Маш их хөрөнгөтэй эсвэл маш их мэдлэгтэй болвол түүнийгээ юунд ашиглах вэ юунд зориулах вэ гэж зарим хүн бодох байх. Тархины чадамж нь дээшилж эгэл нүдээр харж чадамгүй бүхнийг харж, эгэл нүдээр сонсож чадамгүй зүйлийг сонсох чадвартай болохын дээр 3 хэмжээст ертөнцийн болон түүнээс дээд хэмжээст ертөнцүүдийн мэдлэг мэдээллийг оюун санаагаараа хүлээн авах чадвартай болсон Люси хэмээх эмэгтэй тэрхүү мэдлэгээ юунд ашиглаж зориулахаа хараахан мэдэхгүй байв. Харин тархины чадамжийн тухай олон жил судлагаа хийсэн нэгэн эрдэмтэн түүнд мэдлэгээ бусадтай хуваалц гэж зөвлөжээ.
Оюун санааны хязгаараас чөлөөлөгдөж хязгааргүй сэтгэхийн дээр махан бие нь хязгааргүй хурдаар өөр өөр орон зайд шилжиж нэгэн зэрэг хаа сайгүй орших чадвартай болжээ. Хязгааргүй хурдтай, өндөр давтамжтай зүйлийг 2 хэмжээст ертөнцийн хүмүүс бид харж сонсож үл чадна. Хараагүй, сонсоогүй зүйлдээ итгэж ч үл чадна. Гэтэл бидний хардаг сонсдог итгэдэг бүхэн хязгааргүй, огт оргүй, хоосон орчлыг загварчилж хэлбэрт оруулсан бүдүүлэг тойм төдий зүйл байдаг. Шинжлэх ухааны эрдэмтэн хүртэл тэрхүү гайхамшгийг олон жилийн судалгаагаар бүдүүн тоймлож хагас дутуу гаргаж ирсэн байгааг энэ кинон дээр тодорхой харьцуулжээ. Дэлхий дээр шинжлэх ухаан үнэмлэхүй түвшиндээ хүрч гүйцэхгүй байхад л хүн төрөлхтөн бид зөвхөн эрдэмтдэд л итгэж найдсаар, тэдэнд толгойгоо мэдүүлж суудаг. Гэтэл хүн бүхэнд оюун санааны хязгаараас чөлөөлөгдөж орчлон ертөнцтэй нэгдэх боломж бий. Цаг хугацааны аль ч мөчлөгт орон зайг үл хамааран нэгэн агшинд зэрэг оршихын дээр оюун санааныхаа хүчээр аливааг бүтээж бас сөнөөх боломжтой, бидний бодит гэж хардаг боддог объектыг ч нэвтлэн гарах боломжтой.
Ингээд Люси эмэгтэйн тархины чадамж 100% хүрч хязгааргүй хурдаараа нүд ирмэхийн зуур алга болон одно. Ингэхдээ эрдэмтний зөвлөсний дагуу хүн төрөлхтөнд өөрийн мэдлэгээ хуваалцахаар оюун санааныхаа хүчээр бүтээсэн флаш дискэнд өөрийн мэдлэгээ хуулж үлдээгээд явдаг. Гэхдээ тэр алга болоогүй харин хаа сайгүй оршиж байгаа.
No comments :
Post a Comment