Sunday, March 22, 2015

Зуу дахь сармагчны нөлөөлөл























"Зуу дахь сармагчны нөлөөлөл" хэмээх бодит түүх нь 1985 онд анхлан хэвлэгдсэн "Соёлын өөрчлөлтийн стратеги" номын 10-р хуудсанд нийтлэгдсэн байна. Зохиолч: Элэйн Маяерс

Соёлын хувьсалд хүрэх замыг товчлох алтан түлхүүр гэж байдаг болов уу?

"Зуу дахь сармагчин" түүх нь нийгмийн өөрчлөлтөд хүрэх арга зам хэмээн олон нийтэд нэлээд хүрсэн байна. Энэхүү түүх нь Хойд Японы арал дээр сармагчинд хийсэн туршилтаас бий болсон ба үүний гол санаа нь гэвэл нийт хүн амын дундаас хангалттай хэсэг нь ямарваа нэг шинэ үзэл санаа юм уу ёс суртахуун олж авбал үзэл суртлын нэвтрэл бий болж тэрхүү шинэ мэдлэг нь ямар нэгэн харилцаа холбоо юм уу гаднах туршлагагүйгээр оюун ухаанаас оюун ухаан руу шууд холбогдох ба ингэснээр бүхий л хүн ам аяндаа тэрхүү мэдлэгийг хүртэх юм. "Бидний хангалттай хэсэг нь ямар нэг үнэнийг олж авбал тэр нь хүн бүрт хүрэх болно гэсэн үг юм" (Ватсон. 148-р хуудас)

Энэ бол маш сэтгэл хөдлөм ба итгэж болохуйц үзэл санаа гэдгийг би олж мэдсэн юм. Хэв загвар, хэлбэр, биет нь өөрсдөө ямар ч энергигүй харин энергийг дүрсжүүлэн илрүүлдэг. Тухайн биет нь хичнээн өргөн хэмжээнд тархсан байна тэр хэмжээгээрээ физик түвшинд нөлөөлнө. Бид ирээдүйн төлөө ялангуяа дайн биш энх тайван дээр суурилсан ирээдүйг бий болгоход аль боломжтой эерэг хувилбаруудын нотолгоог дэмжиж "Зуу дахь сармагчин"-ы түүхийг дурьддаг юм. Хэрэв бидний хангалттай хэсэг нь зүгээр л эерэг зүйлс боддог бол гэнэт л гайхамшиг тохиож тэр нь нийгэм даяар биеллээ олох болно.

1958 оны эхэнд арал дээрх залуу сармагчингууд бүгдээрээ амтат төмсийг угааж сураагүй байлаа. 1958 оны 3 сараас 19 залуу сармагчны 15 нь (2-7 насны) болон насанд хүрсэн 11 сармагчны 2 нь амтат төмсөө угаадаг болов. Ингээд энэхүү шинэлэг зан төлөв нь гэр бүл болон найз нөхдийн харилцаагаар дамжин цааш тархжээ. Ихэнх залуу сармагчингууд нь хагас ой, ой болон 2 ойтойдоо амтат төмс угаахыг сурсан байна. Залуу сармагчингуудтай бага харилцаа холбоотой байдаг 4-өөс илүү настай эр сармагчингууд төмс угаах чадварыг хараахан эзэмшээгүй байв.

1950-иад он гэхэд амтат төмс угаах нь тийм ч шинэлэг зүйл биш болсон байв. Тэрхүү зан төлвийг эзэмшсэн залуу сармагчингууд өсөж томрон үр хүүхэдтэй болцгоожээ. Шинэ үеийн хүүхдүүд ээжийгээ даган дуурайдгийн адилаар амтат төмс угаахыг ч мөн сурцгаалаа. 1962 оны 1-р сар гэхэд Кошима арал дээр буй 1950 оноос өмнө төрсөн сармагчингуудаас бусад бүх сармагчингууд амтат төмсөө угааж иддэг болов. Тэдгээр хуучин үеийн сармагчингуудын зарим нь л хүүхдүүдээ дуурайн төмсөө угаахыг сурсан байна. Харин бусад нь халтар төмсөө идсээр л байлаа. Хуучин үеийнхэн өөрсдийн өсөх насандаа сурсан үзэл санаанаасаа салахгүй түүнтэйгээ зууралдаж хоцорно. Хуучин үеийнхэн тэрхүү чангаагаад байгаа үзлээсээ татгалзах хүртэл шинэ үзэл санаа түгээмэл болж чадахгүй, харин залуу үеийнхэн шинэ үзэл санаан дунд өсөн торниж байлаа.

Нарийн тоог нь мэдэхгүй ч Кошима арал дээр эхлээд 99 сармагчин төмсөө угааж иддэг болсон гэж бодоё. Яг зуу дахь сармагчин төмсөө угааж иддэг болсноор тэрхүү арал дээрх бараг бүх сармагчин төмсөө угааж иддэг болсон байна. Зуу дахь сармагчны өөрчлөлт нэмэгдсэнээр оюун санааны нэвтрэлийг бий болгожээ.

Хамгийн хачирхалтай нь эрдэмтэд сармагчны төмсөө угааж идэх энэ зуршил далайн цаадах өөр нэг арал дээр ч мөн хийгдэж байгааг ажиглажээ. Тодорхой тооны төрөлтөн оюун санааны сэхээрэлд хүрвэл тэрхүү сэхээрэл нь оюун ухаанаар дамжин холбогддог болохыг ийнхүү батлан харуулав.

Харин тэр тодорхой тоо нь үнэндээ хэд ч байж болох ба энэхүү "зуу дахь сармагчин" гэдэг нь хүн төрөлхтний тодорхой тоотой хэсэг нь л ямар нэг шинэ үзлийг мэддэг болвол тэдгээр хүмүүсийн ухамсарт шинж нь хадгалагдан үлдэж болох юм.

Дахиад нэг л хүн тэрхүү шинэ оюун санааны сэхээрлийг олвол илүү их хүч нэмж улмаар бүх хүмүүс тэр сэхээрлийг олж авах юм. Хүн бүр л дэлхийг өөрчлөхийг хүсдэг. Харин эхлээд өөрөө өөрчлөгд, өөрөө гэгээр гэдгийн учир энэ байж.

Хөгшин сармагчнууд шиг тархи нь чулуужиж оюун ухаан нь өгөршсөн биш шинэ бүхнийг хүлээн авах сийрэг нээлтэй, гэгээлэг сэхээлэг байцгаая.

"Ухамсрын сэхээрэл бол хүн төрөлхтний хувьслын дараагийн алхам юм" гэж нэгэн алдарт зохиолч Экхарт Толле (Eckhart Tolle) хэлсэн байна. Та хувьслын дараагийнхаа алхамд бэлэн үү?


Эх сурвалж: http://expandedconsciousness.com
                   http://www.context.org


Saturday, March 7, 2015

Таны амьдралыг үнэлэх үнэлэмж сохор, дүлий бас хэлгүй хүнийхээс хэр илүү вэ?


Амьдралаас ургасан амжилт ба гайхалтай түүхүүдээс цуврал болгон хүргэж байгаа билээ. Хараатай, сонсголтой ч харалган, дүлий бас дотоод мэдрэмж нь унтаа... энэ бол хүний хэвийн л шинж байдал болчихож. Харин сохор, дүлий бас хэлгүй нэгэн хүний амьдралыг хэрхэн үнэлж хэрхэн мэдэрдэг байсан тухай нэгэн түүхийг сонордуулж байна.

Сохор, дүлий хүмүүсийн боловсоролд маш чухал нэгэн жишээ болсон хүн бол Америкийн зохиолч болон бол овсолын салбарын зүтгэлтэн Хелен Келлер байсан юм. Тэрээр дөнгөж 19 сартай байхдаа сохор бас дүлий болжээ. Дараагаар нь ярих чадвараа ч мөн алдсан байна. Келлер бага наснаасаа эхлэн итгэмээргүй өөрчлөгдөн тэсэхийн аргагүй дүрсгүй охин болон өсч байв. Ойд амьдардаг зэрлэг араатан шиг л авирладаг байлаа. Өөрт таалагдаагүй зүйлийг шууд л шидэлж хагалан, бүх юмыг л эвдэлж хэмхлэн, хоол идэхдээ хүртэл ам руугаа баруун солгойгүй чихэж үнэхээр ой гутмаар авирладаг байв. Энэ байдлыг нь болиулж засах гэж оролдсон тохиолдолд яг л галзуурсан мэт уурлаж хашгичин ойр тойрныхоо хүмүүсийг хараан зүхдэг байсан ажээ.

Сохор охиныг зургаан нас хүрэхэд эцэг эх нь Александр Грахам Белл дээр очин охиныхоо ирээдүйн боловсрол төлөвшлийн талаар зөвлөгөө авчээ. Тэгээд өмнө нь сохор байж байгаад эмчилгээ хийлгэн бага зэрэг сайжирсан Перкинсийн хараагүйчүүдийн сургуулийн төгсөгч Энн Мэнсфилд Салливаныг охиныхоо багшаар авахаар болсон байна.

Энэ бяцхан зэрлэгийг хүн болгох хэцүү даалгаврыг авсан 20-хон настай залуухан бүсгүй охиныг хөлөөс нь толгой хүртэл өөрчилж чаджээ.

Хелен хэсэг хугацааны дараа хурууныхаа өндгөөр тэмтэрч уншихыг суран дараа нь Салливаны хоолойд гараа хүргэн мөгөөрсөн хоолойн хөдөлгөөнийг мэдрэн ярьж сурсан байна. Тодорхой хугацаа өнгөрсний дараа жирийн сургалтын хөтөлбөрөөр боловсрол олж чадах хэмжээнд иржээ.

Үүний дараа Кэмбрижийн Редклиф коллежед элсэн оров. Багшийн зааж байгаа хичээлийг Салливан сонсоод Хелены гар дээр шууд хуруугаараа дүрслэн бичсээр Хелен 1904 онд үнэмлэхгүй амжилттайгаар сургуулиа төгссөн байна.

Тэр сургуулиа төгссөнийхөө дараа бүхий л цаг зав, хүчин чармайлтаа хараагүй болон сонсголгүй хүмүүст зориулан ажилласан байна. Энэ талаар ном бичин хэвлүүлж, семинар зөвлөгөөн зохион байгуулж дэлхийн олон орнуудаар аялан явж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслаж тэднийг сургууль соёлтой болгохын тулд бүхнээ зориулсан байна.

Түүний хүрэлцэх мэдрэхгүй нь үнэхээр хүчтэй байв. Хуруугаараа хэн нэгний уруулд нь хүрээд л түүний юу хэлж байгааг ойлгодог, гараа төгөлдөр хуурын товчлуур, хийлийн утсанд хүргээд тухайн хөгжмийг мэдэрч чаддаг байв. Нэг удаа түүнтэй гар барин мэндэлсэн бол 5 жилийн дараа атгахад хэн болохыг нь таньдаг. Тэр ч бүү хэл уйтгар гунигтай байна уу, аз жаргалтай байна уу гэдгийг шууд хэлж чаддаг байжээ.

Завь сэлүүрдэн, усанд сэлж, ой модонд морь унан зугаалдаг байв. Тэр хараагүй, дүлий байгаадаа хэзээ ч гуньж гутарч байсангүй. Харин хүний дууг л сонсохыг маш их хүсдэг байсан ажээ.

Сохор дүлий хэмээн тэр гуйлга гуйж бусдын гар харж амьдарсангүй, харин маш сайн боловсролын зүтгэлтэн, багш, зохиолч болон түүхийн хуудсанд нэрээ үлдээсэн юм. Зарим хүмүүс түүнийг дэлхийн 8 дахь гайхамшиг хэмээн тодорхойлсон байдаг.

Марк Твений XIX зууны хамгийн сонирхол татам хүн гэж хэлсэн энэ дайчин эмэгтэй "Эрүүл хүмүүс жилд ганц, хоёрхон өдөр хараагүй сонсголгүй болдогсон бол харанхуйд, харахын үнэ цэнийг, анир чимээгүйд сонсохын баяр баясгалан гэж юу болохыг илүү сайн ойлгоно доо гэж би хааяа боддог юм" гэсэн байдаг.

Хэрэв хэдхэн өдөр ч болов харж чадах байсан бол тэр юуг харахыг хүсэх байсан бол гэсэн асуултад тэр ийнхүү хариулж байна "Эхний өдөр нь надад сайн үйл хийж, намайг дэмжиж туслан амьдралыг минь улам утга учиртай болгосон хүмүүсийг харахыг хүсч байна. Хэн нэгнийг харах нь ямар мэдрэмж төрүүлдэг болохыг би мэдэхгүй. Зөвхөн тэдэнд хүрч нүүрний хэлбэр маяг зэргээр нь уйтгартай байна уу, хөгжилтэй байна уу гэдгийг нь хэлж мэднэ. Харж чаддаг хүмүүс үнэхээр "харж" чадаж байна уу, нүдээ үнэхээр ашиглаж чадаж байна уу. Хайртай хүмүүсийнхээ нүүрний хэлбэр, нүдний өнгө зэргийг сайн мэддэг болов уу. Тиймээс би хамгийн хайртай хүмүүсээ бүгдийг нь дуудаад тэдний нүүрийг харах байсан. Дараа нь дөнгөж төрсөн хүүхдийг харахыг хүсэж байна. Түүний тэр цэвэр ариунаас нь бага ч болов өөртөө шингээхийн тулд. Дараа нь номнуудыг харахыг хүсч байна. Тэр орой нар бусад өдрүүдийнхээс илүү гайхамшигтай үзэсгэлэнтэйгээр жаргаасай гэж Бурханд залбирах байсан. Тэгээд нүдээ хэзээ ч цавчилгүйгээр энэ бүхнийг харах байсан. Маргааш өглөө нь нар мандахыг ширтэж, дараа нь хүн төрөлхтний бүтээсэн урлагийн гайхамшигт бүтээлүүдийг харах байсан" гэжээ.


Амь бүхэн үнэ цэнэтэй. Хүн бол хүч. Хүн ямар ч байж болно, харин эцэстээ тэр хэн ч болж болно... гэх мэт олон утга санаануудыг энэхүү түүх агуулж чаджээ. Хүнийг үнэлэх үнэлэмж болон амьдралыг үнэлэх үнэлэмжээ бид дахин нэг тунгаах хэрэгтэй болов уу...

Эх сурвалж: "Амьдралаас ургасан амжилтууд" номоос

Tuesday, March 3, 2015

СитиБанкны дэд ерөнхийлөгчийн тайзыг эзэгнэсэн агуу илтгэл

Леэр Хаан нэгэн орой хадан цохион дээр зогсож байхдаа сохор Гүнтэн Глосэстэрээс ийн асуужээ "Чи хорвоо ертөнцийг хэрхэн хардаг вэ?" гэхэд Гүнтэн хариуд нь "Би мэдрэмжээрээ хардаг" гэжээ. Бид ч гэсэн тэгэх хэрэгтэй биш гэж үү?

Амьтад хоолны цэснээс хасагдах ёстой, учир нь тэд нядалгааны газарт, өргөст торонд, хайрцган дотор хэрцгийлэл дунд шаналан орилолдож байна. Сэтгэл өвтгөм өөдгүй жигшүүртэй харгислал.

Эцгийг минь үхэлд хүргэсэн хорт хавдар биеийг нь мөхөөж, үхэж буй аавынхаа орилох дууг би сонссон юм. Энэ орилох чимээг урьд өмнө сонсож байснаа би санав. Нядалгааны газар тасарсан шөрмөс, шаналсан нүднүүд, Дундад Тэнгисээр хөвөх мал тээвэрлэж буй усан онгоцнууд, гинжит жадаар тархиндаа цөм цохиулсан үрээ гэсээр хашгирах үхэж буй эх халим. Тэдний орилох дуу яг л аавын минь орилох дуу байсан. Бид яг адилхан зовж шаналдаг гэдгийг би ухаарч мэдсэн юм.

Мах бол шинэ төрлийн шөрмөсөн чулуу юм - тамхинаас ч хор хөнөөлтэй. Мал аж ахуйн үйлдвэрлэлээс гарч байгаа нүүрстөрөгч, метаны хий, азотын исэл нь далайг маань хүчлээр сөнөөж, хүчил төрөгчөөр дутагдсан үхмэл орчныг бий болгож байна. Жижиг загаснуудын 90% нь малын тэжээлийн бордоо болж байна. Өвсөн тэжээлтэн үхрүүд одоо бол дэлхийн хамгийн том далайн махчин болчихлоо. Бидний энэ цаг үед далай тэнгис сөнөж байна. 2048 он гэхэд бүх загаснууд үхэж үгүйрэх болно. Дэлхийн артери болон уушги шүү дээ тэд чинь. Дэгдэн үсрэх түм бум дэгдээхийнүүд зүгээр л эр хүйстэйгээсээ болоод амьдаараа нухашлагдаж байна.

Дэлхий дээр 100 тэрбум хүн амьдарч байжээ. 7 тэрбум нь одоо амьдарч байна. Долоо хоног тутам 2 тэрбум амьтдыг тарчлаан хөнөөж байна. Нэг л төрөл зүйлтний үйлдлүүдээс болж жил тутам 10,000 төрөл зүйлээр тэр чигээрээ устаж байна. Бид одоо гариг эрхсийн түүхэнд зургаа дахь томоохон сүйрэлтэй нүүд тулаад байна. Ийм зүйлийг хийдэг аливаа организмыг биологич хүн бол вирус гэж нэрлэх байх. Энэ бол хүн төрөлхтний эсрэг төсөөлшгүй том ноцтой хэрэг юм.

Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. 10 жилийн өмнө твиттер нь шувууны жив жив хийх чимээ байсан, www нь компьютерийн наалдсан товчлуур байсан, Cloud (үүл) нь тэнгэрт л байсан, 4G нь машины зогсоол л байсан, гүүгл нь нялх хүүхдийн хэрхрэлт, Ал Кайда нь манай слесарь л байсан юм даа (инээлдэв). Виктор Хюго "Цаг нь ирсэн хэн нэгний үзэл санаанаас илүү хүчтэй зүйл гэж байдаггүй" гэж хэлсэн байдаг.

Боолчлолыг халснаас хойш Амьтны Эрх нь нийгмийн шударга ёсны хамгийн том асуудал болоод байна. Дэлхий дээр 600 сая орчим ургамлан хоолтнууд байдаг. Энэ нь АНУ, Англи, Франц, Герман, Испани, Итали, Канад, Автрали, Шинэ Зеланд орнуудын хүн амыг нийлүүлснээс ч илүү. Хэрэв бид нэг үндэстэн байсан бол Европын холбооны 27 улсаас ч том байхаар байна.

Гэсэн ч бид одоо болтол хэрцгийгээр ан хийж, буудаж мөн асуулт биш байсан ч хэрцгийллийг энэ бүхний хариулт гэдэгт итгэдэг хүмүүсийг хөнөөсөөр байна. Мах нь амьтдыг хөнөөдөг, биднийг хөнөөдөг мөн эдийн засгийг ч хөнөөж байна. Эмнэлгийн үйлчилгээ нь Америкийг аль хэдийнээ дампууруулсан. Тэд хуримтлагдсан богино хугацааны зээлийнхээ ердөө хүүг нь төлөхийн тулд 8 их наяд доллар төлөх хэрэгтэй болно. Тэгэхээр тэдэнд яг 0 мөнгө үлдэж байгаа юм. Тэд бүх сургууль, арми, тэнгисийн цэргийн хүч, агаарын хүчин, усан флот, Холбооны мөрдөх товчоо болон Тагнуулын ерөнхий газраа хаасан ч түүнийгээ төлж чадахгүй. Корнелл болон Харвардын их сургуулиуд эрүүл мэндэд тустай махны тохиромжтой хэмжээ нь тэг '0' гэж үзэж байна.

Ус бол шинэ үеийн тос. Удахгүй үндэстнүүд үүний төлөө дайтах болно. Усаар дүүрэх гэж олон сар жил болсон газар доорх давхарга одоо хуурай болж байна. Нэг килограмм үхрийн мах бий болгохын тулд чандмань эрдэнийн уснаас маань 50,000 литрийг зарцуулдаг. Өнөөдөр 1 тэрбум хүн өлсгөлөнд автаж байна. 20 сая хүн өлгөлөнгөөс болж үхэхэд хүрч байна. Махныхаа хэрэглээг ердөө 10%-иар багасгахад л 100 сая хүнийг хооллож чадна. Махны хэрэглээг багасгавал өлсгөлөн хэзээ ч бий болохгүй.

Хэрэв хүн бүр Өрнөдийн дэглэмээр хооллодог болчихвол бүгдийг нь тэжээхийн тулд бидэнд хоёр дэлхий хэрэгтэй болно. Бидэнд нэг л дэлхий байгаа ба тэр маань одоо үхэж байна. Мал аж ахуйгаас гарч байгаа хүлэмжийн хий нь онгоц, галт тэрэг, усан онгоц, завь зэрэг тээврийн хэрэгслүүдийнхээс 50%-иар илүү. Буурай орны хүмүүсийн гаран дээр нь хүүхдүүд өлсөж байхад тариа буудайгаа Өрнөдийнхөнд худалдаж байна. Харин тэд түүгээр нь малаа бордож байна. Тэгээд бид стейк идэж чадаж байна гэж үү? Үүнийг ноцтой хэрэг гэж үзэж байгаа хүн нь ганцхан би гэж үү? Надад итгээрэй, бидний идэж буй махны хэлтэрхий бүр нь өлссөн хүүхдийн нулимсандаа халтартсан нүүр рүү нь алгадаж байгаа. Тэдний нүд рүү харсан би дуугай байх гэж үү? Байгаль дэлхий маань биднийг хэрэгтэй бүхнээр хангаж чадна. Харин хүн бүрийн шуналыг л хангаж чадахгүй.

Бид маш хүчтэй шуургатай нүүр тулаад байна. Хэрэв аливаа үндэстэн гариг дэлхий дээр сүйрэл авчрах зэвсгүүд хөгжүүлж байвал бид тэдэнд давуу эрхтэй цэргийн хүчний цохилт өгөх юм уу Хүрэл зэвсгийн үе рүү бөмбөгдөх болно. Энэ бол башир арга биш ээ. Энэ бол үйлдвэрлэл. Сайн мэдээ гэвэл бид тэднийг бөмбөгдөх шаардлагагүй. Харин бид зүгээр худалдаж авахаа л болих хэрэгтэй.

Жорж Бушийн буруу байсан. Чөтгөрийн эзэн Ирак, Иран, Хойд Солонгосоор эргэлдэж гүйгээд байгаа юм биш. Тэр бидний хоолны ширээн дээр эргэлдэж байна. Олноор нь сүйтгэдэг зэвсэг бол бидний хутга сэрээ юм. Бидний санал бол ирээдүйн Шведийн Армийн Хутга - энэ нь бидний байгаль орчин, ус, эрүүл мэндийн асуудлуудыг шийдэж харгислалыг эцэслэх болно.

Чулуун зэвсгийн үе дуусаагүй, учир нь бид чулуугаа барж дуусгаагүй байна. Харгислалт үйлдвэрүүд зогсох болно, учир нь бидний тэднийг уучлах өршөөл барагдчихаад байна. Мах бол яг л 1 эсвэл 2 центийн зоостай адил. Харин түүнийг бий болгоход өөрийнх нь өртгөөс илүү их үнэ шаардагддаг. Тариаланчид бол хамгийн ихийг хүртдэг хүмүүс. Тариалан хэзээ ч зогсохгүй, харин хөгжих болно. Зөвхөн бүтээгдэхүүний нэр төрөл нь л өөрчлөгдөнө. Тариаланчид бүр тоолж ч барахгүй тийм их хэмжээний мөнгийг олох болно. Засаг төр биднийг хайрлах болно. Шинэ аж үйлдвэрүүд гарч ирж хөгжин дэлгэрэх болно. Эрүүл мэндийн даатгалын хураамж огцом буурах болно. Эмнэлэгт дугаарлан зогсдог байдал үгүй болно. Бид үнэхээр эрүүл болно, оршуулах ёслол хийе гэвэл хэн нэгнийг буудах л хэрэг гарна даа. (Ёжлол: эрүүл мэндийн шалтгаанаас хүн үхэхгүй гэсэн утгатай) (инээлдэв)

Тэгэхээр надад хоёр уриалга байна: 1. Мах нь өргөн тархсан зүрхний өвчин болон хорт хавдруудын шалтгаан. Тэдний ядаж нэг нь ургамлан хоол идсэнээс болсон тохиолдол байна уу? 2. Би "Хүн дэлхий" хэмээх гурван цуврал бүтээлийг санхүүжүүлж байгаа. Хэрэв тэд өөрсдийн эсэргүү үйлдэлдээ үнэхээр баттай зогсож байгаа бол би тэднийг "Хүн дэлхий" DVD үзэхийг хүсэж тэдэн рүү болон тэдний бүх хамтрагчид, үйлчлүүлэгчид рүү нь илгээх болно. Та бүхнийг уриалж байна, ургашаа!

Амьтад бол зүгээр нэг өөр төрөл зүйл биш. Тэд бол өөр үндэстэн юм. Харин бид түүнийг өөрсдөдөө хор хөнөөл авчрахын төлөө хөнөөж байна. Энх тайвны зураглал үнэндээ бол хоолны цэсэн дээр зурагддаг. Энх тайван гэдэг нь зөвхөн дайныг зогсоохын нэр биш. Энэ бол шударга ёс тогтоохын нэр. Гарал угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, төрөл зүйл дээр шударга ёс үнэхээр сохор байх юм. Хэрэв сохор биш байсан бол тэр л өөрөө аймшигт зэвсэг байх байлаа. Төсөөлөхийн аргагүй аймшигт терроризм тэдгээр нядалгааны газруудад болж байна. Хэрэв нядалгааны газар шилэн цонхтой байсан бол бид энэ орой ийм зүйлийн талаар яриад сууж байхгүй байлаа.

Өөр нэгэн ертөнц байдаг гэдэгт би итгэдэг. Анир чимээгүй шөнө би түүний амьсгалж байгааг сонсдог. Амьтдыг хоолны цэснээсээ хасцгаая, тэднийг хэрцгийлдэг аймшигт өрөөнүүдээс гаргацгаая. Дуу хоолойгоо илэрхийлж чаддаггүй тэдгээрийн төлөө саналаа өгцгөөе. Баярлалаа.

Tuesday, February 24, 2015

Хүн гэдэг хязгаар үгүй орчлонд хүслээ туурвигч бурхан юм уу?

Амьдралаас хүсэх зүйл олон ч
Хайраас илүү нь үгүй юм
Хорвоод хүмүүс олон ч
Амьдарч байгаа нь цөөхөн юм
        Хорвоо дээр би амьдрахыг хүснэ
        Хүмүүсийг би хайрлахыг хүснэ
Хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй шиг
Хайранд хил хэмжээ бий гэж үү?
Хүн тэгвэл өөрөө цаглашгүй хүч тийм үү?
Хязгаар үгүй орчлонд хүслээ туурвигч бурхан юм уу?
        Хүслээрээ би диваажинг бүтээхийг хүснэ
        Хайраар би хөглөгдөхийг хүснэ
        Хорвоо дээр би цацрахыг хүснэ нар адил
        Хариу нэхдэггүй хайрыг түгээхийг хүснэ
Энэ хүсэл минь амьдрах шалтгаан юм бол
Эгэл энэ ертөнцийг диваажин болтол
Ирэн буцан дахин дахин төрж
Эгнэшгүй хайрыг бусадтай хуваалцахыг хүснэ
2014.11.17

Saturday, February 14, 2015

Үзэгдэл төдийд үл хууртан Үнэнийг эрэлхийлж амьдарцгаая


Амьдралын хатуу үнэн гэж боддог бүхэн, бодитой гэж боддог бүхэн, үнэн бус атлаа амьдрал дээр хэргэжээд байгаа бүхэн жинхэнэ бөгөөд туйлын үнэн байх албагүй. Амьдралд тогтсон эдгээр хэлбэр болоод үзэгдэл болгон, бидний үзэл суртал болгон цор үнэнийг илтгэхгүй. Хязгааргүй орчлон, өргөн уудам хорвоогийн юуг нь ч бид таньж мэдээгүй байна. Тэр өргөн уудам мэдлэг, билиг оюунаас хүртсэн өчүүхээн хэсгийн хүрээнд хөвөрч буй амьдралын хэлбэр, үзэгдлийг үнэн бодитой гэж дүгнэвэл бидний тэмүүлээд хүрэх хязгаар нь тийм өчүүхэн юм гэж үү? Жишээ нь, ямар ч болзол нөхцөлгүй хайр гэж байдаг ч тэр нь амьдрал дээр хэргэждэггүй бол огт байдаггүй гэсэн үг болох уу? Зугаатай санагдах хэдий ч хов ярьж хүн муулах, архидах гэх мэт нь зугаа цэнгэлийн дээд хэлбэр үү? Үг яриа үйл хөдлөлөөр илрэх хүний дотоод сэтгэлийг зөвхөн хэлбэр төдий өнгөц дүгнэж шүүмжлэх нь бодит үнэнийг хэр онох вэ? Тэгэхээр бидний бодит гээд байгаа бүхэн үнэндээ ямар ч бодигүй хуурамч. Зүгээр л бидний оюун санааны хязгаарлагдмал түвшинд төөрөлдсөн үзэгдэл. Энэ өчүүхэн хүрээнд эргэлдэх биш, алс хязгаар нь үл тодрох тэр билгүүн ухаан гэгээрлийн охь шимийг бага багаар ч болов хүртэж хүнийхээ хувьд ч ухамсар төгөлдөр нэгэн бүрэлдэхүүн болвол бидний одоогийн бодитой гэж боддог бүхэн, үйлдэл бүхэн маань ямар өчүүхэн дорой байсныг ойлгоно. Мах идэх болохоороо дээд уураг гэж ярих дуртай хэрнээ, дээд ухамсрын түвшнийг яагаад эрэлхийлэхгүй байна вэ? Хүн гутааж доромжилдог, хов ярьдаг, хөгийн маазрал гэх мэт энэ сэтгэхүйнээсээ гарч ухамсрын илүү дээд түвшнийг эрхэмлэвэл амьдрал илүү сайхан болох юм шиг санагдахгүй байна уу? Аливааг бодитойгоор харах билгийн нүдээ хурцлая! Бидний өмнө ухамсрын илүү өндөр түвшин битгий хэл төгс гэгээрэл ч үүд хаалга нь нээлттэй, цаглашгүй гэрлээр биднийг тосон угтаж байдаг гэдгийг түүнд хүрсэн олон гэгээнтнүүд хэлж сургасаар ирсэн юм шүү дээ.

Дэлхийг сэхээрүүлсэн Чарли Чаплины агуу илтгэл

Та бидний сайн мэдэх алдартай жүжигчин, тэр дундаа алиа хошин инээдмийн жүжигчин ийм чухал царайгаар, хурц дуу хоолойгоор ийм чухал асуудлын тухай илтгэл тавьж байна гэхээр сонин санагдаж байгаа байх. Тийм ээ, тэр бол тухайн цаг үеийнхээ соён гэгээрүүлэгч нь байжээ. Тэр жинхэнэ ардчилагч бас оюунлаг, ухамсарлаг бас гэгээлэг хүн байж.

1940 онд өөрийнх нь зохиож, найруулж бас өөрөө тоглосон "Агуу дарангуйлагч" (The Great Dictator) хэмээх улс төрийн хошигнолт кинон дээр Чарли Чаплин энгийн нэгэн Еврей үсчний дүр болон Гитлерийн дүрийг зэрэг бүтээдэг. Гитлерийн дарангуй, түрэмгий зан авирыг их хошноор элэглэн дуурайх ба киноны төгсгөлд Еврей үсчин Гитлерийн дүрд хувирч цэргүүдэд хандан үг хэлдэг. Киноны хамгийн оргил яг энэ хэсэг дэлхий дахиныг сэхээрүүлнэ. 70 орчим жилийн тэртээ түүний хэлсэн энэхүү үг нь одоо ч бидний ой ухааныг сэхээрүүлэхүйц хүчин төгөлдөр хэвээр байна. Тэгэхээр хөгжил гэдэг зүйлийг бид буруу тодорхойлчихоод бух шиг зүтгээд байгаа юм биш биз?

Намайг уучлаарай, би эзэн хаан байхыг хүсээгүй юм шүү. Тэр бол миний хийх ажил биш. Би хэнийг ч захирч, байлдан дагуулахыг хүсэхгүй байна. Хэрэв боломжтойсон бол би бүгдэд туслахыг хүсэж байна: Еврей ч бай Еврей биш ч бай, хар арьстан, цагаан арьстан бүгдэд нь. Бид бүгд л өөр бусдад туслахыг хүсдэг шүү дээ. Бид бүгд л бие биенийхээ зовлон шаналалаар биш харин аз жаргалаар амьдрахыг хүсдэг. Бид бусад нэгнийгээ үзэн ядаж, гадуурхахыг хүсдэггүй. Энэ дэлхий дээр хүн бүхэнд зориулагдсан орон зай бий. Энэ сайхан дэлхий маань баян бөгөөд хүн бүрийг хангаж тэтгэж чадна. Бидний амьдралын харгуй бол гайхамшигтай бөгөөд эрх чөлөөтэй, даан ч бид энэхүү зам харгуйгаа алджээ.

Шунал хүн төрөлхтний сэтгэлийг хордуулж, үзэн ядалт дэлхий ертөнцөд үймээн дэгдээж, биднийг аймшигт зовлон шаналал, цус урсгалт тийш илгээлээ. Бид хурдацтай хөгжиж буй мөртлөө тэндээ өөрсдийгөө түгжчижээ. Баян тансаг байдлыг авчирсан машин техник бидэнд хүсэл хэрэгцээ гэдэг зүйлд унагасан. Бидний мэдлэг боловсрол өөрсдийг маань ичгүүргүй болгов. Бидний оюун ухаан өөдгүй бас харгис хатуу. Бид маш их бодож, маш бага мэдэрдэг. Машин техникээс илүү бидэнд хүнлэг чанар хэрэгтэй. Оюун ухаанаас илүү бидэнд нинжин сэтгэл, элэгсэг зан хэрэгтэй. Эдгээр чанарууд үгүй бол бид харгис хэрцгий болж улмаар бүх зүйлээ алдах болно.

Нисдэг тэрэг болон радио зэрэг нь биднийг хооронд нь ойртуулж өгсөн. Энэ бүтээлүүдийн жинхэнэ чанар нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө уйлан дуулж байна, дэлхий дахины эв нэгдлийн төлөө, бид бүгдийн нэгдмэл байдлын төлөө цурхиран уйлж байна. Одоо ч гэсэн миний дуу хоолой дэлхий дахин дахь сая сая хүмүүст хүрч байна, цөхөрч буй эрэгтэй эмэгтэй хүмүүс болон хүүхдүүд, харгис тогтолцооны золиос болж тарчлагдсан, шоронд хоригдсон гэм зэмгүй сая сая хүмүүс.

Намайг сонсож байгаа тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд бүү цөхрөөрэй. Зовлон шаналал одоо ард хоцорсон, гэхдээ хүсэл шунал болоод хөгжлийн арга замаас айж буй хүмүүсийн гуниг зовлон үргэлжилсээр байна. Хүн төрөлхтний үзэн ядалт ард үлдэх болно, дарангуйлал мөхөх болно, хүн төрөлхтнөөс булаан авсан хүч чадлыг тэд эргүүлэн өгөх болно. Тэгээд хүн төрөлхтөн бүрмөсөн мөхдөггүй л юм бол эрх чөлөө хэзээ ч үгүй болохгүй.

Цэргүүд ээ! Та бүгдийг доромжилдог, боолчилдог, тушаасан бүхнээ хийлгүүлж бас юу бодож юу мэдрэхийг чинь хүртэл тушаадаг адгууснуудад өөрсдийгөө бүү даатгаач! Та нарыг нухлаж, журамлаж, яг л мал мэтээр харьцаж, зүгээр л нэг бууны нохой болгон ашигладаг адгууснууд. Машинжсан зүрхтэй, машинжсан ухаантай тийм харгис хүмүүст өөрсдийгөө бүү даатгахтун. Та нар бол машин биш! Та нар бол мал биш! Та нар бол хүн! Та нарын зүрх сэтгэлд хүнлэг нинжин хайр бий! Та нар үзэн яддаггүй! Цэргүүд минь! Боолчлолын төлөө бүү тэмцээч! Эрх чөлөөний төлөө тэмцэхтүн!

17-р бүлэгт Гэгээн Люк "Бурханы орон бидний дотор бий" гэж бичсэн байдаг. Нэг хүний дотор биш, хэсэг хүмүүсийн дотор биш, харин хүн бүрийн дотор! Чиний дотор! Машин техник бүтээдэг хүч чадал бүгд чамд бас хүмүүст бий. Амьдралыг эрх чөлөөтэй, амар тайван, сайн сайхан болгох хүч чадал, амьдралыг гайхамшигтай адал явдлаар дүүрэн болгох хүч чадал ч мөн чамд болон бусад хүмүүст бий.

Ардчилал хэмээх нэрийн дор тэрхүү хүчийг ашиглацгаая, бүгд хамтдаа нэгдэцгээе. Шинэ дэлхийг бий болгохын төлөө тэмцэцгээе. Хүн төрөлхтнийг хийж бүтээх бүхий л боломжоор хангасан, залуу үеийнхэнд ирээдүйг бэлэглэсэн, буурайнуудад асран хамгааллыг бүрдүүлсэн тааламжтай дэлхийн төлөө! Адгууснууд энэ амлалтыг өгч дээшээ гарч ирсэн. Гэвч тэд биднийг хуурсан! Тэд амлалтандаа хүрээгүй. Хэзээ ч хүрэхгүй биз!

Дарангуйлагчид тэднийг чөлөөлсөн ч тэд хүмүүсийг боолчилсоор байна. Харин одоо тэр амласан зүйлд нь хүрэхийн төлөө тэмцэцгээе. Эрх чөлөөт дэлхийн төлөө, үндэсний хил хязгаарыг үгүй болгохын төлөө, шунал үзэн ядалт тэвчээргүй байдлыг арчин хаяхын төлөө тэмцэцгээе! Шинжлэх ухаан болоод хөгжил дэвшил нь хүн төрөлхтнийг аз жаргалд хөтлөдөг дэлхийн төлөө тэмцэцгээе. Цэргүүд ээ! Ардчилал гэдэг нэрийн дор бүгд хамтдаа нэгдмэл байцгаая!

Киног бүрэх эрхээр нь үзэх: http://www.youtube.com/watch?v=gz9G2CLCxo8
Чарли Чаплин сайт: http://www.charliechaplin.com

Wednesday, February 11, 2015

Хайр энэрэл амьдралыг өөрчилсөн нь


Зарим хүмүүс жинхэн аз жаргалд хүрэх тал дээр нэлээд андуурч эд материал, тансаг хэрэглээг чухалчилдаг. Гэтэл аз жаргал нь ердөө л эрхэм зорилгод хүрэх зүтгэлийн үр дүнд бий болдог.
~Хелен Келлер~

1983 онд Хью Жонс, Жэксонвилл дэх "Барнетт" банкны захирлаар томилогджээ. Энэ үүрэгт томилогдсоноос 1 жилийн дараа дотны найзынх нь хүү зүрхний мэс засалд орж хагалгаа амжилтгүй болон нас барж гэнэ.

Найзынхаа уй гашууг бага ч атугай нимгэлэх үүднээс нас барсан хүүгийн дурсгалд зориулан зүрхний өвчтэй хүүхдүүдэд туслах зорилгоор нэгэн тусламжийн хөтөлбөр эхлүүлэхийг хүсчээ. Гэвч АНУ-д энэ мэт хөтөлбөр шаардлагагүй гэдгийг мэдээд энэ хөтөлбөрөө Солонгос дахь зүрхний өвчтэй хүүхдүүдэд зориулан хийхээр шийджээ. Хью Солонгос улсад цэргийн алба хаасан бөгөөд тэнд зүрхний мэс засалд орохоос амь нас нь шалтгаалах мянга мянган хүүхэд байгаа гэдгийг мэдэж байв.

Хью энэ талаар ийнхүү дурьдаж байна. " Анхны хүүхдүүд 1985 оны 3 сард Америкт ирлээ. 7 настай нэг хүү, 6 настай Ён Юу Жу нэртэй охин хоёр байсан юм. Тэднийг онгоцноос тосон хоёуланг нь гэртээ авч ирлээ. Эхнэр бид хоёр тэдэнтэй үг хэлээ хэрхэн ололцохоо мэдэхгүй байсан ч зураг, гар хөлийн хөдөлгөөнөөр бага ч болов ойлголцож байлаа. Бямба гаригийн орой охиныг аван мэс засалд орох эмнэлэг рүү явсан юм. Даваа гаригт мэс засалд орох байв. Мэс засалд орохын өмнөх шөнө би огтхон ч унтаж чадсангүй. Өглөөний 4 цагт машинаа асаан эмнэлэг рүү яаран очлоо. Сувилагч нар бяцхан охиныг мэс заслын өрөөнд аваачихаар ирэхэд түүний нүдэнд нулимс цийлэгнэсэн байхыг олж харсан юм. Тэр над руу эргэн хараад гараа өргөв. Би түүнийг тэврэн авлаа. Тэр үед би ч бас нулимсаа барьж чадахгүй байлаа. Түүнийг дугуйтай орон дээр тавихын оронд мэс заслын өрөө хүртэл тэвэрч явсан юм. Бид хоёр нэг нэгнээ чангаар тэврээд тэр мэс заслын өрөө рүү оров.

Тэр гурав дөрөвхөн минут надад маш чухал юм сургасан юм. Бараг л амьдралыг минь өөрчилсөн гэхэд болно. Энэ охин бид хоёр шал өөр хоёр ертөнцийн хүмүүс байв. Ёс заншил, хэл соёл, үндэс угсаа, нас гээд бүх зүйл өөр байлаа. Харин тэр хэдхэн хормын хооронд үнэн хэрэгтээ энэ бүхэн огтхон ч чухал зүйлс биш юм гэдгийг ойлгосон юм. Хайр, энэрэл бидний хоорондох бүх ялгаар арчин одож байв.

Энэ явдлаас хойш 10 жилийн турш Хью болон түүний найзууд 70 хүүхдийг мэс засалд оруулан эдгэхэд нь тусласан байна. Хью дээрх санаачилгаа банкны ажилчдын дунд ч сурталчлан, урьд өмнө энэ газар болж байгаагүй тусламжийн аян эхлүүлсэн юм. Хьюгийн энэ санаачилгын үр дүнд 1000 гаран банкны ажилчид өөрсдийн сонгосон салбар болгонд нийгэмд чиглэсэн буяны үйл ажиллагаанд оролцон нэг жилд 40000 илүү цагийг энэ ажилд зарцуулсан байжээ.

Хью 2 жилийн өмнө банкнаас тэтгэвэрт гарсан бөгөөд сайн дурын тусламжийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа аж. Тэрбээр ахмадуудад зориулсан асрамжийн газар байгуулж, эдгэшгүй өвчтэй хүүхдүүдийг цагаа хөгжилтэй өнгөрүүлэн өвчин зовлонгоо мартахад нь зориулж Диснэйландаар аялуулж, тоглуулах гэх зэрэг ажлуудыг хийж байгаа бөгөөд өнгөрсөн жил Жаксонвилл дэх гэр оронгүй хүмүүст зориулан хоргодох газар байгуулах ажил эхлүүлсэн байна.

Хью "Тэр бяцхан охин надад амьдралын минь хамгийн үнэт сургамжийг өгсөн юм. Энэ сургамжийг өмнө ухаараагүйдээ би харамсаж байлаа. Учир нь би тэр үед 50 настай, ажлаас өөр юм боддоггүй, банкнаас илүү их ашиг олж, үйлчлүүлэгчиддээ илүү сайн үйлчилгээ хүргэн, илүү хангалуун амьдрахын тулд л ажиллаж байсан. Миний хувьд ололт амжилт бол миний хөрөнгө оруулалт, орлогын хэмжээ маань нэмэгдэх явдал байв. Харин одоо хөрөнгө оруулалт бол миний хувьд шал өөр утга агуулгатай үг болсон. Одоо би бусдын амьдралд ямар нэгэн өөрчлөлт оруулж байж аз жаргалтай болдог."

Бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихно гэх мэт шалтгаар өөрийн хүнд туслах хүсэлгүй байгаа сэтгэлээ хаацайлдаг хүмүүс олон. Мөн өөрийн хийх ёстой зүйлээ хийгээд л явж байвал тэр чинь л хүмүүст туслаж байгаа хэрэг гэсэн бодолтой хүмүүс ч бусдад үнэхээр туслая гэсэн сэтгэл дутагдсаны илрэл. Туслая гэсэн сэтгэл байвал тухайн хүн нүдээ олсон олон тусыг хүргэж чадна. Арчаагүй байдлаас үл шалтгаалах олон мянган хүмүүст тус болон хайр дутагдан өдөр хоногийг өнгөрөөж байна. Бидний хэнд нь ч тийм нөхцөл байдал тохиож болно. Тиймээс бусдыг өөр шигээ, үр хүүхдүүд шигээ, эцэг эх шигээ санан асарч энэрэх сэтгэлийг өвөртлөж, тусыг бүтээж амьдрах нь амьдралын утга учир биш бол өөр юу амьдралын утга учир байх билээ...


Эх сурвалж: "Амьдралаас ургасан амжилтууд - Амжилтанд хүрсэн бодит түүх" номоос