Sunday, November 22, 2015

Маргаашийн өнөөдөр

Саяхан би хорооллын "Номин" плазагийн ард явж байгаад хогийн пункерийн дэргэд ээжтэйгээ хөтлөлцөн яваа жаахан охиныг хараад цээж хоолойгоор нэг зүйл жирэлзээд л, хоолой зангираад л явчихлаа. Яг энэ агшинд надад маргаашийн өнөөдрийн тухай төсөөлөл харамсал зэрэгцэн орж ирсэн юм. Би болон бид маргаашийн ирээдүй болсон үр хойчдоо чухам юу үлдээгээд байна аа? Пепси, коланы хоосон сав, архины шилээр дүүрсэн пункер үү, химийн бодисоор дүүрсэн амттан, хүчлээр дүүрсэн ундаа юу, бохирдсон агаар, хордсон хөрс үү? Энэ асуулт миний зүрхийг зүсэх шиг л болсон. Хөөр баяртайгаар бидний өмнөөс инээх, бидэнд итгэж найдах бяцхан үрсийн маань итгэл дүүрэн харц хэзээ унтрах бол оо гэсэн айдас намайг бүрхэв. Энэ зөвхөн миний зовнил биш гэдгийг хараад та нөхдөдөө өөрийн өчүүхэн бодлыг түүвэрлэн хүргэхээр шийдлээ.

“Маргаашийн ирээдүй өнөөдрөөс илүү сайхан байна гэдэгт итгэдэг” хэмээн ноён ерөнхийлөгчийн хэлэхийг олон удаа сонссон. Гэхдээ өнөөдөр, маргаашийг зөвхөн “итгэж байна” гэсэн хоосон лоозонгоор яавч засаж залруулахгүй юм байна гэдгийг бодит байдлаас харлаа. Яах вэ, бидний итгэлийг жилээс жилд эвдэн буниулдаг улс төрчдийн тухай би яримааргүй байна. Бидэнд итгэж буй мянга мянган бяцхан үрсийн итгэл дүүрэн амьдралын тухай бодитой үйлдлийг хийх тэр цаг.  Эргэн тойронд маань болж буй бүхнийг  сайтар ажвал юмс дэндүү ихээр доройтож, түүнд нь бид өдрөөс өдөрт дасан зохицоод анзаарахаа ч больж угаасаа л ийм байдаг мэтээр л бодон амьдарцгааж байна. Бид хаана амьдардаг вэ? Бидэнд өөр амьдрах газар бий юу? Бидний үр хүүхэд хаана амьдрах вэ? Бид юугаар хооллож ямар орчинд амьдрах вэ? ЯАЖ?


Энэ олон асуултын хариултыг хэн өгөх вэ? ХЭН? Үнэндээ надад ч төгс хариулт алга. Гэхдээ боломж байгааг харж байна. Ямар? Хэрвээ бид яг одоо хийж буй сонголт бүртээ хариуцлагатай хандаж чадвал маргаашийн өнөөдөр хог багатай, хор багатай, харьцангуй эрүүл байх болно. Хэрвээ хүүхдийн тань ирээдүй таны өнөөдрийн сонголтоос хамаарч байгаа бол та яах вэ?
Энэ асуултыг хүн бүр өөрөөсөө асуу. Хамтдаа сонгуульд санаа зовж, солонгос киноны гарах цагийг хүлээгээд суух уу? Эсвэл яг одоо босоод хөргөгчөө нээгээд хогын саваа нэг хараач гэж хэлмээр байна. Дэлхий өдрөөс өдөрт дундарсаар байна. Бид хэрэглэсээр. Бид аз жаргалтай амьдрах эрхтэй. Гэвч бидэнд үр хүүхдийнхээ хоолыг булааж хог тарьж үлдээх эрх байхгүй гэж бодож байна. Өдөр бүхэн өнөөдөр байдаг үнэн. Гэхдээ таны өнөөдрийн сонгосон ундааны чинь сав маргаашийн өнөөдөрт хог болон үлдэнэ гэдгийг санаарай. Бид үр хүүхдэдээ хайртай гэдэг ч яаж хайрлаж байгаадаа анхаардаггүй, анзаардаггүй. Хэрвээ та эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол ирээдүйд ч бас аз жаргал хэрэгтэй гэдгийг сана. Хүүхдийнхээ хоолыг булааж иддэг эцэг эхчүүдээр дэлхий дүүрсэн тэр цагт магадгүй нөгөөдөр сүүлчийн өдөр байх биз. Гэхдээ ахиад л тэд итэж байна, бид ч итгэсээр ирсэн.

Оюун ухаант Хүн бид маргаашийн төлөө, өнөөдрийн төлөө яг одоо сонголтоо зөв хийж ирээдүйдээ уул, ус , ургамал, амьтан, эрүүл дэлхийг үлдээх боломжоо ашиглая. Нам хөөж, тушаал горилон амбиц хөөж явах зуур агаар нь бохирдож, ус нь ширгэж, модод шатсаар. Хүн та үүнийг хэзээ сэхээрэх вэ? Сэхээрчлээ. Тэгээд ЯАХ вэ? гэж үү. Хэрвээ та энэ бүхнийг харсан бол юу хийхээ мэднэ.... Бид хэдий болтол телевизийн рекламанд нүдээ боолгож чихээ таглуулах вэ таминь ээ. Одоо болно, рекламыг минь үзсэнд баярлалаа. Үр хүүхдээ ирээдүйгээ анхаар, эх дэлхийгээ анхаар. Өөрийгөө анхаар.
Хамаг эрчим хүчээ шавхаж дуусчихаад тоггүй болвол ухаалаг утаснууд гэрэлтүүлж хоолыг маань чанахгүй л болов уу.

























Ашгийн компани байгуулчихаад компанийхаа алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлдог хэрнээ яагаад байгаль дэлхий, хойч ирээдүйнхээ алсыг харж чадахгүй байна вэ? Авахын төлөө, хязгааргүй хэрэглээгээ хангахын төлөөх хүмүүний би үзэл, шуналаас болж л байгаль амьтад сүйдэн тарчилж байна гэхээр бид шунал гээч аймшигт мангаанаасаа бага ч болов ангижирч болохгүй гэж үү? Аз жаргал, эрх чөлөө гэдэг нь миний хувьд ихиийг эдэлж хэрэглэж, дураараа дургихын нэр биш, харин бүх зүйлд бодитоор хандаж ухамсартайгаар шийдвэр гарган, сонголтоо хийх гэж боддог. Эс бол бид зүгээр нэг сэтгэл хөдлөлийнхөө боол нь болоод түүндээ захирагдаж амьдарч байгаа хэрэг бус уу...?

Ямар мэргэжил эзэмшиж, ямар сургууль төгссөнөөр нь биш, харин ямар шийдвэр гаргаж, сонголт хийж байгаагаар нь тухайн хүний боловсролыг хэмжвэл илүү зүй зохистой мэт.

Нийтлэл бичсэн: С.Болдбаатар