Sunday, November 22, 2015

Маргаашийн өнөөдөр

Саяхан би хорооллын "Номин" плазагийн ард явж байгаад хогийн пункерийн дэргэд ээжтэйгээ хөтлөлцөн яваа жаахан охиныг хараад цээж хоолойгоор нэг зүйл жирэлзээд л, хоолой зангираад л явчихлаа. Яг энэ агшинд надад маргаашийн өнөөдрийн тухай төсөөлөл харамсал зэрэгцэн орж ирсэн юм. Би болон бид маргаашийн ирээдүй болсон үр хойчдоо чухам юу үлдээгээд байна аа? Пепси, коланы хоосон сав, архины шилээр дүүрсэн пункер үү, химийн бодисоор дүүрсэн амттан, хүчлээр дүүрсэн ундаа юу, бохирдсон агаар, хордсон хөрс үү? Энэ асуулт миний зүрхийг зүсэх шиг л болсон. Хөөр баяртайгаар бидний өмнөөс инээх, бидэнд итгэж найдах бяцхан үрсийн маань итгэл дүүрэн харц хэзээ унтрах бол оо гэсэн айдас намайг бүрхэв. Энэ зөвхөн миний зовнил биш гэдгийг хараад та нөхдөдөө өөрийн өчүүхэн бодлыг түүвэрлэн хүргэхээр шийдлээ.

“Маргаашийн ирээдүй өнөөдрөөс илүү сайхан байна гэдэгт итгэдэг” хэмээн ноён ерөнхийлөгчийн хэлэхийг олон удаа сонссон. Гэхдээ өнөөдөр, маргаашийг зөвхөн “итгэж байна” гэсэн хоосон лоозонгоор яавч засаж залруулахгүй юм байна гэдгийг бодит байдлаас харлаа. Яах вэ, бидний итгэлийг жилээс жилд эвдэн буниулдаг улс төрчдийн тухай би яримааргүй байна. Бидэнд итгэж буй мянга мянган бяцхан үрсийн итгэл дүүрэн амьдралын тухай бодитой үйлдлийг хийх тэр цаг.  Эргэн тойронд маань болж буй бүхнийг  сайтар ажвал юмс дэндүү ихээр доройтож, түүнд нь бид өдрөөс өдөрт дасан зохицоод анзаарахаа ч больж угаасаа л ийм байдаг мэтээр л бодон амьдарцгааж байна. Бид хаана амьдардаг вэ? Бидэнд өөр амьдрах газар бий юу? Бидний үр хүүхэд хаана амьдрах вэ? Бид юугаар хооллож ямар орчинд амьдрах вэ? ЯАЖ?


Энэ олон асуултын хариултыг хэн өгөх вэ? ХЭН? Үнэндээ надад ч төгс хариулт алга. Гэхдээ боломж байгааг харж байна. Ямар? Хэрвээ бид яг одоо хийж буй сонголт бүртээ хариуцлагатай хандаж чадвал маргаашийн өнөөдөр хог багатай, хор багатай, харьцангуй эрүүл байх болно. Хэрвээ хүүхдийн тань ирээдүй таны өнөөдрийн сонголтоос хамаарч байгаа бол та яах вэ?
Энэ асуултыг хүн бүр өөрөөсөө асуу. Хамтдаа сонгуульд санаа зовж, солонгос киноны гарах цагийг хүлээгээд суух уу? Эсвэл яг одоо босоод хөргөгчөө нээгээд хогын саваа нэг хараач гэж хэлмээр байна. Дэлхий өдрөөс өдөрт дундарсаар байна. Бид хэрэглэсээр. Бид аз жаргалтай амьдрах эрхтэй. Гэвч бидэнд үр хүүхдийнхээ хоолыг булааж хог тарьж үлдээх эрх байхгүй гэж бодож байна. Өдөр бүхэн өнөөдөр байдаг үнэн. Гэхдээ таны өнөөдрийн сонгосон ундааны чинь сав маргаашийн өнөөдөрт хог болон үлдэнэ гэдгийг санаарай. Бид үр хүүхдэдээ хайртай гэдэг ч яаж хайрлаж байгаадаа анхаардаггүй, анзаардаггүй. Хэрвээ та эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол ирээдүйд ч бас аз жаргал хэрэгтэй гэдгийг сана. Хүүхдийнхээ хоолыг булааж иддэг эцэг эхчүүдээр дэлхий дүүрсэн тэр цагт магадгүй нөгөөдөр сүүлчийн өдөр байх биз. Гэхдээ ахиад л тэд итэж байна, бид ч итгэсээр ирсэн.

Оюун ухаант Хүн бид маргаашийн төлөө, өнөөдрийн төлөө яг одоо сонголтоо зөв хийж ирээдүйдээ уул, ус , ургамал, амьтан, эрүүл дэлхийг үлдээх боломжоо ашиглая. Нам хөөж, тушаал горилон амбиц хөөж явах зуур агаар нь бохирдож, ус нь ширгэж, модод шатсаар. Хүн та үүнийг хэзээ сэхээрэх вэ? Сэхээрчлээ. Тэгээд ЯАХ вэ? гэж үү. Хэрвээ та энэ бүхнийг харсан бол юу хийхээ мэднэ.... Бид хэдий болтол телевизийн рекламанд нүдээ боолгож чихээ таглуулах вэ таминь ээ. Одоо болно, рекламыг минь үзсэнд баярлалаа. Үр хүүхдээ ирээдүйгээ анхаар, эх дэлхийгээ анхаар. Өөрийгөө анхаар.
Хамаг эрчим хүчээ шавхаж дуусчихаад тоггүй болвол ухаалаг утаснууд гэрэлтүүлж хоолыг маань чанахгүй л болов уу.

























Ашгийн компани байгуулчихаад компанийхаа алсын хараа, эрхэм зорилгыг тодорхойлдог хэрнээ яагаад байгаль дэлхий, хойч ирээдүйнхээ алсыг харж чадахгүй байна вэ? Авахын төлөө, хязгааргүй хэрэглээгээ хангахын төлөөх хүмүүний би үзэл, шуналаас болж л байгаль амьтад сүйдэн тарчилж байна гэхээр бид шунал гээч аймшигт мангаанаасаа бага ч болов ангижирч болохгүй гэж үү? Аз жаргал, эрх чөлөө гэдэг нь миний хувьд ихиийг эдэлж хэрэглэж, дураараа дургихын нэр биш, харин бүх зүйлд бодитоор хандаж ухамсартайгаар шийдвэр гарган, сонголтоо хийх гэж боддог. Эс бол бид зүгээр нэг сэтгэл хөдлөлийнхөө боол нь болоод түүндээ захирагдаж амьдарч байгаа хэрэг бус уу...?

Ямар мэргэжил эзэмшиж, ямар сургууль төгссөнөөр нь биш, харин ямар шийдвэр гаргаж, сонголт хийж байгаагаар нь тухайн хүний боловсролыг хэмжвэл илүү зүй зохистой мэт.

Нийтлэл бичсэн: С.Болдбаатар

Monday, November 16, 2015

Бясалгалын тухай шүлэглэхэд

Амьдралынхаа хожуу үеэс л гэгээрлийн зам мөрт орно гэж хойш тавьдаг хүмүүс өөрийнхөө хэд наслахыг мэддэг гэж үү? Тэглээ гэхэд гэгээрлийн зам мөрт орсон даруйдаа л гэгээрчихнэ гэж үү? Амьдралын мөн чанарыг таниж ухаарахад цаг хугацаа шаардагдана, танисныхаа дараа жинхэнэ утгаар амьдарч, гэгээрлийн зам мөрөөр замнана гэдэг нь өөрөө урт удаан аялал юм. Утга учиртайгаар амьдарч эхлэх мөчөө заавал хойш тавих хэрэг бий гэж үү?

Бясалгал гэдэг бие, хэл, сэтгэлийн үйлдлийн давтамж
Бас тэгээд сэтгэлийг жолоодох урлаг, ухаан
Бүр цаажилбал амьддаа үхэж сурах арга техник
Бурхантай ярилцах цаг, түүнтэй нэвтрэх чимээгүй хэл
            
            Биеэр үйлдэх дасагл нь биеийг эрүүлжүүлэх бясалгал
            Байнга хэлээр давтах тарни нь явдлыг засах шидэт үгс
            Бодлоор хийх төвлөрөл нь сэтгэлийг таних түлхүүр
            Булт эдгээр үйлүүд бясалгалын гадаад ялгамж чанар

Сэтгэлийг жолоодох гэдэг бие, хэлийг удирдахын үндэс
Сэтгэлийг таних урлаг нь дотоод руугаа төвлөрөх бясалгал
Сэтгэлийг хянах арга бол байнгын сэрэмж ухамсар
Сэтгэлийг удирдахын зорилго нь бясалгалын дотоод мөн чанар

            Бясалгалын энгийн зорилт нь эрүүл байхын хүсэл
            Бясалгалын удаах түвшин бол шидийг олох сэтгэл
            Бясалгалын дээд зорилго нь зовлонгоос ангижрах явдал
            Бүгд эдгээрийн оргил нь гэгээрэл ба нирвааны зам мөр

Бясалгал гэдэг шашин, шүтлэг бус сэтгэлийн дасгал
Бясалгал бол итгэл үнэмшил ч бус арга техник
Бясалгал нь ашиг хонжоо ч бус биеэ удирдах урлаг
Бясалгал гэдэг ухаарал, хайр, амгалангийн үүд

             Бясалгалын оршил хэсэг үхэл, мөнх бусын ухаарал
             Бясалгалын эхний гараа нь магад гарахуйн сэтгэл
             Бясалгалын өрнөл үе нь билиг ухааныг танихуй
             Бясалгалын тайлал, төгсгөл нь бодь сэтгэлийг олохуй буюу гэгээрэл

Өлзийтогтохын Батболд
2012.06.21

Thursday, November 12, 2015

Петер Дюновын алтан эрины талаарх зөгнөл


Хэдэн аравхан жилийн өмнө амьдарч байсан Болгарын их Мастер Петер Дюновын айлдсан зөгнөл нь Нарны их Мастер Махаватар Бабажигийн зөгнөл бас Крайоны мэдээлэлтэй ч давхцаж байгаа юм. Мөн библи дээр дүрслэгдсэн үйл явдлууд ч үүнд орж байна.

Гадагшаа төвлөрч, бүх анхаарлаа гаднах юмс үзэгдэлд хандуулдаг байсан бол одоо дотогшоо төвлөрч, сүнслэг хөгжилдөө анхаарал хандуулах цаг болжээ.

Энэхүү линкээр холбогдож юу гэж зөгнөсөн талаар уншиж сонирхоно уу. http://mongolwisdom.wix.com

Friday, October 30, 2015

НҮБ-ын Энх Тайвны элч Леонардо ДиКаприогийн илтгэл

2014 онд Нью Иорк хотод Нэгдсэн Үндэсний Байгууллага Цаг уурын талаарх чуулга уулзалт дээр НҮБ-ын Энх Тайваны элч Леонардо ДиКаприо хүрэлцэн ирсэн төлөөлөгч, тэргүүнүүдэд хандаж нээлтийн үг хэлжээ. Түүнийг байгаль орчин болоод ан амьтдыг хамгаалагч, идэвхтэй тэмцэгч төдийгүй тэднийг хамгаалах үйлсэд их хэмжээний мөнгөн хандивыг байнга зориулдаг ариун үйлстэн гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Нээлтийн энэ үгээрээ ч тэрээр үзэл бодлоо хурцаар илэрхийлсэн юм.



Ноён ерөнхий нарийн бичиг болон энд хуран цугларсан зочид, ноёд хатагтай нарт баярлалаа. Энд байгаа минь миний нэр төрийн хэрэг билээ, би та бүхний өмнө мэргэжилтний хувиар биш сэтгэл зовнидог иргэн хүний хувиар зогсож байна. Ням гаригт Нью Иоркийн гудамжинд жагссан 400.000 хүний нэг, цаг уурын гамшгийг шийдвэрлэхийг хүсдэг дэлхийн хэдэн тэрбум хүмүүсийн нэг билээ. Жүжигчин хүний хувьд би амьдрахыг эрмэлздэг. Би голдуу уран зөгнөлийн асуудлуудын шийдлийг олдог кинон дээр уран зөгнөлт дүрийг бүтээдэг. Хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлтийг "Хэрэв энэ худал зүйл бол, хэрэв цаг уурын өөрчлөлт мэтээр харагдаж байгаа энэ бүхэн үнэн биш бол ямар нэгэн байдлаар байхгүй болчих байх" гэсэн маягаар бодож байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ бид үүнээс илүү зүйл мэдэж байгаа гэж боддог. 7 хоног тутам бид бүхэн гарцаагүй цаг уурын үзэгдэл гэхээр олон янзын зүйлүүдийг харж байгаа нь цаг уурын өөрчлөлт энд яг одоо эрчимтэйгээр явагдаж байгаагийн нотлогоо юм. Хуурайшил нэмэгдэж, далай тэнгис бүлээсч, хүчиллэгжиж, гүнээс нь метаны хий оргилон гарч байна. Агаарын хэм нэмэгдэж, Зүүн Антарктидын болон Гренландын мөсөн давхарга урьд хожид үзэгдээгүй түвшинд хүртлээ хайлж, шинжлэх ухааны төсөөллөөс ч хэдэн арван жилээр түрүүлж явагдаад байгаа цаг уурын үзэгдлүүдийг бид харж байна. Эдгээрийн аль нь ч зүгээр нэг гоёмсог үг бус, мөн нэг нь ч хоосон хэнээрхэл биш ээ. Энэ бол баримт. Шинжлэх ухааны нийгэмлэг ч үүнийг мэднэ, бүр АНУ-н цэргийн хүчнийхэн хүртэл мэдэж байгаа.

Америкийн усан цэргийн Номхон Далайн багийн ахлагч, цэргийн жанжин Самуэл Локлийр (Samuel Locklear) саяхан хэлэхдээ цаг уурын өөрчлөлт бол бидэнд учрах хамгийн том аюул гамшиг юм гэсэн байдаг. Хүн төрөлхтний түүхэнд магадгүй хамгийн олноороо цуглан амьдарч буй нөхөд минь ээ, одоо бидэнд хэцүүхэн боловч биелүүлэх боломжтой үүрэг даалгавар тулгарлаа. Та бүхэн түүхээ үргэлжлүүлж болно, эсвэл золиос болоод хоцорсон ч болно. Тодруулж хэлэхэд энэ нь ердөө гэрлийнхээ шилийг солих юм уу гибрид машин худалдаж авах тухай яриа биш юм шүү. Энэхүү гамшиг нь хувь хүн бүрийн хийсэн сонголтуудаас урган гарч ирсэн. Тэдгээр нь бидний үйлдвэрлэл, дэлхий дахины төр засгийн эрс шийдэмгий байдал, нүсэр хэмжээний үйлдлүүд болно. Харин одоо бол бидний үйлдэл хийх мөч.

Бид засгийн газраас нүүрс, хий, болон тосны компаниудад олгодог тэтгэмжийг болиулах хэрэгтэй. Эдийн засгийн чөлөөт зах зээл нэрээр бохирдуулагч үйлвэрүүдэд олгогдсон үнэгүй эрхийг нь эцэслэх хэрэгтэй. Тэдэнд бидний татварын мөнгийг хүртэх гавьяа байхгүй, харин бидэнд тэднийг нэгжиж судлах эрх бий. Хэрэв экосистем маань доройтчихвол эдийн засаг нь өөрөө сүйрнэ шүү дээ.

Сайн мэдээ гэвэл сэргээгдэх эрчим хүч нь боломжтой төдийгүй сайн эдийн засгийн бодлого юм. Энэ бол намчирхагч нэгний мэтгэлцээн бус, харин хувь хүмүүний хандлага юм шүү. Цэвэр агаар, ус, тааламжтай уур амьсгал зэрэг нь хүний эрхийн салшгүй хэсэг нь билээ. Энэхүү хямралыг шийдвэрлэх нь улс төрийн асуулт биш, энэ бол амьдрахын төлөө хийх бидний асуулт юм.

Энэ бол хамгийн тулгамдсан цаг үе, хамгийн яаралтай мэдээллүүд юм. Хүндэт төлөөлөгчид өө, дэлхийн удирдагч нар аа, би амьдрахыг эрмэлзэж байна. Харин та нар эрмэлзэхгүй байна. Ням гаригт хүмүүс дэлхий даяар дуу хоолойгоо өргөсөн бөгөөд энэ хөдөлгөөн зогсолтгүй үргэлжлэнэ. Одоо харин та бүхний ээлж, хүн төрөлхтний оршин амьдрах хамгийн том сорилтонд нь хариулт өгөх цаг. Та бүхнээс үүнд зоригтойгоор нүүр тулаарай, шударга хандаарай гэж гуйж байна. Баярлалаа.

Monday, October 12, 2015

Хөгжин цэцэглэлт - Матрицаас ангижрахуй

Хүмүүс заримдаа үнэнийг сонсох дургүй байдаг. Учир нь тэд өөрсдийн хуурмаг үзлээ сүйрүүлэхийг хүсдэггүй.
~Фриедерик Ниецще



Өөрийнхөөрөө сэтгэж, өөрийнхөөрөө байж эрх чөлөөгөө эдэльюү гэтэл бусад хүмүүс юу гээд бодчих бол гэсэн айдсыг тээсээр нийгэмд хэвшсэн нэг хэв загвар, ягшмал үзэл баримтлалыг хүн төрөлхтөн бид дагасаар иржээ. Хэрэв тэрхүү хэв загвар, үзэл баримтлал улам бүр уйтан, гүехэн болсоор байвал бид ердөө цөөхөн үйлдлийн тохиргоотой робот л болно гэсэн үг. Гэсэн ч амьтай голтой л юм хойно эрх чөлөөгөө эдлэхийн хүсэл зорилгоо гүйцэлдүүлэхийн төлөө зүтгэсээр л явах нь дамжиггүй. Харин хэвшмэл хэв загвар, ягшмал үзэл маримтлал нь өөрөө улам бүр жижгэрч тархийг маань улам бүр агшаах тусам бидний хүсэл тэмүүлэл, эрх чөлөөний эрэлхийлэл юун дээр очиж тогтох бол гэдгийг та нэг төсөөлөөд үз дээ! Адгуус амьтдаас ч ялгагдахгүй, магадгүй тэднээс ч дор хүн сүрэг болчихвол... харамсаж гэмшье гээд ч сэтгэл үгүй, аврал эрэн залбиръя гээд ч итгэл үгүй болчихсон байх вий...

Маш их мөнгөтэй, маш хүчтэй, нөлөө бүхий маш цөөхөн хүмүүс биднийг зориудаар хясан боомилж, байж болох бүх сувгуудыг ашиглан дарамтлаж, үнэмшилтэй, итгэлтэй санагдахуйц тогтолцооны гажуудлыг бий болгоод түүнийгээ чангалдаг бүс шиг улам бүр чангалж хавчиг формд оруулаад байхаар бид ийм өрөвдөлтэй байдалд оролгүй л яах вэ дээ. Хяналттай мэдээлэл, маркетинг зар сурталчилгаагаар бидний тархийг шувтан угаачихаар бид үнэнээс хоцрогдож, хуурмагт итгэж, үнэн худлыг шүүх чадвараа алдаж мөн биднийг шунал нь үл барагдах хязгааргүй хэрэглэгч болгон хувиргаж байна.

Үнэн гэж итгэж байсан бүхэн худал болж, итгэхгүй эсэргүүцэж байсан бүхэн үнэн бөгөөд шийдэл нь болж хувирдаг эрт урьдын жишээнүүд энэ удаад ч үнэнд гүйцэгдээд ирэхийн цагт давтагдах нь яриангүй. Үнэнийг хүлээн зөвшөөрөхөөсөө ч айж, матрицын тоглоомд хууртагдаж байх хооронд маш ноцтой баримтуудыг зоригтойгоор дэлгэж олон нийтийн хүртээл болгож байгаа "Хөгжин Цэцэглэлт" хэмээх баримтат киног үзэхийг та бүхнээс хүсэж байна. Бид юунд хууртагдаад явна вэ, бид юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэх мэтчилэн магадгүй бидний бодож байгаагүй олон асуултуудын хариултуудыг өгөхөөс гадна энэ утсан хүүхэлдэйний амьдралаас гарах арга зам, шийдэл нь юу вэ гэдгийг ч мэдэж авах юм. Энэ баримтат киног бүтээсэн хүн эрдэмтэн судлаач хүний хувьд өөрийн олж илрүүлсэн бүхий л үнэнийг дэлгэх учир таны хувьд анхан шатны сэхээрлийг олгох байх. Магадгүй та амьдралын утга учрын талаар илүү гүнзгийрүүлэн бодоход хүрвэл дотоодоос тань гэгээрүүлэх арга зам ч мөн таны өмнө нээлттэй бий шүү гэдгийг дашрамд хэлмээр байна.

Амьтай, сэтгэлтэй бүхэн эрх чөлөө, амар амгалангаа олох болтугай!
Алтан дэлхий минь дайнгүй, зөрчилгүй, энх тайван оршин тогтнох болтугай!


Жич: Баримтат киног монгол дээр дуу оруулж 10 хэсэгчилж тавьсан байгаа. Танд таалагдвал илүү олон хүнд дамжуулж хүртээл болгоорой гэж хүсье!
Энэ киног бүтээсэн хүмүүс болон монгол хэл дээр дуу оруулсан Соён Гэгээрүүлэгч сувагт гүн талархаж байна.

Дэлгэрэнгүйг: http://www.youtube.com/watch?v
http://www.thrivemovement.com/

Saturday, September 5, 2015

Нарны нууц

Өндөр боловсрол эзэмшиж, дээгүүр албан тушаал ажил эрхлэж, амжилт олж зорилгодоо хүрнэ гэсэн хүсэл мөрөөдөл өнөө үеийн хамгийн түгээмэл хүсэл мөрөөдөл болжээ. Алдар нэр, эд хөрөнгийг эзэмшсэн хүн дэлхий дээр чамгүй олон, тэдэн шиг болохыг хүссэн хүмүүс ч төдий олон. Хүсэл мөрөөдөл гэхээс илүүтэй нийгмийн өгөгдөл гэлтэй. Харин өөрөө өөрийгөө танихаас эхлээд орчлонгийн түмэн нууцуудаас тайлж, дэлхий дээр ховорхон учрах гэгээн багш нарын цаглашгүй хайр энэрэл, билиг оюуны ундаргаас хүртэхийг хүсэгчид харин хичнээн олон бол? Эхний мөрөөдөгчидтэй харьцууламгүй цөөхөн гэдгийг статистик судлагаа гаргах шаардлагүйгээр хүн бүр хүлээн зөвшөөрнө. Цөөхөн байдгийн нэгэн шалтгаан нь магадгүй нийгмийн тогтсон үзэл санаанаас гажиж галзуу мэт харагдахыг хэн хүн хүсдэггүйтэй холбоотой болов уу. Өөрийн дотоод мөн чанараа таньж, дэлхий сансар огторгуйтай шүтэлцэн барилдаж, оршнон амьдрах төгс шийдлээр замнах нь харин сүнсний өгөгдөл гэлтэй...

Дотоодын мөн чанараараа бүхий л ертөнцтэй холбогдож шинжлэх ухаанаар батлаж чадаагүй зүйлийг ч дотоод туршлагаараа батлан оноож чаддаг тэдгээр гэгээн багш нарын нэг болох нарны их бясалгагч Ума Шанкарын ертөнцийн нууцаас тайлсан ярилцлагыг та бүхэндээ хүргэе.
Бид яагаад тархиныхаа ердөө 2-хон хувийг ашигладаг, үлдсэн 98 хувийг нь ашиглах боломжоо хэрхэн олж авах, физик хоол ундгүйгээр хүн үнэхээр амьд явах боломжтой юу, хүний бие махбодыг бүрдүүлэгч 5 махбод болоод түүний тэнцвэр, цаг хугацаа яаж эхлэсэн болоод минутанд яагаад 60 секунд байдаг, сансрын хар нүх гэж юу болох, эртний төрөлтнүүд болох динозаврууд яагаад устаж үгүй болсон, дэлхий дээр юуны учраас аюул гамшиг тохиож байгалийн тэнцвэр алдагдаад байна вэ, түүнийг зохицуулах шийдэл нь юу вэ? зэрэг сонирхолтой болоод чухал мэдээллүүдийг Ума Шанкар гэгээнтэн энэхүү ярилцлагадаа хамруулсан байна.

Бидэнд бурханы хүч олгогдсон байлаа ч ухамсар дорой бол тэр хүчийг буруу чигт ашиглаж аливааг сөнөөж ч мэднэ гэж "Матери ба ухамсрын хөгжлийн тэнцвэр" гэсэн нийтлэл дээр дурьдсан байсныг энэ ярилцлага дээр ч мөн дурьдсан байна. Мөн Никола Теслагийн 3, 6, 9 тоонуудын гайхамшгийн учгийг ч бас тайлсан юм шигээ.. 30 орчим орны хэл дээр орчуулгатай ба үүнд монгол хэл ч орсон байгаа.


Tuesday, August 18, 2015

Дурлалын бичээс


Утсанд хэлхсэн хос шүр шиг
Цохилох зүрх минь чинийхтэй хамт
Урсах мөрөн далайд цутгах шиг
Цус минь чинийхтэй хамт

                                                 ****************

Чам руу хүрч ядсан зүрх
Цогцосоо гээгээд биед чинь шингэмээр
Бие сэтгэлд чинь уусан шингэмээр
Борхон зүрхэнд чинь давхар цохилмоор

                                                 ****************

Анх хараад мэдсээн би таньсан
Аль нэг төрөлдөө учирч байсныг
Харин чи намайг таних болов уу?
Халуун дулаан, танил дотно санагдах болов уу?

                                                  ****************

Зүүдэндээ учрах болов уу
Зөрөг зам дээр таарах болов уу
Зүйрлэмгүй тохиол бүрдэх юм болов уу
Зөнгөөрөө биенээ таних юм болов уу...??

                                                   ****************

Хамаг бүхнээ чамд даатгаад
Хайранд чинь эрхлэн жаргахсан
Алдрай биеэ чамд л даатгаад
Алган дээр чинь бөмбөрөн эрхлэхсэн

                                                    ****************

Хясаа сувдаа хамгаалдаг шиг
Хайрандаа намайг өлгийдөөч
Ховор эрдэнийн чулуу шиг
Хорвоод би л ганцхан чинийх

                                                    ****************

Дурсан санах бодолд чинь
Дуугүй өнгөрөх сэтгэлд чинь
Сэмхэн ажиглах харцанд чинь
Сэрүүн унтаа зүүдэнд чинь...
Би байдаг болов уу?

                                                     ****************

Тасарсан сувдан хэлхээ шиг
Тэнгэрийн оддыг асгартал
Түрлэгэндээ ширүүсэн давалгаалах мэт
Тэнгисийн усыг цалгитал...
Намайг эзэмдээч!

Дулимагхан сараачсан бичээсүүдээ харахаар
Дурлал гээч зүйл тэр чигээрээ л уянгын халил юм даа
Дэрвүүн сэтгэлийг минь хөдөлгөж чадсан хүн амьдралд цөөхөн ч
Дурлал мэдрүүлсэн зүрх бүхэнд баярлалаа :)