Дельфин бол манай гаригийн хамгийн ухаалаг мөн хамгийн гайхамшигтай төрөл амьтны нэг. Тэдний баяр баясгалантай байдал, нөхөрсөг зан болон гайхалтай ухаалаг байдал нь дэлхийн бүх хүмүүсийн хайрыг татдаг билээ. Түүгээр ч зогсохгүй дельфин өөрийн мэдлэг ур чадвараа зөвхөн хүмүүст л харуулдаг нь гайхалтай.
ХҮНИЙХ ШИГ ОЮУН УХААН
АНУ-ын Emory Их сургуулийн эрдэмтэд соронзон резонанс дүрслэлийн (MRI) сканнер төхөөрөмжийг ашиглаж дельфиний тархины зургийг буулгаад түүнийг бусад ухаалаг хөхтөн амьтан ялангуяа мичнийхтэй харьцуулж үзжээ. Дельфинтэй адил хэмжээтэй бусад амьтнуудтай харьцуулсан зураг дүрслэлээс харахад дельфиний тархи биеийнх нь хэмжээнээс тав дахин том байв. Ялангуяа тэдний дээд сэтгэлгээ болон сэтгэл хөдлөл боловсруулах үүрэгтэй их тархи нь их том байжээ.
"Хэрэв тархины хэмжээ нь оюун ухааны хэмжээг илтгэдэг бол дельфин нь оюун ухаанаараа орчин үеийн хүн төрөлхтний дараагаар орно гэж дүгнэж болохоор байна" гэж Emory Их Сургуулийн мэдрэл судлаач болон дэлхийн тэргүүлэх дельфин судлаач Лори Марино хэлсэн байна.
Мөн дельфин нь тэмдэгт дээр тулгуурласан харилцааг ойлгодог, толинд өөрийгөө таньдаг мөн хийсвэр ойлголтуудыг ойлгох зэрэг хүнийх шиг хэд хэдэн чадвартай болохыг судлаж мэджээ.
Дельфин бол туршлагатай, ухамсартай, оюуны өндөр чадамжтай, хувийн зан чанартай, биеэ даасан мөн дотоодын амьдралтай. Тэд аймшигтай зовлон шаналал болон сэтгэлзүйн гэмтэлд маш эмзэг амьтад" хэмээн Марино хэлсэн юм.
Энэхүү судлагаа нь тэднийг зугаа цэнгэлд ашиглах, эрх чөлөөнөөс нь хагацуулж усан паркад байлгах мөн амийг нь хөнөөж хоол хүнсэнд хэрэглэж байгаа нь үнэхээр ёс суртахуунгүй хэрэг болохыг сануулсан ба эдгээр харгислал нь Япон, Перу, Соломоны арлууд болон Фароугийн арлууд гэх мэт хэд хэдэн улс орнуудад тохиолддог үзэгдэл бөгөөд жил бүр мянга мянгаараа хөнөөгдөж байна. Loyola Marymount Их Сургуулийн философич Томас Уайт (Thomas White) болон Дельфинийг хамгаалахуй номын зохиолч нар энэ талаар хэлэхдээ "Дельфинүүд хамгаалагдаж, өөрийн эрхээ эдлэхэд нь жинхэнэ хүмүүс туслах хэрэгтэй" гэсэн байна.
ДЕЛЬФИНИЙ ХЭЛИЙГ ТАЙЛЖ УНШИХ
Дельфин орон зайн чиг баримжааны (цуурайны) авиа гаргадаг. Үүгээр зогсохгүй тэд өөрсдийн гэсэн харилцааны аргатай юм байна. Дельфин дуу, чимээ ашиглахаас гадна биеийн хөдөлгөөнөөр сэтгэл санаа болон биеийн байдлаа илэрхийлдэг байна.
Эрдэмтэд дельфиний гаргадаг авиаг тайлж унших төхөөрөмж гаргаж ирэхийг хичээж байна. Судлаач Жэк Кассевиц тэрхүү авиаг харагдахуйц болгох Cymascope төхөөрөмжийг ашиглахаар шийдсэн байв. Делфиний ямар нэгэн биет рүү харах үедээ гаргаж байгаа авиаг нь хураан аваад дараагаар нь тэрхүү биетийг зурган хэлбэртэй болгоод дахин нөгөө дельфинд харуулахад харин ямар ч чимээ гаргахгүй байв.
Үр дүн нь дельфин адил биетүүдийн зургийг 86%-ийн нарийвчлалтайгаар таних чадвартай болохыг харуулсан байна. Мөн яг ижилхэн зургийг өөр нэг дельфинд үзүүлэхэд үр дүн нь адилхан байв. Одоо Кассевиц дельфиний хэлийг тайлан уншиж мөн тэдгээр гайхалтай амьтадтай чухал харилцаа тогтоох "Дельфинтэй ярих" нэртэй төслийг идэвхийлэн гүйцэтгэж эхлээд байгаа юм.
ДОКТОР ДЕНИЗ ХЕРЗИН БОЛ ДЕЛЬФИНИЙ ХЭЛ ОРЧУУЛАГЧ
Дельфиний хэл орчуулагч hydrophone буюу усны микрофоноор дельфиний гаргаж байгаа авиаг чагнаж үздэг. Доктор Херзин тэрхүү авиаг шууд хүний хэл рүү орчуулах гэхээсээ илүү хүн төрөлхтний тодорхойлсон хязгаарлагдмал үгсээс зааж өгдөг байна. Дельфин 200 кГц хүртэл давтамжтай авиа гаргадаг нь хүний сонсож чадах хэмжээнээс 10 дахин их бөгөөд дээрх арга нь энэхүү нүсэр дуу авиаг сонсохоос илүү хялбар болж байгаа юм.
Доктор Херзин дельфинийх шиг авиа ашиглан найман үгийг боловсруулан гаргасан ба далайн ургамал болон давалгаа хөлөглөх гэх мэт тэдний орчин тойронд тохиолддог зүйлийг илэрхийлсэн үгс юм. Түүний дельфинүүдийг судлаж байгаа сүүлийн 25 жилийн нэгэн нээлт бол 'sargassum' хэмээх нэгэн далайн ургамлын нэрийг хэлж байгаа мэт өвөрмөц авиаг дельфин гаргасан байна. Гэвч хэн ч түүнийг үнэхээр тэр ургамлын нэрийг хэлсэн эсэхийг батлаж чадахгүй мөн тэрхүү үг нь ганц л удаа сонсогдсон юм.
Доктор Херзин Атлантын Жиоржиа Технологийн Их Сургуулийн гоц мэргэжилтэн Тад Старнертай хамтран ажиллах болсон ба тэд дельфиний авиаг судлах ба толь бичиг бий болгохоор ажиллаж эхлэцгээх гэнэ.
Доктор Херзиний ажил болон дельфиний гайхалтай авианы талаар илүү ихийг сонирхож байгаа бол доор бичлэгийг үзэж сонирхоорой.
Нийтлэлч миний хувьд дельфин бол миний хамгийн хайртай амьтан. Гэвч хүн төрөлхтний шунал харгислалын балгаар тэд минь зовж тарчилж, амиа хүртэл алдаж байгаад сэтгэл эмзэглэдэг. Хүн төрөлхтөн бид тэднээс хүчтэй учраас л тэднийг хайрлаж хамгаалах ёстой шүү дээ. Хүн төрөлхтөн бидэнд заяагдсан хүч бол хүчирхийлэлд зориулагдаагүй.
Эх сурвалж: http://www.wakingtimes.com
No comments :
Post a Comment