Sunday, January 25, 2015

Гэгээрэл: Хүсэх үү, хийх үү?


Заримдаа бид дотооддоо Христтэй илүү их холбогдохыг, дотоод мөн чанартайгаа нэгдэхийг хүсдэг. Энэ үед бид өөрсдөөсөө хэд хэдэн дотоодын асуулт асууж эхлэдэг.

Тэдгээрийн нэг бол өдөр тутамдаа хийж байгаа сонголт маань бидний тэрхүү хүсэл эрмэлзлэлтэй хэр нийцэж байгаа бол гэсэн асуулт. Бид сүнслэг зам мөрөөр амьдрахад өөрсдөдөө туслаж байгаа юу эсвэл зүгээр л хэлбэр төдийхөн гаднаа сайхан сонсогдох гэж энэ тухай ярьдаг уу?

Бид дотоодтойгоо илүү холбогдохыг хүсэж байна гэж бодох боловч өөрсдийгөө сайн ажиглаж анзаарвал тэрхүү хүсэл эрмэлзлэлтэйгээ нийцэх сонголтыг хийхгүй л яваад байдаг. Ингэж тээнэгэлзсээр байвал хайр болон сүнслэг оршихуйгаас хол байгаа юм шиг санагдах болно.

Гэгээрэл (сүнслэг хөгжил) нь бидний туулж гарах хамгийн хэцүү замын нэг гэж хэлвэл зөв байх. Амьдралын зорилгодоо хүрэхийн тулд бүхий л талаараа нухацтай, шаргуу байхыг биднээс шаарддаг ч эцсийн дүнд бид олж авсан хэмжээгээрээ алддаг.

Энэ утгаараа илүү сайн зүйлийн төлөө материаллаг хүслээсээ татгалзвал бид илүү их зүйлийг олж авна гэсэн үг. Тиймээс л Адъяашанти зэрэг бусад оюун санааны багш нар гэгээрэл бол золиос юм гэж хэлсэн байдаг. Энэ бүхний дүнд бид оюун санааны дэвшилд хүрэх ба хэрэв биднийг хойш нь чангааж буй амьдралын зарим хүлээснүүдээ тавьж чадахгүй бол тэр хэмжээгээрээ зовох болно.

Хэрэв хүлээснээсээ гарч чадахгүй зүйлүүд байвал гэгээрлийн зам мөртөө хүндрэл бэрхшээлтэй тулгарна. Бид бурханлаг чанараа танихын тулд түүнийг таниулах бүхий л зүйлийг даван туулах хэрэгтэй болох ба энэ нь хэцүү байх нь гарцаагүй.

Үүний хамгийн хэцүү зүйл нь бид өөрсдийгөө илүү сайжруулах гэж хичээж байх явцдаа дэлхий ертөнцийн эрээн мярааныг харж татагдсаар байх явдал, энэ л бидний мэдрэх хамгийн хэцүү зовлон. Хорвоо дэлхий тэмцэлтэй, хатуу хүтүү хэвээр байгаа цагт ёс суртахуунуудыг баримтлахад хэцүү байдаг нь бидний сүнсний өсөлт хөгжилтөнд тулгарах харамсалтай тохиолдол ба хэцүү ч гэсэн үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог.

Хорвоо дэлхийн асуудлуудад нэгэн шийдэл бий, тэр бол бид өөрсдөө. Бид өөрсдөө хүсэн хүлээдэг зүйлийнхээ шийдэл нь юм, харин өөрсдийгөө засаж дэлхийн тогтолцоог залруулахын тулд биднийг доогуур ухамсар болон дорой хэв маягт загварчилдаг нийгмийг дагаж дэмжихээ зогсоох хэрэгтэй.

"Би" төвөөсөө ангижирснаар бид өөрийгөө шинжихээс гадна сүнслэг өсөлтөнд маань юу тустай, юу саадтай болохыг эргэцүүлдэг болно. Бид илүү нээлттэй сэтгэлгээтэй байхыг хүсэх ба нээлттэй сэтгэлгээ маань биднийг арагш нь татах явдал бий болгохгүй байх тал дээр ч анхаарна.

Тэлж дээшилж буй оюун санаа болон зүрх сэтгэлд маань хэмжээлшгүй хайр урсан цутгахыг хүснэ. Хэлж байгаа үйлдэж байгаа бүхэн маань чин сэтгэлийнх байж, зөн билигт маань нийцэж байхыг хүсэх болно. "Би зүгээр л хүн. Хэрүүл зодоон болон гуниг харуусал бол миний амьдралын нэг хэсэг" гэх мэт хязгаарлагдмал бодлоосоо чөлөөлөгдөхийг хүснэ.

Гэгээрлийн зорилго нь үндсэндээ хувь хүн байхаа болих; эгэл жирийн хүн байхаа больж зовлон шаналал, санаа зоволт болон бухимдлаас ангижран хүчирхэг оюун ухаантай болох явдал юм. Мэдээж сөрөг зүйлс гарцаагүй тохиолдох ч түүнийг бид өлгөн авч өсгөж үржүүлэх шаардлагагүй.

Ихэнх хүмүүс хүрч чадахгүй зүйл рүү хүрэх гэж зүтгэдэг ба дэлхийг өөрчлөхийг хүсдэг. Гэвч өөрчлөлт хийх хамгийн шилдэг зам бол өөрийгөө өөрчлөх. Хамгийн чухал зүйл болох дотоодоо өөрчлөхгүйгээр гаднах ертөнцийг өөрчлөгдөнө гэж найдах нь боломжгүй зүйл.

Өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой, харин бид бол үүнийг хийх ёстой хүмүүс. Өөрсдийгөө гэгээрүүлэхэд маань саад болдог хязгаарлагдмал зүйлсийг бид даван гарч цацран гэрэлтэх ёстой.

Түүгээр барахгүй, бид амьдралд хэт ноцтой хандахаа больж аливааг хөнгөн хялбараар шийдэхийг хүснэ. Гэгээрэхийн тулд бид нухацтай хандах ёстой гэж дээр хэлсэн бүхэнтэй зөрчилдөөнтэй сонсогдож байгааг мэдэж байна аа. Энэ хоёр аль аль нь боломжтой зүйл.

Хорвоо дээр үй олон айшигтай, ноцтой асуудлууд тулгарч байгаа, харин гэгээрлийг эрэлхийлэгч тэр бүгдтэй тулгарч байхдаа ч тайван байдаг. Хоосонтой нэгдсэн эрэлхийлэгч бүхнийг тайлж ойлгосон байдаг, учир нь тэрхүү хоосноос Эх Сурвалжийг олж нээдэг юм.

Өнгөц мэдлэг ойлголтоо даван гарч амарлингуй, хүлээцтэй байдал болон бусад эрхэм чанарууд, оюун санааны нам гүм байдалд хүрснээр Эх Сурвалжийг олдог.

Бидний ихэнх нь аниргүй, нам гүм байдлаас айдаг, учир нь оюун санаа маань биднийг сатааруулах гэж нөхцөл байдлаас нөхцөл байдал руу, тохиолдлоос тохиолдол руу хөрвөөх зүйлийг үргэлж бий болгож байдаг.

Бүгд л дэлхий ертөнцийг өөрчлөхийг хүсдэг. Гэвч үүнийг тайван бус, сүнслэг төлөвшилгүй хүн хийсэн нь дээр үү эсвэл дотоодын хүчтэй, амар амарлингуй хүн хийсэн нь дээр үү?

Амар амарлингуй, гэгээрсэн оюунаар дэлхийг өөрчлөх нь туйлын боломжтой, үнэндээ бол үүнийг хийх хамгийн сайн арга. Энэ нь бардам зан эсвэл идэвхгүй байдлыг бий болгох бус харин тэнцвэртэй байдлаар аливаа нөхцөл байдлыг шийдвэрлэх сэхээлэг байдлыг нэмэгдүүлдэг.

Дотоодтойгоо холбогдохыг хүсэх амархан, харин өөрчлөх шаардлагатай дотоодын ажлуудыг хийх хэцүү байдаг. Зөрчилдөөнтэй мэт сонсогдож байж болох ч оюун санаагаа нээлттэй болон амарлингуй байлгах нь дотоодтойгоо холбогдох хамгийн сайн арга юм. Ингэж чадвал бидний бүтээлч байдал болон бясалгалын явц ямар хялбархан урсаж байгаад гайхах болно.

Тэдгээр нь хялбархаан урсах болно, учир нь бид тэрхүү урсгалыг бий болгоход санаа зовохоо больсон ба оюун санаа маань санаа зовоход хэтэрхий уужим бас амарлингуй болсон болохоор тэр юм.

Оюун санаагаа амарлиулж мөн өөрийгөө тэнцвэртэй байгаа эсэхийг дахин эргэцүүлж чадвал хязгаарлагдмал байдал замхран одох ба энэ нь бидний хамтын хувьслын энэ чухал цаг үед тулгарч байгаа сорилт юм.

Шийдэх эсэх нь бидний хэрэг бөгөөд ихэнх маань үүнд бэлэн гэж үзэж байгаа бол энэ нь бидний төсөөлж байснаас ч илүү хичээл зүтгэл, дотоодын үйл шаардагддаг гэдгийг ойлгох болно. Оюун санааны уруу таталтанд үл автаж, чин сэтгэлээ зориулбал эцсийн үр дүн нь диваажин байх болно.


Сэхээрэхүйн Соёл (The Culture of Awareness) нэгдлийн санаачлагч Уэсс Аннак

Мөн фэйсбүүх хуудсанд нь нэгдээрэй The Culture of Awareness

Эх сурвалж: http://cultureofawareness.com

2 comments :