Saturday, January 17, 2015

Бүх орчлон ертөнцийг "Өндөг"-тэй зүйрлэсэн нь

Зохиолч Энди Уэйрын (Andy Weir) "Өндөг" хэмээх зохиолын гайхалтай харилцан яриаг монгол хэл дээр буулган та бүхэндээ хүргэж байна.


Өндөг
Зохиолч: Энди Уэйр

Чи үхэж байхдаа гэр рүүгээ очих замдаа гардаг.
Энэ бол машины осол байсан. Тов тодорхой байгаагүй ч үхлийн осол болсон. Чи эхнэр, хоёр хүүхдээ орхиод явсан. Энэ ямар ч өвдөлт зовиургүй үхэл байсан. Түргэн тусламжийнхан чамайг аврах гэж их хичээсэн ч тус болоогүй.
"Юу... юу болсон юм бэ? Би хаана байна аа?" гэж чи асуулаа
"Даажигнасан зүйл байхгүй, бодит байдал гэвэл чи үхсэн" гэж би хариулав.
"Нэг ачааны машин байсан, тэгээд тэр тоормозлож байсан..."
"Тийм ээ"
"Би... би үхчихсэн гэж үү?"
"Тийм ээ, гэхдээ муу юм бодох хэрэггүй. Хүн бүр л үхдэг шүү дээ" гэж би хэлээ.
"Эргэн тойронд юу ч алга. Ердөө чи бид хоёр л байна. Энэ яг ямар газар вэ? Үхсэний дараах амьдрал уу?"
"Тийм гэх үү дээ."
"Чи Бурхан юм уу?
"Тийм, Би Бурхан" гэж би хариулав.
"Миний эхнэр... миний хүүхдүүд, тэд нар минь яах вэ? Тэд минь зүгээр болов уу?"
"Зөв зүйлээ асуулаа. Чи саяхан үхчихээд байгаа ч гэр бүлдээ санаа зовж байна. Энэ чинь сайн хэрэг."

Чи над руу их сэтгэл татам харах юм. Чамд гэж хэлэхэд, чи Бурхан шиг харагдаагүй. Чи яг эрэгтэй хүн шиг, магадгүй эмэгтэй хүн шиг харагдаж байна. Дүр төрх чинь магадгүй нэр төр бүхий хүн байж болох юм. Бүхнийг чадагч гэхээсээ илүү дунд сургуулийн багш гэлтэй.

"Санаа зоволтгүй дээ, тэд зүгээр. Хүүхдүүд чинь таныг өдөр бүр сайн сайхнаар дурсах болно. Тэдэнд чамайг жигшиж зэвүүцэж байсан үе байгаагүй. Эхнэр чинь гаднаа уйлж байгаа ч дотроо бол тайван байгаа. Үнэнийг хэлэхэд, та хоёрын гэрлэлт сарниж байсан. Хэрэв баяр баясгалантай байвал тэр өөртөө гэмших сэтгэгдэл төрнө."
"Өө. Одоо тэгээд юу болох вэ? Би диваажин ч юм уу там руу очих уу?"
"Аль нь ч биш. Чи дахин төрөх болно."
"Аан. Хинду шашны хэлдэг үнэн байжээ" гэж чи хэлэв.
"Бүх л шашин өөр өөрийн хэлбэрээрээ зөв байдаг. Намайг дагаад яваарай."
Хоосон орчноор чи намайг даган том том алхална.
"Бид хаашаа явж байгаа юм бэ?"
"Хаашаа ч биш. Зүгээр л алхангаа ярилцвал сайхан шүү дээ."
"Тэгээд энэ ямар утгатай юм бэ? Би дахин төрвөл зүгээр л чулуу шиг болох уу? Тэгэхээр миний амьдралын туршлага, хийсэн бүх зүйл ямар ч хамаагүй болно гэсэн үг үү?"
"Тийм биш ээ. Чиний урьд насны амьдралуудын бүх мэдлэг туршлага чиний дотор бий. Зүгээр л чи яг одоо үүнийг санахгүй байгаа хэрэг."
Би алхахаа зогсоод, мөрөн дээр чинь гараа тавин "Чиний сүнс бол чиний төсөөлж чадахаас ч илүү гайхалтай, үзэсгэлэнтэй, үлэмж агуу шүү дээ. Хүний оюун санаа бол өөрийн хэн болох тухай өчүүхээн хэсгийг л багтаадаг. Энэ нь яг л аягатай усанд хуруугаа дүрээд халуун хүйтэн эсэхийг мэдэхтэй адил юм. Чи өөрийнхөө өчүүхэн хэсгийг саванд хийчихсэн хэрэг, харин буцаад савнаас нь авчихвал өөртөө байсан бүхнээ олж авна гэсэн үг.
"Чи 48 жилийн турш хүн байсан тиймээс хараахан тэлж, үлдсэн хэмжээлшгүй оюун ухамсраа мэдрэхгүй байгаа. Хэрэв бид энд илүү удаан байвал чи бүхнийг санаж эхлэх болно.

"Тэгэхээр би хичнээн удаа үхэж төрсөн юм бэ?"
"Өө маш олон. Маш олон удаа өөр өөр биет болж төрсөн. Энэ удаа та МЭ 540 онд Хятадын нэгэн тариачин охин болж төрнө."
"Юу... юу гэнээ? Та намайг өмнөх цаг үе рүү явуулж байгаа юм уу?" хэмээн чи түгдчин асууна.
"Техникийн хувьд л болов уу. Чиний мэддэг цаг хугацаа гэгч зөвхөн чиний ертөнцөд л байдаг. Миний ирсэн газар харин өөр байдаг."
"Та хаанаас ирсэн юм бэ?"
"Өө мэдээж би өөр хаа нэгтээгээс ирсэн. Тэнд над шиг бусдууд бий. Тэнд яг ямар байдгийг мэдэхийг хүсэж байгааг тань мэдэж байна. Гэвч үнэндээ та үүнийг ойлгохгүй."
"Өө. Гэхдээ байзаарай, би аль нэг цаг хугацаанд дахин төрлөө гэхэд өөрөө өөртэйгээ тааралдах тохиолдол гарч болох хэрэг үү?"
"Мэдээж. Энэ зүйл цаг үргэлж тохиолдоно. Гэвч та хоёр зөвхөн өөрсдийнхөө зүйлийг хийгээд л явна, тиймээс ийм зүйл болж байгааг мэдэх ч үгүй."
"Тэгэхээр энэ бүхэн ямар учиртай юм бэ?"
"Чи үнэхээр надаас амьдралын утга учрыг асууж байна уу?"
"Энэ бол үндэслэлтэй асуулт шүү" гэж чи нухацтай хэллээ.
Би нүд рүү чинь хараад "Амьдралын утга учир бол, миний энэ ертөнцийг бүтээсэн шалтгаан бол чамайг боловсруулж дээшлүүлэхийн тулд юм."
"Чи хүмүүсийг хэлж байна уу? Чи биднийг боловсруулж дээшлүүлэхийг хүсдэг юм уу?"
"Үгүй ээ, зөвхөн чамайг. Бүхэл бүтэн энэ ертөнцийг би чиний төлөө бүтээсэн. Энд зөвхөн чи бид хоёр л байна."
Чи над руу гөлрөн харж "Гэвч ертөнц дээрх бүх хүмүүс..."
"Тэд бүгд чи. Чиний өөр өөр төрлүүд."
"Хүлээгээрэй, хүн бүр би юм гэж үү?"
"Одоо л чи бүхнийг ойлгож байна" гэж би хэлээд баяр хүргэн нуруун дээр чинь алгадлаа.
"Амьдарч байгаа хүн бүр би юм гэж үү?"
"Тийм ээ, бас ирээдүйд амьдрах хүн бүр."
"Би Абрахам Линколн юм уу?"
"Чи бас Жон Вилкс Бүүт"
"Би Гитлер гэж үү?" хэмээн айсан янзтай хэлэв.
"Мөн чи түүнд хөнөөгдсөн мянга мянган хүмүүс."
"Би Есүс юм уу?"
"Мөн чи түүнийг дагадаг бүхэн."
Чи чимээгүй боллоо.
"Хэн нэгнийг зовоох бүртээ чи өөрөө өөрийгөө зовоож байдаг. Хэн нэгэнд сайхан сэтгэлээр хандвал чи өөрөө өөртөө туслаж байдаг. Хэн нэгний баяртай болон гунигтай амьдрал нь чиний ч мөн туршлага болж үлддэг."
Чи удаан бодсоноо "Яагаад? Яагаад энэ бүхэн болдог гэж?" хэмээн надаас асуулаа.
"Яагаад гэвэл нэгэн өдөр чи над шиг болно. Яагаад гэвэл тэр бол жинхэнэ чи. Чи надтай л адилхан, миний нэгэн төрөл. Чи бол миний хүүхэд."
"Хөөх, чи намайг Бурхан гэх гээд байна уу?" хэмээн үл итгэсэн янзтай асуулаа.
"Үгүй ээ, хараахан биш харин үр хөврөл юм. Чи одоо болтол бойжсоор байна. Чи бүхий л цаг хугацаанд бүхий л хүний амьдралыг туулснаар хангалттай бойжиж төрөхөд бэлэн болно."
"Тэгэхээр тэр бүхэл бүтэн ертөнц яг л..."
"Өндөг" хэмээн би хариулаад "Одоо чиний дараагийн амьдрал руугаа очих цаг нь боллоо."
Ингээд би чамайг аян зам руу чинь явуулсан юм.

Энэ зохиол үнэхээр сэтгэл хөдлөм сайхан зохиол болжээ. Магадгүй бидний хараахан сэхээрээгүй үнэнийг энэхүү зохиолоор ойлгуулах гэсэн байх. Удаан уулзалдаагүй төрөл төрөгсөд бие биенээ олоод сэтгэл хөдлөдөг шиг бид бусдаас өөрөө өөрсдийгөө олоод бид бүгд нэг юм гэдгээ ухаарах тэр агшин хичнээн сэтгэл хөдлөхийг төсөөлөхөд уйлмаар болох шиг.

Танд заримдаа дүр төрх, зан араншин өөр боловч бусад хүмүүс яг өөр шиг чинь санагдаж, тэднийг харахаар өөрийгөө харж байгаа юм шиг санагддаг уу? Өөрийгөө тэр хүний оронд тавиад үзэхийн төдийд л надаас ямар ч ялгаагүй, яг л миний нэгэн хувилбар мэт санагдана. Орчлон ертөнцтэй нэгдмэл гэдгээ ухаарахуйд бүхий л төрөлтнүүдтэй нэг гэдгээ ойлгоно.



5 comments :

  1. Сайн зүйл хийвэл хэзээ яаж төрөхөө сонгож болдог гэж би ганцаараа боддоггүй л юм байна гоё2

    ReplyDelete
  2. Гэгээрээд бидний жинхэнэ гэр гэгдэх тэр диваажинд очвол дахиж дэлхий дээр төрөл авах үгүйгээ ч өөрөө шийддэг гэж байгаа. Хүн төрөлхтөнд туслаж биднийг гэгээрүүлэхээр тэндээс хүний төрөл авч бууж ирэгсэд байдаг байх. Бид бүгд нэг гэхээр л хамгийн гоё

    ReplyDelete
  3. Гэгээрэл гэхээр миний бодлоор бүхнийг мэддэг болон мэдэрдэг болох л гэсэн үг шиг санагддаг.

    ReplyDelete
  4. Чиний боддогоос ч том зүйл бий

    ReplyDelete