Wednesday, January 21, 2015

Нэгэн ер бусын компаний амжилтын нууц


Хойд Каролины үзэсгэлэнт нэгэн газарт ажиллагсдаа эрхэмлэдэг нэгэн компани үйл ажиллагаа явуулдаг нь SAS (Statistical Analysys Software) юм.

Энэ сонирхолтой компанид үнэнч шударга зан юу юунаас эрхэм чухалд тооцогдоно. Хаалгаар оронгуут л гайхмаар сайхан орчин таныг угтах болно. Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий компьютерүүд, хана болгонд урлагийн үнэт бүтээлүүд, бараг л мэргэжлийн тамирчин бэлтгэх боломжтой орчин үеийн спортын цогцолбор гээд л энэ газар орж ирсэн хүн болгоныг гайхшруулах зүйлс мундахгүй олон.

Ажиллагсад нь өөрсдийгөө эндэхийн ажиллагсад гэхийн оронд энд аж төрөгсөд гэдэг бөгөөд аз жаргалтай, үр бүтээлтэй, хоорондоо маш сайхан харилцаатай байдаг ажээ. Ажилчид нь компаний эзэн, үүсгэн байгуулагч Жим Гүднайтыг сайхан сэтгэлт хаан мэт хүндэлнэ. Учир нь Жим ажилчдаа хүндэлж, тэднийг ойлгодог ажээ.

SAS компаний боловсруулдаг программ үнэхээр өргөн хэрэглээний бөгөөд хоорондоо ямар ч холбоо хамааралгүй салбаруудад хялбархан ашиглах боломжтой ажээ. 1997 онд 750 сая долларын ашигтай ажилласан энэ компаний боловсруулсан программуудыг АНУ-ын хамгийн том 100 компанийн 98 нь хэрэглэдэг ажээ.

Гэхдээ энэ компаний хамгийн сонирхол татсан онцлог нь боловсруулж буй программдаа бус, компаний баримтладаг ажлын зарчимдаа байгаа юм. Эрх чөлөөт байдлыг үр бүтээлтэй хослуулан ажиллах нь энэхүү компаний амжилтын түлхүүр ажээ. Программ хангамжийн салбарт ажиллаж байгаа хүмүүс хэтэрхий их ачааллаас үүдсэн хямралын талаар гомдоллох нь элбэг. Гэтэл SAS-н ажилчид ажиллахын зэрэгцээгээр амарч, алжаалаа тайлж чаддаг гэнэ.

Программ хангамжийн салбарт авьяаслаг, чадварлаг ажилчдыг татахын тулд өндөр цалин, компаний хувьцаа зэргийг төлбөрт өгдөг. Харин SAS энэ салбарын бусад компанитай адил ажилчиддаа хувьцаа тараадаггүй, мөн цалингийн хэмжээ ч өрсөлдөгчийнхөөс нь ялгаагүй. Харин тэдний ажилчдадаа үзүүлдэг халамж нь үнэхээр сайн тул ажилчид нь ч сэтгэл хангалуун ажлаа гүйцэтгэдэг. Жишээ нь компани ажилчдаа өвдвөл чөлөөг нь хэзээ ч хязгаарладаггүй ба ар гэрийнхнээс нь хэн нэг нь өвдвөл тэднийг харж асрахад нь чөлөө өгдөг заншилтай гэнэ. SAS-н ажилтан Диана Томпкинс энэ талаар өгүүлэхдээ "Охин минь багтраа өвчтэй учир жилийн эхэнд эмнэлэгт хэвтэх ёстой болсон юм. Ажлын газрынхан болон удирдлагууд маань намайг ойлгож, охины минь сайжрахыг л хүсч бүх талаар туслаж дэмжиж байсан. Ажил дээрх өдөр тутмын хүүхэд асаргааны газарт охиныг минь маш сайн харж, цагт нь эмийг нь уулгаж, эмчилгээг нь хийж байгааг би сайн мэдэж байгаа болохоор санаа зовохгүй ажлаа хийж чаддаг юм" гэсэн байна. SAS ажилтнуудаа зөвхөн ажилтан гэдэг утгаар нь биш ар гэртээ амьдралтай хүн гэдэг утгаар нь ханддаг учраас тэд ч хариуд нь компанийхаа төлөө бүхнээ зориулан ажилладаг байна. Жишээ нь SAS-т гэр бүлийн тогтвортой байдал, сайхан харилцааг чухалчлан үздэг учраас ажилчдадаа үдийн хоол цайны үеэр гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад нь зориулж хүүхдийн өндөр сандал, тоглоомын газар гэхчлэн бүх зүйлийг тооцоолжээ. Түүнээс гадна ажилчдаа оройн хоолоо гэрийнхэнтэйгээ идэхэд нь саад болохгүйн тулд өдөрт 7 цагаар ажилладаг байна. Өөрөөр хэлбэл оройн 17:00 гээд л тэндэхийн ажилчид гэр лүүгээ явцгаана.

Ноён Гүднайтын компанид ажилчдад хүндэтгэлгүй хандах явдал огт үгүй. Ажиллах орчны өнгө үзэмжинд онцгой анхаарал хандуулдаг талаараа хүний нөөцийн хэлтсийн дарга Дэвид Руссо өгүүлэхдээ "Аливваа хүний ажиллаж буй орчин нь түүний сэтгэлзүйд гүн гүнзгий нөлөө үзүүлдэг. Тиймээс бид компаний ажиллагсдын тав тух, сэтгэлзүйн тогтвортой байдал тэдний ажиллаж буй орчныг таатай болгохын төлөө хийж болох бүхнийг хийхээр оролддог юм."

SAS дахь энэ бодлогын гол зорилго нь ажиллагсдын ажлаа "хийхгүй" байж болох бүхий л нөхцлийг арилгах. Хэрвээ Нью-Иоркийн Брүүклин дүүрэгт байгаа хөгшин эхийг тань ахмадуудын асрамжийн газар хүргэж өгөх хэрэг гарвал та байгууллагынхаа ахмадуудын асрамжийн зохицуулагч руу залгахад л тэр таны эхэд хамгийн тохиромжтой газрыг олох болно. Хэрэв та өвчтэй байгаад, тариа тариулах хэрэг гарвал байгууллагын эрүүл мэндийн тасагт очоод л тариулчихна.

Жим Гүднайт "Хэрэв та насанд хүрсэн хүнийг ажиллуулж байгаа бол тэдэнтэй насанд хүрсэн хүн ёсоор харьцах хэрэгтэй. Тэд ч хариуд нь насанд хүрсэн хүний хэмжээгээр ажлаа гүйцэтгэх болно" гэж байна.

SAS-тай ижил төстэй программ хангамжийн компаниас жилд дунджаар 1000 ажилчин ажлаас гардаг бол энэ тоо SAS -н хувьд дөнгөж 130 ажээ. Энэ нь жилд 900 шахам ажилтны оронд шинээр ажилтан авах зардлыг хэмнэж өгдөг гэсэн үг юм.

SAS -т шинээр ажилд орогсдын анхаарлыг тэр даруй татдаг өөр нэг зүйл бол дээд удирдлагууд нь доодох хүмүүсийнхээ ажлыг мэддэг, шаардлагатай үед эдгээр ажлыг гүйцэтгэдэг байдал нь гэнэ. Ихэнх газар дээд удирдлагынхан нь доод хүмүүсийнхээ ажлын тухай мэддэггүй байх нь жирийн үзэгдэл байдаг. Энэ нь ажилчин болоод даргын хооронд үл ойлголцох байдлыг ч үүсгэдэг. Гэтэл энд байдал тийм биш бөгөөд удирдлагууд ажлын техник талыг нь ч мэддэг учраас ажлыг гүйцэтгэх хугацаан дээр удирдлага болон ажилчдын хооронд зөрчил гардаггүй байна. Ингэснээр захиалгыг хугацаанд нь хүлээлгэж өгөх бөгөөд энэ талаар бодит байдалд нийцэхгүй амлалт өгөх ч шаардлагагүй болдог ажээ.

Хүн бүрт ажлаас гадна амьдрал байдаг гэдгийг удирдлага, дарга, захирлууд сайн ойлгодог байх ёстой гэж боддог. Ямар нэг амьдралын шалтгаан гарахад ихэнх дарга нар тэр бол чиний асуудал гээд шаардангуй захирангуй байдлаар ажилчидтайгаа харьцдаг. Хүнтэй хүн ёсоор харьцаж, харилцан ойлголцох нь ажлын бүтээмж болон амжилтын гол шалтгаан гэж бодож байна. Цалингийн төлөө л дуртай дургүй ажилладаг энэ тогтолцоог арилгаж чин сэтгэлээсээ ажилладаг байх шинэ тогтолцоог дээрх жишээгээр бүрдүүлээсэй гэж хүсэж байна.

Эх сурвалж: "Амьдралаас ургасан АМЖИЛТУУД" Амжилтанд хүрсэн бодит түүхүүд номноос бичив

No comments :

Post a Comment