая, веган хоол нь ийм ийм ач тустай, махан хоол нь ийм ийм хор хөнөөлтэй, бидэнд ийм ийм сонголт байдаг гэх зэргээр л жиргэж постлодог болохоос та нар веган бол, махчид бол муухай гэх мэт тулгалт доромжлол огт бичиж байгаагүй. Гэтэл өөдөөс басамжилна, доромжилно, хэрүүл нэхнэ гэх мэт зүйл их тохиолддог. Тэр болгоных нь хариуд нэг ч удаа доромжилсон зүйл бичиж байгаагүй, харин логикийн алдаатай, буруу ойлголтыг нь залруулж тайлбарлаж бичдэг. Энэ нь тэдний нүдээр бол би л үзэл бодлоо хүнд тулгаад, бусдыг доромжлоод, хэрүүл хийгээд байгаа юм шиг харагдаад харин өөрсдийнх нь хэрүүл нэхэж бичсэн, доромжилсон бүхэн нь хамгийн үнэн зөв юм шиг санагдаад байгаад нь маш их гайхдаг юм. Хэрэв твиттер хуудаснаас мах, махчин гэх зэргээр хайгаад үзвэл тэндээс ямар ч доромжлол гарч ирэхгүй. Харин цагаан хоолтон, веган хоолтон зэргээр хайлт хийгээд үзвэл есөн бусын доромжлол, басамжлал гарч ирнэ. Өөрөө хэнийг ч үзэн яддаггүй мөртлөө жиргээгээр дүүрэн үзэн ядагчид араасаа дагуулсан нүгэлтэй хүн би :(

Хүмүүсийн хамгийн сонирхолтой логик бол хүн хэрвээ мах идэхгүй бол хэтэрхий их амьтадтай болоод байгалийн тэнцвэр алдагдана гэж ихэнх нь ярьцгаадаг. Гэтэл үнэндээ хүмүүс махыг нь идэх гэж л тэр их амьтдыг зохиомлоор өсгөж үржүүлээд байгаа шүү дээ. Тахиа гэхэд л дэлхийн нийт хүн амын тооноос ч олон байдаг. Бид л зохиомлоор өсгөөд байхгүй бол тэд чинь байгалийнхаа шалгарлаар л амьдарна. Ийм энгийн логикийг яагаад ойлгохгүй байна вэ? Бас нэг инээдтэй зүйл, веганчууд амьтанд хайртай гэх мөртлөө яагаад тэдний иддэг хоолыг нь булааж идээд байна? Энэ юу гэсэн үг вэ, веган хоолтнууд хонь мал шиг 4 хөллөөд өвс зулгаагаад идэж байхыг харсан уу? Эсвэл ногоо цагаагаа өөрсдөө тарьчихаад тэднийгээ өөрсдөө идэхийн оронд мал амьтандаа идүүлэх ёстой байсан уу? Таримал ногоо ургамал идсэнээрээ амьтдын хоолыг булаасан болдог гэсэн энэ логикийг хэзээ ч ойлгодоггүй. Харин төлөөс нь салгаж сүүг нь уугаад амийг нь таслаж махыг нь иддэгээ тэд юман чинээ боддоггүй нь гайхмаар. За бас нэг сонин яриа байна, манай энэ ч хамаатны хүн, тэр ч найз веган болчлоо гэж гайхуулж яваад чадарцы шдээ хөөрхий гэж ярих хүн маш олон. Ясыг нь өндөлзүүлэн байж үнэнээснээ ярьснуу, санаанаасаа зохиож ярьснуу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ үнэн байж болохыг бас үгүйсгэхгүй. Аливаа зүйлд дүгнэлт хийхдээ олон талаас нь бодож үзэх хэрэгтэй.

Дэлхийн хүн амаас өдөрт хэдэн мянгаараа хорт хавдар зэрэг өвчлөлүүдээс болж цэл залуугаараа ч өөд болцгоож байна. Мөн дээр хэлсэнчлэн монголчууд хоолноосоо болж дундаж наслалт нь маш бага байна. Мах иддэг хэдэн мянган хүн нас барж байгаа нь хэвийн үзэгдэл хэрнээ веган хүн нас барахаар бөөн юм болж ёстой нэг мах идээгүйгээс л болдог гэнэ. Гэвч тэр хүн веган хоолтон болохоосоо өмнө тухайн өвчнөө олсон байсан уу гэдгийг огт бодож үздэггүй. Веган болоод харин ч хэдэн өдрөөр илүү амьдарсан юм билүү хэлж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ махнаас гарч байна гээд учраа олохгүй явснаас болоод асуудал үүсэх тохиолдол гардаг нь үнэн. Мах гурилнаас өөр юм мэдэхгүй Монголчуудын хувьд асуудалтай байдаг байх. Энэ бол тухайн хүний хариуцлагын асуудал болохоос цагаан хоолонд учир байгаа хэрэг биш юм. Насаараа мах идээгүй хожим өнөөгийн олон олон алдартан, эрдэмтэн, суутан байдгийг бүгд мэддэг болсон байх. Тиймээс махнаас гарахаар шийдсэн бол махыг орлуулж өөр юу юу идэхээ сайн мэдсэн байх хэрэгтэй. Эсвэл шийдээд л шууд нэг өдөр махнаас гарах биш аажим аажмаар биеэ дасга. Харин бусад хүмүүстээ зөвлөхөд махныхаа хэрэглээг багасга. Эрүүл мэндийнхээ төлөө хэрэгжүүлэх эсэх нь таны сонголт. Хэн ч танд тулгахгүй.

Хүмүүсийн хамгийн их буруугаар боддог нэг зүйлийг бас дурьдахгүй бол болохгүй нь. Газар тариалан шимт хөрсийг уурхайгаас илүү бусниулаад байна гэж бас их ярьцгаадаг шүү. Юуны төлөө шимт хөрс байгаа хэрэг вэ? Жинхэнэ байгалиас заяасан шим гэдэг чинь тэр бус уу? Тийм шимтэй сайхан хөрсөн дээр ногоогоо тариад идвэл шим тэжээлээр баян, эм болох зүйл чинь тэр биш үү? Харин байгалийг сүйтгэж байгаа хамгийн аюултай зүйл бол мал аж ахуй. Бэлчээрийн даац хэтэрсний улмаас цөлжилт үүсэх аюултай. Монголын хувьд энэ хамаагүй гэж ярьцгаадаг байсан ч тэр зүйл нь одоо харин ч бүр ноцтой нүүрлээд байгаа. Бас тариа ногоо тарихаас хэд дахин илүү усны нөөц шавхдаг. Харин тариа ногоо тарихад хөрсний үржил шим буцаад л сэргэдэг. Цаг уурын өөрчлөлтөнд нөлөөлөөд байгаа хамгийн том хүчин зүйл бол мал аж ахуйгаас ялгарч буй хүлэмжийн хий бөгөөд энэ нь машин техникийн хортой утаанаас хэд дахин илүү болохыг дэлхийн эрдэмтэд, НАСА агентлагийн зүгээс батласан.

Эрүүл мэндээ бодож, амьтны амийг хайрлах, байгаль дэлхийгээ хайрлах зэрэг шалтгаанаар ухамсартайгаар сонголтоо хийчихсэн мах идэхгүй ч эрүүл амьдарч чадаад байгаа хүмүүсийг шоолж доромжилж басамжилж хэдэн биенээ хөгжөөж суухынхаа оронд бидний өвөг дээдэс яаж хооллодог байсан билээ, бид хэрхэн уламжлалаа дагах вэ, эрүүл мэндээ бодож махаа учиртай хэрэглэе гэдэгтээ санаа тавьбал илүү дээрсэн. Интернэт хөгжсөн мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэх хэрнээ мэдээллээр маш дутуу байна. Энэ тал дээрээ ч бас анхаарвал илүү хэрэгтэй.

Бичээгүй дутуу орхисон өөр маш олон зүйл байгаа ч энэ удаа ингээд дуусгая даа. Бидэнд бодож үзээгүй маш олон зүйл бий.


Холбоотой нийтлэлүүд:

ТҮРҮҮ ҮЕИЙН МОНГОЛЧУУДЫН ШИНЖЛЭХ УХААНЧ МЭДЛЭГ http://lkhagvaa.mn/post/6
МАТЕРИ БА УХАМСРЫН ХӨГЖЛИЙН ТЭНЦВЭР http://gegeenanir.blogspot.com/2015/05/blog-post.html 
МАХ ИДДЭГГҮЙ ЦАГААН ХООЛТОН АЛДАРТНУУД http://news.xopom.com/121913/

Friday, March 4, 2016

Бүхэл ертөнцийг салангид болгосон бидний төөрөгдөл

Бүхнийг үгээр илэрхийлнэ гэдэг бүтэшгүй юм. Асар олон хуудас зуу зуун өгүүлбэрийн эцэст нэг л ойлголтыг арай ядан харуулж ойлгуулах гэж оролдоно. Үнэхээр бүх зүйлс харьцангуйгаар утгачлагдсан ертөнцөд бид амьдарч байна. Цаашдын бидний ертөнц илүү чимээгүйгээр ойлголцдог болох болов уу. Хүмүүс бид боддог олон зүйлийн тухай. Гэвч туйлын үнэний тухай хэзээ ч бодож чаддаггүй. Үсрээд л өнгөцхөн төсөөлж чадна. Гэвч төсөөлөгдөж байгаа бүхэн ердөө л төсөөлөл. Хэн нэгэн нөгөөгөөс хамааралтай, гэвч хамааралтай бүхэн өөрийн эрх чөлөөтэй. Бид бүгд л өөрийн биеийг ашиглаад тус тусдаа амьдралаа босгож буй мэт харагдаж, бодож төсөөлдөг. Бас хэн нэгний боол болж өмчлөгдөн дарлагдах мэт төсөөлөн амьдрагсад ч байна. Тэгээд аль нь юм бэ? Үнэндээ аль нь ч биш. Энэ бүхэн ердөө л ингэж харагдаж мэдрэгдэж байгаа зүйлс. Тэгээд юу гэсэн үг вэ? Амьдрал хэмээх бидний төсөөлдөг энэ үгийн агуулгыг илэрхийлэгч тэр төсөөллийн мөн чанар нь өөрөө харьцангуй. Түүнд туйлийн чанар үгүй. Туйлийн чанар бол амьдралаас хэтийдсэн амьдрал. Бид хүн алж болохгүй гэдэг. Гэхдээ амьтдыг бол алж болоод байдаг. Яагаад? Хүн хэмээгч өөрөө амьтан шүүдээ. Арслан, чоно, үхэр, хонь гэж нэрлэхтэй адил хүн хэмээн нэрлэгдсэн энэ төрөлхтөн бусадтай ижил. Гэхдээ бас ялгаатай. Хүн зүгээр л эд нараас илүү дэндүү их ШУНАЛТАЙ. Ердөө л үүгээрээ, энэ л чанараараа эргэн тойрноо сөнөөж эзлэн түрэмгийлж, алж хядаж байна. Ганц л үл мэдэгдэх сэтгэл буюу шунал. Ганц хүний шунал ямар их хар бараан үйл түйтгэрийг тарьж сөнөөж болдгийг Дэлхийн 2-р дайны түүх бидэнд харуулдаг. Гитлерийн аугаа их шуналын мөрөөр сая сая хүн бас амьтад, дэлхийн газар шороо сүйтэж байсныг түүхэнд тэмдэглэсэн.

Нохойноос, үхэрнээс, сармагчнаас бидэнд сурах зүйл их. Хурга хооллож буй нохойг, нэгнээ өмөөрөн тэмцэх үхэр сүргийг, ухаан алдсан нэгнээ амь оруулахын төлөө зүтгэж буй сармагчинг бид харсан. Тэгээд тэдэнд яаж ухаан байхгүй, мэдрэхүй байхгүй гэж хэлж чадах вэ? Энэ бол дэндүү харанхуй хэрэг. Бид нэгнээ хайрласан, нэгэндээ тусалсан хэн нэгнийг, ямар нэгэн амьтныг аварсныхаа дараа асар ихээр аз жаргалаар бялхдаггүй гэж үү? Өөрийгөө сонс. Хэн нэгэнтэй маргалдсан, хэн нэгнийг гомдоосны дараа бидний зүрх ямар их өвддөгийг бид мэднэ. Дахиад өөрийгөө сонс. Бид амьдралыг ойлгоход бусдыг ойлгоход тийм ч их хүч чармайлт, ид шид хэрэггүй. Ердөө л өөрийн дотоод зүрх сэтгэлээ сонсоход хангалттай. Магадгүй танд энэ нийгэм олон жил чихэвч зүүлгэж, нүдийг тань боосон байх. Одоо энэ чихэвчээ, 3D шилээ авах цаг болсон. Өөрийн нүдээр хар эргэн тойрноо. Энд энэ биений эгэл нүдийг хэлээгүй байна. Зүрх сэтгэлийнхээ тунгалаг нүдээ нээгээч хэмээн хүсч байна.

Амьдрах агшин маш богино. Учир нь яг одоо гэж хэлэх тэр агшинд л таны амьдралын агшин өнгөрч байдаг. Ийм учраас амьдралын хугацааг хэмжих нэгж нь долиос ч бага байх.

Миний амьдралын жор бол жоргүй байх. 60 нас хүрсэн хашир туршлагатай өвөө гэгддэг ч одоог болтол тэр ч мөн бүрэн дүүрэн амьдарч чадаагүй, сураагүй байгааг бид харж болдог. Түүний туршлага ердөө л гал бол халуун, ус бол хүйтэн байдаг.

Амьдралд жор үгүй. Амьдрал өөрөө хайрлахуйн агшин юм. Хайр өөрөө бүх юм. Бүх юм гэдэгт та нар, танай хөршөөс эхлээд дэлхий ертөнц бүгд багтана. Амьдралыг туулж таньж мэдэх цорын ганц жамтай. Та нарын амьдралын зорилго, төрсөн зорилго бол ямар ч зорилгогүй байх. Зорилго, амжилт энэ бүхэн ердөө л үг лоозон. Иймэрхүү үлгэрт ухамсраа бүү сульдаа. Магадгүй та нар маань зорилгогүй тэгээд яаж амьдрах вэ? хэмээн гутарч гуньж болох юм. Хэрэггүй, эдгээр үгс та нарт өөр рүүгээ өнгийх өөрийн чинь дотоодод ганцаардан буй тэр гунигийг задлахад чиглэх болно. Хайрла, бас дахин хайрла бүгдийг, өөрийгөө. Тэгээд өөртөө зөвхөн хайрыг л үлдээ, аавынхаа өгсөн нэрийг ч бүү үлдээ, зөвхөн хайрлахийг л үлдээ.

Амьдрахад мөнгө хэрэгтэй үнэн. Амьдрахад хоол хэрэгтэй үнэн. Гэхдээ тэд ердөө л хэрэгцээ төдий. Гутал шиг л. Хичнээн гоё гутал байлаа гээд өвлийн гутлыг зун нь өмсөөд байж болохгүй шүүдээ. Ердөө л хэрэглэ. Дахин сана.  Чамайг бага байхад аав, ээжийн чинь авч өгч байсан тэр гутал хувцас, хоол хүнс ямар цаг хугацаатай ямар чанартай байсныг дахин сана. Тэгээд та нар ойлгоно. Тэд ердөө л дараагийн агшинд шилжих хэрэгцээ байсан. Чамд хэрэгтэй байгаа шиг эд бүгд бусдад ч мөн хэрэгтэй. Монголын нэгэн мундаг соён гэгээрүүлэгч “Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур. Үүрд оршихгүйн учир тус болох үйлийг бүтээ” хэмээн шүлэглэсэн байдаг. Эхэлсэн бүхэн эхэлсэн тэр л агшнаасаа төгсөж дуусч байдаг. Учир нь энэ бол ийм л зүүдний ертөнц юм.

Тус болохын тулд бүү тусла. Зүгээр л туслаад өнгөр. Авахын тулд бүү шуна. Хэрэв өгвөл зүгээр л авч сур. Дахин авахын тулд бүү шуна.

Та нарт минь олон л асуулт байгаа байх. Хэрэв асуулт нь чиний дотроос бий болсон бол хариулт нь ч мөн чиний дотор байж байдаг. Харин яаж хариултаа нээх вэ? гэж үү. Өөр лүүгээ ор. Өөрийн дотоод гүнд орших дуу хоолойг сонс, мэдэр. Мэдэрнэ гэдэг үгээр илэрхийлэгдэхэд хэцүү тэр дуу хоолойг сонс. Тэр дэндүү чимээгүй бас их намуухан. Тиймээс түүнийг сонсохын тулд та нар илүү намуухан байх хэрэгтэй болно. Илүү намуухан.



Дэлхийг аврагч супер баатрууд аа! Хүн төрөлхтөн мянга мянган жил энэ л дэлхий дээр төрж, үхэж бас амьдарч ирсэн. Бид энэ он жилүүдэд чухам юуг хийж бүтээв. Бодъё. Бид атомын бөмбөг, аврага том пуужин, асар их хог, аугаа их хийрхэл амбицийг бүтээжээ. Та магадгүй үүнтэй санал нийлэхгүй байж болно. Хамаагүй. Хэн ч санал нийлэхгүй, үүнд анхаарахгүй байлаа гээд мод ургаж, ус ундраад, агаар цэвэршихгүй. Дэлхий дулаарсаар л байна. Магадгүй та аугаа их өөдрөг үзэлтэн байж болно. Зөв. Гэхдээ болно, бүтнэ биз гэсэн хий хоосон өөдрөг сэтгэгдлээс илүү болгоё бүтээе гэсэн бодит харааг дэлхий биднээс гуйж байна. Дэлхий гуйж ядахдаа газар хөдөлгөж, шуурга дэгдээж, хүн төрөлхтөн биднийг ухаараад өгөөч гэж нулимс дуслуулан аврал эрж байна. Дэлхийн нулимс барагдаж гол горхи ширгэж байна. Гэхдээ энэ миний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа зүйл биш юм. Хамгийн ихээр сэтгэл өвтгөж байгаа зүйл бол энэ их гамшиг үнэхээр нүүрлээд байхад харж сэхээрэхгүй, илүү ихийг ухаж, илүү ихийг тасдаж, илүү ихийг үрсээр байгаа хүмүүсийг хараад зүрх минь зовуурилж цээж хөндүүрлэж байна. Энэ ердөө л мэдрэмж. Гэтэл газраа ухуулж, амьтадаа хядуулж, моддоо тайруулсаар хатаж гандан буй дэлхий минь яаж байгаа бол?

Олон зуун жилийн туршид хүн төрөлхтөн өөрийгөө дэлхийн бүтээгч мэт аашилсаар ирсэн. Өнөөдөр ч тийм л байна. Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн л ийм хамгийн тэнэг системээр амьдарч, ёстой харь гаригийн амьтан мэт аашилж, суусан сандлынхаа хөлийг өөрөө хөрөөдөж байна. Найзууд минь нэг удаа тайван суугаад эргэн тойрноо бодитоор харцгаая. Дотоод зүрх сэтгэлийн мэдрэмжээрээ харая. Бид бас олон сайхан зүйлийг бүтээсэн. Дуу хөгжим, бүжиг наадам, уран зураг, үзэсгэлэнт баримал. Бид дандаа л сайн сайхан гэгээлэг зүйлд дуртай байсан. Үргэлж. Мод тайрч, хогоор дүүргэхийг бид хэзээ ч хүсч байгаагүй ээ. Гэхдээ л өнөөдөр ийм зүйл болчихсон байна. Одоо яах вэ? Үе үеийн аугаа гэгээнтэн мэргэд нэг л зүйл дэлхий ертөнцөд амар амгалан, энхтайван байдлыг авч ирнэ гэж. Тэр бол ХАЙР. Магадгүй энэ үгийг сонсохоор танд аль хэдийн мэддэг мэт, аль хэдийн энэ зүйл танд байгаа мэт мэдрэмж төрж болно. Тэгээд та энэ хийсвэр зүйл ертөнцийг аварна гэж үү? Гэж эргэлзэж ч болох юм. Хайр бол дотоод гоо сайхан. Дэлхийг гагцхүү дотоод гоо сайхан аварна гэдэг. Энэ үнэн. Энэ тухай хаанаас ч уншаад мэдэж болно. Харин өөрийн дотоод гоо сайхнаа нээх цаг болсон гэдгийг л та бүхэнд сануулахыг хүсэж байна.

Дэлхийг аврах супермэн, элфийн шидтэн энэ дэлхий дээр 8 тэрбум бий. Тэрний нэг нь та. Харин та яаж тэр ид шид, хүчийг эзэмших вэ? гэвэл зөвхөн өөрийн дотоод гоо сайхнаа нээ. Тэгээд бүх зүйл үнэхээр сайхан болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Бид өнөөдөр улс төр, хүүхдийн 20 мянган төгрөг, татварын тухай бодож маргаж байх зуур, бидний ирээдүйн баталгаа нимгэрсээр л байна. Тэгээд одоо тэр бизнесийг, улс төрчдийг устгах уу? Тэмцэх үү? Үгүй. Ердөө ч тийм биш.

Амьдрал бол урсгал гэдэг үг байдаг. Урсаад л өнгөрнө. Гэхдээ энэ урсгалаар та бидний ирээдүй үр хойч маань ч урсах болно гэдгийг саная. Хэрвээ хүн бүр нэг нэгнээ ялгаварлахаа больж, нэг нэгэнтэйгээ тэгш байдлаар хуваалцдаг бол ямар вэ? Дэлхий дээр оршин буй бүхэн тэгш эрхтэйгээр оршиж, жамын дагуу урсвал магадгүй тэр л диваажин байх. Та бодоод үздээ. Хичнээн харанхуй байсан ч гудамжаар ганцаараа алхахад айх шаардлагаггүй бол, хүүхэд тань хичнээн оройтсон ч санаа зовох шаардлагагүй бол ямар сайхан бэ. Энэ бүхэн боломжгүй гэж та бодож байна уу? Би тэгвэл боломжтой гэж санаж байна. Яаж? Ердөө л та өөрийн дотоод гоо сайхан болсон хайр энэрэл, нинжэн сэтгэлээ нээхэд л хангалттай. Нар шиг, мод шиг, дэлхий шиг, байгаль шиг тийм сайхан нээлттэй байвал. Мод хэзээ ч уул болох гэж тэмүүлдэггүй, чулуу хэзээ ч алт болох гэж зүтгэдэггүй шиг бид ч мөн байгаагаараа байж, буй бүхнийг адил хайрлан хүндэлдэг бол тэр диваажин байх.Энэ дэлхий дээр ганц хүн төрөлхтөн л ийм их төвөгтэй амьдарч байдаг. Хий хоосон хэтэрхий их үгийн сантай. Тэр үг бүр нь дэндүү олон утгатай. Эвгүй хэлбэл буруугаар ойлгож бусдын сэтгэлийг сэвтээх. Өнөөөдөр хүн төрөлхтний сэтгэл дэндүү эмзэг, хийрхэл нь тэнгэрт тулж хамар нь огторгуйд нисэх мэт аугаа их эгог бүтээгч. Найзууд минь дээ. Амьдрал дэндүү богино. Амьтад тийм ч их ярихгүй хэрнээ дэндүү их тайван жаргаж байгаа нь юуных юм бэ? Бид ийм их үг яриатай хэрнээ яагаад ийм өчүүхэн амьдралтай, аз жаргалгүй байдаг юм бэ? Та жаргах эрхтэй үнэн. Гэхдээ өөрийн жаргалыг бусдын зовлонгоор бүтээх шаардлагагүй тийм үү? Харин бусдын жаргалаар өөрийн жаргалыг бүтээвэл ямар вэ?


Таны дотоод гоо сайхан хязгааргүй их хийсвэр орон зайн дундах туйлын бодит үнэн юм шүү. Бүгдийг хайрлаарай.

Нийтлэлийг бичсэн С.Болдбаатар

Wednesday, February 3, 2016

Дотоодын ургал - Сүнслэг мөртүүд



Нүдээ аниад ажигла
Наран адил гэрэл дотоодод тань эгшиглэнэ
Чихээ таглаад сонс
Чанад ертөнцийн аялгуу дотоодоос тань эгшиглэнэ

2013.11.01

                                   *****************

Ертөнцийг гэрэлтүүлэх наран адил гэрэл
Хүний дотоодод ч гэрэлтдэг байх
Хорвоог уяраах хөг аялгуу
Хүний дотоодод ч эгшиглэдэг байх

2013.07.24

                                   *****************

Өгөх авахын хууль лугаа
Өс санан хариугаа авах нь
Үл тасрах үйлийн хэлхээ
Үргэлж мөнхийн гай зовлон
Энэрэн өршөөх нь л
Эцэслэн зогсоох ганц шийдэл
     Амьдрал өөрөө буруутныг шийтгэх тул
     Өрсөж түүнийг залхаан цээрлэж
     Өөртөө бүү үр тарьж үйлээ хэлх
     Амжиж харин хайрлан энэр
     Амьдрал богинохон шүү!

2015.01.11

                                   *****************

Хүсэл тачаалаа гүйцээх нь баяр бус
Хүсэхгүй тачаахгүй нь өөрөө баяр
Хэний ч шунаагүй тэр л амгаланд
Хэний ч санаагүй баясгалан байдаг

2012.07.09

                                   *****************

Сэхээрэл ухамсар хийгээд
Сэтгэлийн амар амгаланг
Хүн төрхтэй бурхад бид
Хүртэн соёрхоно уу!

2012.11.24

                                   *****************

Үхэл хагацал бидэнд хорвоо мөнх бус шүү гэдгийг сануулдаг
Үзэн ядалт, атаа хорсол, уур гомдол хэрэггүй
Алт эрдэнэс, эд хөрөнгө, шунал тачаал ч хэрэггүй
Амжиж л бусдад хайраа түгээхийг сануулдаг

2014.02.23

                                   *****************

Үзэгдэл төдий худал хуурмаг зүйлээр мэлмий болон ухаанаа балартуулж төөрөлдөхийг үл хүснэ
Үл үзэгдэх ч сэтгэл зүрхээрээ мэдэрч, билгүүн ухаанаараа тольдож болох ҮНЭНийг эрэлхийлнэ

2014.01.14

                                   *****************

Гэрээс гарахгүйгээр
Гэгээрэх боломж бий
Төгс туулсан багш, номын цогц, чин сэтгэл гурав байхад л
Тэнсэлгүй дээд орчилд хүрэх боломжтой

2013.04.27



Бүх л хайр эхийн хайран дээр үндэслэдэг
Болзол нөхцөлгүй бас хувиршгүй
Эх хүн үр хүүхдүүдээ ялгадаггүй шиг
Эгээ л адил хүн хүнээ ялгалгүй хайрлаасай

2013.04.14

                                   *****************

Би угаас нүцгэнд дуртай
Үзэл суртал, дүрэм журамд баригдаагүй ҮНЭН
Хир тоосонд бохирдоогүй СЭТГЭЛ
Гоёл чимэг, ганган хувцсанд халхлагдаагүй БИЕ

2013.03.10

                                   *****************

Бүгдийг чөлөөлмөөр байна
Юу ч битгий хоригдог, юу ч битгий хоргодог сэтгэлд минь
Хоосормоор байна, зөвхөн чамаар л дүүрэг гэрэл гэгээ минь

2013.12.26

                                   *****************

Бурхан гэж байдаг бол
Бүхий л амьд оршихуйг энэрэн ивээгч ээж нь байж таарна
Төрүүлсэн эцэг эх маань аргагүй бидний шүтээн
Түмэн амьтныг асран хайрлагч Бурхан бас шүтээн биш гэж үү?

2015.08.27

                                   *****************

Балчиг намаг дунд лянхуа цэцэг шиг байж
Бүүдгэр харанхуй дундаас гэрэл гэгээг харж
Бүдүүлэг мунхаг дундаас үнэнийг л олж сонсохсон

2016.01.17

                                   *****************

Багш минь та
Билиг дээд оюун ухааны ундарга
Барагдашгүй их хайрын далай
Амьсгал бүрт минь та над руу шингэнэ
Алхам бүрт минь та надад замчилна

2013.03.16

                                   *****************

Өөрийгөө хэн ч биш гэдгийг мэдрэх сайхан
Хязгааргүй оршихуйн
Өчүүхэн нэгэн хэсэг хэмээн мэдэрч энгийн байх сайхан
     Өөрийгөө хязгааргүй бүхэлтэй нэгдмэл гэдгийг мэдрэх сайхан
     Хүн болоод бүхий л төрөлтнийг
     Өөрийнхөө нэгэн хэсэг нь хэмээн хайрлах сайхан






Wednesday, December 16, 2015

Цөгөрцөг сам хорхой 3 хэмжээсийг хардаг

Бидний нүд улаан, ногоон, хөх гэсэн гурван өнгийн долгионы ердөө маш нарийн хэсгийг нь л олж харж чаддаг. Учир нь хүний нүдний торлогон бүрхэвч дэх өнгө мэдэрдэг лонхонцор эс нь улаан, ногоон, хөх гэсэн 3 төрөл байдаг ба бид эдгээр 3 өнгөний нэгдлүүдээс үүсэх ямар ч өнгийг ялган хардаг. Мөн бидний нарны шил зүүхэд гялбах төдийд үзэгддэг гэрлийн туйлшралыг зөгий нисэж байхдаа ашигладаг ба мөн хэт ягаан туяаг ч харж чаддаг байна. Гэвч түүнээс ч илүүг харж чаддаг нэгэн амьтан манай гариг дээр бий, тэр бол цөгөрцөг сам хорхой. Цөгөрцөг сам хорхой нь хэт ягаан туяан дахь долгионы гэрэл болон хэт улаан туяаны солонгон өнгө төдийгүй гэрлийн туйлшралын хоёр хэлбэрийг харж чаддаг амьтан юм. Тэгэхээр хүн төрөлхтөн бидний нүдэнд дэлхий ертөнц бараг л бүхэлдээ харагддаггүй мэт.


Байгалийн энэхүү өвөрмөц, үзэсгэлэнтэй бүтээл нь Стоматопод гэгдэх хавчны төрлийн эртний төрөл зүйл амьтан юм. Тэдний нүд өөрөө хөдлөх ба тус бүр нь аливааг 3 хэмжээсээр хардаг. Хүн төрөлхтөн 3 төрлийн өнгө ялгах харааны эстэй бол бол цөгөрцөг сам хорхой 12 төрлийн өнгө ялгах харааны эстэй ба хэт улаан туяанаас хэт ягаан туяа руу чиглэх долгионыг ч харж чаддаг байна. 

Пф.Жастин Маршал хэлэхдээ: "25 жилийн өмнө би энэ амьтны харааны тогтолцоо нь хиймэл дагуултай илүү адилхан болохыг олж мэдсэн юм. Манай гариг дээр тэдэн шиг харах чадвартай амьтан өөр байхгүй" гэв.

Гэрлийн туйлшрал нь бидний хувьд ойлгоход төвөгтэй, учир нь бид түүнийг харж чаддаггүй. Харин цөгөрцөг сам хорхой нь гэрлийн туйлшралын хоёр хэлбэр болох шулуун ба тойрог гэрлийг харж чадна. Тэдний өнгөний ертөнц бяцхан тархинд нь их л гайхшрал төрүүлдэг байх даа.


Нарны гэрэл нь туйлшраагүй ба цацраг нь бүхий л чиглэлд тархдаг, Харин усанд тусвал усны гадаргуу дээр шугаман чиглэлд тархаж хэвтээ гэрлийн туйлшрал бий болно. Туйлшрамтгай нарны шил нь босоо хэлбэрийн туйлшрамтгай шүүлтүүртэй байдаг. Энэ нь шүүлтүүрээрээ хэвтээ гэрлийг тасласнаар гэрлийн хурц гялбаа сарнин арилна. Шугаман гэрлийн туйлшрал усны гадаргуу дээр сарниад буцаад доош туссанаар тойрог гэрлийн туйлшрал бий болдог. Цөгөрцөг сам хорхой бол гэрлийн туйлшралын шугаман ба тойрог хэлбэрийн хоёуланг нь харж чаддаг цорын ганц амьтан юм.

DVD болон хөх туяатай диск нь 1/4 долгионт хавтан (энэ нь түүгээр дамжин өнгөрсөн гэрлийг өөрчилдөг хавтан юм) хэмээх шүүлтүүр ашигладаг. Гэвч энэ нь зөвхөн ганц л долгионы урт дээр нөлөөлнө. Цөгөрцөг сам хорхойн нүдэн дэх 1/4 долгионт хавтан нь бүхий л долгионы урт дээр нөлөөлдөг. Гэрлийн туйлшралын өөр өөр төрлүүдийг ялгаж харж чаддаг цөгөрцөг сам хорхой нь 3 хэмжээсийг харж чаддаг гайхалтай амьтан юм.

Нүдэнд харагдаж гарт баригддаг зүйлдээ л итгэе гэхээр хүн төрөлхтөн бидний харж чаддаг зүйл гэж дэндүү өчүүхэн юм даа. Зэрэгцээ ертөнц хүртэл нүдэнд харагдахгүйгээр бидэнтэй зэрэгцээд л оршиж байдаг. Махан биеийг л харж, нарийн биеүдийг ч харж чадахгүй байхад зөвхөн нүдэнд харагдах зүйлдээ л итгэнэ гэдэг дэндүү муйхарлал юм даа..

Эх сурвалж: http://www.abc.net.au