Monday, November 16, 2015

Бясалгалын тухай шүлэглэхэд

Амьдралынхаа хожуу үеэс л гэгээрлийн зам мөрт орно гэж хойш тавьдаг хүмүүс өөрийнхөө хэд наслахыг мэддэг гэж үү? Тэглээ гэхэд гэгээрлийн зам мөрт орсон даруйдаа л гэгээрчихнэ гэж үү? Амьдралын мөн чанарыг таниж ухаарахад цаг хугацаа шаардагдана, танисныхаа дараа жинхэнэ утгаар амьдарч, гэгээрлийн зам мөрөөр замнана гэдэг нь өөрөө урт удаан аялал юм. Утга учиртайгаар амьдарч эхлэх мөчөө заавал хойш тавих хэрэг бий гэж үү?

Бясалгал гэдэг бие, хэл, сэтгэлийн үйлдлийн давтамж
Бас тэгээд сэтгэлийг жолоодох урлаг, ухаан
Бүр цаажилбал амьддаа үхэж сурах арга техник
Бурхантай ярилцах цаг, түүнтэй нэвтрэх чимээгүй хэл
            
            Биеэр үйлдэх дасагл нь биеийг эрүүлжүүлэх бясалгал
            Байнга хэлээр давтах тарни нь явдлыг засах шидэт үгс
            Бодлоор хийх төвлөрөл нь сэтгэлийг таних түлхүүр
            Булт эдгээр үйлүүд бясалгалын гадаад ялгамж чанар

Сэтгэлийг жолоодох гэдэг бие, хэлийг удирдахын үндэс
Сэтгэлийг таних урлаг нь дотоод руугаа төвлөрөх бясалгал
Сэтгэлийг хянах арга бол байнгын сэрэмж ухамсар
Сэтгэлийг удирдахын зорилго нь бясалгалын дотоод мөн чанар

            Бясалгалын энгийн зорилт нь эрүүл байхын хүсэл
            Бясалгалын удаах түвшин бол шидийг олох сэтгэл
            Бясалгалын дээд зорилго нь зовлонгоос ангижрах явдал
            Бүгд эдгээрийн оргил нь гэгээрэл ба нирвааны зам мөр

Бясалгал гэдэг шашин, шүтлэг бус сэтгэлийн дасгал
Бясалгал бол итгэл үнэмшил ч бус арга техник
Бясалгал нь ашиг хонжоо ч бус биеэ удирдах урлаг
Бясалгал гэдэг ухаарал, хайр, амгалангийн үүд

             Бясалгалын оршил хэсэг үхэл, мөнх бусын ухаарал
             Бясалгалын эхний гараа нь магад гарахуйн сэтгэл
             Бясалгалын өрнөл үе нь билиг ухааныг танихуй
             Бясалгалын тайлал, төгсгөл нь бодь сэтгэлийг олохуй буюу гэгээрэл

Өлзийтогтохын Батболд
2012.06.21